Д.Амгаа: Миний хэмжээ Улсын заан цол байсан юм байлгүй

Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, Монгол Улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа. Тэрбээр сар шинийнхээ бэлтгэлийг базаахаар хотод түр ирээд байгаа аж.

-Сайхан өвөлжиж байна уу. Утсаар ярих бүрт сумандаа байх юм. Хотод ирэх нь бага бололтой?

-Сумандаа “Заан цогцолбор” нэртэй жуулчны бааз байгуулсан. Үүнийгээ босгох гэж хоёр жил хэртэй болсон. Ашиглалтад орсноос хойш дөрвөн жил хэртэй боллоо. Тэгээд ч “Хүн өтлөхөөрөө ургаа, мал турахаараа нутгаа” гэдэг дээ. Би аль болох нутагтаа л байхыг хүсдэг. Шаардлагатай ажил байвал л хотод ирнэ. Завгүй гүйгээд байхаар цаг хугацаа улам хурдан өнгөрөх юм даа. Хүүхдүүд Цагаан сарын “юм” бэлдэлцэж өгнө гэхээр нь ирээд байгаа юм. Удахгүй буцна аа. 

-Дээрх цогцолборыг та цолоо бэлгэдэж нэрлэсэн үү?    

-Тийм. Төв цэгт нь зааны баримал томоор хийлгэж, усан оргилуураар хүрээлүүлсэн. Сайхан бүтээн байгуулалт болсон.

-Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн тань шиг бөх цөөн байх даа?  

-Байдаг байлгүй дээ. Гэхдээ би бусадтай харьцуулахдаа бөхийн спортод оройтож хөл тавьсан. Спорт хөөдөг ид насандаа тээврийн жолоо барьдаг байсан юм. Ажил үүргээ биелүүлж, ганц ч бэлтгэл хийлгүйгээр 1974 оны улсын баяр наадамд хүч үзээд дөрвийн даваанд улсын арслан Ө.Эрдэнэ-Очирт өвдөг шороодож нутаг буцсан. Харин дараа жил нь буюу 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолын болзол хангасан. 1972, 1973 онд сумынхаа наадамд түрүүлсэн ч аймагтаа ганц ч гарч үзээгүй байсан үе. Радиогоор улсын цолтой бөхчүүдийн нэрийг сонсоод тэдний зодог, шуудагнаас барих юмсан гэсэн бодолд автаж, хүч үзмээр санагдсандаа тэгж их яарсан хэрэг л дээ. Тухайн үед үеийнхээ залуучуудтай хаа таарсан газраа барилддаг байсан нь миний гол бэлтгэл байлаа. Бидний үеийнхэн барилдах ч дуртай. Мөн тээврийн жолоо барихдаа ачаагаа өргөх, буулгаж, самбо бөхийн аймгийн АШТ-д оролцдог байсан маань нэмэр болсон. Тэр цагаас хойш улсын наадамд олон барилдсан.

-Та Монгол Улсын заан цолыг УАШТ-ий үеэр хүртсэн юм билээ. Энэ тухайгаа манай уншигчдад яриач?

-Тийм ээ. 1981 оны УАШТ-д олон хүчтэн зодоглосон. Тэр жил Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байлаа. Зун нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарч, сайн ч хангасан. УАШТ-ээс заан цол хүртсэн байсан болохоор улсын баяр наадмаар амжилтаа давуулах, цолоо ядаж батлах зорилготой байлаа. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн. Харин би дараа жил нь заан цолоо баталсан.

-1982 оны Улсын баяр наадмын наймын даваанд та улсын арслан М.Мөнгөнтэй барилдсан. Түүнийг өвдөг шороодуулах боломж байгаагүй юм уу?

