П.БҮРЭНТӨГС: Ц.Нямдорж гишүүн намайг сүмоч болгох гэж их зүтгэсэн


Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, "Гацуурт" групп, “ДЦС-4” компанийн бөх улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгстэй ярилцлаа.

-Арслан тарган тавтай өвөлжиж байна уу? 
-Сайхан өвөлжиж байна аа.
-Төрж өссөн нутаг, аав ээжийн тань талаар ярилцлагаа эхлүүлье? 
-Би 1988 оны луу жилд Увс аймгийн Давст суманд төрсөн. Аав маань 1992 онд улсын аварга малчин болсон буурал бий. Нутаг усныхан маань өндөр Пүрэвээ л гэдэг юм. Залуудаа их өндөр хүн байсан, хороо цэргийн хамгийн эхэнд зогсдог байсан гэдэг. Ээж минь намайг хэвлийдээ 11 сар тээж төрүүлсэн гэнэ лээ. Намайг гэдсэнд байхад сумын эмч нар ээжид “Танаас ихэр хүүхэд төрнө өө” гэж хэлж л дээ. Аав ээж хоёр ч ихэр хүүхэдтэй болно гээд итгэчихэж. Илүү тээлттэй, төрөхгүй удаад байхаар аймгаас эмч дуудаж байж төрүүлсэн байгаа юм. Ихэр хүүхэдтэй болно гээд итгэчихсэн байсан ээж маань эмчээс нөгөө хүүхдээ нэхнэ биз дээ. Амаржсаныхаа дараа “Та ихэр хүүхэд төрнө гээд байсан даа” гэж асуухад эмч “Ихрийн дайтай хүү төрсөн байна” гэж байсан гэсэн. 
-Илүү тээлттэй, ихрийн дайтай хүүхэд гэхээр нэлээд том хүү гарч дээ. Хэдэн килограмм төрж байв?
-Би чинь 5.4 кг гарсан шүү дээ. Эмчийн тэгж хэлэх нь ч аргагүй юм. Би дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, айлын отгон хүү. Ухаан орох цагаасаа л ахтайгаа ноцолдож өссөн. Ах маань надад бэлтгэл сургуулилт зааж, хашаа тойруулж гүйлгэдэг байлаа. Ах маань бие бялдрын хөгжил сайтай, бөх болох л хүн байсан юм. Одоо нутагтаа мал маллаад амар жимэр сууж байгаа. 
-Малчин удмын хүү, гэр бүлийнхнээ дагаад мал дээр гаралгүй бөхийн зам мөр хөөхөд юу илүү хөтөлсөн бэ? 
-Манайх хилийн заставаас холгүй аж төрдөг байв.Манай заставт Тэс сумын харьяат, аймгийн арслан Баян-Очир гэж ханагар биетэй, ахлагч цолтой хүн ажиллаж байлаа. Би бага байсан, гэхдээ л тэр ах нутгийн зон олонд маань “Бүрэнтөгс л бөх болж, нутаг усныхаа нэрийг гаргана даа” гэдэг байсныг санаж байна. Үүнийг нь сонсоод урам орно гэж жигтэйхэн. Баян-Очир ах шиг бөх болно гэдэг одоо санаж байгаа миний хамгийн анхны мөрөөдөл байсан. Дунд сургуульд ороод ч бөх болох мөрөөдлөө гээгээгүй, харин ч улам ул суурьтай бодож эхэлсэн. Завсарлагааны 15 минут гэдэг бол миний бөхийн бэлтгэл хийх асар үнэтэй хугацаа байлаа. Барилдахсан гээд л хонх дуугарахыг хүлээнэ шүү дээ. Хэдэн он билээ дээ. Нутгийнхан маань улсын арслан М.Мөнгөн ахын хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн юм. Би М.Мөнгөн ахыг суманд ирэхээс явах хүртэл нь дагаж явсан. Арсланд дөхөж суугаад хулгар чихийг нь хараад л, гайхаад л. Баян-Очир ах бас хулгар чихтэй, Мөнгөн арслан бас хулгар. Хулгар л болбол бөх болох юм байна, ерөөсөө л хулгар чихтэй болъё гэж бодож байсан. Бөх болох мөрөөдлөө л улам лавшруулж байгаа хэрэг байсан байх даа.

-Мөрөөдөл ч яахав биежээд л байж. Яг бөх болохоор дугуйлан секц рүү алхан орсон нь хэдэн он бэ?
