Элчин сайдын толгой

Хүний нутагт удаан суух хэцүү. Наадмаар хүний нутагт байх бүр ч хэцүү. “Нарлаг сайхан нутагт минь наадмаа ид хийж, найз нөхөд маань одоо тэнд тэгж байгаа. Гэтэл би гэх амьтан энд ингээд сууж байх…” гэж бодохоос гуниг төрнө, элдвийн юм мөрөөднө.

 

Нутагтаа нисээд очих сон, нэгнийдээ бүгд цуглах сан, наадмын ширээ тойроод ярьж удаан суух сан, баяраар төхөөрсөн хонины толгойг зөөлөн гал дээр болгох сон, урдаа тавьж байгаад сайхан жиргэлж мөлжих сөн, хуйх махыг нь алаглуулж нимгэн нимгэн зүсэх сэн, амандаа түүнээ хийж амтыг нь мэдэрч хүлхэх сэн, нар зөв тойруулж хэдэн найзаа дайлах сан, ерөөлийн үг хэлж хэд гурав даруулах сан… гэхчилэн хий дүрсэлж, хоосон мөрөөднө.

 

2002 оны наадмаар би Москвад байлаа. Эртнээс тогтсон уламжлал ёсоор Москвад суудаг монголчууд долдугаар сарын 11-нд Элчин сайдын яамны зуслан дээр наадмаа хийх товтой байв. Өөрийн гэх зуслантай Элчин сайдын яам Москвад манайхаас өөр бараг үгүй. 1950-иад онд хоёр улсын Засгийн газар тус тусын Элчин сайдын яаманд зуслангийн зориулалттай газар харилцан олгохоор шийдсэн байдаг. Манай тал ЗХУ-ын Элчин сайдын яаманд Баянголын амны нэг хэсгийг (одоогийн “Найрамдал” зуслангийн зүүн хойд талд) эзэмших эрх олгожээ. Манай Элчин сайдын яамны зуслан Москвагийн ойролцоо Расторгуево тосгоны хажуу бөөрөнд задгай талд байршина. Тэнд байх тав зургаан финланд хийцийн жижиг модон байшин нь олон жил засвар үйлчилгээ үзээгүйн улмаас нэлээд муудсан ч баяр наадмаар ороод гарах хэмжээнд ашиглаж болохоор байв.

 

Миний бие Элчин сайдын хувьд морин цагт наадмаа нээх хүндэт үүрэг, ёслолтой тул өглөө 10 цагийн алдад Расторгуево орох хурдны замаар, албаны хар машины баруун “хацар” дээр нь алтан соёмбот төрийн далбаагаа дэрвүүлэн довтолгож байлаа. Тэнгэр бүрхэг, бороо орох гээд байгаа ч юм шиг хуйсганаад нэг л ёозгүй. Тэгтэл халаасанд гар утас чичигнэн дуугарч, Улаанбаатараас анд найз маань ярьж байна. Наадмын мэнд хүргээд юу хийж байгааг минь надаас асуув.

 

-Наадмын өдөр, бороотой Москвад би юу л гийгүүлэв гэж. Харин нутагтаа байгаа чи яг хаана, юу хийж явна. Цэнгэлдэх орсон уу?

-Би хүүтэйгээ Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хүчит бөхийн нэгийн даваагаа үзчихээд яг одоо Яармагийн дэнж рүү явж байна. Таньдаг уяачийнхаа асраар ороод гардаг юм бил үү гээд л… Харин чи яасан доожоо муутай дуугарч байх юм. Та нар наагуураа наадмаа хийдэг юм байгаа биз дээ гэж асууж байна.

 

-Эрхбиш хийнэ, яаж зүгээр байх вэ. Эндээ наадмаа хийх гээд явж байгаа санаатай. Хэдэн залуусаа барилдуулна, шатар, муушгины аварга шалгаруулна. Оросуудаас ганц хонь авсан, олуулаа цуглаад хүртэж орхино. Гэхдээ эндхийн нохой сүүлт ч дээ. Химийн бодисоор борддог юм уу, хаашаа юм, гарсан шөлнөөс нь саван амтагдаад онцгүй. Толгойг нь зад хуйхлаад чаналаа гэхэд бас л биш…

 

-Хөөе, толгой гэснээс би өчигдөр ганц хонь төхөөрсөн. Толгойг нь мөлчийтөл хуйхалчихсан байгаа. Сайхан чанаад чамд явуулъя. Хонины толгойд нугасгүйг чинь мэднэ. Маргааш шууд онгоцтой байх шүү, замын хүн олоод дайя. Чи харин жолоочоо явуулж онгоцны буудлаас тосоод авчихаарай гэж байна.

