С.Батболд: 2018 онд илүү олон кран ажиллаж тэр хэрээр ажлын байр ч нэмэгдэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой ярилцлаа.

-Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах он цагийн заагт тантай хийж хэрэгжүүлсэн, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлын тань талаар ярилцах гэж байна. Бараг хагас зуун жилийн насжилттай Төв цэвэрлэх байгууламжийн асуудлаар ярилцлагаа эхлүүлэх нь зөв байх. Засгийн газраас ирэх оны хавар гэхэд бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэх шийдвэрийг гаргасан шүү дээ?

-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг үндсэндээ 70 жилийн насжилттай гэж хэлж болно. Тиймээс өнөөгийн 1.3 сая гаруй хүн амтай том хотоос гарч буй бохир усыг цэвэрлэх хүчин чадал нь аль хэдийнэ дууссан. Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх болон байгаль орчны олон хууль, тогтоомжийг зөрчиж байгаа юм. Нэг жилийн өмнө ажлаа хүлээж авч байх үед концессийн гэрээ байгуулна гэж яригдаж байсан. Нийслэлд биш Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газарт концессийн гэрээг дүгнэнэ гэж байсан. Харамсалтай нь, үүнд огт ахиц гараагүй. Концессийн гэрээг дүгнэх явцад бохир усны үнэ төлбөрийн асуудал нэлээн хөндөгдсөн учраас гэрээ цуцлагдсан. Харин одоо тус гэрээг шинэчлэх зорилгоор шинэ Засгийн газар нэлээн ач холбогдол өгч, шинэ Цэвэрлэх байгууламж барих санхүүжилтын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ ажлыг маш хурдтай хийж чадвал 2019 он гэхэд шинэ Цэвэрлэх байгууламжтай болох бололцоотой юм. Үүнд хоёр асуудал бий. Лагийг яаж арилгах вэ. Төв цэвэрлэх байгууламжаасаа үнэр нь гардаггүй. Харин хажууд нь 60, 70 жилийн турш хуримтлагдсан лагаас тэр үнэр гарч байгаа юм.  Тэгэхээр 600 мянган тонн лагийг цэвэрлэх асуудлыг хот өөрийнхөө боломж бололцооны дагуу гадны хөрөнгө оруулагчидтай холбогдон шийдвэрлэх арга замыг ярилцаж байна. ХБНГУ-ын Элчин сайдтай өнгөрсөн долоо хоногт уулзсан. Уулзалтаар Унгар, Германы хамтарсан компани лагийг цэвэрлээд, боловсруулах технологийг бидэнд танилцуулсан. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс салах боломжтой юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг барих явцдаа лагийг цэвэрлэж, боловсруулж асуудлыг давхар хийж явна. Ашиглалтад орох хүртэлх хугацаанд хуучин цэвэрлэх байгууламжийн засварын асуудлыг хамт шийдээд явна. Ирэх хавраас Цэвэрлэх байгууламж болон лагийг боловсруулах ажлыг хийж явбал хотын өмнө хуримтлагдсан нэг том асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

-Шинэ Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хэрхэн гаргаж байгаа вэ?

-Шинэ Цэвэрлэх байгууламж бол ойрын хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн өсөн нэмэгдэх ачааллыг даахаар төлөвлөгдсөн. Шинээр баригдах хороолол, үйлвэр аж ахуйн нэгжүүдийн хоногт хэрэглэх цэвэр усны норм, гарах бохир усны хэмжээ зэрэг бүгдийг тооцсон. Нэг онцлог нь цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг шууд байгальд хаях биш Улаанбаатар хотын цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглана. Энэ нь Улаанбаатар хотын усан хангамжийг давхар нэмэх ач холбогдолтой. Шинэ Цэвэрлэх байгууламжийн төсөлд хөнгөлөлттэй зээлээс гадна АНУ-ын Мянганы сорилын сангийнхан цуг оролцсон. Мянганы сорилын сангийн цаашлаад олон улсын ногоон сангууд болон бусад байгууллагаас хөрөнгө босгохоор шийдэж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг иж бүрнээр нь шийдэх бололцоотой гэж үзэж байна.

