Б.Батхишиг: Хэн нэгнээр крандуулах, лифтэнд суухыг хүсээгүй


“Люмино” хамтлагийн гишүүн Бажи буюу Батжавын Батхишигтэй ярилцлаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн ИТХ-д сонгуулийн 18 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа юм.  


-“Люмино” хамтлагийн гишүүн Бажи гэнэт улс төрд хүч үзэхээр болсон нь содон үзэгдэл байлаа. Яагаад улс төрд хүч үзэх болов?


-Улс төрд орох болсон шалтгаан гэвэл олон юм ярина. Гэхдээ миний хувьд ардчиллыг анхнаас дэмжиж ирсэн хүний нэг. Аав маань ардчилсан хувьсгалын үеэр тэмцэж явсан хүн л дээ. Дээрээс нь, аав минь архитекторч мэргэжилтэй болохоор хүүхдүүдээ багаас нь хотын соёлд сургаж, хүмүүжүүлсэн байдаг юм. Хоёрдугаарт, “Люмино” хамтлагийн зарим дуунууд нийгмийн сөрөг талуудыг ил гарган, хүчтэй шүүмжилсэн өнгө аястай байдаг. Энэ нь ардчиллын үзэл бодлоо  чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхээ эдэлж буйн илрэл юм. Энэ үзэл бодолдоо үнэнч хэвээр л байна. Хүмүүс намайг анхнаасаа зөвхөн дуулдаг гэж хүлээж авсан байх л даа. Гэхдээ миний хувьд нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог залуусын нэг. Ер нь залуу хүн ямар байх ёстой гэхээр тухайн нийгмийнхээ дуу хоолой болж явдаг байх хэрэгтэй. Ялангуяа бидний ярьдгаар олны танил хүмүүс. Бусдадаа үлгэр дууриалал үзүүлдэг, залуус нь эргээд тэднээс сайн зүйлийг нь авдаг, хамгийн гол нь нийгмийнхээ дуу хоолой нь байх ёстой.


-Ямар дуу хоолой болно гэж?


-Болж байгаа зүйлийг нь дэмждэг, болохгүй юмыг нь шүүмжилдэг идэвхтэй гүүр нь байж болно. Магадгүй энгийн нэг хүн орилоод явах, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болсон хүн тэмцээд явах хоорондоо ялгаатай. Би өөрөө Улаанбаатарын унаган хүүхэд. Зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг, картын барааны үе гээд бүгдийг нь туулж өнгөрсөн. Би нэг юмыг одоо ч мартдаггүй юм. 1993 он билүү 1994 онд сүрьеэ тусаад эмнэлэгт хэвтсэн юм. 13 настай байсан санагдаж байна.Тэгэхэд надад наркоз хийж байсан эмч “Эгчийн дүү эгчийгээ уучлаарай. Манай эмнэлэгт зүү алга” гэж хэлж билээ. Тэгээд тарианы биш дусал залгадаг үхэр зүүгээр наркоз хийж байсан. Эмнэлэгт тарианы зүү байхгүй болохоор өөр юмаар орлуулж байгаа нь тэр л дээ. Картын барааны үед Монгол Улс тийм л байсан. Ийм хэцүү хүнд цаг үеийг бид туулж ирсэн. Мэдээж тэр үетэй харьцуулахад өнөөдөр маш том баялгийг бүтээсэн. Гэхдээ төр барьж байгаа хэсэг хүмүүсийн буруу үйл ажиллагаанаас болж илүү гоё байх байсан боломжоо маш ихээр алдаж байна. 


-Жишээ нь?


-Хүн ганц л амьдардаг. Бид нар ч залуу хүмүүс. Тиймээс одоогийнхоос илүү сайхан амьдрах байсан боломжоо алдаад байгаад л асуудал байна. Уг нь тэр боломж нь байсан уу гэвэл байсан. Одоо ч байгаа. Харин түүнийг нь болохгүй байна гэж хэлэх, нийгмийнхээ дуу хоолой болох залуус хэрэгтэй байна. Үүний тулд л би нийгмийнхээ дуу хоолой нь болохыг эрмэлзсэн юм. Түүнээс биш шууд улс төрд ороод амбийцлаад байгаа юм байхгүй. Миний хувьд 21-22 настай жоохон хүүхэд биш. 36 нас хүрлээ. Энэ хугацаанд тодорхой хэмжээний хийсэн юм байгаа шүү дээ. Монголчууд ярьдаг. Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж. Үүнтэй адилхан эцэг хүний хувьд Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах дөрвөн хүүхдийг зөв хүмүүжилтэй болгох нь миний үүрэг. “Люмино” хамтлаг байгуулагдаад 18 жил болж байна. Харин өнөөдөр нийгмийн төлөө дуугарах, дуу хоолой нь болох ёстой гэж өөрийгөө бодсон. Нэг жишээ хэлэхэд миний бие энэ хавар  хамтлаг дуучидтай хамтран "Голомт" банкны дэмжлэгтэйгээр улаанбурхан өвчний эсрэг аян санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс гадна манай хамтлаг хүүхдийн төлөө “За” хөтөлбөрт байнга идэвхитэй оролцоод явдаг. Энэ мэтчилэнгээр яривал их юм бий. 