-Миний хамгийн олон таарч барилдсан бөх бол М.Мөнгөн. Бэлтгэл ч хамт хийдэг байлаа. Тэр жилийн бидний барилдаан нэлээн удааширч барьц сонгохоор болов. Тэр үед барьц сонгуулахдаа тойруулж барьдаггүй баруун, зүүн л золгодог байсан юм. Миний талаар золгож, шахаж татаад яг мэх хийх гэтэл М.Мөнгөн барьцаа тавьчихсан. Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Дараа нь өмнөх барьцаа авч, нөгөө мэхээ хийх гэтэл “Мэх мэхэндээ” гэгчээр би хариу мэхэнд нь орж, унасан. Гэтэл миний засуулаар ажиллаж байсан манай нутгийн ах Пүрэвсүрэн “Түүний барьц задарч л байг. Чи шийдсэн мэхээ хийгээд л давахгүй яасан юм” гээд загнасан. Пүрэвсүрэн гуайн зөв л дөө. Гэхдээ би барьцгүй болсон хүнийг унагачихвал хүний мөсгүй болчих байх гэж бодоод больсон юм. Дараа нь би М.Мөнгөнөөс “Чи яагаад барьцаа тавьчихсан юм бэ” гэхэд “Чамаас өөр хүн байсан бол би тавихгүй л дээ. Би чиний хүн чанарыг мэднэ. Тиймээс чамайг шалгасан юм. Мөн надад ямар мэх бэлтгэснийг чинь мэдэх гэсэн хэрэг” гэж билээ. Залуучуудын шударга өрсөлдөөнд тийм юм байлгүй яах вэ. Би үүнд нэг их харамсдаггүй. Миний хэмжээ заан цол байсан юм байлгүй. М.Мөнгөн улсын наадамд нэг үзүүрлэсэн болоод ч тэр үү надаас илүү туршлагатай нь тэр барилдаанаар нотлогдсон. Тэр жилийн наадамд Дархан аварга Х.Баянмөнх түрүүлсэн.

-Таны удамд бөх бий юу?

-Аав, ээж болон ах, дүү нар бие томтой ч барилдаж байгаагүй. Гэхдээ миний төрсөн ах Дондой сумынхаа наадамд түрүүлж байсан. Одоо 80 насыг илээж явна. Бригадын наадмаар Дархан аварга Ш.Батсуурийг ид байхад нь давж байсан. Улсын наадамд зодоглосон бол хоосонгүй байсан болов уу.  

-Та самбо бөхөөр ямар амжилт үзүүлэв?

-Хөдөө байхдаа аймгийн АШТ-д орж байлаа. УАШТ-д ч хэд хэд хүч үзсэн. Ер нь намайг авчирч, бөхийн спортод оруулсан хүн бол тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гуай. Намайг нутгийнхаа театрт жүжиг үзээд гарч байхад таарч “Чи аль нутгийн залуу вэ. Барилддаг уу. Тийм бол миний өрөөнд ороод ир” гээд хэмжилт хийж үзээд явсан. Би ч нэг их юм бодоогүй. Гэтэл П.Даваасамбуу Улаанбаатарт ирээд удаагүй байхдаа “Үнэн” сонинд “Дашинчилэн суманд давгүй бөх болох А гэдэг залуу байна” гэсэн нийтлэл бичсэн байсан. Тэр үед “Үнэн” сонинд бичүүлнэ гэдэг асар их нэр хүндийн хэрэг байлаа. П.Даваасамбуу гуай дараа нь надтай холбогдож “Чи хотод ирж бөх болмоор байна уу” гэхэд нь “Тэгье” гэсэн. Тухайн үед хэн ч нутгаасаа хүссэн үедээ хот руу шилжиж болдоггүй байсан болохоор сумын удирдлага руу бичиг хүргүүлж байж намайг ирүүлсэн. Би улсын шигшээ багийн тамирчин болж, ХААИС, УБИС-д суралцсан. Тэгж явахдаа самбо бөхийн ДАШТ 1979 онд Испанид болоход -100 кг-д оролцож шагналт байр эзэлж, 1980 оны Москвагийн олимпод жүдогоор хоёр барилдаад ялагдсан. Самбогоор улсдаа зургаа, жүдогоор дөрөв түрүүлж, улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн. Үндэсний бөхийн тойргийн барилдаанд хамгийн олон барилдсан бөхөөр тодорч байлаа. Нэг түрүүлж, хоёр, гуравдугаар байрт тус бүр хоёр удаа шалгарсан. Хөдөө өссөн болоод ч тэр үү арай барьцтай гэж бодоод жүдо, самбог түрүүлж сонгосон. Чөлөөтөөр барилдах гэхээр нэг л болоогүй юм.

