Д.Эрдэнэбатын тушаалаар ЖДҮ сангаас гарсан 7.5 тэрбум төгрөг сонгуульд зарцуулагдсан уу



ХУУЧИН ТӨРИЙН “ХУЛГАЙЧ” САЙД

 

“Унасан бөхийг нэмж нулимдаггүй” монгол зангаа дагаж, АН-ын бузар булай бүхнийг уудалмааргүй л байна. Гэвч Монголын төрд урхаг тарьж буй улстөрчдийн тухай мэдчихээд мэдээгүй мэт суух шиг гэм нүгэл үгүй. Үзэгний үзүүр хөшиж, үгний утга зүйж суудаг сэтгүүлчийн үүрэг бол буруу, зөвийг баримттайгаар олон нийтэд дэлгэн үзүүлэх билээ. Өдгөө УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд заларч буй, өнгөрсөнд Аж үйлдвэрийн сайдын албыг хашиж байсан нэгэн хүний увайгүй, мунаг, улаан цайм үйлдлийг дэлгэж байна.

АН-ын төрийн эрх барьсан 2012-2016 оны хооронд төрийн мөнгийг ямар ч хараа хяналтгүй, баруун солгойгүй цацаж үрсэн, завшиж хөлжсөн хүмүүсийн нэг нь Д.Эрдэнэбат юм. Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрсдийн компанидаа давуу эрхтэйгээр зувчуулсан гэх дуулиан дэгдэж байна. Тэгвэл үүний жинхэнэ “загалмайлсан эцэг”, эсвэл “эх баригч эмч” нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажээ.

Тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ганцаараа эзэрхийлж, эрх мэдэн олгодог байсан баримт бидний гарт байна. Тодруулбал, 2016 оны 03 сарын 22-ны өдөр эрхэм сайд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн баталсан тушаал гаргажээ. Түүнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Аж үйлдвэрийн сайдын тушаал болон банкны зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төслийн зээлийг олгоно” гэж цагаан дээр хараар бичээд баталчихсан байх юм. Өөрөөр хэлбэл, хэнд хэчнээн хэмжээний зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд дур мэдэн тушаана гэсэн заалт оруулжээ.

 

 

/Уг тушаалаас хойш ЖДҮ сангаас нийт 12 тэрбум 377 сая төгрөгний зээлийг ямар ч сонгон шалгаруулалтгүй олгосон байна./

 

Тун удалгүй үүнийхээ хэргийг харин ч нэг баруун солгойгүй ашигласан байгаа юм даа. Та бүхэн он сарыг сайтар ажиглаарай. Журам өөрчилсөн тухай тушаал 2016 оны гуравдугаар сард гарсан. УИХ-ын ээлжит сонгууль болохоос ердөө гурван сарын өмнө гэсэн үг. Энэ бол зүй ёсоор хардлага төрүүлэх сэжим билээ. Яагаад сонгууль болох гэж байхад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох эрх мэдлийг өөр дээрээ татан авчирч, сонгон шалгаруулалтаар олгох ёстой дүрэм журмыг эвдэн, зөвхөн өөрийн гарын үсгээр шийддэг болгож орхисон юм бол оо.

Үүнд хоёр тайлбар бий. Нэгдүгээрт, УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнө эрх мэдэлтэй байгаа дээрээ аливаа хөрөнгийг дур мэдэн зарцуулж амжих гэсэн ад хүсэл, эрээгүй шуналаас үүдэлтэй алхам. Энэ бол тун ичгүүр сонжуургүй, ил цагаан үйлдэл. Монголчууд “Шунал ихдэхээр шулам болно” гэж хэлцдэг. Тэгвэл Д.Эрдэнэбат хэзээний шулам болчихсоны нотолгоо нь энэ тушаал юм. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор ойрын хүрээлэл, дэмжигчид, нутаг усныхнаа хахуульдах, ая тал засах, төсвийн хөрөнгөөр тэтгэхийн тулд өөрөө мөнгө “тараадаг” эрх мэдэлтний дүрд тоглох хэрэгцээ шаардлага үүссэн байж болно.

2016 оны 04 сарын 15-нд “Хоёр тэрбум 652 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэд даалгасугай” гэсэн тушаалыг Д.Эрдэнэбат үзэглэжээ.