-Таны бага нас Улаанбаатарын яг аль хэсэгтэй холбогддог юм бэ?


-13 дугаар хорооллын дөрөвдүгээр байранд өссөн хүүхэд. Нэг ёсондоо 13 дугаар хороолол бол миний “дош”. Манай хамтлагийн хоёр ч 13 дугаар хорооллынхон. Одоо ч зарим нь амьдарч байна. Тэгэхээр “Люмино” хамтлагийн түүх, бидний хүүхэд нас 13 дугаар хорооллоос үүдэлтэй. Би санадаг юм. Хамгийн анх 1987-1988 онд оросууд 13 дугаар хорооллын эхний хэсгийг барьж ашиглалтад оруулсан байдаг. Үргэлжлүүлээд монголчууд барьж дуусгасан байх. Өөрөөр хэлбэл, хов хоосон байсан газар 13 дугаар хороолол миний нүдэн дээр босч байлаа шүү дээ. Тэгэхэд дэд бүтэц, хот төлөвлөлт нь маш эмх цэгцтэй байсан. Гэтэл өнөөдөр ямарч зай завсаргүй 13 дугаар хороолол дундах хот төлөвлөлт нь алдагдчихсан.

-Орцноосоо гараад л автозамын хөдөлгөөнд “оролцдог” оршин суугчид цөөнгүй бий?


-Тийм. Гараад л түгжирдэг ч газар байгаа. Замбараагүй газар олголтоос үүдэж хот төлөвлөлт нь алдагдсан ийм л байдалд бид амьдарч байна. Хүмүүстэй уулзаад явахад маш олон асуудлыг хөндөж байна. Оршин суугчид нь “Энэ замыг засаад өгөөч”, залуучууд нь сагсны шийд, хүүхдийн тоглоомын талбайг янзалж өгөөч гэдэг ч юм уу. Гэхдээ энэ бол тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийн жижигхэн хэсэг нь байхгүй юу. Өчигдөрхөн гэхэд барилга барьж байгаа хүмүүсийн хооронд зодоон болоход дүүргийн цагдаа нар ирээд бяцхан мөргөлдөөн болж байх жишээтэй. Жижигхэн орон сууцанд хүртэл маш том асуудал байдаг. Хүүхдээ гадаа салхилуулахыг хүсч байна. Амар тайван аюулгүй орчинд амьдрахыг хүсч байна гээд олон асуудал бий. Энэ бүх асуудлыг ойроос хардаг, иргэдтэй тулж ажилладаг хүмүүс нь УИХ-ын гишүүнээс илүү дүүргийн ИХ-ын төлөөлөгч байдаг. Миний хувийн бодол доо. Гэхдээ улстөрчид сонгогдож гарч ирчихээд ард түмнээ мартчихдаг. Энэ бол зүгээр энгийн асуудал. Миний хувьд залуучуудтайгаа хамтраад ажиллая гэсэн бодолтойгоор л энэ шийдвэрийг гаргасан. Үүнээсээ би буцахгүй.

-Сүүлийн үед олны танил хүмүүс, ялангуяа урлаг соёлын салбараас их нэр дэвшиж байна л даа. Тэдний нэг нь та болж байна. Ер нь урлаг соёл, спортоос улс төр рүү орох шалтгаан нь юу байдаг юм бол?

-Хип хоп гэдэг бол бусад урлагаасаа ялгаатай нь нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх асуудлыг бодит үнэнээр нь хэлдэг. “Люмино” хамтлагийн дууг бүхэл бүтэн улсын хэмжээнд цацахыг хориглож л байсан. Энэ маань залуу хүмүүс ямар хүчтэй, нийгмийн дуу хоолой болдог, хүмүүсийн хүсч байгаа юмыг гаргаж чаддаг юм байна гэдгийг харуулж байгаа том үнэлэлт. 

