Монгол улсын гадаад өр, засгийн газрийн өрийн талаар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.04.15.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд, сүүлийн үед өрийн асуудлаар улс төржих болж, цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтийн дунд Засгийн газар, Улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар цаг үеийн энэхүү мэдээллийг хийж буйг онцоллоо. Мэдээлэлд дурдсанаар,

1.Өрийн удирдлагын эрх зүйн орчны талаар

Өмнө нь 10 гаруй хууль, тогтоомж, журмаар зохицуулагдаж ирсэн өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг нэгтгэж Өрийн удирдлагын тухай цогц хуулийг УИХ-аас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Өрийн удирдлагын тухай хуультай болсноор Засгийн газар өрийн удирдлагын бодлого, стратегийн дагуу макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм.

Энэхүү хуулиар Засгийн газрын өр, төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэгтэй бөгөөд харин хувийн хэвшлийн гадаад, дотоод өр төлбөрийн асуудал нь энэ хуулиар зохицуулагдахгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын өрийн статистик мэдээлэл, бүртгэлийг Сангийн яам бүртгэж, мэдээлэх, тайлагнах үүргийг хүлээдэг.

Төвбанкны тухай хуулийн дагуу Монгол Улсын гадаад секторын статистик буюу Монгол Улсын Засгийн газрын, хувийн хэвшлийн, банкны системийн өрийн бүртгэл, статистик мэдээллийг Монголбанк хариуцан бүртгэж, тайлагнах үүргийг хүлээж байгаа болно.

Дээрх хуулиар хүлээсэн үүргийн дагуу Сангийн яам Засгийн газрын өрийн тойм гэсэн тайланг жилээр боловсруулан гаргаж байгаа, Монголбанкны хувьд Монгол Улсын нийт гадаад, дотоод өрийн бүртгэлийг хөтөлж, улирал, жилээр тайлан мэдээг гаргаж байна.  Дээр дурьдсан тайлан мэдээлэл нь олон нийтэд хүртээмжтэй, ил тодоор Монголбанк, Сангийн яамны цахим хуудсанд тавигдаж ирсэн болно. Иймээс улс төрийн намууд, улс төрчид болон бусад сонирхсон иргэд, судлаачид Монгол Улсын гадаад, дотоод өрийн асуудлаар ямар нэгэн мэдээлэл, судалгаа хийхээр бол дээрх албан ёсны тоо мэдээллийг ашиглаж байх нь ойлголтын зөрүүтэй байдал үүсэхгүй байхад тустай гэдгийг зориуд анхааруулъя.

Олон улсын түвшинд Дэлхийн банкнаас эрхлэн улс орнуудын нийт өрийн дэлгэрэнгүй статистик мэдээлэл, тайланг жил бүр боловсруулан гаргаж ирсэн. Хамгийн сүүлд 2014 оны жилийн эцсийн статистик мэдээлэлд тулгуурласан улс орнуудын гадаад, дотоод өрийн тайланг боловсруулан гаргаад байна.

УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд Сангийн яамнаас бэлтгэн ирүүлсэн 2015 оны жилийн эцсийн байдлаарх Засгийн газрын өрийн статистик мэдээллийг урьдчилан хүргүүлсэн тул та бүхэн албан ёсны тоо мэдээлэлтэй танилцсан гэдэгт найдаж байна.

Засгийн газраас өрийн статистик мэдээллийг боловсруулах, бүртгэл хийхдээ бусад улс орнуудад нийтлэг мөрдөгдөж байгаа ОУВС-аас батлан гаргасан Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн аргачлалын дагуу тооцож, бүртгэж байгаа болно.

2.Эдийн засгийн нөхцөл байдлын талаар

Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байх үед манай гол нэр төрлийн экспортын орлого нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид томоохон уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулсны дүнд эдийн засгийн бодит өсөлт өсч байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, Хятадын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, өсөлтийн хурд саарсан, олон улсын зах зээлд зэс, нүүрс, алтныүнэ жил бүр буурсан зэрэг үйл явдал, түүхий эдийн экспортоос хамааралтай манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон.

