ХҮНИЙГ БИШ ХҮЧИРХИЙЛЛЭЭ ЦААЗАЛ!

-Бид алахын төлөө амьдардаггүй-

Хаана, хэзээ, хэний хүүхэд болж төрсөн, хэрхэн өсөж бойжсон, ямар зам туулсан гэдгээс үл хамааран бид амар амгалан, сайн сайхан амьдрахыг хүсдэг, мөрөөддөг. Амьтны амь таслахыг хүртэл цээрлэж ирсэн уламжлалтай, ард түмний шүтдэг шашны сургаалд ч хүн хороохыг буруушаадаг.

Хэрэв “Та юуны төлөө амьдардаг вэ?” гэсэн асуултад ”Хүн бүр чөлөөтэй үгээ хэлж, итгэж үнэмшиж, эрх чөлөөтэй, айх айдасгүй, гачигдах зовлонгүй ертөнцөд амьдрах”  гэж хариулсныг олон хүн дэмжих нь мадаггүй. Үүнийг олон зуун жилийн тэртээ туулсан зам мөрөөрөө өвөг дээдэс маань эрхэмлэн нандигнасан уламжлалдаа шингээж, “хүний эрх”, “эрх чөлөө”, “шударга ёс”, “тэгш байдал”, “хууль дээдлэх” гэж одоо цагт томьёолж буулгасан билээ. 

Эдгээр үнэт зүйлс байхгүй цагт нэг эсвэл цөөн хүн асар эрх мэдэлтэй болж, улс орон, ард түмнээ дарангуйлж байсныг түүх харуулдаг. Орчин үеийн түүхээс 1920-1940 онд өрнөсөн хэлмэгдүүлэлт , 1956 оноос эрч авсан сэхээтний төөрөгдөл  зэрэг түүхэн сургамжийг мартах ёсгүй.

 

Өмнө хүн цаазалж үзсэн. Харин асуудал арилаагүй...

 

Хүнийг буруутай хэмээн алснаар гэмт хэргийг бууруулж, урьдчилан сэргийлсэн гэдгийг нотолсон судалгаа одоогоор алга байна. Мөн цаазаар авах ял нь буцааж болшгүй үр дагавартай. Нэг алдсан бол засаж болохгүй. Үүний зэрэгцээ Хятад, Иран, Ирак гэх мэт улсад хүнийг шударга бусаар шүүмэгцээ алдаг буруу туршлага тогтсон байдаг. Тодруулбал, хүнийг эрүүдэн шүүж, өөрийнхөө эсрэг өөрөө мэдүүлэг өгмөгц түүнийг нь үндэслэн цаазалдаг байх жишээтэй. Зарим улсад та ядуу, өнгөт арьстан, өөр угсааны, нэг бол олонхоос өөр шашин шүтдэг цөөнх бүлэг бол шүүхээс таныг ялгаварлан гадуурхаж, цаазаар авах ял онооно. Ядуу, нас бага, эрх мэдэлгүй, нийгэмд гадуурхагдсан хүн бол танд өөрийгөө өмгөөлөх ч боломж олдохгүй.

Цаашилбал, Иран, Судан зэрэг улсад улс төрийн өрсөлдөгчөө зайлуулах арга хэрэгсэл байдлаар ашиглаж байна.  Эмнести Интернэшнлийн цуглуулсан тоон мэдээгээр 1990-2018 оны 1 сар хүртэлх хугацаанд АНУ, БНХАУ зэрэг 9 улсад 190 хүүхдийг гэмт хэрэгтэн гэж цаазалжээ.  Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлах үед 8 улс цаазаар авах ялыг ямар ч гэмт хэрэгт оноохгүй байхаар шийдсэн байсан  бол одоо 104 улс болж нэмэгдсэн буюу дэлхийн улсын тал нь цаазын ялыг бүрэн халжээ.  Үүний зэрэгцээ 2016 оны байдлаар 141 улс цаазаар авах ялыг хуулиар болон амьдралд ашиглахаа больж, 55 улс л ямар нэгэн байдлаар цаазаар авах ялыг оноож байгаа нь дэлхий дахинд тус ялаас татгалзаж байгааг харуулна.  Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтын нэг бол энх тайванч, хүчирхийлэлгүй нийгэм. 

Аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг 

 

Манай улсын иргэн бүрийнхээ өмнө хүлээх төрийн 3 үүргийг Үндсэн хуульд тодорхойлж өгсөн. Үүнд:

  • хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх;
  • хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх;
  • хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх.

Төр ямар ч тохиолдолд өөрөө хүний эрх эдлэхэд саад учруулах, хөндлөнгөөс оролцож зөрчихгүй, үлгэр жишээ эдлүүлэх ёстой. Төр, хувийн хэвшил, иргэн гэдгээс үл хамааран хэн нэгэн этгээд хүний эрхэд халдвал түүнийг таслан зогсоож, арилгах ёстой. Учирсан хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх нөхцөл бүрдүүлсэн байх ёстой. Дээр дурдсаны дагуу тэр дундаа нас, хүйс зэргээс үл хамааран хүн бүрийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх ёстой ажээ. 

“Аюулгүй байдлыг хангахын тулд”, “Хүүхэд хүчирхийлэхийг таслан зогсоохын тулд”, “Авлигагүй нийгэмтэй болохын тулд” хэмээн нийгэм, улс төрийн асуудлаа хурдан шийдвэрлэхийн тулд хэдэн эсвэл олон зуун хүнийг алчихад хангалттай, нэг бол тохирсон шийтгэл хэмээн илэрхийлдэг улс орнууд бий. Гэтэл энэхүү үйлдэл нь нийгмээ сайтар хамгаалж байгаа бус, улам яргалалд хүргэдэг болохыг тэр бүр хүмүүс санахгүй, эсвэл мэдэхгүй байна. Нөгөө талаас цаазаар авах ялыг тухайн улсын нэрийн өмнөөс буюу улсыг бүрдүүлж байгаа ард түмэн, хүн нэг бүрийн өмнөөс гүйцэтгэдэг . Та өөрийн гараар хүний амь таслахаар гох дарж байгаатай агаар нэг. 

“Нэгэнт цаазаар авах ялтай юм чинь” гэсэн бодлоор хохирогчийг хүчирхийлсний дараа алах, гэрч үлдээхгүй болгохын тулд өөр хүний амийг хороох, эсвэл ядуу, эмзэг байдалтай, сэтгэцийн өөрчлөлттэй, хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны зэрэг өөрийгөө хамгаалж чадахгүй хүнийг хохирогч болгохоор онилж, хүчирхийлэх нь улам нэмэгддэг. Цаазаар авах ялгүй тохиолдолд хохирогч амьд үлдэх, гэрч болсон хүн болсон явдлыг нуулгүйгээр сайн дураараа хэрэг хянан шийдвэрлэхэд оролцохоор гарч ирэх боломж улам нэмэгдэнэ.  Төр үүргээ биелүүлж чадахгүй болмогц хариуцлага хүлээх албан тушаалтнаас илүүтэйгээр “туг тахих” замаар асуудлыг шийдэх гэж харах нь өөрийн хийх ёстой ажлаа иргэдэд “нааж” байгаагаас ялгарахгүй. Үүний оронд үүрэг хүлээгчийн хувиар төр иргэдийн хүний эрх, эрх чөлөөг нэг бүрчлэн эдлүүлэх үүргээ даруй гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай юм. 

Аливаа эрхийг эдлүүлэхийн тулд Төрийн хүлээх Үүрэг

Үйл ажиллагааны шинжтэй үүрэг

Хүндэтгэх

Төр хүмүүсийн эрхээ эдэлж байгаа үл тоож, хөндлөнгөөс өөрөө халдаж болохгүй.