-П.Даваасамбуу агсан бөх болох хүнийг сайн таньдаг байжээ?

-Тийм шүү. Бөхийн төлөө их зүтгэлтэй хүн байлаа. Монгол Улсын заан Ё.Ишгэн, Р.Давааням агснаас эхлээд олон залууг бөх болоход нь нөлөөлсөн.

-Та адуунд сонирхолтой. Хүлгийнхээ сүүлийг боож байгаа биз дээ?

-Морио уралдуулж байгаа. Бидний үеийнхэн залуудаа олон цугларсан газар байнга явж, барилддаг байлаа. Зодог тайлснаас хойш тийм үе өнгөрсөн ч хурдан адууныхаа буянд олон түмнийхээ дунд баясаж явна. Олон хүн цугларсан газар очихгүй бол нэг л эвгүй санагддаг. Тэднийхээ мэнд усыг мэдэж, ярилцаж, хөөрөг зөрүүлж суух сайхан шүү дээ.

-Та хэзээнээс бие дааж хүлгийнхээ уяа сойлгыг тааруулав аа?

-1998 оноос бүсэндээ хусуур зүүхдээ 17 тооны алтан туурайт сойсон. Тэдний минь шандас, хийморь эзэн намайг олон баярлуулсан. Аймаг, сум болон жижиг наадамд уралдуулж 120-иод медаль зүүлгэлээ. Морьдынхоо ажлыг дээхэн үед өөрөө хийдэг байсан бол одоо туслах уяачтай болсон. Ерөнхийд нь зааварлаж байна.

-Таны буурал морь хэдхэн жилийн өмнөх улсын наадамд зургаагаар давхисан. Уг нь айрагдах болов уу гэж олон хүн харсан ч даан ч аз дутсан?  

-Тэр сайхан хүлэг. Ер нь миний хэд хэдэн морь улсын наадмын барианд орсон. Өдий болтол хүлгийнхээ тоосонд дарагдаж явааг минь манай нутгийн “Булганхангай” МСУХ-ны удирдлагууд ихэд үнэлж, өнгөрсөн жил надад Аймгийн алдарт уяач цол хүртээсэн. Адууныхаа цусыг холдуулах, хурд нэмэх зорилгоор зүүн аймгаас хэдэн сайхан азарга худалдаж авсан. Дээхэн авуул адуугаараа уралддаг байсан бол сүүлийн үед унаган адуугаа сойж байна. Унаган адуунууд маань хоёр жилийн өмнөөс сайхан давхиж, Дашинчилэн сумын 90 жилийн түүхт ойн баяр наадмаар хэд хэдэн айраг амсуулсан. Би морио ихэвчлэн нутагтаа уралдуулж, хийморио сэргээдэг. Хэн нэгэн уяач улсын наадамд хүлгийнхээ шандсыг сорихыг хүсвэл эхлээд уг мориныхоо багцааг харж, нэг үгээр хэлбэл, шаардлага хангах эсэхийг нь мэдрэх ёстой. Морио мэдрээгүй байж, амьтан зовоох гэж байгаа юм шиг хаа холоос ачиж, тууж ирээд олон хурдан буянтай арсалдуулж болохгүй. Миний адуу яваандаа улс, бүсэд сайхан давхина биз дээ.    

-Тамирчин байсан хүн морь уяхад ямар санагдаж байна вэ?

-Би үндэсний бөхөөс гадна самбо, жүдогоор барилддаг байсныг дээр хэлсэн. Дасгалжуулагчаар ч ажиллаж байв. УБИС-ийн багш дасгалжуулагчийн ангийг төгссөн болохоор надад хүн дасгалжуулах мэдлэг тодорхой хэмжээгээр бий. Өөрөө барилдаж явсан болохоор хэн нэгэнд юм сургах арай дөхөм. Морь уях ч ерөнхийдөө хүнтэй төстэй. Тамирчин хүн өвлийн улиралд суурь бэлтгэл заавал хийдэг шиг морийг ч өвлийн цагт сайн тэжээж, бага зэрэг ажил хийлгэвэл зуны наадмаар сайн уралддаг. Би таван настайгаасаа хурдны морь унасан болохоор энэ талд өвгөдөөсөө өвлөсөн юм бий. Гэвч бие томтой байсан болохоор төд удалгүй хасагдсан.

