Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

 -Цианид алдсан хэргийг замхруулахаар оролдож байна-

 

 Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг, Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт гуравдугаар сарын 5-нд цианидын уусмал асгарч, ажилчид нь химийн бодисын хордлого гэсэн оноштойгоор эмчлүүлж буй талаар манай сонин мэдээлсэн. Мөн уг мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллан, цуврал сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ.

“Спэйшл майнз” компани үйлдвэрлэлд зориулж шахмал болгосон цианидаар уусмал бэлтгэж, алт ялгахад ашигладаг бөгөөд таван тоннын багтаамжтай савнаас уусмалаа нэг тоннын сав руу хатуу хяналтын доор хэсэгчлэн шахаж, түүнээ баяжуулах үйлдвэртээ бага багаар ашиглах горимтой. Гэтэл тэр өдөр цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур тодорхойгүй шалтгаанаар дарагдаж, хорт бодисыг хяналтгүйгээр шахан, цианидын уусмал 30 минутын турш асгарсан нь камерын бичлэгт үлдсэн зэрэг мэдээллийг сурвалжилгаараа гаргаж тавьсан юм.

Мөн тус компанийнхан цианид алдсан тухайгаа холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдээгүйгээс Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрынхан үүссэн нөхцөл байдалтай цаг тухайд нь танилцаж, хяналт, шалгалт хийх боломжгүй болсон хойно буюу 3-4 хоногийн дараа хэргийн газарт ажилласан, ажилчдаа эмнэлэгт хүргэлгүй хугацаа алдсанаас цианидад хордсон нь тогтоогдох боломж бараг үгүй болсон, хэрэг явдлаас хойш бүтэн сарын хугацаа өнгөрсөн ч холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хордсон, эсэхийг тогтоох шинжилгээний хариу өнөө хүртэл гараагүй нь хэргийг замхруулах тал руу нь явуулж буй юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгааг хөндсөн билээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга Г.Батжаргал “Спэйшл майнз” компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сарын 9-нөөс эхлэн зогсоох 167 тоот захирамж гаргасан ч баяжуулах үйлдвэр нь ажилласаар байгааг сануулсан. Цуврал сурвалжилга маань холбогдох хүмүүсийн анхааралд хүрч, үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан уг компанийн уурхайн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлт гарган, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг мэргэжлийн байгууллагуудад даалгасан аймгийн ИТХ-ын тогтоол гаргасан. Мөн Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Бямбадорж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Бат-Өлзий нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 2-нд “Спэйшл майнз” компанийн уурхайд гэнэтийн шалгалт хийж, баяжуулах үйлдвэрийнх нь тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь зогсоосон билээ.

Гэвч асуудал хуулийн дагуу шийдэгдэж, компани гаргасан алдаандаа тохирох хариуцлага хүлээнэ хэмээн итгэж, санаа амрах болоогүй байна. Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт “Спэйшл майнз” компанид хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгээд сар шахам болж буй бөгөөд эл хэргийг хариуцан ажиллаж буй Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Батаатай өчигдөр холбогдоход “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд гар дээр хараахан ирээгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт ирж байгаа байх аа” гэсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цианид алдсан хэрэгтэй холбоотой дүгнэлтээ гаргасан, эсэхийг нь лавлахаар даргатай нь холбогдоход “Цагийн дараа залгаарай” гээд, дахин залгахад утсаа авсангүй.

Хэрэг явдал гуравдугаар сарын 5-нд гарсан. Сар хагасын хугацаа өнгөрчихөөд байхад мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараагүй, ийм янзтай байгаа нь төрийн байгууллагууд энэ хэрэгт дэндүү хойрго хандаж буйн илрэл.

Харин компанийнхан энэ хооронд маш идэвхтэй ажиллаж буй бололтой. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дуугүй байлгахад ихээхэн хүч хаяж, Сайтуудын холбоо гэгчтэй гэрээ хийн, дээрх үйл явдалтай холбоотой мэдээллүүдийг устгуулахын тулд их хэмжээний мөнгө төлсөн, тус компанийн ажилчид цианидад хордсон гэсэн орон нутгийн эмнэлгийн оношийг Хордлого судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд батлахад нэгэн яамны химийн хорт бодис хариуцсан мэргэжилтэн “Цианидад хордоогүй гэсэн дүгнэлт гаргаад өгөөч” гээд явж байсан гэх мэтийн мэдээлэл бидэнд ирсээр байна.

Манай сонины эрхлэгч рүү болон над руу “Энэ талаар мэдээлэхгүй байж болох уу, ингээд орхичихооч, гэрээ хийе” гэх мэтийн зүйлийг янз бүрийн хүмүүсээр нэг биш удаа хэлүүлснийг ч дурдах нь зөв болов уу. Нөхцөл байдал ямар байгаа, үйл явдал хэрхэн өрнөж буйг бага боловч тодорхой болгох зорилгоор энэ бүхнийг бичихээс аргагүй болж байна. Том, жижиг аливаа асуудлыг хуулиас гадуур шийдэхийг оролдох нь өөрөө гэмт хэрэг.

