Н.Жанцанноров: Орос орон бар шиг босч байхад бид энд муур шиг юм суугаад байж болохгүй


Б.БАДАМГАРАВ

"Ардын эрх" сонин энэ дугаарынхаа "Онцлох зочин"-оор Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровыг урьж ярилцлаа.

-“Морин хуур” наадмын Гран при шагналыг хүртсэнд тань баяр хүргэе. “Морин хуур”-т магнайлсан “Бурхан Халдун” дууныхаа түүхийг ярьж өгөхгүй юү?
-Өнгөрсөн жил манай хөгжмийн зохиолчдын холбоо удирдлагаа шинэчилсэн. Удирдах зөвлөлийг залуучууд тэр­гүүлж байгаа. Бид шинэ удирдах зөвлөлөө “Алтан намар”, “Морин хуур” наадмаа аятайхан хийгээсэй гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд “Морин хуур” наадам саармагжих хандлагатай байсан. Ямар дуу шалгаруулах гээд байгаа нь мэдэгдэхгүй. Мэргэжлийн дуу шиг юм ороод л, эсвэл ари, романс шиг юм ороод л. Эсвэл бүр энгийн. Ингээд төрөл зүйл нь холилдоод ирэхээр хөгжмийн зохиолчид ч ямар дуугаар оролцохоо мэдэхээ байчихсан. Энэ жилээс Хөгжмийн зохиолчдын холбоо мэргэжлийн бүтээ­лүүддээ анхаарах чиг барьсан гэж ойлгосон. Миний наадамд оролцсон учир нь бид нарыг нэр алдартай гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр залуучууд холбоог удирдахаар оролцохгүй бол тоосонгүй гэх яриа гарна. Ер нь чанарыг бодсон ч гэсэн дэмжих шаардлагатай гэж бодоод “Бурхан Халдун” гэдэг дуугаараа оролцлоо. Түрүүлэх, байр эзлэх нь надад онцын чухал асуудал биш. Гол нь наадмынхаа жинд нэмэр болохын тулд л орсон. Сайхан дуунууд орсон байна лээ. Гран при шагналыг гурав дахь удаагаа миний бүтээлүүдэд өгч байгаа юм. Дуу бүтсэн түүх гэвэл, бид Бурхан Халдуныхаа тухай дуу цөөхөн хийж л дээ. Өмнө нь би Бурхан Халдуны тухай дуу хийчих юмсан гэж бодож байсан удаа бий. Өнгөрсөн жил Хөлөнбуйр явсан юм. Энэ нутгийнхан Хөлөнбуйрыг Алунгоогийн нутаг гэж үздэг, түүхийг нь сэргээх гэж их боддог хүмүүс шүү дээ. Тэнд очиход Баясгалан, Баяр гэж хоёр хүн надад Бурхан Халдуны тухай ярьсан. Нэг бодоход өрөвдмөөр. Тэд өглөө бүхэн Бурхан Халдундаа цацлаа өргөдөг гэж байгаа. Бид өглөө бүр цацлаа өргөдөг билүү. Гэтэл тэд өргөдөг байна. Баясгалан нь нэг удаа очиж үзсэн, ёстой жинхэнэ өлгий дээрээ очлоо гэж бодсон гэж ярьсан. Тэр бол дагуур эвенкийн хүн, монгол хэл мэдэхгүй. Харин Баяр нь монгол хэл сайтай. Баясгалан нь хятадаар монгол шүлэг бичдэг. Түүний сайхан шүлгүүд бий. Монголоор олон удаа явсан, ном бичсэн. Тэрийг нь монголчууд уншмаар. Гадна талд байгаа монгол хүн Монголыг их сонин хардаг юм байна. Тэр хоёрын яриаг сонсоод шүлэг бичээд өгөхийг хүссэн. Баясгалангийн хятадаар бичсэн шүлгийг Баяр орчуулж янзалсан байгаа юм. Би дуундаа тааруулж жаахан зассан. Зун дуу хийгээд явуулсан чинь их баярласан байна лээ. Дуу бүтсэн түүх ийм. Э.Анхбаяр дуулсан. Сая найрал хөгжимд зориулж дахин шинэчиллээ. Шалгаруулсны дараа зарим хүн “Энэ ахмадууд одоо болиоч ээ. Залуучууддаа өгөөч” гэсэн сэтгэгдэл бичсэн байна лээ. Энэ шагнал бол ээлжилж хуваарилдаг эд бараа биш. Бүтээл л сайн байх хэрэгтэй. Энд нас, үе, алдар нэр огт хамаагүй. Жишээ нь, олимпийн аварга, жүдоч Н.Түвшинбаярыг барилдахад нь одоо боллоо ш дээ, залуучуудад бууж өг гэж болох уу. Гэхдээ би жил болгон “Морин хуур наадам”-д оролцдог ч үгүй, оролцох ч үгүй.