-Буян чинь бум дэлгэрэг! Чиний ачаар нутгийнхаа идээг наадмаар амсах хувьтай юм байна, ашгүй гэснээр бид хоёрын яриа өндөрлөв.

 

Найзын мэндчилгээ урмыг минь сэргээж, наадмын өдрийн Москвагийн тэнгэр ч цэлмэх шиг. Очсон газар бороогүй. Эрийн гурван наадам маань ч сайхан болов. Арван зургаан бөх зодоглож “Говь” компанийн төлөөлөгч Батдорж түрүүлж, Элчин сайдын яамны жолооч Лхагвасүрэн үзүүрлэлээ. Тээр жил хоёр Мөнх аварга хоёулаа Мексикийн олимп бил үү дээ, явсан хойгуур Бээжин аварга наадмаар түрүүлж од шүүрсэн гэдэг. Түүн шиг Москвад сурдаг манай улс, аймгийн цолтой бөхчүүд зуны амралтаараа нутаг явсан хойгуур мань хоёрын аз нь шовойв. Шатар, муушгины аварга хэн болсныг одоо санахгүй ч жинхэнэ том гарууд нь ана мана үзлээ хэмээн мэддэг хүмүүс нь шивнэлдэж байлаа. Энэ зуур хүүхэд багачуулынхаа наадмыг ч хийн, элдэв хөгжөөнт тэмцээн явуулж, амттантай шагналыг бүгдэд нь тойруулан гардуулав.

 

Наадмын ширээ ч тансаг байлаа. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Гордеевын цохолтоор олдсон хонио өмнөх орой нь яамныхаа гараашид төхөөрчихсөн байв. Амт чанар юу юм гэхээс амьдын жингээрээ бол бидэндээ хангалттай том ирэг таарсан байлаа. “Оросын хонь шорлогондоо оромтгой” гэж Москвагийн монголчууд ярьдаг нь хэдэн зууны ажиглалт, туршилтын үр дүн байж мэднэ. Олон удаагийн ийм цугларалтаар шалгарсан шорлогны хэдэн мастерууд маань махаа хувааж аваад мэддэг жороороо амтлан даршилжээ. “Манайх сармистай цуунд дарсан, эднийх улаан дарсаар шавшиж хонуулсан, тэднийх шар айрганд дэвтээсэн, харин үүнийг бол киви жимсээр зөөллөсөн” гэх агуулгатай урьдчилсан пиар хүчтэй өрнөн ходоодны хорхой хөдөлгөж байна.

 

Удалгүй шарсан махны хурц үнэр хамар цоргив. Украин нутгийн саало, улаан лооль, ногоон чинжүү, цагаан сонгино зэргээр чимж хачирлан, эгнүүлж шорлосон махаа улаа манарсан нурамтай мангаал дээрээ шарж болгон торгон цэргийн туялзуур жад шиг урт шортой нь хамт тарааж эхлэв. Үүнтэй зэрэгцэн гэргий нар нь гарынхаа хийцийн нийслэл салат, улаан манжингийн бурдангаар дайлж, орос аргаар дарсан байцаа, өргөст хэмх, давсалсан мөөг тэргүүтнээ нэг нэгээсээ өрсөн санал болгоно.

 

Өрсөлдөж түрүүлэх гэсэн хүний суурь сонирхол агуу хүчтэй. Бодоод байх нь, наадмын нийтийн ширээг, зах зээлийн эдийн засагтай адил өөд нь сэвхийтэл татдаг гол хүчин зүйл бол чөлөөт өрсөлдөөн мөн ажгуу. Шорлогоо дуусаагүй байтал тэнд нэг айл наадмын хуушууртай бидоноо задлав гэх сургаар бүгд тэнд нь хуйлран хүрч, тавын бидоныг нь тэр дор нь суллаж орхив. Тэр айл хуушуурынхаа махыг сибирь нутгийн халиараар амталснаар олны өрсөлдөөнд өчиггүй түрүүлэх нарийн арга олжээ.

