Сонгуулийн намар


                

Он жилийн урсгалд би хэн байлаа… хэмээн бодох нь уншигч таны бодлыг хөтөлгөө морь мэт сундлан давхих дурсамжийн үнэ цэн юм. Үүний нэгэн адил цаг хугацаандаа дуулиан шуугиан дэгдээсэн нийтлэл, нэвтрүүлгийг нэхэн уншиж, үзэж үнэний учгийг хайх нь сэтгүүлчид бидний зан хийгээд мэргэжлийн онцлог гэлтэй. Гэсэн ч цаг зав хийгээд ажлын онцлог, үйл явдлын хурдаас үүдэн тэдгээрт цаг гаргаж, архивын тоосон дунд дарагдан сууж, тэмдэглэл бичих нь үнэндээ ховрын ховор үзэгдэл. Тэр бүхнийг мэдэх “Үндэсний шуудан” сонины маань зөвлөх Б.Ерэнтэй ах таарах, тааралдах бүртээ “Алив, чи тэр “Хонх”-ын С.Цогтсайхан агсны нийтлэлийг уншаадхаач. Номыг нь олж аваад ширээн дээрээ тавьж, хэрэгтэй гэсэн үедээ сөхөж харвал чамд тустай шүү. Нийтлэлч Б.Баабар, Б.Цэнддоогийн нийтлэлүүдийг эхнээс нь унш. Тэр бүхэн чинь түүх байхгүй юу. УИХ-ын гишүүн асан Т.Ганди ч бас сайн бичнэ шүү” гэх мэтээр ер нь л бараг худалч хүнд чихэнд хонх уяад болдог юм биш ээ. 
Ингээд ажлын шаардлагаар ч, Б.Ерэнтэй ахын зөвлөгөөгөөр ч 20 орчим жилийн өмнөх нэрт нийтлэлч, сэтгүүлчдийн бүтээлийг түүвэрлэн уншиж, тэмдэглэн үлдээсэн түүхээс нь эх материал болгон хадгалж, үгийн сонголт, үнэн баримтыг нь ухаж ойлгох хэрэг гарсан юм. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандигийн сэтгүүлчийн хувиар бичсэн тэмдэглэл, нийтлэл, кино зохиолын хоёр ч номыг бараг л хоёр цагийн дотор уншиж дуусгав аа. “Яаж эхлүүлнэ дээ” гэдэг айдсаа мартаад, хоромхон зуурт л шимтэн уншив. Үгийн сонголт, найруулга, яг урдаас харж суугаад намуун зөөлөн дуу хоолойгоор өөрөө уншиж өгч буй мэт тийм мэдрэмж. Хатуу ширүүн үгийн байлдаан уу гэлтэй хүнд хэцүү, түг таг гэсэн нийтлэлийн ор үндэс ч байхгүй байх агаад хамгийн хүнд сэдвийг ч хялбархан ойлгуулж, хамгийн хэцүү зовлон гунигийг ч хүүрнэл өгүүллийн өнгө аясаар илэрхийлж, хамгийн таагүй үйл явдлыг ч сэтгэлийн анираар дарж, илчлэх тийм нэг бичлэгийн төрөл. Тэр нь лав бараг л өөрөө өөртөө хүүрнэсэн сэтгэлийн шивнээ байх аа.
Тиймээс ч бүтээлүүдийнх нь үнэлэмжийг нэгтгэн энэ цаг үеийн сэтгүүл зүйн шедевер, үлгэр дууриал, үнэлэмж болсон Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг “Олон жилийн дараа түүний сэтгүүл зүйн ажлуудыг нэгтгэж нэг дор уншлаа. Ойрын үед аваагүй кайф байв… Нийтлэлүүд нь үнэхээр гаажтай бичлэгтэй юм. Сурвалжлагууд нь хүний сэтгэлийг хөдөлгөсөн уртай, дүртэй, мэдрэмтгий, ухаалаг, нарийн бичлэгтэй” хэмээсэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав “Бороо орохлоор, цас унахлаар хүн заавал ертөнцөөс нэгэн шинийг олж хардаг. Т.