Монгол наадам дээр монгол уяач өвгөний уйлахыг хараад..

Өнгөрсөн зуны наадмаар Хүй долоо худагийн дэнжид Сүхбаатар аймгаас нэгэн аатай хүрэн даага ирсэн юмаа. Зүүн талд гүйцэгдээгүй сөөнгө даага. Сөөнгө гэдэг нь эхийгээ хөхдөггүй, төрмөл хурдаараа гэсэн үг шүү дээ. Наадмын өмнөх Хүй мандалын дунд, их сунгаанд энэ даага үргэлж өнгөнд байлаа.
Ингээд наадам дэлгэр сай­хан эхэллээ. Морьд бүртгүүлэн гарааны зурвас руу хөдөлж байна. Гооногордуухан хүзүү­тэй, цэвэр монгол гэхэд монгол биш, гэтэл өөр цусны гэж хэлэхэд амаргүй. Өнөө Д.Онон манлайн монгол хэлэнд нэвтрүүлсэн шинэ цагийн монгол адуунууд болох баахан даага бүртгэлийг түвэггүйхэн даваад гараа руу хөдөллөө. Мань байтугай маниас цаадхи нь “Наадуул чинь цус орчихсон дааганууд байна шүү дээ, цэвэр монгол адуу уралдуулах хууль журам хаачив ийчив” болсон ч үл хэрэгсэв. Монгол наадмын дааганы уралдаан гэдэг даанч нэг сэтгэл хөдөлгөм тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Уралдааны замд анх гарч байгаа тэр жаахан амьтан, дээр нь дарцаглах хүүхэд бүр хөөрхөн, дааган дээрээ навхайчихсан зурхай дээрээс журайтал хөдөлж буй тэр жаахан амьтасыг харсан монгол хүний самсаа шархирахгүй байхын аргагүй. Ийнхүү наадмын даага гараан дээрээс хөдлөхөд гоонойсон хүзүүтэй шинэ цагийн баахан адуу өнгөнд гараад явчихлаа. Ер нь тэгдэг болоод байгаа юм л даа.

Дагаад харж л явлаа, дээр нь яваа хүүхэд ойж буугаад шинэ цагийн адуу айхавтар хатуу давхилтай харагддаг. Хүүхдээ сайн л баадагнаж мордуулахгүй бол. Харин монгол моринд ямар юмных нь тийм хатуу давхил байхав. Ингэсээр зул задран Цагаан хөтөлийн уруу дээр ирэхийн алдад хөөрхий өнөө муу Сүхбаатараас ирсэн сөөнгө хүрэн монгол даага чинь гооногоруудын араас тарлаад орж ирж байна шүү. Машинд явсан тав зургаан сэтгүүлч, зураглаачийн анхаарал өөрийн эрхгүй өнөө муу навсайсан хүрэн дааган дээр тусаад байх. Заримын маань нүдний нулимс ч гарч байна. Бүгдээрээ л дотроо балиашиглаад байгаа нь монгол хүн, монгол морь хоёрын дээдсээс улбаатай шинж биз дээ. Хүрэн даага бяртай юмаа, хэн гэдэг алдартынхан ч байлаа хоёр гурван гооногоруудыг гатлаад өнгөнд явсан хэдэн шинэ цагийн дааган дээр очиж заргалдав. Өнгөний адуун дээр очих юмаа, очих юм, ганцхан ташуур хөдөлгөөд өнөөх гооногорууд чинь урагшаа гараад явчих юм. Дээдсийн маань дэлхийг нэгтгэхэд хөл нь болж явсан дээд удмын тэсвэрээ харагдтал тэр монгол даага зүтгэлээ, бид харлаа. Дээрээ түнтийсэн бор хүүтэй монгол даага, алд дэлэм илүү том биетэй араб адууны төлүүдтэй хийсэн өрсөлдөөнийг дэргэдээс нь харсан монгол хүн бүр бишрэх биз дээ. Түнтгэр бор хүү, сөөнгө хүрэн даага, тэртээх зүүн хязгаараас тэтгэврийн хэдээрээ зардал хийж ирсэн өвгөн уяач гурвын хөдөлмөр монгол адууг эрлийз хурлийз болгосон хүмүүсийн цараанд хүрсэнгүй.
Монгол наадмын дааганы уралдааны түрүүч барианд орж эхэллээ. Мэдээж шинэ цагийн гэх адуунууд түрүү, аман хүзүү, айргаар орсоор... араас нь ч бас хамаатангууд нь цувсаар... “Монгол түмний наадам байна даа, ядаж ганц монгол даага эхний хорь дотор орчих байгаа” гэсэн горьдлоготой зогстол хөөрхий өнөө муу хүрэн даага, түнтгэр хүү хоёр чинь 18 хавиар нэг өндөр амьтантай заргалдсаар барианы тавилан руу орж ирж байгаа харагдана.