 

“Сархадын сайныг наадмаараа” гэсэн утгатай бас нэгэн уламжлал бий. Наадмаа хүндэлж муу архи задлахгүй гэсэн үг. Монголын төрийн том зүтгэлтэн Ж.Самбуу гуай Москвад дайны үед Элчин сайд байхдаа Их Британи улсын Элчин сайдаас “Чиваас” хэмээх виски бэлгэнд авч, түүнийгээ наадмаар задалж монголчуудаа дайлсан гэх домог ам дамжин яригддаг. Нэг жарны тэртээ тогтоосон тэр ёсын дагуу би ч нэг азарган “Чиваас” гаргаж сөгнөв. Манайхан ч дор дороо бэлтгэлээ базаажээ. Энд тэндхийн сор нь болсон эрээн мяраан шошготой юм задалж бие биенээ дайлж харагдана.  Даанч харамсалтай нь, би тэр үед элгээ эмчилж байна гээд интерферрон гэх хүчтэй тариа тариулж байсан тул наадмын хөтөлбөрийн тэр хэсэгт нь оролцож чадсангүй. Дотор нь багтаж наргихгүйгээс л хойш “До яам” царайлж, цоо эрүүл амьтан найрын ширээнд зай бөглөөд яах вэ гээд би Москва буцахаар босов.

 

Архи уугаад агсам тавьж, айл амьтан үймүүлнэ гэх юм манайд бараг гардаггүй байв. Хүний нутагт, улсынхаа албанд зүтгэж буйгаа ухамсарлахаас гадна авгай, хүүхдээ дагуулаад наадаж буй улс гайгүй л дээ, уул нь. Гэсэн хэдий ч мордохын өмнө би ёс болгон хэдэн үг хэлхэв. “За, та нар минь эндээ аятайхан амраад буцна биз. Нутагт баяр үргэлжлэх ч, бидний наадам өнөөдөр дуусна. Маргааш ажил ихтэйг бүгд мэднэ. Тиймээс  наадмын талбай маань цэвэр цэмцгэр үлдсэн, наадамчин олон маань элэг бүтэн харьсан тухай наадмын комисс надад 22 цагт илтгэнэ. 21 цагт арай биш, 23 цагт бүр биш. Яг 22 цагт” гэж хэлчихээд яваад өглөө. Наадмын комиссын дарга, Элчин зөвлөх Л.Баттулга (1960-аад оны эхээр Москвад Элчин сайд байсан, АИХ-ын орлогч дарга асан С.Лувсан гуайн отгон хүү) товлосон цагт илтгэлээ өгснөөр миний хувьд тэр жилийн баяр наадмын ажиллагаа өндөрлөв.

 

Элчин сайдын ажил олон онцлогтой. Энэ ажилд томилогдоход нэг ахмад дипломатчийн надад хандаж хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Тэрээр “Томилогдсон алба болон албан газрынхаа оноосон нэрийг ухаж сайн бодоорой, дүү минь. Элчин сайдаа харь улсад томилон суулгадаг учраас албыг нь залгуулах яам байгуулж өгдөг. Яам байгаад тэнд нь суулгах Элчин сайд томилдог юм биш. Гадаадын олон хэлэнд ч Элчин сайд, Элчин сайдын яам хоёр ийм л холбоо хамаарал, учир жанцантай байдаг. Тийм учраас бүх хариуцлага, бүхий л эрх мэдэл Элчин сайд дээр тохоостой. Элчин сайдын яамныхаа хашаанаас гараад чи тусгаар улсаа төлөөлөх бүрэн эрхтэй.

 

Харин хашаан дотроо бол яамныхаа ажилтнуудын ажил, амьдралыг зохицуулах бүрэн үүрэгтэй. Аль аль нь амаргүй ажил. Удаах нь урдахаасаа илүү адармаатай болох үе таарах вий. Манайхныг хэт их завтай байлгахаар хоорондоо хэмлэлцэх гээд байдаг. Ажлаа зөв хуваарилж, аавын олон хүүхдийг алаг үзэхгүй байвал үндсэндээ болно. Чамайг томилсон зарлиг нь хөрш улстайгаа харилцаа хөгжүүл гэснээс хөрш хэдэн айлынхаа хэрүүл зохицуул гэж гараагүй нь үнэн. Гэхдээ аль алийг нь тэгш анхаарч яваарай” гэж билээ. Тэр захиасыг нь би эхнээсээ л яс дагахыг хичээв. Тэрнээс болсон уу, хамт зүтгэх гайгүй улс надад таарсан уу, яамны хашаан дотор тулга тойрсон элдэв асуудал бараг гардаггүй байв.

