Эдийн засгийг эрчимжүүлэх эерэг өрөг

                  



 Шатрын нүүдлээр бол Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жил маданд орчихоод байв. Нэг үе 17.5 хувийн өсөлттэй эдийн засаг нь дэлхийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн. Товчхондоо, бэрс, тэрэг хоёроороо зэрэг зэрэг нүүж, дэлхийн эдийн засгийн гол тоглогч болонгоо алдсан. Энэ том боломжийг хэн салхинд хийсгэчих вэ?

 

Эрчимтэй өсөлттэй эдийн засгийг эрчимтэй
уруудуулсан буруу өрөг

 

        2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН үнэмлэхүй олонхи болж чадаагүй ч чамлахааргүй олуулаа парламентад буцаж ирсэн. Дээрээс нь Н.Энхбаярын хэцүү нэртээс хийсэн тоглолт амжилттай болсны хүчинд “Шударга ёс эвсэл” бүлэг байгуулах хэмжээний суудал авсныг бид мэднэ. Ингээд Н.Алтанхуяг даргатай АН, Н.Энхбаяр толгойтой “Шударга ёс эвсэл” хоёр эвлэлдэн нэгдэж, эвхрэлдэн хамтарч монгол төрийн жолоог атгах болов. Угаасаа, удмаасаа фракцаасаа салж чаддаггүй АН Засгийн газраа байгуулах гэж мачийж байхад Н.Энхбаяр хэн хэнд ямар хэмжээтэй бялуу хүртээхээ аль хэдийнэ товлочихсон сууж байсан гэдэг. Бүр ч болоогүй Н.Алтанхуягт “Фракцуудтайгаа ингэж тохироо хий, тэрийг нь тэгвэл энэ нь ингэнэ” гэсэн шиг зөвлөж суусан юмуу даа, ойрын эх сурвалжаас нь сонсох нь ээ... Үүний хүчинд хөл толгойгоо олохгүй бужигналдаж байсан АН цэгцэндээ орж фракц фракцын төлөөллөөс сайд тодорсон нь эдийн засгийн сүйрлийн эхлэл байлаа. Жишээ нь, Хөгжлийн банкийг Эдийн засгийн хөгжлийн сайд нь гарын үзүүрээрээ хөдөлгөдөг байсан бол Төрийн банкийг Сангийн сайд нь гарын үзүүрээрээ хөдөлгөдөг болчихсон байх жишээтэй. Үндсэндээ монголын төрд нэгдсэн бодлого алдагдаж энд, тэндгүй “мундагчууд” төрсөн гэсэн үг л дээ. Одоогийн УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ тухай дурдсан. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс таван төсөв баталдаг байсныг их хурал, Засгийн газар нэг болгож цэгцэллээ” гэж зориуд онцолсон. Тэгвэл өмнөх эрх баригчид яагаад таван төсөл баталдаг байв гэдэг нь сонирхол татна. Үүний тайлал нь маш амархан... Ердөө л АН таван намын нэгдэл болохоор таван төсөв баталдаг байсан байж болзошгүй хэмээн улстөр судлаачид хошин ч гэмээр, хоржоонтой ч гэмээр гаргалгаа гаргасан. Байж болох л хувилбар. Бүр нөгөө өнцгөөс нь харвал нам дотроо байр суурь нь ганхаж эхэлсэн Н.Алтанхуягийг дэгээдэж унагах төлөвлөгөөг боловсруулж суусан тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдын нөлөө ч орсон байж болзошгүй. Зүй нь, З.Энхболд улс орны эрх ашгаас илүү амин хувийн амбицыг урьтал болгосон нь хоёр ч Засгийн газар, Ерөнхий сайдыг дамнуулаад хэл амаа ололцож чадаагүй нь ийн хардахад хүргэж байна. З.Энхболдын төлөвлөгөө амжилттай хэрэгжиж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас нь ховхолж, Ч.Сайханбилэгийг оронд нь тавьсан. Энэ үед З.Энхболдыг одоо л нэг Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа хэл амаа ололцоод, улсын ажил урагшлах нь уу гэсэн хүлээлт төрийн болон хувийн байгууллага, улстөрчид болон иргэдийн дунд үүссэн. Харамсалтай нь тэр хүлээлтийг З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр салхинд хийсгэчихсэн юм. Нэгдсэн бодлого байтугай нийлээд суух хүсэл ч тэр хоёрт байгаагүй. Ийн хэлэх болсон шалтгаан нь Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас Монгол Улсын хувийн компани худалдаж авч байхад УИХ-ын дарга нь мэдээгүй байдаг. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. АН-ын лидерүүд төрийн жолоог атгахаараа зөөлөн суудлын төлөө л үхэн хатан тэмцэлдэхээс биш уялдаа холбоотой ажиллаж, бие биедээ дэм болохыг огтхон ч мэддэггүй хүмүүс юм. Тэд улс орны эрх ашгийн эрэмбийг алдагдуулж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, төрийн хямралыг түмпэн сав тачигнуулахын хооронд үүсгэж чаддагийг бид хоёр ч удаа харлаа. Одоо энэ холион бантан, “холимог хуурга”-ыг цэгцлэх үүргийг өнөөгийн эрх баригчид буюу М.Энхболд даргатай МАН-ын нөхдүүд үүрч явна.