 

 

Үүнд ямар олон ноцтой зөрчил байгааг уншигч та анзаарч буй биз ээ. Зүй ёсоороо бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэнд зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд байтугай, сангийн захирал нь ч бие даан шийдэх эрхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг тусгай комисс хуралдаж байж хэнд олгохыг шийддэг номтой. Гэтэл “Хоёр тэрбум төгрөгийн зээлийг шууд олгохыг тушааж байна” гэж мундагдаж байгаа Д.Эрдэнэбат та яасан мунаг юм бэ.

Мунаг гэх зүйрлэлийг аливаа дур хүслээ хорьж дийлэхгүй, бусдыг хүчирхийлэн эзэрхийлэх ёс суртахуунтай, болхи, бүдүүлэг нэгнийг оноон нэрлэхэд ашигладаг. Тэгвэл энэ удаа Д.Эрдэнэбатад тун зохиж байна. Төрийн өндөр дээд албан тушаалыг ашиглаж, хүч түрэмгийлэн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь хэтэрхий болхи харагдахын зэрэгцээ эрээгүй бүдүүлэг үйл юм.

Дээрх 2 тэрбум 650 гаруй сая төгрөгийг ямар ч шалгуур, болзолгүйгээр өгсөн нь улам ч хардлага төрүүлэх баримт. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд хэчнээн олон билээ. Тэдгээрийг хэдэн сар жилээр төслөө бичиж, сонгон шалгаруулалтад оролцохын тулд нүдээ хөхөртөл нойргүй хонож, итгэлээ чилтэл хариу хүлээн горь тасралгүй, орь тавилгүй харуулдаж байхад мань Д.Эрдэнэбат өрөөндөө сууж байгаад л үзэгнийхээ үзүүрээр хэнд хэдэн төгрөг олгохыг шийдэж байсан гэхээр ямар харгис, яасан гашуун санагдана вэ.

 

Д.ЭРДЭНЭБАТЫН ХОЁР НҮҮР, ХОМХОЙ ЗАН

 

Түүний ийм увайгүй үйлдэл хэдэн арваар тоологдохоор цааш үргэлжилсэн байгаа юм. 2016 оны 04 сарын 19-нд 71 дугаартай тушаалаар хоёр тэрбум 967 сая төгрөг олгохыг, 2016 оны 04 сарын 29-ны өдөр 77 дугаартай тушаалдаа 987 сая төгрөгийг “Буян-Од” ХХК-д олгохыг, 2016 оны 05 сарын 04-ны өдөр 79 дугаартай тушаалдаа хоёр төслийг нэг тэрбум зургаан зуун тавин долоон сая төгрөгөөр санхүүжүүлэхийг даалгажээ.

 

 

2016 оны 06 сарын 09-нд 98 дугаартай тушаалаа үзэглэхдээ “Экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмжих зорилгоор нийт 4 төсөлд 1.000.000.000 (Нэг тэрбум) төгрөг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэд даалгасугай” гэжээ.

 

 

 

Эдгээр зээл нь цөм жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөгтэй тун сайн уяж өгсөн шинж байдал харагдана. 2016 олгосон зээлийн хугацаа 2021 онд дуусна. Энэ хугацаанд аль ч нам, хүчин, хүн төрийн эрх барьсан нэгэнт олгосон зээлийг яаж ч чадахгүй гэсэн үг ээ. Ингэснээр өөрийн хамаарал, уялдаа холбоотой ч байж мэдэх олон бизнесийг арын хаалгадах, мундагдах байдлаар шууд хөхүүлэн дэмжсэн нь илэрхий боллоо.

Аж үйлдвэрийн сайдын ажил үүргийг ойлгож байна аа. Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг баталж, дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь эрх мэдлээ давуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн дуртайдаа эрх мэдэн олгох эрхтэй гэсэн үг хараахан биш юм.

Арын хаалга, албан тушаалаа урвуулан ашиглахыг утгаар нь ийнхүү үлгэрлэсэн хэрнээ одоо хамгийн чанга орилж буй нь туйлын ичгэвтэр. Хулгайч л хулгайчийг бариарай гэж орилдог гэгчээр Д.Эрдэнэбат гишүүн саяхан болсон Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн форум дээр “Наад хэдэн төсөл шалгаруулсан юм бол нээлттэйгээр зарлаач ээ. Сонин хэвлэлд нээлттэйгээр гаргаад л тавьчих” гэж том хэхэрч суусан. Тэгвэл одоо түүнээс асуух асуулт байна. Та яг хэдэн төслийг ямар шалгуураар нэрлэж, шууд зээл олгосугай гэж гарын үсгээ мутарласан юм бэ. Түүнийгээ ил тод, илэн далангүй олон нийтэд мэдээлж чадах уу.