 

Наадмын маргааш нь үнэхээр ажил ихтэй өдөр болов. ОХУ-ын төр засгийн байгууллагын төлөөллүүд зуны амралтаараа тараад явчихаас нь өмнө амжиж хэд хэдэн асуудал хэлэлцэж тохирох шаардлагатай байлаа. Үдээс өмнө, үдийн цайгаар, үдээс хойш хэд хэдэн уулзалт угсруулж хийгээд ажил тарах алдад яамандаа ядарч уухилсан амьтан буцаад иртэл туслах залуу маань “Тантай Шереметьево нисэх буудлын гаалиас ярья гэж хэд хэд залгасан” гэлээ. “Зөвлөхүүдээс хэн нэгнийг нь яриулчихгүй дээ” гэтэл “Өөр хүнтэй ярихгүй. Заавал тантай ярина гээд байсан. Нисэхийн гаалийн газрын дарга нь өөрөө ярьсан. Уржигдар наадмын хүлээн авалтаар манай элчин дээр ирж байсан хүн байна билээ. Таныг ирэнгүүт холбоорой гэсэн, холбох уу” гэж асууж байна. “Тэг тэг” гээд өрөөндөө оров.

 

“Дипломат ёс жаягаараа бол ийм зиндааны орос түшмэл шууд л Элчин сайдтай ярина гэж зүтгэх учиргүй. Шууд харилцдаг аль нэг зөвлөхтэй л ярина гэмээр юм. Ноцтой л юм болж дээ, янз нь. Манай хэдээс болох, болохгүй юм зөөж байгаад эдний гаальд нь журамлагдсан юм биш байгаа” гэсэншүү юм бодож суутал туслах маань нөгөө орос хүнтэй холбоод өглөө. Яриа их л найрсгаар эхлэв. Орос дарга надад наадмын баярын мэнд дахин хүргэж, хүлээн авалт маань найрсаг, сайхан болсон тухай баахан магтан сайшаав. Тэгснээ “Уучлаарай, ноён Элчин сайд аа, эвгүй нэг юм болжээ. Гэхдээ манай ажилтнууд журам, дүрмийнхээ л дагуу ажилласан шүү. Та үүнийг зөв ойлгоно гэж найдаж байна” гэлээ. Би дотроо “За тэр, манайхны нэг нь баригдаж дээ” гэж бодсоноо “Юу болоов” гэж түүнээс лавлав.

 

“Танай нэг иргэнийг манайхан саатуулжээ. Улаанбаатараас Москвагаар дайраад Будапешт нисэх ёстой байсан гэсэн. Гэтэл Будапештын онгоцонд суухаас нь өмнө гар тээшийг нь шалгах төхөөрөмжөөр оруултал индүүний зурагтай, ханз бичигтэй цаасан хайрцаг дотор ямар нэгэн амьтны толгой байсан нь илэрчээ. Төхөөрөмжийн зургаар бол хохимой толгой юм уу гэж андуурмаар байж. Ээлжтэй байсан манай ажилтан бүсгүй ухаан алдаж унах шахжээ. Тэгээд ээлжийн ахлагчаа дуудаж тэр хүнээс яг юу авч явааг нь асуутал тэр нь оросоор бараг ярьдаггүй, “Не знаю” гэсэн л залуу байжээ…” гэж ярив.

 

Бүх юм ойлгомжтой. Ажилдаа дарагдаад анд найзынхаа илгээнэ гэж байсан хонины чанасан толгойг тосож авах хүн явуулахаа би таг мартжээ. Тэрнээс болоод манай нэг нөхөр Оросын гааль дээр асуудалд ороогдсон нь тодорхой. Гэмшиж гаслах уу, эсвэл инээж хөхрөх үү гэдгээ мэдэхгүй харилцуураа чагнах зуур нөгөө орос дарга илтгэсээр л байна… “Манай дүрмээр бол онц сэжигтэй тээш илэрсэн, тээшийн эзэн нь тодорхой мэдүүлэг өгөхгүй байгаа нөхцөлд төвөөс шинжээч дууддаг. Өөрсдөө бол тэр тээшийг задлах эрх байхгүй. Шинжээч ирэх гэсээр байтал нөгөө залуугийн онгоц хуваарь ёсоороо нисээд явчихжээ. Манайхан харин тэр онгоцноос залуугийн ачааг нь аваад үлдсэн байгаа юм.