-“Харгиа” цэвэрлэх байгууламжийн асуудал бас яригддаг. Орон сууцны хороолол дунд байдаг бөгөөд арьс ширний үйлдвэрүүдийн бохирын үнэр сүүлийн 20 жилийн турш яригдсаар ирлээ. Үүнийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх асуудал ч хөндөгдөж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар хотоос арьс, ширний үйлдвэрүүдийг гаргана. Тиймээс “Харгиа” цэвэрлэх байгууламжийг бүр мөсөн хаагаад арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн үйлвэр технологийн паркад шилжүүлэхээр төлөвлөж байна. Үүнийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ярьсан. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 20 сая ам.долларын хүрээнд цэвэрлэх байгууламж барья, ер нь цаашид 140 сая орчим ам.доллараар Эмээлтийн үйлдвэр технологийн паркийг хөгжүүлээд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 19 арьс ширний үйлдвэр болон  нийт бүртгэлтэй  34 арьс ширний үйлдвэрийг Туул голын сав газар буюу Хан-Уул дүүргээс нүүлгэхээр төлөвлөж байгаа.

-Өвлийн тэргүүн сар гарсан байна. Улаанбаатар хотод агаарын бохирдлын асуудал аюулын харанга дэлдээд байгаа. Мэдээж нэг жилийн дотор агаарын бохирдлыг арилгасан уу, хэдэн хувь бууруулсан бэ гэж асуухаас илүүтэй нэг жилийн дотор агаарын бохирдлыг бууруулах талд хэр ололттой зүйлүүд гарсан. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гурван захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Жилийн дараа дүгнэж харвал захирамжууд үр дүнгээ өгч байх юм уу?

-Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь хамгийн түрүүнд маш их хөрөнгө болон цаг хугацаа шаардсан ажил. Яг өнөөдөр, маргааш шийдчих асуудал биш. Мэргэжлийн байгууллагуудын тооцоолж гаргаснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 15-20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаарплагатай гэж үзэж байгаа юм. Хамгийн эцсийн шийдэл нь мэдээж хийн хэрэглээнд шилжих явдал. Олон улсын хотын туршлагаас үзвэл газ буюу хийн хэрэглээнд шилжсэнээр агаарын бохирдол буурсан, бүр мөсөн салсан байгаа юм.

Агаарын бохирдолтой тэмцэхэд шууд хөрөнгө оруулалтаар утаа гаргадаг эх үүсвэрүүдийг бууруулах, нөгөө талаар хамгийн гол хүчин зүйл бол захиргааны арга хэрэгслийн үндсэн дээр бууруулах зэрэг хэд, хэдэн аргыг хэрэглэж болно. Дэлхийн бүх хотод захиргааны маш хүчтэй арга хэрэглэж байж агаарын бохирдлоос салсан. Тухайлбал, нэг аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэхээр “Өө нээрээ тийм. Би агаар бохирдуулаад байгаа учраас үнэтэй халаагуур авч тавиад нүүрс түлэхээ больё” гэж хэн ч бодохгүй. Айл өрх, аж ахуйн нэгж ч хамаагүй хамгийн хямд эх үүсвэрийг хайдаг. Тэр нь өөрөө нүүрс болж таардаг. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн эрх, хэмжээний хүрээнд энэ оны эхээр гаргасан гурван шийдвэр бол хамгийн эцсийн гэж хэлж болох шийдвэр. Гурван шийдвэр үр дүнд хүрч байгаа.  Жишээлбэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамж. Энэ оноос өмнө жилд дунджаар 25-30 мянган хүн Улаанбаатар хотод шилжиж ирдэг байсан. Энэ нь 6000 орчим яндангаар хотын гэр хороолол тэлдэг байсан гэсэн үг. Захирамж гарсанаар энэ онд 8000 орчим хүн шилжиж ирсэн. Бас тэр хэмжээний хүн шилжиж явсан байгаа юм. Ингэхээр Улаанбаатар хотын механик шилжилт зогссон гэсэн үг. Шилжиж ирсэн хүмүүс хотод байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай юм уу, эсвэл орон сууц худалдаж авсан иргэд юм. Тэгэхээр механик шилжилт хөдөлгөөн зогссоноор гэр хорооллын хязгааргүй тэлэлт зогсч, яндангийн тоо буурна.