-Хөдөө бол цаг наргүй мал хариулж, бэлтгэл сургуулилт хийх боломж гарахгүй. Гэтэл бөх болох бөөн хүсэл байдаг. Тэгээд 2001 онд Давстаас Улаангомын хоёрдугаар 10 жил рүү шилжив ээ. Бөх болох хүсэл тэмүүллээ яагаад ч дарж чадалгүй аав, ээжээсээ зугатааж байгаа нь тэр. Удалгүй Ш.Бат-Очир багшийн бөхийн дугуйланд анх бүртгүүлсэн юм. Багш маань нутагтаа бол алдартай. Багшийн дугуйлангаас улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Д.Энхбаяр, аймгийн арслан Т.Оргилболд гээд олон бөх төрсөн. Дугуйланд яваад бөхийн дөр нэлээд суусан. Аймгийн цол, улсын цол бодогдоод эхэлсэн. 2008 онд Увс аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн. Аймгийн начин цолтой аймгуудын баяр наадамд 5-6 удаа барилдсан ч цолоо ахиулж чадалгүй хоёр жил болсон. 
-Сумод явах гэж бэлтгэж байсан талаар сонссон юм байна?
-Монголчууд сумог их сонирхон үздэг байсан үе. Д.Дагвадорж аварга ид мандаж явсан тэр үед шүү дээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ах намайг сүмоч болох гэж хоёр жил хөөцөлдсөн. Нутгийн улсын цолтой ах нар намайг үндэсний бөхөөрөө барилдахыг зөвлөж, би эндээ үлдсэн. Уг нь сүмод хүчээ сорих бодол бол байсан юм. Бас чөлөөт, жүдогоор ч жаахан барилдлаа. Үндэсний бөхийн барилдаанд нэмэр болох болов уу гээд чөлөөт бөхөөр хичээллэж үзсэн ч жин огцом нэмэгдээд орхисон. Чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж үзсэн. Тэгээд жүдогоор хичээллэсэн ч тууштай яваагүй ээ. 
-2008 онд дархан аварга А.Сүхбатад шавь орсон байх аа?
-Тэр жилийн нэгдүгээр сард “Олимп” сургууль байгуулагдаж байсан юм. Тэнд хоёр жил бэлтгэл сургуулилт хийсэн дээ. Харцага Ө.Даваабаатар, начин Д.Энхбаяр, Бо.Батжаргал, Ш.Шинэбаяр бидний хэдэн залуу ид үзэж байлаа. Өнгөрсөн жил нэг дэвжээнд бэлтгэл сургуулилт хийж байсан бөхчүүдээс Б.Номин дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Бо.Батжаргал, Д.Энхбаяр, Ш.Шинэбаяр нар улсын цолонд хүрсэн сайхан он байлаа. 
-Аймгийн арслан болохдоо Баян-Өлгийд түрүүлсэн билүү?
-Тийм ээ. Тэр жил Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадам болж байлаа. 
-Аймгийн арслангаас улсын арслан цолонд хүрсэн 2012 он бол таны хувьд мартагдашгүй он жил байх. Тэр амжилтанд хүрэхэд юу нөлөөлсөн бэ. Бэлтгэл сургуулилтаа яаж хийж байсан бэ?
-Би улсын баяр наадамд бол 2009 оноос эхлэн барилдсан. 2012 гэхэд бас ч гэж хэдэн жилд улсад барилдаад үзчихсэн, улсын цол санаанд багтаад л байж байсан он жилүүд. Гэтэл наадмын дөрвийн даваанд өнгөрсөн жилийн түрүү бөх С.Мөнхбат аваргатай оноолтоор таарсан. Шийдсэн мэхээ хийгээд л зоригтой барилдсан, давсан, урам орсон. Одоо бодохнээ тэр жилийн тавдугаар сард О.Балжинням аварга намайг Японд хоёр долоо хоног жүдогийн олон улсын бэлтгэлд хамруулсан нь их туршлага болсон байх. Дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хийхэд мориор бол багтраа нь арилж байгаа юм л даа. Тэр жилийн наадамд олон юм бодолгүй өмнөх даваагаа харж барилдсан маань л оносон. 
-Аав ээж тань баярласан гэж жигтэйхэн биз?
-Намайг барилдахаар манай хоёр догдлоод харж чаддаггүй гэнэ билээ. Дөрвийн даваанд С.Мөнхбат аваргатай оноолт таарахад аав маань “Яасан азгүй юм бэ. Энэ жил цол хүртэх нь өнгөрлөө” гэсэн юм бодоод хониндоо мордсон гэдэг. Тэгээд ах намайг давах бүрт аавд утсаар мэдээ дамжуулж байсан гэсэн. Би аавтайгаа 12-ны шөнийн 01:00 цагт утсаар ярихад сэтгэл нь нэлээд хөдөлчихсөн байсан даа. 