-Хүүхдүүд тань зуны амралтаар ирж, морины ажилд туслаж байна уу?

-Манай хүүхдүүд морь их сонирхоно. Би тэдэнд “Морь уяхад хүний ажил их үрэгддэг. Би нэгэнт орсноороо оръё. Тэгээд ч надад үүнээс өөр тодорхой хийх ажил алга. Харин та нар эхлээд амьдралаа бод. Тэгширсэн сайхан амьдралтай болсныхоо дараа морь дагаад давхиж болно. Бүр тэсэхгүй байгаа бол миний морийг өөрсдийнхөө нэрээр уралдуул” гэж хэлээд инээлгэдэг. 

-Танайх Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Ц.Хэнмэдэх гуайнхтай худ ураг. Түүнтэй гал болох бодол бий юу?

-Нутаг хол болохоор боломж гарахгүй юм. Тэгээд ч тийм бодол өвөрлөдөггүй.  

-“Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй” гэдэг. Таны бодол үүнтэй нийлэх үү?

-Морь уяж эхлэхээсээ өмнө энэ үгийг нэг их ухаж ойлгодоггүй байлаа. Харин гар бие оролцоод ирснээр сайн мэдэрсэн. Яах аргагүй зав чөлөө гардаггүй юм байна. Бөхчүүд бэлтгэл сайн хийж, сайхан амрах ёстой. Гэтэл морь уядаг бөх өөрийнхөө бэлтгэл, амралтыг хугасалж, хүлгийнхээ уяа сойлгыг тааруулах гээд зөрчилдөөн үүснэ. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл “Байнд ч үгүй, банзанд ч үгүй” гэдэг болно. Тиймээс аль нэгийг нь санасандаа хүртэл гүйцэтгэх хэрэгтэй.

-Та сайхан эмээл, хазаараар гоёно биз?

-Гоёлгүй яах вэ. Энэ чинь эр хүний чимэг дээ. Ааваасаа өвлөсөн эмээлээ тохно. Өөрөө ч нэг сайхан эмээл төхөөрсөн. Энэ хоёрыгоо ээлжилж мориндоо тохоод л наадмын талбайгаар галгиулдаг. Морь уяж байгаа хүн сайхан эмээл, хазаар хэрэглэх ёстой. Энэ  баярхах биш ёс заншлаа бодож, монгол наадмаа хүндэтгэж буйн хэлбэр. Мөн жороо морь унах сайхан. Буурлуудынхаа буяныг эдлээд л явж байна даа.

-Таны нэг хөөрөг мөнгө хатуу үед хоёр өрөө байрны үнэд дөхсөн гэж сонссон?

-Эртний эдлэлээр гангарах сайхан. Цалин цагаан мөнгөөр хийсэн хөөрөг, гаанс барих дуртай. Наадам, Цагаан сараар биднийг ийм эдлэл хэрэглэж байгааг гадныхан харчихаад зураг аваад, сонирхоод сүйд болдог. Тэгэхээр нь би “Манай улсын дархчууд ийм л сайхан авьяастай даа” гэдэг. Өөрийн чинь ярьсан хөөрөг халхын 10 цагааны нэг.  

-Таны ээжийн талынхныг сайхан дуулдаг гэж олон хүн ярьдаг. Харин та дуу хууранд хэр вэ?

-Дээр дурсаад өнгөрсөн Дондой ах энэ талд сайн. Улсын хэмжээнд болдог олон уралдаанд оролцож медаль хүртсэн. Харин аав маань дуулахдаа муу. Би аавыгаа дууриасан. Эхнэрийн маань талынхан ч сайхан дуулдаг. Тэр авьяасыг нь дунд охин Д.Ширмэнтуяа өвлөж, өдгөө гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаагаад сайхан явна. Харин миний бөхийн спортыг бага хүү Өнөболд өвлөж одоо сүмогоор барилдаж байна. Бид гурван хүү, гурван охинтой. Тэдний дөрөв дэх нь Д.Ширмэнтуяа.