Хоёрдугаарт, энэ ажлын хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд зөвхөн Монгол Улсын стандартад нийцсэн зуух заруулж байгаа. Иргэд стандартад нийцсэн зуух авна гэдэг бол хорт утааны ялгаралт багасч байна гэсэн үг. Гуравдугаарт, суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Суурьшлийн III, IV бүсэд хэзээ ч яндангаас утаа гарахгүй, энд зөвхөн цахилгаан халаагуур хэрэглэнэ. Энэ бүсэд амьдарч, үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх газар хэзээ ч яндантай байж болохгүй. Бид бүхэн үүнд хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд агаарын бохирдлын хяналтын бие даасан байцаагч байх хэрэгтэй гэсэн саналыг тавих гэж байна. Одоо бид нийслэлийн Мэргэжлийн хяналтын бүх байцаагч давхар агаарын бохирдлын хяналтын байцаагчаар ажиллаж байгаа. Гэхдээ энд бие даасан алба байгуулж, улам хяналтыг сайжруулах шаардлагатай. Гаднаас ирдэг зөвлөхүүд агаарын бохирдлыг хянадаг байцаагч нарын хүчийг нэмэхэд анхаарах хэрэгтэй. Торгууль болон захиргааны хариуцлага тооцох механизмыг ч анхаарах хэрэгтэй. Мөн бүслэлийн хүрээнд цахилгааны тарифыг тэглэх механизм явсан. Ингэснээр иргэд өөрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд цахилгаан халаагуур хэрэглэх бололцоотой болсон гэсэн үг. Энэ мэт маш их ахиц дэвшил гарч байгаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулбал яндангийн тоо буурч, агаарын бохирдол багасна. Тэгэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ямар ажил хийв. Жишээ нь, “Сервис центр” байгуулсны үр дүнд нэлээн олон өрх орон сууцтай болсон шиг санагдаж байна?

-Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол хүчин зүйл. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын айл өрхийн дутуу шаталттай зуухнаас гарч байгаа хий юм. Дахин төлөвлөлтөд хамрагдсан газруудад өндөр барилга бариад, иргэдтэй компаниуд гэрээ хийгээд газрыг нь орон сууцаар солих, нөхөн төлбөр олгох замаар газрыг нь аваад орон сууц барих ажлыг хийж байгаа. Жил бүр нийслэлийн төсвөөс дэд бүтцийн шугам байгуулахын тулд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа. Харамсалтай нь, санхүүгийн хямрал тохиолдсон гэх шалтгаанаар компаниудын санхүүжилт муудсан. Тийм учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын эрчим харьцангуй саарсан гэсэн үг. Гэхдээ ирэх хавраас нэлээн эрчимтэй үргэлжилнэ.

Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкны гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл явж байна. Төслийн хүрээнд газар дээрх бүтээн байгуулалт харагдахгүй байгаа ч, газар доорх шугам сүлжээний маш том бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Гэр хороололд Улаанбаатар хотын дэд төвийг бий болгосноор орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд барих, иргэд өөрсдөө орон сууцаа дулаанд холбох  бололцоотой төвүүдийн бүтээн байгуулалтын ажил 2018 онд нэлээн эрчимжих юм. Харин “Сервис центр” бол цоо шинэ зүйл. Иргэд өөрсдөө хороондоо 200-500 айлын хүрээнд зохион байгуулалтад орж, газраа төлөвлөөд явж байгаа. Хотоос дулаан, бохир, цэвэр ус, цахилгааны нэгдсэн төвүүд байгуулаад тэндээсээ иргэд өөрсдийнхөө СӨХ маягийн байгууллагаа байгуулаад гарсан зардлаа дундаасаа нөхөөд явж байна. Ингэснээр тухайн хорооны айлууд гудамжаа тэгшлээд, газраа шинэ зохион байгуулалтад оруулаад явж байна. Энэ бол төлөвлөлтийн цоо шинэ хэлбэр.

Хийн хэрэглээг нэвтрүүлхийн тулд Монгол Улсад нүүрс шингэрүүлж хий гаргаад гаргасан хийгээ Улаанбаатар хотод авч ирж, түгээлтийн цоо шинэ систем бий болгоод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг газраар хангах энэ томоохон төслийг Улаанбаатар хотын дэргэдэх Улаанбаатар худалдааны танхим Монголын топ компаниудтай хамтраад 450 сая орчим ам.долларын өртөгтэй төсөл санаачлаад явж байгаа. Энэ асуудлыг тун удахгүй Агаарын бохирдлыг бууруулах хороогоор хэлэлцээд Ерөнхий сайдын ахалдаг хороонд оруулна. Хэрэв энэ төсөл шийдэгдэх юм бол бид агаарын бохирдлыг бүхэлд нь шийдвэрлэх том боломж гарч ирж байгаа. Том хөрөнгө тавиад, томоор харж шийдэхгүй бол агаарын бохирдлоос ойрын хугацаанд салж чадахгүй. Нийслэлийн төсөвт 8-9, улсынханд 10 тэрбум төгрөг суулгачихаад түүгээр утааны асуудлыг шийднэ гэвэл энэ асуудал олон жилээр сунжирна. Хувийн хэвшлийн компаниудын шийдлүүдийг харж байгаад томоор сэтгэж, захиргааны маш хүчтэй шийдвэрийг хэрэгжүүлээд явбал ойрын хугацаанд шийдэх бололцоотой.