Бахдал ч төрөх шиг, бахардах ч шиг... өнөөх өндрийн ард тарласаар байгаа юм шүү дээ, тэр монгол даага. Даанч өнөөх нь хол харайх юм. Ийм л дүр зурагтай олон мянган үзэгчдийн уухай, нулимстай нүдэн дундуур өнөөх ганц монгол даага 18-аар орж явчихлаа. Ард нь ч, урд нь ч бүгд шинэ цагийн монгол адуунууд. Моринд дуртай монголчууд айргийн таван морины хөлснөөс адис хүртэх гэж хошуурдаг бол энэ удаад 18-д давхисан тэр монгол дааганаас адис авах гэж зүтгэхсэд олон байсан нь нэгийг хэлэх биз ээ. Монгол түмний хандлага ийм байхад монгол өвгөн уяач яаж байгаа бол гэхээс очмоор санагдаад болдоггүй яваад очлоо. Морь шиг хүрэн даага сайхан хөлөрчээ, нэг их тэлэгдээгүй байх. Харин хөлсийг нь хусан наана цаана нь гарах монгол өвгөний нүднээс нулимс мэлмэрч харагдана. Юу ч дуугарахгүй хөлсийг нь зөөлөн хусах. Монголын нэгэн алдартай уяач тэргүүнтэй хэсэг нөхөд зорьж ирэн өвгөн уяачид баяр хүргэхдээ, “Монгол адуу уралдсан бол таны хүрэн даага улсын наадмын түрүү байлаа, та монгол наадмын дааганы түрүүг авлаа гэж өөрийгөө бодоорой” гэж сэт­гэлийг нь зассан сайхан үг хэлцгээж байна лээ. Уяач өвгөний хэлсэн ганц үг бол “Над шиг нь ирж уралдах дэвжээ биш болжээ” гэсэн үг юм шүү. Энэ үгэнд л эм­зэглэ­лээ. Ийм үгийг монгол наадмын хиймор сүлдийг өр­гөж ирсэн хэдэн мянган уяач хэлж байгаа болоо гэж бодохоор аймаар. Хэдэн мян­ган жилийн турш тэсвэр тэв­чээрээрээ гайхагдаж, энэ дэл­хийн аль ч бүсэд амьдрах чадвар, уугуул төрхөөрөө шал­гарч өнөөдрийг хүрсэн монгол адууг өөрөөр, яаж сайж­руулах гээд байгаа юм бэ.
Шинэ цагийн монгол адуу хэмээн нэршүүлж буй шинэ адууны байгалийн шалгарал өнөөдөр ямар байгааг адуу гадарладаг, сонирхдог бүхэн мэдэж, харж байгаа шүү дээ. Уралдаад түрүүлгэчихдэг юм байж. Түрүүлгэж аваад битүү нэмнэж хучиж, сүүдэр саравчтай газар байнгын арчилгаанд байлгахгүй бол хавар нь хачиг шалзанд, зун нь ялаа шумууланд бариулаад үхэж байна. Чадалтайнууд нь энэхүү арчилгаа тордлогоог нь өндөр хөлсөөр хийлгээд болж байна. Энгийн уяачид тийм боломж байхгүй. Миний багад наадмын дараа уралдсан морины хариу уяа гэж морины зүсийг өөр болтол намрын салхинд уяхад морь бүр ч гоё болдогсон. Өвлийн эхний цаснаар л үс нь сорлоод, битүү уур манан савсуулсан сайхан амьтад адуун дотроо байж ядан дүүхэлзээд. Тэгвэл шинэ цагийн монгол адуу өвөл яаж байна гэхээр эхний хүйтэнтэй зэрэгцээд хөлдөж үхэх дээрээ тулж, шууд тэжээлд оруулж, хэнз бяруу шиг нэмнэж авахгүй бол хоёрхон хоногийн дотор шувтайтал турж, дахиад долоо хонох юм бол сэргэхээргүйгээр буцчих гээд байна. Энэ сайн адууны шинж мөн үү. Дэлхийд гайхагдсан монгол адууны гени мөн үү.