Одоо танд худал хэлэх нэр нүүр үлдээгүй. Таны өмнөөс таны хийсэн гэмт үйлдэл, баримт сэлт тань ярих болно. Та их ариун цагаан, шударга шулуун хүний дүрд тоглодог хүн байсан. Одоо ч дүр эсгэх гэж сүрхий чармайж байгаа байх аа.

УИХ-ын чуулганы танхимд та нэгэнтээ “Хайран ч Монголын төр, хайран ч Монголын ард түмний итгэл. Би 10 сарын өмнө “Та нар арай л бярдаад байна даа, хүссэн хүсээгүй та нар бидний туулсан замыг туулна даа” гэж хэлж байсан. 600 тэрбум долларын баялгийн нөөцтэй, гуравхан сая хүн амтай орны улстөрчид ийм арчаагүй байх гэж дээ. Нөгөө эр хүний жудаг энэ тэр хаана байна аа...” гэж ярьж байлаа. Тэгвэл таны тэр цэцэн яриа, эрийн сайхан жудаг хаачив аа. Төрийн хүн ийм хоёр нүүртэй, хомхой сэтгэлтэй байж болно гэж үү.

Наашаа харж шударга шулуун юм ярих хэрнээ цаашаа харж хамаг л хуудуутай, хулгайтай зүйлийг сэдэж, гардаж хийж ирснийг тань юу гэж ойлговол зохилтой вэ.

Улстөрчид эрх мэдлээ хадгалж үлдэх гэж, сандал ширээнээсээ тас зууран амь тавьдгийн учир энэ мэтээр цухуйсаар байтал ард түмнийг дахин мунхруулж чадна гэж итгэсээр яваа таны жинхэнэ мөн чанар аль нь вэ. Та бол хулгайч юм байна. Та бол дээрэмчин юм байна.

Төрийн хулгай, дээрэм дэндүү их газар авсны жишээ баримт ингэж ил боллоо. Төрийн мөнгийг дур зоргоороо өөр өөрсдийн савны хэрээр хувааж, хуйвалдаж, хулгайлж авдаг үзэгдэл Монголын төрд урхаг тарьж байна. Тэр тоолонд хэн ч, хэзээ ч хариуцлага хүлээж, ял зэм асууж байгаагүйн харгай өнөөдөр ингэж гарч байгаа юм аа. Бүр тодорхой хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, арын хаалгаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр төрийн мөнгийг тараасан хуучин засгийн мунаг сайд Д.Эрдэнэбат тантай хариуцлага тооцож, зэм асуух ёстой биз ээ. Хэрвээ Д.Эрдэнэбатын энэ урхагтай үйлдлийг тэр даруйд таслан зогсоож, хариуцлага нэхэмжилсэн бол төрийн мөнгийг хулгайлдаг, хумсалдаг, хувийн компаниуд руугаа гулсуулдаг үзэгдэл гаарахгүй байх байж. Тэгж болдоггүй юм аа гэдгийн бодит үлгэр, баттай нотолгоо нь болж Д.Эрдэнэбат сайдтан өдгөө төрийн ордонд биш, төмөр гянданд сууж байвал зохих байлаа.

Д.Эрдэнэбатыг гүндүүгүй шударга, гүдэс шулуухан хүн гэж тал засч, өвдөгнийх нь шороог гөвж өгч байсан олон хүн одоо ичих биз. Улс төрд эр нэг унаж, эрэг нэг нурдаг юм гэх зусрын үг, зулгуй зангаасаа одоо бид салж, төрийн албыг хувийн эрх ашигтаа хэрэглэсэн бүхнийг өршөөлгүйгээр шийтгэдэг болмоор байна. Тэгэхгүйгээр энэ улс оронд итгэл найдвар, шударга үнэн, хөгжил дэвшил гэгч зүйл хэзээ ч ирэхгүй нь. Д.Эрдэнэбат 2015 оны гуравдугаар сард АН-ын бүлгийн дарга байхдаа “Худлаа ярьж байгаа юм биш. Ам.долларын ханш 1000 төгрөгөөс бууна” гэж бурж байсан шүү дээ. Ядаж л энэ үгнийх нь “ацаг”-ийг гаргаж, хариуцлага нэхэмжлээгүй нь улстөрчдийг давраах аян шалтаг болж өгсөн ч юм билүү. Эцэст нь тооцох хариуцлага, асуух ял байхгүй учраас хэн дуртай нь юу бодсоноо бурж, юу хүссэнээ хийгээд явна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд үеийн үед хувьдаа завшиж, зувчуулж ирсний үүд хаалгыг цэлийтэл нээгээд гарч явсан Д.Эрдэнэбат эргээд тэр өрөөндөө орж ирэхийн хүслэнд автаад, их санаж суугаа. Уучлаарай, Монголын ард түмэн хүлцэнгүй хэдий ч тэнэг биш.

Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг. Түүн лугаа Монголын ард түмнийг эрээлхэж нэрэлхэлгүйгээр элэг барьж, хууль ба төрт ёсыг ичгүүргүйгээр уландаа дэвсэлсэн тань мэтийг дахиж төрийн босгоор алхуулахгүй байх ухааны цараа байгаа байх шүү гэж найдна.

Монголын ард түмэнд улстөрчдийг шагнасан шигээ шийтгэх эрхгүй суугаа нь нэгэн бодлын өрөвдөлтэй. Ийм эрхгүй ард түмэн явгарч, тийм хазааргүй улстөрчдийн дур зорго гаардаг юм байна.

 

САНГИЙН ЯАМНААС Д.ЭРДЭНЭБАТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ НОТОЛЖЭЭ

 

Монгол Улсын Сангийн яамнаас 2018 оны тавдугаар сард Д.Эрдэнэбатын сонгон шалгаруулалтгүй олгосон зээлийн талаар дүгнэлт гаргаж байжээ. Тэнд эрхэм сайд Д.Эрдэнэбат Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, завхруулсан болохыг нотолжээ. Монгол Улсын Тусгай сангийн тухай хуулийн 28.1-д “Тусгай сангийн санхүүжилтыг Төсвийн тухай хуульд заасны дагуу хийнэ” гэж заасан. Гэтэл Д.Эрдэнэбат тэрхүү хуулийг огт хэрэгсээгүйгээр үл барам санхүүжилт олгох журамд нь өөрчлөлт оруулж байгаад дураараа дургисан байгаа юм. Төсвийн тухай хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр, “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалт аргаар сонгоно” гэжээ. Мөн хуулийн 5.4.4 дэх заалтад “Төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангана” гэж тодорхой зааж өгчээ. Гэтэл дээрх хоёр хуулийн заалтыг ноцтой зөрчиж, чөлөөт өрсөлдөөн, сонгон шалгаруулалт, олон нийтийн хяналт зэргийн үнэр ч оруулсангүй. Төсвийн тухай хуулийн 24.4-д уг нь “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж бий. Энэ мэт олон заалтыг санаатай зөрчиж, тусгай сангийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр хуваарилан хувааж суусан байх нь.

 

 

 

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шалгуур уг нь маш өндөр гэж энгийн ард иргэд итгэдэг. Хэн дуртай бүхэн нь авдаггүй. Зээл авахын тулд сантай гэрээ байгуулж, барьцаа тавьж байж авдаг ёстой. Гэтэл Д.Эрдэнэбат сайд байхдаа 7 тэрбум 355 сая төгрөгийг барьцаа ч үгүй, сонгон шалгаруулалт ч үгүй шууд олгоод туучихсан байна. Ямар том эрх мэдэл, яасан их дур зорго вэ.

 

Гэтэл жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд хамрагдах нөхцөл хангаагүй гээд буцаагдсан хэчнээн олон компани, бизнес эрхлэгчид бий бол оо. Ердөө л нэг мунаг толгойлсон дүлзэн сайдын гарын хөдөлгөөнөөр хүсэл мөрөөдөл, амьдралын боломжоо заазлуулсан хөөрхий хүмүүст хэн шударга үнэн байдаг тухай дахин итгүүлэх болж байна аа.

Д.Эрдэнэбатын эз дийлж олгосон зээлүүдийн мөрөөр өдийд уг нь жигтэйхэн том том үйлдвэр сүндэрлэчихсэн, экспортыг дэмжиж, импортыг орлосон нэжгээд бараа бүтээгдэхүүн бий болчихсон байх байлаа шүү дээ. 300 саяын хөрөнгө оруулалтаар “Пини кэй” үртсэн шахмал түлшний үйлдвэр, мөн 300 саяар малын хүчит тэжээлийн үйлдвэр, 600 саяар эрчимжсэн гахайн ферм, 784 саяар ойн хаягдал боловсруулах үйлдвэр, 987 саяын хөрөнгө оруулалтаар “Буян-Од” тууш модон хийцийн үйлдвэр, 1 тэрбум 300 саяар бөөрөнцгийн үйлдвэр, 1 тэрбум 500 саяар аарц, цөцгийн тосны үйлдвэр байгуулагдчихсан байх байжээ. Өдгөө эд цөм “хулхин дээр ургасан цэцэг” болоод хагдарчихсан гэдэгт итгэлтэй байна.