-Үе үеийн хотын дарга нар “Москва” хороолол ч гэдэг юм уу ямар нэг хороолол бариад заншчихсан шиг санагддаг. Саяхан  VII хороолол гэж БНХАУ-ын Засгийн газрын хоёр тэрбум юанийн хөнгөлөлттэй зээлийн талаар яригдсан. Таны хувьд хотын дарга хийх бүрэн эрхийн хугацаандаа хороолол барьж үлдээе гэсэн бодол бий юу?

-БНХАУ-ын Ерөнхий сайдын бэлэг гэж хэлж болох буцалтгүй тусламжаар VII хорооны нутаг дэвсгэр “Ногоон нуур”-ын хойд дэнжид 1000 айлын түрээсийн орон сууц барих гэж байгаа. Энэ сууц бол газраа чөлөөлсөн 1000 айлын газраар нь шууд солих маягаар орон сууцанд оруулаад үргэлжлэх ажил юм. Энэ бол түрүүчийн Засгийн газрын үед шийдэгдсэн. Одоо энэ хавраас ажил нь эхлэх төсөл юм. Хот төлөвлөлтийн цоо шинэ төсөл. Өөрөөр хэлбэл, газрыг орон сууцаар солих төсөл. Ингэснээр цаашид газар чөлөөлөлтийн зардал багасна.

-Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх аян нэг жилийн турш идэвхтэй хийгдэж, иргэдийн дэмжлэгийг ч аваад байна. Энэхүү аяныг ирэх онд үргэлжлүүлэх үү?

-Иргэдийнхээ санаачлагад тулгуурлаад хамтарч хэрэгжүүлсэн томоохон төсөл бол нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх аян юм. Иргэдийн санал, мэдээлэлд тулгуурлаж хийгдсэн учраас маш их үр дүнд хүрсэн. Аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан байнгын Ажлын хэсэг ажилладаг. Уг Ажлын хэсэг олон нийтийн сүлжээгээр иргэдийн явуулсан мэдээлэл, зураг зэрэг баримтад үндэслээд зам чөлөөлөх аяныг явуулсан. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг дураараа хашсан олон зам, талбайг чөлөөлсөн. Энэ нь зөвхөн тухайн хорооллын нэвтрэх хүчин чадлыг нэмээд зогсохгүй, авто машины түгжрэлийг багасгах, иргэдийн эрх ашгийг хамгаалсан ажил болсон. Энэ аян ирэх онд үргэлжилнэ. Хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрхийг хангаж байгаа явдал юм. Хууль зөрчигтэй хатуу тэмцэнэ. Хэн нэгэн дураараа өөрийнхөө эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшлийн талбайг эзэмшдэг, ТҮЦ авч ирж тавьдаг, өргөтгөл барьдаг асуудлыг таслан зогсооно.

-Газрын харилцааны асуудал үе үеийн хотын дарга нарын өмнө тулгардаг. Иргэд ч газрын наймааны тухай ч ярьдаг. Таны хувьд газар олгож байгаа юу. Энэ жилийн хувьд нэлээд газрыг хурааж авч байгаа. Хамгийн сүүлд 33 дугаар сургуулийн дэргэдэх иргэн н.Зоригийн газрыг хураан авлаа. Энэ нь хэр зөв бэ. Нөгөө талаас газар эзэмших эрхийг 15 жилээр сунгалаа. Газрын харилцааны чиглэлд барьж буй таны бодлого яг юу вэ?

-Бид бүхэн газрын харилцаанд реформын шинжтэй хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан. Үнэхээр хуулийн газраа эзэмшсэн бол тэр хүн тухайн газартаа хөрөнгө оруулах, гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах, илүү сайн чанартай байгууламж барих бололцоог нь үндэслээд газар эзэмших хугацааг сунгасан. Бизнес эрхлэгчид, хувийн аж ахуйн нэгж, иргэдэд маш тааламжтай шийдвэр болсон.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны хороолол дунд бизнесийн зориулалттай барилга барих газрыг дахин хэзээ ч олгохгүй. Намайг Засаг дарга болсноос хойш нэг жилийн хугацаанд нэг ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны дунд газар олгогдоогүй. Харин хүчингүй болгосон. Ингэснээр иргэдийн өмнө миний амласан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг хангана” гэсэн амлалт биелэгдэх юм. Би газар олгох захирамж ерөөсөө гаргахгүй байгаа. Дүүргүүдэд ч гаргуулахгүй. Яагаад гэвэл өмнөх асуудлыг цэгцлэх ёстой. Нэг жилийн хугацаанд газрын асуудлыг шийдвэрлэж, эмх цэгцэнд нь оруулах хуулийн дагуу болгох ажлыг хийсэн.