-Монголын гадна байгаа монголчууд Монголоо тэгж их хүндэлж дээдэлдэг юм байна. Тэгвэл эх орондоо амьдарч бай­гаа монголчууд хэр эх ор­ноо хайрладаг гэж та боддог вэ?
-Хуучин цагийг бодвол сэргэжээ. Бид XXI зууны иргэншсэн улс шүү дээ. Энэ талаас бодвол дутуу дулимаг зүйл байгаа байх. Юу гэвэл, дээдлэх, хүндлэх ёс нь мухар сүсэг талаа илүү барьдаг. Өнгөц, хэлбэр тал руугаа гэсэн үг. Энэ нь ч аргагүй. Бид бурхан байхгүй. Маркс бий, Ленин бий, коммунизм бий гэж 70, 80 жил явчихсан. Дээрээс нь ардчилал гээд учраа олохгүй баахан зүтгэчихсэн. Юу нь үнэтэй зүйл юм, ямар зүйлийг үнэт зүйл гэж хэлэх учраа олохгүй л явлаа ш дээ. Шашин шүтэхдээ ламаар ном уншуулаад, сан тавиулчихвал болох ч юм шиг. Өвчин эдгэхгүй бол бөө дээр оччихвол зүгээр болох ч юм шиг. Иймэрхүү мухар шүтлэг байна. Ууланд цацал өргөх л ёстой юм гэнэ лээ гээд. Уг нь бие хүн, намайг бүтээсэн зүйл гэсэн тэр утгаар бодох юм бол өөр л дөө. Орчин цагийн шинжлэх ухаанаар төсөөлөх талаар бид дутуу байна. Тэгэхээр олон бөө, мөнгө олдог мэргэчин төлөгчин гараад байгаа юм. Энэ чинь тэдний буруу биш, бидний буруу л даа. Бид өөрсдөө юмаа ялгаж сурах хэрэгтэй юм шиг. Худлаа юм руу очих үгүйгээ ялгаж сурах хэрэгтэй биз дээ. Бурхан байсан үгүйг мэдэхгүй, Маркс байхгүй болж. Тэгэхээр бидэнд бишрэх, итгэх нэг зүйл байна. Тэр нь бурхан биш, Маркс биш өссөн төрсөн өлгий нутгийн хамгийн ариун дагшин газрууд, ихэс дээдэс маань хүндэлж хийморио сэргээж тахиж явсан газар нутгууд их чухал гээд бодох юм их бий.
-Та Үндэстэн сийрэгжлээ гэж ярьдаг. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Хоёр талтай. Нэг нь бид дотооддоо олон нам, фракцад хуваагдаад өсч дэвжих, нэг үзэл санаанд нэгдэж чадахгүй байгаа нь сийрэгжихийн гол шалтгаан. Энэ нь олон ургальч үзэл, хувь хүний бодлыг үгүйсгэж байгаа хэрэг биш. Ямар ч байсан Монгол үндэстнийхээ хувьд үндэстний нягтаршлын талаар нэг олсноос атгаж, дээшээ авирахгүй бол хэцүү. Хоёр дахь нь ерөөс бүхэл үндэстний тухайд асуудал бий. Би буруу бодож байж ч магадгүй. XXI зуун руу өнгийхөд үндэстнийхээ байршлын хувьд монголчууд хамгийн эмгэнэлтэй байдалд байгаа байж магадгүй гэж би боддог. Үндэстнийхээ хувьд. Яагаад гэвэл, XX зуунд хоёр Герман улс гэж байсан. Баруун Герман, Зүүн Герман. 1990-ээд оны үед нийлээд Герман гэж улс бий болсон. Одоо бараг дайны ирмэг дээр байгаа Хойд, Өмнөд Солонгос байна. Хоёулаа л Солонгос. Хэзээ ч нийлэхгүй гэж тангараг тасарсан улс биш. Энэ хоёр нийлэх үгүй нь тэр хоёроос онцгой хамааралтай ч зүйл биш. Дэлхийн том бодлогоос хамаарна. Хятад, Орос, Америк, Япон гээд томчуудын тоглодог тоглоом. Тэгэхээр томчуудын тоглоом өөрчлөгдвөл энэ хоёр нэгдээд Солонгос улс болно. Гэтэл