Гандигийн номыг унших бүр заавал нэг юм сэтгэлд торж үлдэх юм. Элдвийг тоочиж нуршилгүй, жинхэнэ шидлэг гэмээр үгийг өмнүүрээ хоосон өнгөрөөлгүй, жижигхэн нясалж болохоор чулууг ч том юм болгодог инжаанлаг ур хийц, хэн бүхэн ажиглахгүй дэргэдүүр нь өнгөрөх зүйл дээр торсхийн гайхан эргэн хараад шигтгэж өгдөг нарийн мэдрэмж, тохой түшиг суугаад дотно анд шиг мэргэн үг санааг хэлдэгт Т.Гандийн гандашгүй чанар оршино” хэмээн мялаалгын үгээ үлдээсэн байна билээ. Басхүү “энгийн агаад эрхэмсүү” чанар нь бичлэг, нийтлэлд нь ч илэрдэг юм байна шүү гэсэн До.Цэнджав абугайн дүгнэлттэй санал нэгдэв.
Ийн уншиж суух зуурт бүүр түүрхэн санагдах нэгэн киноны үйл явдал нүднээ тодорсон нь “Аянга” хэмээх уран сайхны кино. “УИХ-ын гишүүн Т.Ганди энэ киноны гол дүрийг жинхэнээсээ Шар хадны эмнэлгээс гаргаж, хүүхэдтэй нь уулзуулж байсан гэнэ лээ. Сэтгүүлч нь өөрөө юм гэсэн шүү” гэдэг яриа “Аянга” киног үзэхтэй зэрэгцэн сонссон ч учрыг нь сайн тодруулж амжаагүй явсан юм. Харин түүний “Атилла хаантай өнгөрүүлсэн үдэш” номноос нь уг киноны зохиолыг уншихын зэрэгцээ “Европчууд аймхай хүмүүс” номноос нь 1991 оны “Ардын эрх” сонинд “Хагацал буюу хаягдмал хүмүүс” хэмээх эрэн сурвалжилсан эх нийтлэлээ хэвлүүлж хожим Ж.Биндэр агсны найруулгаар кино болгосныг нь лавшруулан олж мэдэв. Сэтгүүлчийн хөдөлмөр ийм өргөн, ач холбогдол нь тэр хэрээр гүн гүнзгий байдгийг илэрхийлсэн түүний эрэн сурвалжлах нийтлэлд ийн сэтгэл тагдахын зэрэгцээ он цагийн урсгалд үнэ цэн нь улам бүр батжин нотлогдож явдгийг бодоход бас л таатай сайхан. Тиймээс албан ёсоор өөрөөс нь зөвшөөрөл авч, “Хагацал буюу хаягдмал хүмүүс”, “Сонгуулийн намар”, “Хэн нь эхэлсэн бэ гэж битгий асуугаарай”, “Шашны гал авалцах вий” нийтлэлийг нь цувралаар хүргэх болсноо дуулгая. Түүнээс сониндоо “Таны хориод жилийн өмнө бичиж байсан нийтлэлээс хэвлэчих үү” гэхэд “Өөрөө л мэд” гэсэн товчхон хариу өгсөнд нь урамшаад “Хамгийн сүүлчийн коммунист” хэмээх уран сайхны инээдмийн киноны зохиолыг нь ч хэвлэчихмээр санагдав. Зохиогчийн 2007 онд эрж хайж байсан тэр л Улаанбаатар хотын хоёрдугаар хорооллын 12 дугаар байрны Ханд эмээ шиг “коммунист” гэсэн “овогтой” хүн чанар, нинжин сэтгэл, хариуцлагыг өөрөө өөртөө нааж орхисон тэртээх үеийн ёс суртахуун өнөө цагт та бидний сэтгэлд нэхэгдээд байгаа учраас тэр ээ… Учрыг нь зохиол нийтлэгдэх үест тодотгон уншаарай.