 

Тэгээд индүүний хайрцаг задалтал дотроос нь хэдэн давхар гялгар уутанд битүү ороосон, хамаг үсийг нь хуйхалчихсан, хиншүү үнэртсэн хар толгой гарч ирсэн. Манайхан “Что это” гэхэд нөгөө залуу “Не знаю” гэсэн хэвээр. Манай байцаагч нар “Яагаад “не знаю” байдаг билээ. Та үүнийг авч яваа биз дээ. Энэ тэгээд хэний гар тээш юм, хэний толгой юм бэ. Это чья голова?” гэж асуугаад байж. Тэгтэл нөгөө залуу “Не знаю. Это не мой голова” гэж байснаа “…это голова посла” гэж манайхныг бүр сандаргажээ. Тэд энэ тухай надад шууд илтгэсэн. Манай шинжээч хонины хуйхалж чанасан толгой юм байна гэдгийг энэ зуур тогтоосон. Бодоод байх нь ээ, танай наадам болж байгаа, тэгэхээр Элчин сайд танд зориулан авчирч байгаа өвөрмөц бэлэг болж таарах нь, үндэсний ийм ёс заншилтай байж магадгүй юм гэж таасан” хэмээн орос дарга ярьсаар байлаа.

 

Савж унамаар юм ярих юм…“Это голова посла” гэхээр Элчин сайдынхаа толгойг тасдаад аваад явж байна гэж энэ оросууд ойлгодог юм байх даа гэж  бодсоноо “Тэгээд тэр залуу одоо хаана байгаа вэ” гэж түүнээс асуув. “Та санаа зоволтгүй, ноён Элчин сайд аа. Бид түүнийг нисэхийн албан контортоо байлгаж байгаа. Хүлээлгийн камерт хориогүй. Шаардлагатай бол бид түүнийг танай Элчин сайдын яаманд хүргээд өгье. ОХУ-д нэвтрэх визгүй ч, бид хилийн шалганыхантай ярьж байгаад нэг удаагийн виз дараад оруулчихъя. Будапештын дараагийн нислэг нь маргааш өдөр юм билээ” гэж байна. Би хариуд нь “За танд баярлалаа. Тийм боломж байгаа бол тэр залууг манай Элчин сайдын яаман дээр хүргээд өгнө үү. Маргааш өдөр цааш нисэх асуудлыг нь бид хариуцъя” гэлээ.

 

Нөгөө орос “Та биднийг зөв ойлгоорой, жижиг юман дээр сүржигнэв гэж бүү бодоорой. Дүрэм, журам маань ийм юм. Тэгээд ч одоо хүний биеийг салгаад, мөчлөөд, шатаагаад хаяж байгаа тухай элдэв аймшгийн гэмт хэргийн сэдэвтэй кино их хийдэг болж. Хонины толгой энэ насандаа үзээгүй, тийм юм гар тээшиндээ авч явна гэж төсөөлж байгаагүй манай тэр бүсгүй хүний толгой байна гэж айж, андуурсныг би хувьдаа ойлгож байна.

 

Хар цагаан тэр зурагнаас нь үзвэл хоёр нүдний хонхорхой нь онгойгоод, шүд нь ярзайгаад тун эвгүй харагдах юм билээ. Уучлаарай. Бид албан үүргээ л гүйцэтгэсэн шүү” гэж учирласаар л байв. Би инээдээ барьж ядан хариуд нь “Ойлгож байна. Ажил удсанд уучлаарай. Та наад залуугаа манайх руу явуулчих. Тэр толгойг нь болбол өгөөд явуулчихаарай” гээд “Баяртай” ч гэж бараг хэлж амжилгүй утсаа таслаад элгээ хөштөл инээлээ. Тэр хар цагаан зургаар нь юу харагдсан бол гэж бодохоос л буйдан дээрээ савж унаад байв. Туслах залуу маань үүдээр шагайж гайхсан нүдээр намайг харж байна. Би үг хэлэх ч тэнхэлгүй буйдан дээрээ хэвтээстэй “гар гар” гэж гараа савж байж түүнийг гаргав. Туслах залуу маань намайг “Элчин сайд бие муутай дээрээ ухаан муу болж байгаа юм байна даа” гэж тэр мөчид бодсон байж магадгүй.