монгол үндэстэн болохоор Өвөрмонгол, Тува, Халимаг монгол гээд олон монгол байна. Гэвч дэлхий хамгийн том хоёр гүрнийх болчихсон байгаа юм. Нийт монголчуудын хагасаас илүү хувь нь. Тэгэхээр нийлэх тухай асуудал бол хэзээ ч үгүй болчихсон юм шиг харагдаад байгаа биз. Харин тэд нар монгол хүн юм чинь монгол хүн шигээ л байхыг бодно ш дээ. Бид нар ийм байдалтай XXI зуунд орж ирсэн. Ингэж хоёр гурван гүрэнд хуваагдаж сийрэгжсэн. Нөгөө талаас, манай үндэстэн тийм ч олон тооны биш. Их сайн ярьвал өөрийгөө монгол гэж үздэг 60 сая хүн бий гэж судлаачид тооцоо гаргасан байдаг. Эдгээрийн ихэнх нь монголоор ярьж ч чадахгүй хүмүүс бий. 1990 оноос хүн бүр гадаад паспорттой болсон. Үнэн чанартаа маш хүчтэй гадагшаа гарсан. Хоёр чиглэлээр. Зарим нь амьдрал хайж гарсан. Харин зарим хэсэг нь дэлхийн хүн шиг амьдаръя гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, мундаг оюунлаг чадалтай хүмүүс Монголд хөдөлмөрлөөд дэлхийн хүн шиг амьдарч чадахгүй байна. Тиймээс гаднын томоохон компанид ажиллаж, дэлхийн хүн болъё гэсэн ийм хоёр чиглэлээр Монголоос гарсан байгаа юм. Сирид дайн болоод хүмүүс хэдэн саяараа дүрвэж байна гэдэг. 1990 оны үеийнхийг тэгэж нэрлэхгүй ч гэлээ дүрвэлттэй төстэй явдал гэж би бодох юм. Манайхан нэлээд зөөлнөөр Солонгост ажиллагсад, гадаадад байгаа монголчууд гэж ярьдаг. Монгол Улсын үндсэн хүн ам гурван сая. Түүнээс нэлээд нь гараад явчихсан байгаа нөхцөлд үнэхээр сийрэг байгаа биз. Энийг бас сийрэгжилт гэж үзэж болно. Бас соёлын сийрэгжилт ч байна. Монголоос гарч явсан хүмүүсийн хүүхдүүдэд хэл, соёлын уламжлал алдагдаж байна. Монгол хүн гэж бодоод байдаг, гэтэл хэл, соёл байхгүй бол ямар юмных нь монгол байхав дээ. Үндэстэн чинь өөрөө соёлыг тээгч байх ёстой. Энэ бол миний бодол. 
-Тэгвэл яаж нягтруулах ёстой юм бэ?
-Хоёр асуудал байна. Нэгдүгээрт, Монгол Улс хүчирхэгжих ёстой. Хүчирхэг болсон цагт урсгал хүссэн, хүсээгүй наашаа эргэнэ. Одоо бол худалдаа, хэрэглээний барааны чиглэлээр бид Өвөрмонгол, Буриадаас өмнө яваа. Эдний хүмүүс Улаанбаатарт ирж өргөн хэрэглээний эд бараа авч байна. Энэ бол нэг л тал нь. Нөгөөх нь шинжлэх ухаан, оюун санаа нь маш хүчтэй болох ёстой. Өөрөөр хэлбэл, Өвөрмонгол хүн Монголд очиж эмчилгээ хийлгэх тухай хүсдэг байх ёстой. Гайхамшигтай эрдэмтэй залуус Монголд л их сургуульд сурах юмсан гэдэг нь тэдний мөрөөдөл болох ёстой. Ингэсэн цагт тэр урсгалын голдирол эргэнэ. Энэ бол тийм ч амархан бүтэхгүй л дээ. Хятад улс маш эрчимтэй хөгжиж байна. Орос бол Уралын нуруунаас Номхон далай хүртэл нүүрс, хий, ашигт малтмал нь тэр чигээрээ байж байна. Тэр том хүчтэй орон бар шиг юм л босоод ирнэ шүү  дээ. Тэгэхэд бид энд муур шиг юм сууж байж болохгүй л дээ (инээв). Тэгэхээр хүчирхэгжилт хол байгаа ч тэр зүгтээ харж л байх ёстой. Тэгэхээр миний олон дахин хэлээд байгаа үг бий. Монголд байгаа монгол хүн гадаадад байгаа монголчуудаас гурав дахин их ачааг үүрэх ёстой шүү гэж. Тэднээс гурав дахин их оюун чадалтай, соёлоо тээгч байх ёстой. 