Бүрэнхаанд нөхөн сонгуулийн чимээ бараг хоёр сарын өмнө ирэв. Ардчилсан холбооны ганц хоёр залуучууд ар өврөөр сүлжилдэн сэм сэм ярилцаад явчихлаа. Тэр бүр үзэгдэж харагдаад байдаггүй жип машинууд зарим айлын гадаа ганц хоёр харагдах болов. Чих тавибал Хувьсгалт намын том дарга нар яваа юм гэнэ, хэн гуайн садан юм гэнэ, өнгөрсөн жил мэдэлцсэн юм байх аа хөөрхий гэлцэнэ.
Гэтэл нэг их гэрэл гялтгануулж, хойно урдаа машин болсон нэгэн эрхэм хүн суманд ирсэн гэлцэх нь үнэн болж, Элбэгдорж дарга өөрийн биеэр цүл палхийтэл ороод ирэх нь тэр ээ. Бараг тэр аяараа бужигнаан болов. Хаа байсан Хөшигийн хөндий, Сангийн далай руу хүн хар явуулж, орой гэхэд багийн улаан булан багтах шингэх хүнгүй болтлоо дүүрсэн байлаа.
Шавилхан биетэй залуухан дарга сайхан ч ярих юм, сул ч үггүй юм. Эцнэ, цуцна гэж ч ярих юм алга, радио л гэсэн үг. Бараг, таван цаг илтгэлээ. Манайхан бүр хөөрчихсөн алга ташаад л... Уулзалт шөнө дөл хүргэв. Ингээд л үндсэндээ манай суманд сонгууль эхэлж буй нь бодитой болоод явчихлаа даа.
Асрамжийн газрын контор дээр ардчилсан намын туг, багт байдаг ганцхан компанийн байшин дээр хувьсгалт намын туг, эмнэлгийн байшин дээр аль намынх гэнэ вэ, нэг их давхиж яваа морины дүрстэй туг мандаад сумын өнгө төрх нэг л баяр ёслолын байдалтай болов. Уул нь наймдугаар сарын сүүлчээр сургууль соёлын хүүхдээ хүргэж, төв рүүгээ дөхөн  намаржаандаа буудаг айлууд энэ жил нэг их яарч төвдсөнгүй. Хэд хонож байгаад намуудын шоу болохоор хуруудаж байгаад нэг нь явна. Тал дунд том том машинуудыг өөд өөдөөс нь харуулж зогсоогоод дундах зайд нь шоу хийнэ. Түнэр харанхуйг сүлбэн машины гэрэлд хүмүүс бүжиглэж буй нь дээр үеийн цагаан даавуун дээр гаргадаг хар цагаан дүрстэй кино шиг харагдана. Залуучууд баяртай байлаа.
-Өнөөдөр ч янзтай бүжиглэлээ.
-Чи маргаашийн шоунд ирэх үү. Маргааш аль нам шоу хийх юм ?
-Мэдэхгүй Ардчилсан намынх гэсэн байх аа гэлцэнэ. Шоу сайхан болов. Харин шоуны дараа залуусын дунд багахан маргаан болоод намжлаа. Хэсэг залуус нэг машины дэргэд цуглачихаж...
-Ахаа хүргэж өгнө биз дээ.
-Танайх хаана юм?
-Энүүхэнд, толгойн цаана.
-Танайх хаана юм бэ?
-Хөндийд
-Өө, бензин хүрэхгүй юм байна.
-Эртүүдийн шоу хийсэн намынхан хүргэж өгсөн ш дээ. Ингээд хээр явгалаад хаячихвал танай намын санал нэг биш хүнээр дутаж дээ... Тамхины гал улалзана.
-За за, хүргэж өгье. Чи нэг их тунимтгай эр үү, үгүй юү.
Залуучууд хар бор санаагүй хөхрөлдөн нэг машинд арван дөрвүүл чихэж аваад алга болж өглөө.
Бүх нэр дэвшигчийн сурталчилгаа ирлээ. Айл бүр сурталчилгаа бүрийг нэг бүрчлэн үзнэ. Далай ламтай авахуулсан зургийг нь бурхантайгаа зэрэгцүүлэн тавьж, бусдыг нь униндаа эвтэйхэн хавчуулна. Бас дээр нь хажуу айлын хар хүү ороод гарах зуур гэрийн эзэгтэй,
Аа, энэ нэг Ардчилсан холбооны сагсалзсан юм байдаг юм. Үг л дуулах гэж яваа биз гэж ирээд намжирдаж байна. Баг тойрсон айлуудын хувьд сонгууль нэг иймэрхүү.
Гэтэл сумын төв дээр ноцтой байдал үүсээд байв. Урлагийн бригадаар ирсэн хүүхний гэдэс эвгүйрхээд гайгүй шиг цэвэр жорлон эрж явтал “Эрлийн нам”-ын тагнуулаар тодруулаад юун бие засах, хашааных нь хаалган дээрээс хөөгдчихөж.