-Д.Ширмэнтуяаг та эхнэрийнхээ эгчид өргүүлсэн гэдэг бил үү?

-Тийм. Тэднийх гурван хүүтэй. Охинтой болох хүсэл байсан болохоор Д.Ширмэнтуяаг ээжийнхээ хэвлийд байхад “Охин төрвөл манайх өргөж авна шүү” гэдэг байсан юм. Ээжийнх нь төрсөн эгч юм чинь өргүүлж болохгүй ч юм байгаагүй.

-Түүнийг “Их бяртай охин байсан” гэдэг юм билээ?

-Чадалтай, эршүүд, хөдөлмөрч. Зах зээлийн үед манайх янз бүрийн бизнес эрхэлдэг байлаа. Чингэлгээс 25 кг-ын шуудайтай гурил буулгадаг байв. Үеийнх нь охид, хөвгүүд нэг нэгээр нь үүрээд зөөж байхад Ширмээ хоёр хоёроор нь мөрлөчихөөд гүйдэг байсан.

-Та хүүгээ үндэсний бөхөөр барилдуулах бодолтой байсан уу?

-Уг нь тийм. Жүдогийн дугуйланд ч явуулдаг байсан юм. Хэдэн жилийн өмнө Хүй долоон худагт хурдан морины өвлийн уралдаан боллоо. Тэр наадмаар би эхнэр, хүүгээ дагуулаад очиход Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн, түүний хүү Д.Дагвадорж нартай таарч, яриа өрнүүлэв. Тэднийх манайхтай гэр бүлийн найз л даа. Тэгэхэд Д.Дагвадорж манай хүүгээс “Чи сүмогоор барилдах дуртай юу. Хүсэл байвал ёстой л барилдахаар шинж байна даа. Та нарыг зөвшөөрвөл би сүмогоор барилдуулна” гэдэг юм байна. Би ч “Хүү минь л шийдэг дээ. Миний хувьд дургүйцэх юм алга” гээд өнгөрсөн. Гэтэл хэдхэн хоногийн дараа Д.Дагвадорж Японоос утас цохиж “Гурван хоногийн дараа хүүгээ явуулаарай. Би энд тосоод авчихъя” гэдэг юм байна. Тэгээд л хилийн дээс алхсан даа. Тэр үед хүү маань 16 настай байсан. Бэртэл гэмтэл авчихгүй бол ирээдүй их бий.

-Нэрийг нь та өгсөн үү. Магадгүй Өнөболд ванг хүндэтгэдэг байх?

-Би хүүхдүүддээ нэр хайрлахдаа зарим хүн шиг Гандан орж, ламаас асуудаггүй. Бодож байгаад л бүгдийнх нь нэрийг өгсөн. Хүүгээ төрсний дараахан гэрийнхээ орон дээр хэвтэж байхдаа зүүрмэглэсэн юм. Яагаад ч юм “Өнөболд гэдэг нэр өгч байна” гэж зүүдэлсэн. Тэгээд л босч ирээд ээжид нь хэлж, ийм нэр хайрласан.