Тэгвэл одоо бид юу хийх ёстой вэ гэхээр дөрвөн зүйл бий. Эн тэргүүнд монголчууд өөрийгөө монгол гэж боддог хүмүүст монголоор ярьдаг байхад нь туслах хэрэгтэй. Хоёрдугаарт, бид дуу хөгжмийг нэг их чухал биш гэж үзээд байна. Гэхдээ энэ бол маш чухал зүйл. Яаж дэлхий дээр байгаа монголчууд нэг дуу дуулах вэ гэдэг асуудал байна. Жишээлбэл, “Ээжийн бор аяга”-ыг Юнаний монголчууд дуулах ёстой гэдэг асуудлыг яриад байна ш дээ. Заавал төрийн дуулал биш. Нэг онигоо шиг зүйл сонссон юм. Хоёр өвөрмонгол хуриманд уригджээ. Нэг нь дуулдаггүй. Нөгөө нь дуулахаар болсон байгаа юм. Тэгээд нэг нь “Чи ямар дуулж чадах биш. Би дуулна. Хэрвээ үгээ мартчихвал чи доош нь хэлж өгөөрэй” гэж л дээ. Монгол бичиг доошоо бичигддэг учраас доошоо гэж байгаа юм. Тэгээд нөгөө нөхөр халх дуу дуулна гээд “Элэг зүрхнээс уяатай” гээд л таг болчихоод нөгөөдөхөөсөө “Доошоо юу билээ” гэтэл “Бөөр л байдаг биз дээ” гэсэн байгаа юм. Үүнийг сонсоод би их инээсэн. Инээчихээд бодсон л доо. Энэ онигоог өвөрмонголчууд өөрсдөө зохиосон байж магадгүй. Энэ бол их эмгэнэлтэй инээд. Өвөрмонголчууд “Бид яруу сайхны сэтгэлгээгээ гээжээ” гэж өөрсдийгөө шүүмжилж байна. Нөгөөтэйгүүр их айхтар мөр бий шүү дээ. “Энхрий Монгол нутаг минь” гэж. Тэрнийг дуулахгүй зогсоохоос өөр аргагүй гэсэн санаа битүүдээ байгаа юм. Дуу хөгжим бол ийм агуу зүйл. Нэг хэлээр ярьж, нэг дуу дуулна. Гуравдугаарт, нэг янзын бөх барилддаг баймаар. Их чухал. Одоохондоо бөх муугаар хэлэгддэг болоод байна. Гэхдээ бөх бол гайхамшигтай зүйл. Хуучин цагийн бөх бол монгол хүний ёс дэг, эр хүн байхын үлгэр жишээ, төр улсын нүүр царай болж байж. Бөх хүн гэдэг бяртай нэг мангар биш л дээ. Үндэстний оюун санааны хөтөч нь юм. Миний санаачилгын нэг нь болж “Монгол туургатны бөхийн барилдаан” гэж таван удаа хийсэн. Улаанбаатар, Шилийн гол, Буриад, Тува дахиад Улаанбаатарт гээд таван удаа хийсэн. Туургатан болгоны бөх барилдах онцлогийг үзүүлээд яг барилдаан эхлэхэд  халх гэх манай үндэсний барилдаанаар тэмцээнээ хийдэг. Анхны барилдааны үеэр хоёрын даваанд билүү дээ нэг өвөрмонгол нөхөр халх бөхөд уначихаад уйлаад байна. Би ирэхээр нь юунд уйлаад байгааг нь асуухад “Бид 400 жил нийлж барилдаагүй байна ш дээ” гэж хариулсан. Тэгэхээр тэр хүний хувьд яснаас нь нэг зүйл босоод ирсэн байгаа биз. Дөрөвдүгээрт, үндэсний хувцас нь ойролцоо байх хэрэгтэй. Одоохондоо бид энэ дөрвийн төлөө явах ёстой. 