Холбооны дарга Хувьсгалт намынх, хурлын дарга Ардчилсан намынх, эмч хүүхэн Эрлийн намынх, ядахад сумын дотор бие биетэйгээ өдөрт арав тааралдана. Дуугарна гэж гонж. Бие бие рүүгээ харах ч үгүй. Бас зүгээргүй ээ, хэн хаагуур явж, юу хийж буйг сэм сэмхэн тагнана. Долгор хөгшин “Хайнаг Пүрэвийн аяглаж байгааг хараач, хүүхдүүд дагаж гүйгээд, муу ховын хутгуур. Хадлан авахдаа манайхаас бүл гуйдаггүй юм шиг, хэзээ энэ бид хоёр Зоригийн намын хүн болчихоов” гэж хөршөө загнасан сурагтай. Хүүхдүүд  ч их хөөрцөглөж байв. Тэр бүр ирдэггүй машинаас гоё ааштай гоё ах, эгч нар бууж ирээд л айл айлын гадаа очин, тээр тэнд байгаа хүүхдүүдийг ч дуудан “Хөдөөний хүүхдүүд хэрсүү гэдэг нь, ийм хөөрхөн” гэж ирээд л бүгдэд нь чихэр, боов тарааж өгөөд л...
Харин Болдын өвөө нь түүнийг дуудаад “Доод усныханд манайд Ардчилсан намынхан ирлээ гэж битгий хэлээрэй. Тэднийхэн чинь тэр чигээрээ Хувьсгалт намынхан байгаа юм. Аль ч нам бай өгсөн юмыг нь авч л байя. Өвөө нь хэнд өгөхөө мэднэ ээ. Чи тэгээд битгий цуураад байгаарай” гэж хэлсэн байгаа юм. Болд надад хэнд ч битгий хэлээрэй гэж хэлсэн.
-Манайхан ч гэсэн сонгуулийн буянаар нэг ахын зурагтай цаг, бас нэг хүний зурагтай халуун сав, томоо савтай пэчээн гээд юм юмтай л болсон гээд жаалхүү хэвлүүхэн ярина.
Өдөр болгон шоу болж, үзэгдэж харагдаагүй олон хүн хөлхөж байсан сумын өглөө сонгуулийн маргааш нам гүмээр солигдов. Салхинд дэрвэх олон тугийг хэн нэг нь авчихаж, дохиогоо хангинуулан сүлжилдэн давхисан олон машинууд хаашаа ч юм алга болчихжээ.
Усны шувуудтай цуг улс төр ярьсан улс явчихжээ янз нь. Сургуулийн хүүхдүүдийн хичээл эхлэн төв бараадаад нэг л эл хуль.
Хууль муультай нь холбоотой байдгаас тэр үү нэг их эрээн алаг зурагтай цаас, самбар байсан, бүгдийг буулгаад газрын нэг хаячихаж. Хотоос ирсэн намын хүмүүсийн идсэн чихрийн цаас, ундааны лааз, архины шил, тараасан бэлгийн гялгар уут жаргах наранд шил шиг гялтганана.
Энэ жил сонгуулийн жил болоод ч тэр үү бужигнаад олигтой өвс авсан айл үгүй.
Бүрэнхаанд намар иржээ. Арын модноос унагасан бололтой тэвхийтэл ачсан чиргүүлтэй хоёр гуч шөнө дөл болохыг хүлээнэ. Хөвчид хөвдөн дээр өдөржин унтсан хоёр жолооч сумынхны шүлэг нойрон дундуур сүн хийгээд төв орохоо мэдэлгүй дээ.
Энэ жил цаг цагаас эрт хүйтрэх янзтай. Цэцэрлэгийн гадна талыг өнгө засч оохордох аядсан ч цөмөрхий үүдний довжоо, жайжгий хаалга бүгд хуучнаараа. Хэдэн модон тоглоомын зарим нь салж унасан харагдана. Унасан гулгуурын модон дээр нэг муу хар шувуу суугаад цас, цас гэх шиг хүйтнийг дуудан хяхтнан хашгична.
Уулынхны намар, суурингийнхны өвөлтэй дүйдэг гэдэг дээ.

2006 он

2018.04.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

“Дүнжингарав” зах НӨАТ-ын баримт олгодог боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

НАМЗХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

ТАНИЛЦ: Одоогоор УИХ-ын 14 гишүүн, хоёр сайд, нэг дэд сайд ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой болоод байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Жүжигчин М.Баярмагнай 100 сая төгрөг залилсан эсэх талаараа тайлбар хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

​Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07

“Ардын элч”ард түмний санал асуулга дуусахад хоёр хоног үлдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Өнөөдрийн зурхай

...

Дэлгэрэнгүй » 2016.02.04

Үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Эрүүл мэндийн салбар эзэнгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.18

Монголын Маркетингийн Холбооноос “СМАРТ 2016 Маркетеруудын чуулган” зохион байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31