-Энэ оны хот тохижилтын хувьд эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажлыг хийлээ. Энэ нь иргэдийн талархлыг хүлээсэн. Хотын ногоон байгууламжийг нэмэх зорилгоор 4-6 метрийн урт том моднуудыг хотын төв гудамжинд шилжүүлэн суулгалаа. Том мод хот газарт ургахгүй гэх шүүмжлэл иргэдийн дунд байсан. Таны хувьд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх зорилгоор зоригтой шийдвэр гаргасан. Цаашид энэхүү асуудлаа хэрхэн анхаарах вэ?

-Улаанбаатар хот бол ногоон байгууламжийн хэмжээгээрээ маш багатайд тооцогддог. Олон улсын стандартын дагуу нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх шаардлагатай. Манай хотын байгаль, цаг уурын байдал мод ургаад байдаг нөхцөлтэй биш л дээ. Нэлээд их зардал шаардагддаг. Яг үнэндээ монголчууд тарьж чадахгүйдээ, дургүйдээ ногоон байгууламж муутай байгаа юм биш. Байгаль цаг уурынхаа нөхцөлд л захирагдаж байгаа. Тэгэхээр бид ногоон байгууламжид ч илүү их мөнгө санхүү, цаг зав, хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй. Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ногооруулах боломж бол шилмүүст модыг шинээр шилжүүлэн суулгах явдал. Өөрөөр хэлбэл, ойд сийрэгжүүлэлт хийх замаар хотыг ногоон байгууламжтай болгох юм. Энэ нь амьдралд туршигдсан.

Тухайлбал, томоохон хотхон, оффиссуудын гаднах талбайд шилжүүлэн суулгасан шилмүүст моддыг харж болно. Хотын захиргааны өмнөх талбайд байгаа моддыг 10 жилийн өмнө шилжүүлэн суулгасан. Маш сайхан ургаж байгаа. Энэ мэтчилэн бид хотыг маш яаралтай ногооруулах шаардлагатай. Энэ онд Энхтайваны өргөн чөлөөнд 4-6 метрын урттай шилмүүст модыг шилжүүлэн суулгаад ногоон хашлага бий болгосон. Энэхүү ногоон байгууламжийн ургалт 98 хувьтай байгаа. Гадуур ажилтай явж байх үедээ өөрийн биеэр очиж шалгаж үздэг. Учир нь, энэ чинь хүний нүдэнд ил байгаа ажил. Улаанбаатар хотын бүх дүүрэгт Явуугийн цэцэрлэгт хүрээлэнтэй адил цэцэрлэгт хүрээлэнг бий болгоно. Энэ утгаараа хотын ногоон байгууламжид цоо шинэ бодлого барьж ажиллаж байгаа. Ирэх жилийн төсөвт найм орчим тэрбум төгрөгөөр хотын ногоон байгууламжийн арчилгааны зардалд нэмсэн байгаа. Гадны орны мэргэжилтнүүдийг авч ирж юунд алдаж, оноод байна гэдгээ ярилцах, эрдэмтдийн уулзалтыг тогтмол хийж байгаа.

-Дэд бүтцийн салбарыг ярихгүй орхиж болохгүй. Өмнө нь Э.Бат-Үүл даргын үед нийслэлийн томоохон уулзваруудыг “Гудамж” төслийн хүрээнд шинэчилсэн. Таны хувьд таван гүүрийн өргөтгөл, шинэтгэлийн ажил яригдаж, ажлыг нь эхлүүлсэн байна. Үүнд хугацаа нэлээн шаардагдах байх. Гүүрийн шинэчлэлийн ажил хийх болсон гол зорилго юу вэ. Ер нь шинээр гүүр, зам барих уу?

2017.12.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2016 оны 10 дахь дугаарын тойм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Нохой, муур тэжээх, устгах журмын төсөлд санал авч байна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.07

Сурагчаа халуун будаагаар түлсэн багшийг ажлаас нь халжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.14

Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.09

НѲАТ-ын сугалаанд супер азтан болохоос солирт оногдох нь амархан буюу 100 саяыг хэн ч хожоогүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Ж.Цэцгээ: Урлагийн нандин холбоог таслахгүй авч яваадаа баяртай байдаг

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Мүүний талаар Б. Насанбаяр тайлбар хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14