-Улстөрч болсноороо та уран бүтээлээ бүр орхиж байгаа юу?

-Үгүй. Улс төрд орсноор уран бүтээлээсээ хөндийрч байгаа юм биш. “Люмино” хамтлагийн шинэ цомог удахгүй гарах гэж байна. Шинэ дуунууд энэ долоо хоногоос цацагдах гэж байна. Миний хувьд ямар нэгэн албан тушаал горилж улс төрд орсон зүйл огт байхгүй. Харин уран бүтээлийнхээ хажуугаар иргэдийн дуу хоолой болж явъя гэж бодсон юм. Улс төрд орсноороо миний уран бүтээлтэй огт харшилдахгүй гэж бодож байна. Угаасаа ард түмний төлөөлөл, дуу хоолой болоход дуучин, уурхайчин, багш, эмч, цэрэг байх нь ямарч хамаагүй асуудал. 

-Таныг улс төрд орж байгааг хамтлагийнхан чинь яаж хүлээж авсан бэ?


-Манай хоёр дэмжиж байгаа шдээ. Хамтлаг гэдэг бол өөрөө маш чухал үг. Жишээ нь, Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас 41 хүн нэр дэвшиж байгаа. Тэдэнтэй гараад уулзахад гоё сэтгэгдэл төрүүлсэн нь дандаа залуучууд байна. Бүгдээрээ хэн нэгний шахаанд ороогүй, хийж бүтээе гэсэн сэтгэлгээтэй, болохгүй байгаа асуудалтай тэмцэхэд бэлэн хүмүүс. Энэ зарчим бидэнд хэрэгтэй. 


-Ерөнхийлөгчийн хүү бас дэвшиж байгаа?


-Тийм. Ерөнхийлөгчийн хүү Эрдэнэ дэвшиж байгаа. Бид санаа бодлоо солилцож, хамтдаа багаараа энэ удаагийн сонгуульд оролцож байна.


-Нэг үеийнхэн билүү?


-Надаас дүү л дээ. Гэхдээ ИТХ-д нэр дэвшиж байгаа Саруул, Эрдэнэ гээд  чадалтай залуус байна. Ер нь хайрцаглагдаагүй, шинэ давалгаа болсон ийм залуучууд өнөөгийн нийгэмд ус агаар шиг л хэрэгтэй.Тиймээс ч эдгээр залуустай хамтдаа нэр дэвшин, нэг баг болж ажиллаж байгаадаа баяртай байна. Хамтлагаар л жишээ авахад хамтлаг гэдэг бол ерөөсөө л багийн ажиллагаа. Хамтлаг хамтаараа “лаг” гэдэг шүү дээ. “Люмино” хамтлаг байгуулагдаад 18 жилийн турш хамт зовлон, жаргалаа хуваалцаад ажилласан болохоор миний хувьд багаар ажиллах, бусдыг сонсох, үзэл бодолдоо тууштай байх тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан. Цаашдаа ч бид олон жил хамт явна. Тийм болохоор залуучуудтайгаа энэ удаагийн дүүргийн сонгуульд  санаа бодлоо нэгтгээд бодлогоо боловсруулаад хамтдаа оролцож байна. Бидэнд хийх юм их байна.


-Ингэхэд та хэзээ намд элссэн юм?


-Удаагүй ээ (инээв). Өмнө нь бол Ардчилсан намын сонгуулийн ажилд оролцоод явдаг байсан. Харин энэ удаад өөрийгөө сорьж үзье гээд нэр дэвшиж байгаа юм. Хүмүүстэй уулзаад явахад маш их урмын үг хэлж байна. Хүнд урам хэрэгтэй шүү дээ. Хүн болгон хүнд таалагдах албагүй. Тийм байлаа гээд залуу хүн шантарч болохгүй. Бурхан хүртэл хүн бүрт таалагддаггүй шүү дээ. 

-Таныг “Люмино” хамтлагийн гишүүн Бажи гэдгээр чинь хүмүүс илүү танина. Харин Бажигийн аав, ээж нь юу хийдэг, ямар мэргэжилтэй гэдгийг төдийлөн мэддэггүй шүү дээ?