 

Эдийн засаг өсч эхлэх зөв өрөг

 

        Дөрвөн жил хоёр үзүүртэй зүү шиг явсан монголын төр өнөөдөр цэгцэндээ орж эхэлж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан МАН-ын Засгийн газар богино хугацаанд “эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасаг руу шилжүүлсэн”-ийг УИХ-ын дарга чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ онцлон дурдсан. Бүр тодруулах юм бол, тэрбээр “УИХ хэдхэн сарын өмнө 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны улсын төсвийг батлахдаа санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй таван төсөвтэй байсныг нэгтгэн нэг болгож, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасч, орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан билээ. УИХ-ын энэ бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар тууштай ажиллаж, зохих арга хэмжээ авснаар санхүү-эдийн засгийн эерэг өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2017 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254.5 тэрбум төгрөгөөр өсч, орлогын төлөвлөгөө 100 хувь биеллээ” гэсэн. Мөн “Татварын орлого 10.3 тэрбум төгрөгөөр давж биеллээ. 2017 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154.4 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам. долларын ханш тогтворжиж байна” гэсэн нь эдийн засаг өсч эхлэх зөв нүүдэл байсныг гэрчилнэ ээ. Тэртээ 1990-ээд оны эхэн үед Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн “Ямар ч байсан хонгилын үзүүрт гэрэл харагдах боллоо” гэж хэлсэн шиг дүр зураг өөрийн эрхгүй бууна. Эдийн засгийг өсгөх гол өргийн эзэн нь одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд. Тэрбээр Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа хэл амаа ололцоод, эв түнжинтэй, уялдаа холбоотой ажиллавал Монгол Улсад, цаашлаад эдийн засаг, ард түмний амьдралд эерэг өөрчлөлт гарна. Харин өмнөх эрх баригчид шиг хоёр тийшээ харж суучихаад “Наадах чинь миний ажил биш. Ерөнхий сайдын хийх ажил” гээд суугаад байвал алдаа давтагдана л гэсэн үг. Гэхдээ, нэг сайн мэдээ байгаа нь ийм дүр зураг, дүрслэлийг УИХ-ын дарга хийгээд Ерөнхий сайд, эрх баригч намынхан гаргахгүй бололтой юм. Ялалтын чимээнээс авахуулаад л өөр хоорондоо нударга зөрүүлээгүй эрх баригчид эв нэгдлийг эрхэмлэж байгаа нь УИХ-ын даргын Япон Улсад хийсэн айлчлалаас тов тодорхой харагдана. Тэрбээр Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг олж ирсэн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газарт том түшиг болсон. Өмнөх парламентийн дарга асан З.Энхболд гадаад айлчлалаас эх орондоо хэрэгтэй юм “зулгааж” ирж байсныг санах хүн байхгүй л болов уу. Тэгвэл эрх баригч намын дарга, УИХ-ын дарга “Энэ миний ажил биш ээ” гээд хойш суусангүй. Аль болох л эх орондоо, ард түмэндээ, Засгийн газартаа дэм болъё, чадах чинээгээр тусалъя гэж байгаа зүтгэл харагдана. Үүгээрээ тэрбээр бас нэг шинэ төлөвшлийг улстөрчдөд тод томруунаар ойлгуулчихлаа. Энэ ямар төлөвшил вэ гэхээр УИХ-ын дарга, намын дарга хүн жудагтай, ёс зүйтэй, хариуцлагатай байх, эрх ашгаа эрэмбэлж сурах гэсэн шинэ зарчмыг бий болгочихлоо. Мөн парламентийн спикер хүн индэр дээрээс гишүүдийнхээ микрофоныг хааж, үгийг нь тасалдаг, бусдынхаа эрхийг ноцтой зөрчдөг бус хэлбэл хийдэг, хийснээ ахиулдаг байхын үлгэрлэлийг гишүүддээ нотлон харуулчихлаа. Эвийг эрхэмлэж, элдэв хов живд сатааралгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын зөв гинжин хэлхээ энэ чигээрээ үргэлжилбэл Монгол Улсын эдийн засаг мөн ч амархан өндийх сайхан мэдрэмж төрөөд явчих юм.