Хамгаалах

Төр бусад этгээд хүний эрхэд халдаж байгааг зогсоох ёстой.

Хангах

Төр хүний эрхийг эдлүүлэхийн тулд хууль тогтоомж, бүтэц, байгууламж бий болгож, хэм хэмжээг дагах ёстой.

Үйл явцын шинжтэй үүрэг

Үл ялгаварлах

Төр хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй.

Зохистой дэвшил гаргах

Төр хичээл зүтгэл гаргаж байгааг харуулахуйц түвшинд ахиц, дэвшил гарах ёстой.

Оролцуулах

Хүмүүс өөрийн эрхээ бодит биелэл болгохын тулд оролцох боломжтой байх ёстой.

Үр дүнтэйгээр эрх сэргээх

Үүргээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд хохирлыг арилгаж, эрхийг заавал  сэргээн эдлүүлнэ. 


Нөгөө талаас хүний амь насыг зоосны нүхээр хэмжих боломжгүй тул хэдий хэмжээний зардал гарсан, хохирол учирсан байлаа гээд жингийн тухай дээр нэг сум, нэг хүний амь настай тэнцэнэ гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Буудах нь амар хялбар, гох дарахаас хэтрэхгүй” гэх төсөөлөл нь ухвар мөчид, ташаа төдийгүй тухайн хүнд учруулах, айдас, шаналал, өвчин, зовиурыг хэмжих ямар ч бололцоогүй болно. 

Цаашилбал Төр эрх мэдлээ ашиглан хүний амийг авахад бусад бүх эрх халдашгүй байдлаа алдана. Төр хүнд амь нас өгч чадахгүйгээс хойш амийг нь авахаар санаархах ёсгүй. Манай улсад гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж, цаазаар авах ял оногдуулсны дараа Улсын дээд шүүхээс ялыг өөрчилж, зарим ялыг хүчингүй болгосон туршлага ч бий. Хүн төгс биш тул цаг хугацааг эргүүлж чадахгүйтэй адил шүүхийн алдааг засах боломжгүй. Мөн хохирогч, түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн уй гашууг тэр бүр тайлаад байдаггүй.

Тэгвэл хүчирхийлэлд хэн эсвэл юу буруутай вэ?

 

Мэдээж. Хүмүүс буруутай. Гэхдээ зарим нь өөрөө буруутан гэдгээ мэдэхгүй, эсвэл буруутан болж байгаагаа тэр бүр ойлгодоггүй. Ялангуяа эрх мэдэлтэй, албан тушаалтай төрийн алба хаагч бүр дээр дурдсан төрийн үүргийг биелүүлэх, иргэн бүрт хүний эрх, эрх чөлөөгөө хангахуйц төрөл бүрийн баталгааг бүрдүүлэхэд гар бие оролцож, хувь нэмэр оруулах ёстой. Гэтэл төрийн тогтолцоо нь улс төрийн намаас хамааралтай, намд үйлчилдэг, тасралтгүй бодлого хэрэгжүүлэх чадавхгүй, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх боломжгүй, ялгаварлан гадуурхаж, иргэдтэй тэгш бус харьцдаг болсон нь хүчирхийллийн соёлыг улам бэхжүүлж, эрх мэдлийг заагийг улам тэлж байна.

Францын социологич Эмиль Дюркгейм нийгмийн тогтолцоо нь задран унаж, хүн өөрийн эрхэмлэн нандигнаж байсан нийгмийн үнэт зүйлсээ үгүйсгэх эсвэл бусадтай тогтоосон нийгмийн холбоогоо таслахад хүрсэн орчинд буюу ёс суртахууны удирдамж чиглэлгүй нөхцөлд хүмүүс орохыг “аномия” гэж тодорхойлсон (Козер 1977: 132-133). Танил талаараа тулгарсан асуудлаа шийдүүлдэг, тал тохой татаж ажил амжуулдаг, хэрэгт орвол авлигаар мултардаг нь “Шударга байх хэрэггүй” мэт санагдаж, эрх мэдэлтэй, мөнгөтэй, танилтай бол “Хариуцлага тооцох хуулийн заалт үйлчлэхгүй“ хэмээн бодуулж, бусдаас түрүүлж авсан мэдээллээр амин хувьдаа ашиг гаргаж, бусдыг хуурч, мөлжиж амьдрах нь “Эрх тэгш байх утгагүй” санагдаж эхэлвэл “Аномия болж байна” гэж үзэх үндэслэлтэй.