-Ерөөсөө ажиллаагүй л дээ (инээв). Урлаг гэдэг юм руу гүн орчихсон байсан үе болохоор тэгсэн байх. Тэглээ гээд сурч боловсрох асуудлыг хойш тавиагүй. Францад гурван жил сурсан. Ингэхдээ зуны цагт Монголд ирээд хамтлагийнхантайгаа уран бүтээлээ туурвиад өвөлдөө буцаад явчихдаг байсан юм. 


-Амралтаараа ирдэг байсан хэрэг үү?

-Тийм. Амралтаараа ирж эндэх асуудлаа жин тан болгочихоод л өвөлдөө буцдаг байдаг. Анх бид тэгж л ажилладаг байлаа шүү дээ. Ажлын туршлагын хувьд 2006 онд “LU entertainment” студийг байгуулж байлаа. Хэсэг залуустай хамтарч маш олон реклам хийсэн. 2011 онд “Монгол масс медиа” агентлагт Маркетингийн газрын захирлаар ажилласан. Тэгэхэд маш олон зүйлийг хйисэн. Тухайн үед агентлагийн зүгээс бидэнд маш олон боломж гаргаж өгч байсан. Тиймдээ ч найзуудтайгаа нийлээд Монголд анх удаа “NBA”-гийн тогтолтыг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах эрхийг авч байлаа. Энэ бол залуучуудын хувьд том зорилго байсан. 2013 оноос эхлэн “Sentino Lighting” компанийн гүйцэтгэх захирлаар нь ажилласан. 


-Улаанбаатар хотын унаган хүүхдийн хувьд өнөөдөр манай оронд болон нийслэлд яг юу хийх ёстой гэж боддог бэ. Ялангуяа залуус руу чиглэсэн ямар ажлыг хийх хэрэгтэй гэж хардаг бол?



 Ер нь гуравхан сая хүн амтай мөртлөө бид нар яаж амьдраад байна аа. Монголыг би тийм ч том эдийн засагтай орон гэж хэлэхгүй. Хятадын жижигхэн хот юм уу, гадаадын нэг компанийн төсөвтэй тэнцэх л эдийн засагтай. Тэгсэн атлаа мөнгөгүй болчихлоо, эдийн засаг унаад байна гэж ярьдаг. Бидэнд боломж байгаа юу гэвэл байгаа. Монгол бол уудам сайхан газар нутагтай, 60 орчим сая малтай. Өвөг дээдэс маань ч бидэнд хангалттай сайхан байгаль, газар доорх баялгийг үлдээсэн. Энэ бүгдийгээ л ухаантай ашиглах юм бол ямарч асуудалгүйгээр хангалттай амьдрах боломжтой. Гэтэл өнөөх л хэсэг бүлэг цөөн тооны хүмүүс бусдын биш өөрсдийнхөө төлөө л амьдраад байна. Үүнийг халах хэрэгтэй. Хүн гэдэг бол боловсорсон соёлтой байх ёстой. Яг л биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг шиг. Гэтэл тэгээгүй хүмүүс манайд олон байна. Залуусыг хараад байхад болохгүй зүйл зөндөө бий. Гэхдээ үүнийг үлгэр дууриалал болгодог хүмүүсээс эхлээд нийгэм өөрөө сайхан болж байж засарна. Энгийн жишээ ярихад автомашины хамгаалалтын бүс байна. Монголчууд гадаадад очихоороо автоматаар суудлын бүсээ бүслэдэг. Яагаад гэхээр тэнд бүх хүн нь суудлын бүсээ бүслэдэг болохоороо өөрийн эрхгүй дагадаг. Гэтэл монголдоо ирээд хийдэггүй. Тал нь хийгээд тал нь хийдэггүй болохоор тэр шүү дээ. Хүрээлэн буй орчин болон нийгэм нь тухайн хүнийг “Чи хий ёстой” гэсэн соёлын хэм хэмжээнд сургачихаж байгаа байхгүй юу. Тэгэхээр хотын соёл зөв орчныг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй.

2016.10.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Төрийн банк Оюутны хөгжлийн зээл олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.05

Гулгаа массаж, саун зэрэг зарыг гудамж талбайд ил наавал баривчлах арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Тэмцэгч С.Эрдэнэ Солонгост шүүхэд дуудагдах дээрээ тулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

Зуны хуваарьт шилжсэнээр гарах давуу ба дутагдалтай талууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.07.31

Хамгийн өндөр шагналын сантай сошиал уралдаан зарлагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.06

Машерано: Финалд хожигдоно гэдэг там

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06