Хууль дээдлэх, хуулийн хүрээнд амьдрах нь эрүүл нийгмийг цогцлоох эх үндэс. Нийгмийг ийш нь чиглүүлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг билээ. Цагаан цахирын ордыг Батж.Батбаяр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн болгосон бөгөөд “Спэйшл майнз” компанийг түүний хүү удирддаг. Мөнгө хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хуулийн дээр гишгэж, хэрээг ч хун болгодог жишиг энд бүү давтагдаасай.

Хорт бодис шахах шахуурга нь “өөрөө” ажиллаж, 30 минутын турш ямар ч хяналтгүйгээр цианид асгасан хэргээ “Спэйшл майнз” компанийнхан “Үйлдвэрлэлийн үйл явцад гарч л байдаг бага хэмжээтэй халилт. Сүржигнэх зүйл биш” хэмээн энэ асуудалд анхаарал хандуулсан албаны хүмүүст итгүүлэхийг оролдож, итгүүлж ч байгаа юм билээ. Мэргэжлийн бус хүмүүст ингэж тайлбарлаад, итгүүлэх амархан байж болно. Харин мэргэжлийн хүн юу гэв.

Энэ талаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн химич-судлаач, доктор П.Чимэдцэрэнтэй ярилцлаа.

-Цианидын хадгалалт, хамгаалалт, хэрэглээ, хор, нөлөөний талаар мэдээлэл өгөөч?

-Манай улсын хувьд уг бодисын гол хэрэглэгчнь уул уурхай. Цианид бол байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой, химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтдаг, хэрэглээнд хязгаарлагдсан бодис. Цианидыг чийгтэй орчинд байлгаж болохгүй. Ус, чийгийн нөлөөгөөр циант устөрөгч хэмээх түргэн үйлчилгээтэй хорт нэгдэл үүснэ. Түүнийг алдагдуулахгүй байхад онцгой анхаарч, үйлдвэрлэлд битүү цикл системээр ашиглах ёстой.

Цианид амьсгал, хоол боловсруулах зам, арьс салстаар хүний биед нэвтэрвэл хурц хордлого үүсгэх, үхэлд хүргэх хүртэл аюултай. Цусыг тээвэрлэж буй гол зүйл нь төмөр шүү дээ. Циант устөрөгч, цианы нэгдэл хүний биед нэвтрэхээрээ төмрийг блоклож, хөдөлгөөнгүй болгодог. Тиймээс цусны эргэлт саарч, бүр аюултай тохиолдолд цусан хангамж үгүй болж, үхэлд хүрдэг.

Манай эдийн засаг уул уурхайгаа түшиглэж байгаа энэ үед химийн хорт, аюултай бодисыг бүрмөсөн хорих хэцүү л дээ. Харин аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал асуудал. Судлаачийн хувьд миний бодож байгаагаар ил тод байх нь аюулгүй ажиллагааны гол зарчим. Манайх ийм бодис ашигладаг, энэ нь ийм хор нөлөөтэй учраас ингэж аюулгүй байдлаа хангадаг гэдгээ ард иргэдэд ч, ажилчдадаа ч таниулах ёстой. Үүний зэрэгцээ техник, технологийн маш сайн шийдэлтэй, дотоод хяналт, шалгалт дээд зэргийн байх хэрэгтэй. Ингэж байж химийн хорт болон аюултай бодисын зөв зохистой хэрэглээ бий болно шүү дээ. Компани ашгийн төлөө явж байгаа. Нэгэнт ашиг олох гэж байгаа бол нийгмийн хариуцлагатай байх ёстой.

-Цианид ашигладаг компани ямар стандарт хангаж ажиллах ёстой вэ?

-Одоо ер нь уул уурхайн компаниуд өөрсдөө дотроо жижиг аврах албатай болчихоод байгаа шүү дээ. Төрийн ч бай, хувийн хэвшлийн ч бай, өмчийн хэлбэр үл харгалзан бүх аж ахуйн нэгж гамшгийн эрсдэлийн болон байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хийлгэсэн байх ёстой. Бүр эхнээс нь, компани байгуулах төсөлтэйгөө хамт үүнийг хийлгэх хуультай. Түүндээ хорт бодис алдагдаж асгарсан үед яах, хэн тэнд бэлэн байдалд ажиллахыг тусгадаг юм.

ОБЕГ-ын даргын тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах тээвэрлэх ашиглах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулах заавар манай байгууллагын http://nema.gov.mn цахим хуудсанд бий. Үүний дагуу төлөвлөгөө боловсруулж, хэн, хаана ямар үүрэгтэй ажиллах вэ гэдгийг тодорхой хуваарилаад, тэр дагуу сургалт, дадлага тогтмол хийх нь шаардлагатай үед хэрэг болно.