Дээр дурьдсан Сангийн яамны дүгнэлтэд олон ноцтой баримт бас багтсан байна билээ. Тухайлбал, Д.Эрдэнэбат 2016 оны 02 сарын 08-ны өдрийн 25 тоот тушаалаар Газрын тосны үйлдвэр барихад зориулж 1.8 тэрбум төгрөгийг хүүгүйгээр 10 сарын хугацаатай олгосон байдаг. Тэгсэн атлаа гүйцэтгэл үр дүнг огт тооцолгүйгээр орхисон зөрчил илэрчээ. 10 сарын хугацаанд газрын тосны үйлдвэр барина гэж хүүгүйгээр төрөөс мөнгө гаргуулаад, гүйцэтгэл тайлан ч өгөлгүй замхраад алга болсон гэсэн үг. Үйлдвэр баригдаагүй бол хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Эсвэл үгүй юм уу.

Ийм замаар мөнгө угаасан байж ч болно шүү дээ. Энэ их мөнгийг хадгаламжинд хийгээд зөвхөн хүүг нь идээд суухад л олон хүний хүсч мөрөөдөөд ч олж чадахгүй тогтмол орлогыг хуримтлуулж чадна.

Д.Эрдэнэбат 2016 оны УИХ-ын сонгуульд болсны дараа, албан тушаалаа өгөх нь тодорхой болсны хойно ч энэхүү хууль бус үйлдлээ яаран үргэлжүүлсэн байдаг. Тухайлбал, 2016 оны 07 сарын 01-нд хоёр компанид 225 сая төгрөгийн зээлийг, 2016 оны 07 сарын 07-ны өдөр бүр 1 тэрбум 327 сая төгрөгийн зээлийг яаран олгохыг мөнөөх Б.Болор-Эрдэнэдээ яаран тушаасан байгаа юм. Энэ үе бол Ардчилсан нам сонгуульд ялагдсан нь тодорхой болчихсон, Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс дөнгөж өмнөх үе билээ. Их л сандарч зээлийн шийтгэвэрт гарын үсэг зурсны нотолгоо нь “Утаагүй шахмал түлшний үйлдвэрийн төсөл”-д мөнгө олгосон явдал юм. Д.Эрдэнэбатын зээл олгосон төслүүд нь үнэндээ хүнд хэлэхэд ч ичмээр “дамшигууд” байсан нь сайн шинжилбэл илэрхий болно. Жишээ татахад, дээд зэрэглэлийн усны үйлдвэрийн төсөлд 300 саяыг, мөсний үйлдвэрийн төсөлд 500 саяыг олгохыг тушаажээ.

 

 

Уншигч та итгэж байна уу. Мөс үйлдвэрлэхэд зориулж 500 сая төгрөг олгосон байна шүү дээ. Ямар агуу их ухаан бэ. Уг нь мөс үйлдвэрлэхийн тулд Монголд бол өвөл болохыг хүлээхэд л хангалттай биш гэж үү. Улстөрчдийн энэ мэт увайгүй үйлдэл, ичгүүргүй байдлыг ойлгоход ухаан хайрла...

Эцэст нь нэг л зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Монгол Улс бол ядуу, мөнгөгүй улс биш юм байна. Харин тэрхүү баялаг, хөрөнгө мөнгийг улс орон, ард түмэнд ирж наалдахаас нь өмнө хомхойрон ховх сордог “хөгийн, хогийн царайлсан” хэдэн хөсрийн улстөрчидтэй улс юм байна аа.

 

Б.Хурцболд

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

2018.10.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

“Сувилагч бүсгүй...-д” тоглолтыг CROWN сонирхогч залуус дэмжин сурталчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хотын татварыг төлж эхлэх үү?

...

Дэлгэрэнгүй » 2015.09.28

УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.05

Эдийн засгийг эрчимжүүлэх эерэг өрөг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

2015 онд 2500 орчим хүүхэд нохойд уруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Өмнөговийнхон Н.Амарзаяагаас ичиж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.05

М.Анхцэцэгт Олимпийн тэтгэлэгийг нь гардуулан өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07