Цаашилбал төрсөн цагаасаа насаараа, хүйсээрээ, нийгэмд эзлэх байр сууриараа хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, эмзэг байдалтай буюу гэр бүлээсээ дайжсан, тэнэмэл, эцэг эхийн анхаарлаас ангид, эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хүчиндэх магадлал улам ихэснэ. Хууль сахиулж чадахгүй, хүний эрхийг хамгаалж чадахгүй байгаагаас “Бусдын эрхэнд халдсан яах вэ?” гэсэн буруу жишиг иргэдийн дунд тогтох аюултай. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2010 онд хийсэн “Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл” судалгаанаас үзэхэд 2000-2009 онд үйлдсэн хүчиндэх 2 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар, 3 гэмт хэрэг тутмын нэг нь бүлэглэн, 10 гэмт хэрэг тутмын нэг нь урьд нь ял шийтгэгдсэн хүмүүс үйлдсэн байжээ. Гэмт хэрэг үйлдэгчдийн нийтлэг байдлыг үзэхэд хохирогчийн танил, 18-35 насны, ажилгүй, бүрэн дундаас доош боловсролтой, эрэгтэй хүмүүс байв. Энэ дүр зураг 2010 оноос хойш ямар дүр зурагтай байгааг харвал 2010-2016 он хүртэл өсөх, буурах үзүүлэлт бага байснаа 2017 онд огцом өгссөн байдал тоон мэдээнээс харагдана. Мөн хохирогчийг хүчиндсэн хүмүүсийн тухайд гол төлөв бага насны хохирогчийн гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танил хүмүүс байдаг ажээ.   

ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, НИЙГМИЙН ЁС СУРТАХУУНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, бүс, аймаг, нийслэлээр: 

Аймаг

2007

2008

2009

2010

2011

2012

2013

2014

2015

2016

2017

Бүгд

384.

426.

375.

410.

434.

405.

425.

397.

383.

384.

573.


Эндээс харвал цаазын ялтай байсан ч хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож чадаагүй, дахин гарах нөхцөл бүрдүүлж чадахгүй байна. Үүний зэрэгцээ цагдаад хүчиндэх гэмт хэргийн талаар мэдээлэх нь нэмэгдэж, бүртгэж авч буй гомдлын тоо ихэссэн нь далд байсан үйлдэл ил болж, гэр бүлийн гишүүн, хамаатан саднаа цаазлуулахгүй, гэмт этгээдийг илчилж хэлсэн тохиолдолд надад хохиролгүй, хариуцлага тооцож чадна хэмээн ойлгон хандаж байгаа гэж үзэх боломжтой.

Өмнө тус ялын талаар тэр бүр олон нийт мэдэхгүй, ямар тохиолдолд шударга ёс тогтохыг мэддэггүй байсан бол одоо төрөөс намайг хамгаалаач хэмээн хандаж байгааг өнгөрсөн оны хүүхэд хүчиндсэн гэмт хэргийн хохирогч нийт 213 хүүхдийн 56 нь давтан өртсөн, 17 нь 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.  Хүүхдийг хүчирхийлүүлэхээс хамгаалахын тулд хөдөлмөр эрхлэлт, боловсролын түвшин, эдийн засгийн орлого зэрэг нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс хамаарахгүйгээр ямар ч насны хүүхэд хот, хөдөө ялгалгүй өртөх эрсдэлтэйг анхаарч, үүрэг хүлээсэн төрийн алба хаагч улам хариуцлагатай хандах болжээ. 