-Соёлын нөлөө жин их дарах юм байна. Энэ бол мэдээж хэрэг чухал ач холбогдолтой салбар. Төрөөс соёлын салбарт баримталж байгаа бодлогыг та хэрхэн үнэлдэг вэ?
-Н.Алтанхуягийн Засгийн газар соёлын яамыг байгуулж үзсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын яам гээд. Тэр бол уул санаа нь их зөв. Ийм яам хэрэгтэй. 2020 юм уу, 2024 оны сонгуулийн дараа сайн бэлтгэж байгаад соёлын яамыг байгуулах хэрэгтэй гэж бодож байна.
-Яагаад энэ сонгуулийн дараа биш гэж?
-Одоо бол байгуулаад хэрэггүй. Яагаад гэвэл энэ гурван салбар гурвуулаа өөрийгөө тэжээх боломж муутай. Ямар ч эдийн бааз суурь байхгүй. Дэлхийд медаль авсан хэдэн тамирчин, дэлхийн хэдэн тэмцээнд түрүүлсэн дуучид. Аялал жуулчлал гэхэд л Улаанбаатараас гараад Хархорин ороход бие засах боловсон орчин бий билүү. 380 км газар. Ямар аялал жуулчлал байна тэгэхээр. Юу ч хийгээгүй биш, бид юм хийж байгаа. Гэхдээ өөрийгөө аваад явчих эдийн  засгийн чадавхи байхгүй тул том юмны өвөрт багтахаас аргагүй. Их том утгаар нь аваад үзвэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам бол ерөөсөө л соёлын яам. Боловсрол бол соёлын асуудал. Шинжлэх ухаан бол соёлын ололтын асуудал. Соёл гэдгийг дуулж хуурдах, музейн үзмэр гэж явцуу ойлгоод байна. Театр, чуулга, номын сан гээд байгууллагуудыг соёл гээд. Хүний гараар бүтсэн оюун ухаан шингэсэн зүйлс бүхэн соёл. Одоохондоо манайд эдийн засгийн тамир хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ сайн бодоод соёл руугаа жаахан юм шидэхгүй бол хэзээ ч нөхөшгүйгээр гарз хохирол учрахад бэлэн байгаа салбар соёлын хүрээнд бий. 
-Тэр нь юу юм бэ?
-Хамгийн энгийн жишээ нь музейн үзмэрүүдийн цаасан, даавуу, арьс ширэн эдлэлүүдийг хадгалахад олон улсын жишигт нийцсэн горим огт байхгүй. Музейн зай танхим бага учраас ихэнх нь фондод байдаг. Энд нэг зүйл хэлэхэд, нүүдлийн соёлын нэг өвөрмөц шинж нь үндэстний түүх соёлын зүйлийг цуглуулж, хадгалах туршлага нь өөр юм. Жишээлбэл, би гучин үеийн өмнөх баатрын удам гэж бодоход гучин үеийнхээ сэлмийг хадгална гэж үзвэл авдар сэлэм болно. Тэгээд эмээл, хазаар, бамбай гэвэл бараг дөрвөн тэмээ юм болно биз дээ. Тэрийг чинь энэ олон зуунд тэмээнд ачаад нүүгээд авч явдаггүй юм байна. Байшин байхгүй учир музей хийж хадгалдаггүй юм байна. Тэгээд яахав гэхээр газар луу хийчихдэг. Мөн ёс заншил бий болгодог. Энэ жанжин нас барвал