Ийм л адуугаар монгол наадмыг “чимэх” болжээ, хэдхээн хүн. Сайндаа 200 хүн. Бусад хэдэн мянган монгол адуутай, монгол уяачид хүрэн дааганы уяач өвгөн лугаа адил бодолтойгоор нутаг буцаж, зарим нь бүр “Миний морь уядаг цаг нэгэнт түүх болжээ” хэмээн улаан цэмбээр хамрыг нь бүрсэн, удам дамжсан хазаар, уяа шузгаа хураан эвхэж цааш нь хийцгээх болов. Монгол мориороо уралдаж, хийморь лундаагаа сэргээж явснаа түүх болгон ярьж эхэллээ. Энэ Монголын гуниг биш гэж үү. Энэ Монгол наадмын мөхөл биш гэж үү. Уяачид минь жудагтай байцгаая. Хэдхэн хүн өндөр цол авч нэр алдарт хүрэхийн төлөөнөө монгол наадмаа эвдэж сүйтгэхээ больё. Эрлийз хурлийз адуугаар наадахаа зогсооё. Нэгэнтээ Төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн хэлэхдээ “Монгол наадмын шүншиг нь жижигхэн монгол морийг жижигхэн хүүхэд унаж уралдахдаа байдаг юм шүү” гэж хэлсэн юм шүү.

Эх сурвалж: ЯРУУ НАЙРАГ БА ЯРУУСАЛ

2016.03.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

"Ухаалаг Монгол хүүхэд" уншлагын хөтөлбөрийн туршилтийн төсөл хэрэгжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Хүүхдээ тэвэрсэн хүнд суудал тавиад өгчихөд яахав дээ???

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Эрдмийн баяр нэрийдлээр мөнгө татсаар байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Сураггүй алга болсон охин эмнэлэгт хүргэгдсэн байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Хамаатныхаа аминд хүрсэн залууг баривчилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Эрдэнэт бол улс төр мөн...

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Улс төрчид залуужсаны тод жишээ буюу үнэгүй хуушуур

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

"Ухаалаг Монгол хүүхэд" уншлагын хөтөлбөрийн туршилтийн төсөл хэрэгжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Хамаатныхаа аминд хүрсэн залууг баривчилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Хүүхдээ тэвэрсэн хүнд суудал тавиад өгчихөд яахав дээ???

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Эрдмийн баяр нэрийдлээр мөнгө татсаар байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Ж.Нурлан Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Өвөрмонголчуудын хятаджиж буй түүхийн нэгэн зурвас

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Амиа алдсан Монгол иргэний гэнэтийн ослын даатгалын мөнгийг Солонгосчууд хууль бусаар завшив

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

Хүүхдээ цагт нь тодруулахуй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Д.Буяндэлгэр: Өөрөө өөрийгөө ялан дийлээд барианд амжилттай орлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Жүжигчин Жавхаа хайртайгаа учиржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

“Мэргэжлийн” Засгийн газрын онцлог

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08