 

Гаднын итгэл наашлах сайн өрөг

 

        Өмнөх эрх баригчид зөвхөн дотооддоо хямруулаад явчихаагүйг бид мэднэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд асар их унасан. Энэ ч утгаараа Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсныг шинжээч, судлаачид хангалттай ярьсан, бичсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр дан АН-ынхан гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн юм биш л дээ. УИХ-д сууж байсан цөөн хэдэн “поп” нөхөд ч голлох үүрэг гүйцэтгэсэн. Дээрээс нь улстөрийн тогтворгүй байдал, өдрөөс өдөрт уруудах эдийн засгийн байдал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн нь гарцаагүй. Гэхдээ өнөөдөр эргээд гаднын итгэл сэргэж, Монгол Улсыг хараалж, онилж байгаа сайн мэдээг УИХ-ын дарга дуулгасан. Тэрбээр “Миний бие Япон Улсад албан ёсны айлчлал хийж, Бангладеш Улсын нийслэл Дака хотноо болсон Олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганд оролцож, Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалан, дэлхийн олон улс орны төлөөлөгчидтэй уулзлаа. Тэд хүндрэлийг даван туулах чиглэлээр Монголын төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархан, тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Эдгээр эерэг өөрчлөлт нь амжилт хэдий ч нэгэнт бий болсон улсын өрийн дарамт, санхүүгийн системийн асуудлыг шийдвэрлэж, цаашдын тогтвортой өсөлтийн зам руу буцахад хангалтгүй юм” гэсэн нь гадаадынхны итгэл сэргэсэн ч дан ганц тэдэнд найдаад суух биш эдийн засгийн энэ хүндрэлийг давахад дотоодын нөөц бололцоог бүрэн дайчлах хэрэгтэй гэсэн санааг агуулсан нь дамжиггүй.

 

Олон улсын санхүүгийн судалгааны Мүүдиз /Moody’s/ агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “Caa1” төлөвийг хэвээр үлдээж 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр тогтоосон Монгол Улсын зээлжих зэрэглэлийн “бууруулж болзошгүй хяналт”-ын гурван сарын хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон билээ. Үүнийг МАН-ын Засгийн газар сайн ажиллаж байна гэсэн үнэлгээг Мүүдиз өглөө гэж ойлгож болно. Цаашид Засгийн газар дунд, урт хугацааны өсөлтийг хангаж, гадаад зах зээл, олон улсын байгууллагуудаас тогтвортой санхүүжилт татан, эдийн засгийн болон төсвийн бодлогод туссан зорилтуудын хамт амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд зээлжих зэрэглэлийг сайжруулах боломжтой гэж Мүүдиз үзсэн ажээ. Ийн олон улсын санхүүгийн байгууллагуудыг Монгол Улсыг эерэгээр харж эхэллээ. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг наашлуулах чухал өрөг боллоо гэж эдийн засагчид дүгнэж буй. Дээр дурдсанчлан УИХ, Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хооронд бий болсон зөв гинжин хэлхээ удаан үргэлжилбэл монголчуудад ашигтай. Дээрээс нь УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрынхаа зөвийг дэмжиж, бурууг шүүмжилж, удааныг ташуурдаж түших багана нь болж явбал эдийн засаг дорхноо сэргэнэ.

 

С.БУЯН
 


2017.04.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Сахиусан ТЭНГЭР

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Улстөржсөн улаанбурхан уу, H1N1-ийн шинэ вирус нялхсыг үхэлд хүргэв үү

...

Дэлгэрэнгүй » 2016.04.17

Н.Энхболд, Р.Амаржаргал, Л.Болд нар Оросын сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.17

Д.Гүрбазар: Олон төрлийн тэжээлийг бага бага хэмжээгээр хольж өгөх хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Женко Баттулгын ЦАРЦААНУУДЫН баримт цуврал #1

...

Дэлгэрэнгүй » 2016.07.02

Олонхийн шийдвэр бол олонхийн л шийдвэр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд

...

Дэлгэрэнгүй » 2016.11.09

Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2017.12.01