ийм ийм юмтай, зарц, морьтой нь хамт оршуулна гээд газарт булчихдаг. Тэгэхээр манай хамаг юм нь газар доор байна гэсэн үг. Гаргаж ирсэн жаахан юмаа хил давуулж алдчих гээд. Тэгэхээр бид хамаг үзмэрээ газар доор байна гэдгийг ухаараад саалиа бэлдэхээр саваа бэлдэх хэрэгтэй. Дэлхийн жишигт нийцсэн музейтэй болох шаардлагатай байна. Ингэж ирээдүйгээ хуучинтайгаа зэрэгцүүлж харах ёстой. Тэгэхгүйгээр одоо байгаагаа цуглуулаад сайхан музейтэй болно гэвэл юу ч бүтэхгүй. Соёлын асуудалд бол үнэндээ улсын чадал чинээ хүрэхгүй байгаа тал ч бий, ухаан хүрэхгүй байгаа тал ч бий. Улс төржлөө гэж магадгүй. Ер нь энэ Ерөнхийлөгчийн институц гэж байна ш дээ. Үүнийг л соёлын зүгт хандуулмаар байгаа юм. Ерөнхийлөгч хууль болохгүй байна, сайд болохгүй байна, утаа болохгүй байна гэж ярих нь ч ярилгүй яахав. Гэхдээ соёлын том асуудал руу хүчтэй ормоор байгаа юм л даа. Манай Ерөнхийлөгчийг уул овоо тахиад юугаа хийгээд яваа юм гэдэг хүмүүс бий. Гэтэл Ерөнхийлөгч бол хийх ёстой ажлаа хийж яваа шүү дээ. Харин манайхан Ерөнхийлөгчийг багийн дарга шиг байлгах гээд байх юм. Өвс өгсөнгүй Ерөнхийлөгч өө ч гэх шиг. Тийм алба биш л дээ. Тэрийг мэддэг хүн биш байхгүй юу. УИХ хуулиа батлаад, хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй. Засгийн газар мөнгөө олоод, үрээд тайлагнах үүрэгтэй. Шүүх нь хууль зөрчсөнийг шийтгэх үүрэгтэй. Тэгэхээр Ерөнхийлөгчид юу үлдэх юм. Иймээс үндэстнээ үндэстнийх нь хувьд  яаж авч явах, хоёр том хөрштэйгөө яаж аятайхан зэрэгцэн орших тухай асуудал чухал юм шиг санагддаг. Хэл, соёлын дархлаа, иргэний үндэстний боловсрол, өв уламжлал гэх мэт оршин тогтнохтой холбоотой том асуудлууд байна ш дээ. Ерөнхий сайд зав алга, энэ чинь хэцүү ажилтай. УИХ-ын дарга чинь тэнд хууль нь болж байна уу, татвар яах вэ гээд замбараагүй ажилтай байна ш дээ, эд нар чинь.
-Та Ерөнхийлөгч хийх юмаа хийж байна гэлээ. Тэгвэл бусад нь хэр үүргээ биелүүлж чадаж байна вэ?
-Сонгууль дөхсөн энэ үед тэр үүргээ ийм гүйцэтгэлээ, тийм гүйцэтгэлээ гэж хэлэхэд хэн нэгэн хүнд гэрэлтэй, хэн нэгэнд нь сүүдэртэй болж очно. Үндсэн хуулиа өөрчилж чадсангүй, Сонгуулийн хуульд нэг их өөрчлөлт орсонгүй. Улс төрийн намуудын хууль ч тэр. Хууль дүрмүүд өмнөх хэвээрээ байх нь. Одоо засаг төрөөс гарч буй шийдвэр бол нэг их ирээдүй алсыг харсан гэхээс илүүтэй сонгуульд ямар байх бол гэдгээ нэлээд харж