Монгол Улс 2012 онд бага орлоготой орноос дунд орлоготой оронд шилжсэнээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгох улмаар эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэж эхэлсэн нь өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгож, өрийг зохистой удирдах, зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх, улмаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломж нээгдсэн.

Олон улсад  эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс зээллэг хийх замаар хөрөнгө бүрдүүлж бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, дэд бүтэц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийн орлоготой байх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг авч хэрэгжүүлдэг туршлагатай. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Засгийн газраас өнгөрсөн хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламжийг авахын зэрэгцээ олон улсын зах зээлд үнэт цаас гаргаад байна.

Хэдийгээр эдийн засаг богино хугацаанд хумигдсан байдалтай байгаа ч энэ оны 2, 3 дугаар сараас эхлэн олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа, макро эдийн засгийн өсөлтөд огцом нөлөөлөхүйц мега төслүүдийг урагшлуулж эхэлсэн, хуримтлал урамшуулсан тогтолцоонд шилжсэн зэрэг үйл явдал нь дунд болон урт хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, улмаар эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх болно.

3.Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар

Монгол Улс гадаад өрийн статистикийг олон улсын стандартын дагуу олон нийтэд ил, тод мэдээлж байна. Улс, орнуудын бүртгэлийн систем, өрийн удирдлагын хууль эрх зүйн хамрах хүрээ харилцан адилгүй. Зарим улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэгийг улсын нийт гадаад өрийн статистиктаа тусгадаггүй бол манай улсын хувьд тусгаж ирсэн.

Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. Хувийн салбарын гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтыг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид нь эрсдэлээ өөрсдөө хүлээн олгодог бөгөөд Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Хувийн салбарын зээллэгийг Монголбанк төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүдийг тооцох, төлөвлөх зорилгоор бүртгэдэг болно. Дэлхийн банкны мэдээллээс харахад эдийн засгийн онцлог байдлаасаа хамаарч улс орон тус бүрийн улсын нийт гадаад өрийг ДНБ-д нь харьцуулсан харьцаа өөр өөр байна.

Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн гадаад өрийн үлдэгдлийг ДНБ-д нь харьцуулсан харьцаагаар Люксембург - 5,661 хувь, Сингапур улс – 574 хувь, Франц улс – 194 хувь, Хонгконг – 607 хувь, Швейцарь улс – 228 хувьтай байна.

Төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг өр бол Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 55 хувь гэсэн өрийн хязгаарт бүрэн нийцэж байна. Энэ нь Засгийн газар хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.

4.Улсын нийт гадаад өрийг хүн амд харьцуулсан харьцааны талаар

Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.

Нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг өндөр хөгжилтэй зарим улсуудын жишээн дээр авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6.6 сая ам.доллар, Исландын нэг иргэнд 298.6 мян ам.доллар, Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.доллар, Сингапурын нэг иргэнд 322.9 мянган ам.доллар, Швейцарийн нэг иргэнд 195 мян ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 142 мянган ам.доллар өр ногдох мэт, тухайн улсын иргэн төлж барагдуулах мэт буруу ойлголтыг төрүүлж байна.

Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ Засгийн газрын өрийг ДНБ, экспортын орлого, Засгийн газрын орлого, Засгийн газрын өрийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдтэй харьцуулдаг нь тухайн улсын төлбөрийн чадвар, өрийг барагдуулах боломжийг тодорхойлж, түүнд үндэслэн зээл олгох болон хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг. Иймээс нэг хүнд ногдох орлого, ДНБ-ий бодит өсөлт, ажилгүйдлийн хэмжээ, бүтээмж зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү ач холбогдол өгдөг байна.

5.Өрийн дарамтад орсон эсэх талаар

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улсын гадаад секторын өрийн тогтвортой байдлын 5 шалгуур үзүүлэлтийг тогтоож, эдгээр үзүүлэлтээр улс орнуудыг өрийн дарамтанд орох эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог.

Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт, 2014-2015 он

Үзүүлэлтүүд

2014

2015

1

Гадаад өр (ӨҮЦ) / ДНБ - /шалгуур 40%/

46.3%

52.1%

2

Гадаад өр (ӨҮЦ) / Экспорт - /шалгуур 150% /

99.1%

129.0%

3

Гадаад өр (ӨҮЦ) / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 250%/

162.6%

201.9%

4

Гадаад өрийн үйлчилгээ / Экспорт - /шалгуур 20%/

4.9%

5.0%

5

Гадаад өрийн үйлчилгээ / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 30%/

8.1%

7.8%

Олон улсын жишгийн дагуу эдгээр 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг бөгөөд дээрх тооцооллоос харахад манай улс дээрх 5 үзүүлэлтийн 1 -ээс бүрэн хангаж, өрийн дарамтад ороогүй байна .

6.Засгийн газрын зүгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тулгуурлан өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Үүний хүрээнд дараах зарчмыг баримтална.

· Төсөв болон төлбөрийн тэнцэлд үлэмж хэмжээний дарамт учруулахгүй байх;

· Гадаад валютын албан нөөцийг бууруулахгүй байх;

· Төгрөгийн тогтвортой байдал алдагдуулахгүй байх;

· Дахин санхүүжилтийг бага зардлаар хийх;

·Зээлжих зэрэглэлийг сайжруулах;

Үүний хүрээнд гадаад зээл авах, Засгийн газрын үнэт цаас гаргах замаар 1) өрийг дахин санхүүжүүлэх, 2) эргэн төлөлтийн хугацааг уртасгах, 3) нэг жилд ногдох ачааллыг бууруулах, 4) Засгийн газрын гаргасан үнэт цаасны тодорхой хэсгийг буцаан худалдан авах зэрэг өрийн удирдлагын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, өрийн үйлчилгээний ачааллыг дунд хугацаанд жигдлэнэ.

Нөгөө талаар эдийн засгаа солонгоруулах, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Дараагийн үндсэн том чиглэл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг авч явуулах явдал юм.

Өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал, ташаа мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж, хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого, зорилтууд хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл байгааг хаана хаанаа анхаарч, ажиллахыг хүсч байна гэлээ.

Мөн Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсаны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар асуулт асууж хариулт авав.

Улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонсов

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга гишүүний гаргасан асуулгын дагуу Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч ирсэн. Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр энэ оны гурван сарын байдлаар 5 хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээллийг тарааж байна. 2016 оны эхний гурван сард 5 хүртэлх насны 491 хүүхэд эндэсний дотор 1 хүртэлх насны хүүхэд 427 байгаа бол өмнөх онтой харьцуулбал 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдээд байна. 2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор олон оронд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндэгддэг гэсэн судалгаа байдаг. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдлээ. Ийм ачаалал, ийм хүндрэл урд өмнө нь гарч байсангүй. Эхний гурвын сарын байдлаар улсын байдлаар 59 хүүхэд эндэж нас баралтын түвшин 0,3 хувьтай байна. Эндэгдлийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт гарч байна. Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, 50,8 хувь нь лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан, нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй, тухайлбал, тураал, цус багадалт, архит, диатез, төрөлхийн дархалаа дутагдал, уруул тагнай нь сэтэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушигны хатгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн байна. Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамнаас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мэргэшсэн эмч нар ажиллаж, үзлэг хийж зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байна. 2015 оноос хойш 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын хүүхдийн санд захиалсанаар вакцин ачигдаад байна. Эмнэлгийн ажилтнуудыг 24 цагаар өндөржүүлсэн нөхцөлд ажиллуулж байна. Бүх орон тоондоо багтааж эмч, сувилагч нарыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллуулах зохицуулалтыг хийсэн талаар Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Г.Уянга, Ё.Отгонбаяр нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны эмч, мэргэжилтнүүд хариулт өгсөнөөр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2016.04.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

“Их хайрын зөрөг”-өөр ижилдэн алхаарай

...

Дэлгэрэнгүй » 2016.10.24

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Зайсанд баячуудын хороолол биш их сургуулийн кампус баригдана

...

Дэлгэрэнгүй » 2017.05.16

Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.09.29

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина

...

Дэлгэрэнгүй » 2016.10.05

Хуульчгүй парламент ба Үндсэн хууль зөрчсөн шинэ рекорд

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

“Хөсөгтөн” хамтлагийнхан Японд

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

Улаанбаатарт 24 хэмийн дулаан байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03