Усанд уусгасан цианид алдсан тохиолдолд хөрсөнд шингээхгүй том цементэн суурь, ууршиж дэгдээхгүйгээр битүүмжилж, бүтээх зориулалтын хуулга байх ёстой. Аюулгүй байдлыг хангах олон янзын технологийн шийдэл байгаа. Тэр бүхнийг төлөвлөгөөндөө тусгаад, үүндээ бэлэн байж, аюулгүй байдлаа хангаж ажиллах л хамгийн чухал. Үйл ажиллагааны явцад хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдэл, технологийн горим алдагдах, газар хөдлөлтийн дам аюул, байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд янз бүрийн эрсдэл гарч болно. Тэр бүхнийг тооцож, хамгаалах, хариу арга хэмжээ авахад бэлэн байх ёстой. Ингэж байж эрсдэлийг бууруулна. Аюулгүй ажиллана.

-Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглаж байсан цианидын уусмалаа алдсан тохиолдол сар гаруйн өмнө Баянхонгорт гарсан. Тэр талаар танайд мэдээлэл ирсэн болов уу?

-Химийн бодис алдагдаж, асгарсан гэсэн ослын дуудлага орон нутгийн Онцгой байдлын газарт ирсэн бол ОБЕГ-т мэдэгдсэн байх ёстой. Орон нутагт ийм явдал болсон бол тухайн орон нутгийн онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, эмнэлгийн байгууллага ажиллана. Ослын цар хүрээ өргөн, хордлогын түвшин өндөр бол манайхаас дуудлагаар явах болон утсаар зөвлөгөө өгч ажилладаг. Баянхонгорт болсон явдлын талаар Гамшиг судлалын хүрээлэнд мэдээлэл ирээгүй.

-Үйлдвэрлэл явуулж байхад тодорхой хэмжээгээр хальж асгарахыг зөвшөөрсөн хэмжээ гэж байх уу?

-Байхгүй.

-Баянхонгорт болсон явдлын тухайд, баяжуулах үйлдвэрийн шахуурга тодорхой бус шалтгаанаар ажиллаад, цианидын уусмалаа шахчихсан. Уусмал 30 гаруй минут асгарсныг хэн ч мэдээгүй. Тухайн үед үйлдвэр дотор ажиллаж байсан хүмүүс цианидад хордсон байж болзошгүй байгаа. Гэтэл компанийн зүгээс холбогдох байгууллагад мэдэгдээгүйгээр барахгүй ажилчдаа эмнэлэгт хүргэлгүй хоёр өдөр өнгөрөөсөн юм билээ. Бид үүнийг нь аюулгүй ажиллагааны стандарт, нормоо хангаагүй, технологийн горим зөрчигдсөн хариуцлагагүй байдлаа нуух гэсэн оролдлого болов уу гэж таамаглаж байгаа?

-Онцгой байдлын алба, цагдаа, эмнэлэг гээд шуурхай удирдлагын бүх л байгууллагыг хамгийн түрүүнд дуудах ёстой. Энэ бол бүр заавал байх ёстой үүрэг нь.

-Тэднийх Монгол Улсын хэмжээнд химийн хорт, аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй гуравхан компанийн нэг. Химийн хорт, аюултай бодис ашиглаж байгаа юм чинь аюулгүй байдлаа дээд зэргээр хангаж, бүх эрсдэлийг тооцож, техник, технологийн хамгийн сайн шийдэл ашиглах ёстой. Гэтэл хорт бодис шахдаг товчлуур нь тодорхой бус шалтгаанаар дарагдаж, цианидын уусмал хальж асгарсан нь жижиг асуудал биш байх?

-Технологийн горим алдагдаж байна гэдэг бол тэр компанийн хариуцлагагүйнх. Товчлуур яасан нь мэдэгдэхгүй ажиллана гэдэг бол маш том асуудал. Түүнээ яаж хянадаг юм бэ, автомат хяналт байсан уу, хүмүүс хянаад явдаг уу. Тэнд ээлжийн ажилтан байх ёстой, химийн хорт болон аюултай бодистой ажиллах мэргэжлийн хүн заавал ажиллах ёстой гээд стандарт, заавар, дүрэм журам байгаа. Түүнийг мөрдсөн үү, цаашилбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дагаад хийгдэх ёстой байгаль орчны аудит хийлгэсэн үү гээд олон асуудал байгаа.

Эх сурвалж: Unuudur.mn

2018.04.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

НӨАТ-ын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Ах ерөнхийлөгч болбол дүү нь ч зүтгэнэ шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

“GRANDEXPO-2015″ наадмын дүн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

“Сод Монгол Групп” ХХК нь 7 дахь удаагаа Монгол Улсын “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” аж ахуй нэгжээр шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.14

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

”Хувьцаа худалдаж авна” гэх худал цуурхалын эзэн тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

АSEM-ын гишүүн орны Гаалийн дарга нарын уулзалт болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.16

Энтрепренёрууд бэлтгэгдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.13

Д.Оюунхорол: Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.21

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.03.15

Бондын мөнгөөр авсан онгоцыг "Хан Ресурс"-ынхан битүүмжлүүлэх хүсэлт гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

Авилгагүй ардчиллын төлөө эвсье

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Зам дээр зодолдсон жолоочид танхайн хэргээр эрүү үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08