 

Инээдтэй, хөгтэй юм болох нь болжээ. Гэхдээ маньдаа бол инээд, танихгүй тэр залууд бол ханиад. Наадмаар хонины толгой амсчихъя гэсэн биш гэмгүй нэг иргэнээ хэлмэгдүүлжээ, би. Суух ёстой онгоцондоо сууж чадаагүйгээс гадна Оросын гаалийнханд олон цаг ээрүүлж, муугаа үзжээ, тэр нөхөр. Одоо нүглээ яаж наминчилдаг билээ. Юутай ч яамныхаа тогоочийг дуудан “Гэрийн хөргөгчинд монгол хонины жаахан мах байгаа. Сайхан шөл гаргаад жигнэсэн гурилтай лапшаа хийгээд орхи. Мөн хүлээн авалтад бэлдэн чимхэж, хөлдөөсөн хэдэн бууз үлдсэн гэсэн байх аа. Над дээр нэг хүн ирэх ёстой. Ирмэгц нь буузаа жигнээрэй” гэлээ.

 

Гэртээ орж албаны хувцсаа тайлж, тэрлэгээ нөмрөөд зочны өрөөндөө зурагт үзээд сууж байтал үүдний харуул утсаар “Оросууд нэг хүн хүргэж ирэв” гэж байна. “Дагуулаад ороод ир. Зочны өрөөндөө байгаа шүү” гэлээ. Удалгүй харуул нэг залуу дагуулаад ороод ирэв. Сэргэлэн нүдтэй бондгор бор залуу байна. “Энэ хүний онгоцны тийзийг аваад ёслолын ажилтанд өгчих. Маргааш өдөр Будапешт нисэхээр ярьж зохицуулаад, тийзний үнийн зөрүүг нь надаас суутга гэж хэлээрэй” гээд харуулыг явуулав. Нөгөө залууг урьж буйдан дээр суулгаад, цайгаар дайлж яриа өдөв. Жийрхээд байгаа бололтой, хэг ёг гээд онцын юм ярьсангүй. Бага сага бизнес эрхэлдэг, Булганаас ирж хотод суурьшсан, хоёр хөгшин, авгай, хүүхэдтэйгээ амьдардаг гэдгийг нь хэлүүлэх гэж нэлээд удлаа.

 

Тэгтэл хоол ч болж том ширээнд суув. Залуу аргагүй өлсчээ. Айргийн том хул дүүрэн лапшаг тэр дор нь сорчихоор нь “нахих уу” гэж асуухад толгой дохиж байна. Араас нь бууз ч оруулаад ирлээ. Ёсыг бодож хундага дүүргээд барив. “Нутгаас нэг найз маань надад хонины толгой явуулна, тосоорой гэж байсныг нь би мартаж орхиж. Чамайг хэлмэгдүүлчих шиг боллоо. Оросуудтай учраа олох гэж нэлээд ядраа биз. Наадмын өдөр байна, нэг сайхан тогтоочих. Ах нь эмчилгээтэй тул ёсолж орхиё. Маргааш чамайг хуваарь ёсоор нисгэнэ. Манайхан гаргаад өгнө. Ажил удсанд уучлаарай” гээд хундагаа өргөв. Буцдаггүй нөхөр байна. Том хундагаар угсруулаад гурав татуулчихлаа. Бие нь тавирч буй бололтой, хөлсөө арчиж байна.

2016.04.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Харилцагч таныг сонсъё” аян Баруун аймгуудаар үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

Реппер залууд зөвлөгөө өгөв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

29 дэх Ерөнхий сайдыг томилно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.13

Засгийн газарт зээл олдохгүй аргаа барахдаа л Давост очиж "царай" алдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Загасыг тороор агнахаа болиод тогонд цохиулж хяддаг болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

Ж.Солонго:Хяргасаас Х.Баянмөнх бид хоёр л байна даа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21

БОАЖЯ, МБОИЗ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.11