явах болов уу гэж тааварлаж байна. Иргэн бид нэг юмыг бодмоор байгаа юм. Тэр нь МАН-ынхан АН-ыг тийм их мөнгийг авч идсэн, ингэсэн тэгсэн гээд ярьчихаар бид нээрээ АН идээд уучихсан юм байна, зайлуулах хэрэгтэй гээд бодчих ч юм уу, эсвэл АН-ынхан хөгжлийн тухай асуудал ярихаар  МАН эсэргүүцээд суучихдаг гэнгүүт МАН ерөөсөө хоцрогдсон нам гээд бодчих ч юм уу. Ингэж тоймгүй юманд гуйвж болмооргүй. Өөрөө мэдрэхийг хичээх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр аль нэг намын хэлж байгаагаар нөгөө намыг дүгнэх явдал бол тун гэмтэй. Үүнийг л би хэлмээр байна. Сонгуульд ийм юм нөлөөлчих юм бол бид дараагийн дөрвөн жил их зовно. Өөрөө эх орныхоо хувь заяанд оролцогч байхын тулд өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтийг хийхгүй бол бусдын үгээр явбал болохгүй л юм болно. Ер нь гаргасан хууль тогтоомжоо газар бүр ягштал барихгүй л бол бүтэхгүй гэсэн үг. Иргэнээсээ авахуулаад УИХ хүртэл ийм байж чадаж байна уу. Тэрнээс биш засаглал хямарчихлаа гэдэг ч юм уу, Үндсэн хууль хямарчихлаа гэдэгтэй би санал нийлдэггүй юм. Үнэн чанартаа УИХ-ынхны хийх юмыг УИХ, Засгийн газрын хийх юмыг Засгийн газар, Ерөнхийлөгчийн хийх юмыг Ерөнхийлөгч, шүүхийн хийх зүйлийг шүүх нь хийгэ

2016.02.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Монголоо аваръя хөдөлгөөний зохицуулагчийг баривчлав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Асашёорюү Д.Дагвадорж Улаанбурхан өвчний эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Түймрийн аюултай саруудад бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

И.Дорж: Болц нь гүйцээгүй самар өвчин тараах нөхцөл болдог

...

Дэлгэрэнгүй » 2015.08.11

Иргэдийн ухамсаргүй байдлаас болж Өгий нуурын эко систем алдагдаж байгааг онцлов

...

Дэлгэрэнгүй » 2017.05.19

Ц.Монгол: Иргэний хуулийн өөрчлөлт Үндсэн хууль хийгээд Монгол Улсад тогтсон практик туршлага, зан заншилд харшилж байсан юм

...

Дэлгэрэнгүй » 2016.06.07

Ж.Мөнхжаргал: Вьетнамаас ажиллах хүч авах тухай яриа хэлэлцээр хийгдээгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29

“Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Америкийн банкууд Монголын банкуудыг хавчиж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.19

Ой хээрийн түймрийн 96 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг

...

Дэлгэрэнгүй » 2017.03.24