-Таныг “Гарьд магнай” кинонд дүр бүтээснийг үзэгч, бөх сонирхогчид андахгүй. Кинонд тоглох болсон түүхээ хуучлахгүй юу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд сонгосон. Туслах дүр л дээ. Миний үүрэг нэг их байгаагүй. Харин Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүрд тоглосныг үзэгчид гайгүй мэддэг. Мөн “Морин хуурын домог” киноны Хөхөө Намжилын дүрд тоглосон. Энэ гуравт тоглоход хамгийн хэцүү нь хулгар Нацагийн дүр байсан. Нэгдүгээрт гол дүр, нөгөөтэйгүүр их бяртай бөх байсан. Наад зах нь намрын хоёр тарган эр хонийг сугандаа хавчуулаад юу ч болоогүй юм шиг уулсын хормой ороогоод алхаж, хятадууыг хуурдаг түүхтэй дээ. Найруулагч намайг түүн шиг алх гээд зураг авалт үргэлжлэв. Хурга биш, намрын тарган хоёр амьд хонийг сугандаа хавчуулаад алхах үнэхээр хэцүү байсан. Нэг нь дунджаар 70 кг байсан биз. Амьд амьтан авч явах улам тээртэй байдаг хойно сугандаа хийчихээд хэсэг явтал миний хоёр ч гутал зулгаараа задарсан. Тэгэхээр нь сураар ногтолж байгаад тэр зураг авалтыг дуусгасан. Залуу ч байж. Зураг авалт эхлэхээс өмнө “Хоёрхон хонь сугадаад алхаж чадалгүй яадаг юм” гэсэн ч яг цаг дээрээ амар ажил биш байсан.

-Таныг эртнээс бизнес эрхэлснийг олон хүн мэднэ. Зах зээлийн үед ганзагын наймаа хийх ямар байв?

-Улсын шигшээ багт харьяалагдсанаас хойш ХААИС-д 10-аад жил багшилж, 1993 оныг үзлээ. Тухайн үед багш нарын цалин бага ч байсныг хэлэх үү, хувиараа бизнес эрхэлмээр санагдаад болдоггүй. Тэгээд ч багшийн ажил нэг их бүтээл гүйцэтгэсэн мэт санагдахгүй болохоор захиралдаа уламжилсан чинь “Чи сайн бодсон юм байгаа биз дээ. Зах зээлийн өнөө үед наймаа хийнэ гэдэг хэцүү шүү” гэв. Зайлуул намайг л бодож байгаа нь тэр. Гэвч би “Болох байх аа” гээд л өргөдлөө өгч, “Буурал хаан” гэдэг компаниа байгуулсан. Тухайн үед манайх цайны газар мэтийн ойр зуурын юм хийсэн. Овоо гайгүй болоод ирэхээр нь 80-аад айлын орон сууц барьсан. Хүнд гэр барьж өгнө гэдэг их буян. Ер нь би зүгээр суух дургүй. Хүн хөдөлмөр эрхлэхийн тулд төрсөн байдаг биз. Орой эрт унтаж, өглөө 06:00 цагийн үед босдог. Энэ бүхнийг би аав, ээжээсээ өвлөсөн. Ээж маань их хашир хүн байсан. Намайг ганц хүү минь гэлгүй өвөл, зуны алинд нь ч өглөө эрт дагуулж гараад тугал татуулдаг байсан. Үнээ саах, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, юм оёход ч сургасан. Ээж маань сүүлд “Хайртай морио хазаартай нь усла” гэсэн үг бий. Би чамайг эрхлүүлвэл чадахын хэрээр чадна. Гагцхүү надаас хойш чи хүн шиг хүн болж төлөвшөөд, сайхан амьдраасай гэсэндээ хатуу ханддаг байсан шүү” гэж хэлсэн. Би өөртөө 10 гаруй зодог, шуудаг оёсон. Урагдсан монгол гутлаа ч өмсөхөөр болгочихно. За ингээд хоёулаа яриагаа өндөрлүүлэх үү. Хүүхдүүд утасдаад байна. Ах нь гаралгүй болохгүй нь.

-Ярилцлага авах хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Таны амьдрал, ажилд улам их амжилт хүсье.  

2016.02.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Хавдартайгаа хэвээр хардсаар байх уу ???

...

Дэлгэрэнгүй » 2018.07.31

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Мал бүхий айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.03

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

“Сайдын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

“Арвайн үндэс” компани Түргэн тусламжийн төвтэй хамтран сургалт зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Бүх цэргийн баяр наадамд Д.Цэрэнтогтох түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Ээлжит бус чуулган нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Нандин дурсамж мөнхөлсөн гайхамшиг үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Тоосжилт арилгах төхөөрөмжийг амжилттай туршлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Гадаад улсад байр авах гэж буй залуу гэр бүлийг ингэж дэмждэг

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23