Цаазаар авбал зохих нь...

  • “Нүдийг нүдээр, амийг амиар” гэх нь өс хонзонгоос өөр юу ч биш, шударга ёс тогтоох боломжгүй учир хэрцгий, хүнлэг бус шинжтэй цаазаар авах ялаас илүүтэйгээр хорих ялыг оноовол зохино.Хүмүүс “Иргэдээс авсан татвар, төсвөөс мөнгө зарцуулан гэмт этгээдийг насаар нь эсвэл олон жил хооллож ундалмааргүй байна”, эсвэл “Хөнгөл” гэдэг. Хөнгөлөх ял нь хохирогчтой зэрэгцэн амьдрах, хохирогчид таарах бүртээ юу болсныг сануулах эрсдэлтэй тул нийгмээс, тэр дундаа хохирогчоос тусгаарлах ял хамгийн оновчтой. Ямар ч гэмт хэрэг үйлдсэн хэн ч гэсэн гэм буруутай эсэхээс үл хамааран гэмээ ухаарах, хохирлоо барагдуулах, бусад эрхээ эдлэх, цаашилбал гэм буруугүй бол цагаатгагдаж, суллагдах боломжоор хангах ёстой. Хүн учраас хүний эрхийг бидний шилдэг, сор, сайн нь ч, дорой, хэрцгий, муу нь ч эдэлнэ. 
  • Хүүхэд, охид, эмэгтэйчүүдийг “Сул дорой”, “Үйлчлэгч”, “Дур хүсэл хангагч”, “Зарж үнэлж болдог эд зүйл” гэсэн хэвшмэл ойлголтыг цаазалвал зохино. Ямар нэгэн байдлаар нас, хүйсээр эсвэл нийгэмд эзэлж байгааг байр сууриар дорд үзэх, үл тоох, гадуурхах нь хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах хөрс, үндэс болдог тул гэр, цэцэрлэг, сургууль, дотуур байр, гудамж талбай, олон нийтийн газар, ажлын байр гэх мэт хаана ч бэлгийн дарамт, мөлжлөг, хүчирхийлэл зэрэг үйлдлийг таслан зогсоож, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг хатуу хориглож, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиа сурталчилан таниулж, чандлан мөрдөх ёстой. 
  • Авлига, тэгш бус байдал зэрэг хүн бүрийн аливаа эрхийг эдлүүлэхэд саад болж байгаа хүний эрхийн зөрчлийг цаазалвал зохино. Улс төрийн намаар талцах, ажилласан жил, туршлага, насаар ялгаварлах, хүний эрхийг хүндэтгэхгүй байх, муу засаглалтай байх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхгүй байх, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсыг уландаа гишгэх, дур зоргоор авирлах, явцуу ашиг сонирхлыг хангах, ял завших, бусдыг хүчирхийлэх, тэгш бус байдал гаарах нь авлигатай холбоотой. Хүний эрх хамгаалагч Салил Шеттийн “Цаазаар авах ял нь хүчирхийллийн соёлын илэрсэн шинж болохоос түүнийг арилгах шийдэл биш”,  Өмнөд Африкийн хууль зүйн профессор Жан ван Рүүений “Айдаст автсан сонгогчдод гэмт хэрэгтэй тэмцсэн гэж харуулах улс төрчдийн хялбар арга бол цаазын ял” гэсэн үгээр нийтлэлээ төгсгөе. 

 

Өглөөний сонин
Б.Болорсайхан

2018.04.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг харгис хэрцгийгээр зоджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Хоёр хүн 20 саяын азтангаар тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Аймгийн арслан О.Хангай түрүүлж, Э.Оюунболд арслан үзүүрлэв

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

”Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.06

Эрдэнэ сумын цэцэрлэг өнөөдрөөс хэвийн ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов

...

Дэлгэрэнгүй » 2018.03.07

”Сайн аав” МУСК нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.05