-Жүдочидтой бэлтгэл хийчихсэн, бэлтгэл ханачихсан залуу ямар цол төсөөлж байсан бэ. Улсын начин бол санаанд байсан биз дээ. Харин түрүүлэх тухай бодож байв уу?
-Түрүүлнэ гэж огт төсөөлөөгүй ээ, үнэн ээ л хэлье. Улсын начингаас дээш цолонд хүрчих бодол яагаад ч юм сэтгэлд бууж байсан. Галын бөхчүүд, багш нар урдах даваагаа харж барилд гэж захиж, би тэр дагуу барилдсан даа. Нэг сонин юм хэлэхэд, намайг улсын начны болзол хангаад ирэхэд улсын харцага А.Бямбажав, аймгийн арслан Бямбаа хоёр миний хажууд байсан. Тэд намайг цол хүртээд ирэхэд огт баярласан шинжгүй зогсч байв. Тэгэхээр нь би гайхна биз дээ. “Яасан сонин юм бэ. Хүн цол хүртээд ирж байхад баяр хүргэж үнсдэггүй” гэсэн шүү юм бодов. Тэгсэн сүүлд сонсохнээ ах нар, “Бүрэнтөгст баяр хүргэж, догдлуулж болохгүй шүү” гэцгээсэн юм билээ. Улсын баяр наадмын дээгүүр даваанд барилдаж үзсэн мундаг хүмүүс чинь хүний сэтгэл зүйг хэрхэн тогтоохоо мэддэг юм билээ. 
-Тэр жилийн наадмаар өнгөрсөн жилийнх нь түрүү, үзүүрт шалгарсан хоёр аваргыг өвдөг шороодуулсан. Тэдэнтэй таарна гэж бодож байв уу?
-Тухайн жилийн баяр наадмын дөрвийн давааны оноолтод улсын аварга Г.Эрхэмбаяр (тухайн үед арслан цолтой байв), гарьд М.Баяржавхлан хоёрын аль нэгтэй нь таарна гэж бодож, бэлтгэл сургуулилтаа ч тэгж хангасан. Тэгсэн С.Мөнхбат аваргатай таардаг байгаа. Гэсэн ч долоогийн даваанд гарьд М.Баяржавхлантай, наймын даваанд аварга Г.Эрхэмбаярт амлуулсан л даа. Тэдэнд бэлтгэсэн мэх маань дээгүүр даваанд их хэрэг болсон. 
-Түрүү, үзүүрт гараад ирэхэд нутгийн бөхчүүд таныг тойроод зогсчихсон, зөвлөгөө өгч харагдсан?
-Дархан аварга Х.Баянмөнх, аварга О.Балжинням, арслан Б.Ганбат гээд улсын баяр наадмын түрүү бөхчүүд үнэтэй сургаалиа хайрласан. Би хэрэв дээлээ өмсөөд ганцаараа явсан бол өдийд энэ зэргийн амжилт үзүүлэхгүй байх байсан. Олон хүний дэмжлэг, буян гэдэг чинь хүнд шингэдэг юм байна. Х.Баянмөнх аварга маань Төв цэнгэлдэх хүрээлэнд ороод ирэхэд аав гэрт ирсэн юм шиг нөмөр нөөлөгтэй сайхан байдаг юм. Бидний эцэг шиг сайхан хүн. 
-Б.Ганбат арслан танд нэлээд зөвлөж харагдсан л даа?
-Их сонин. Ганбаа ахын малгай дээрх арслан цолын тэмдэг л нүдэнд харагдаад, авчих юм шиг л бодогдож байсан. Ах бол өөрийнхөөрөө явж барилдаарай гэж захисан. Би яг тэр дагуу барилдсан. 
-Улсын баяр наадамд түрүүлчихээд гэртээ очиход ямархуу уур амьсгал тань угтсан бэ?
-Манай гэрт үү...(бодлогошров) Нэлээд юм болсон. Надтай хамт олон хүн явж байсан болохоор гэрт багтахгүй, зарим нь орцонд зогсч байлаа. Хажуу айлаасаа аяга, таваг, сандал ширээ зөөгөөд л, энд тэндээс хоол авчраад л.  Манайхан нэлээд сандралдсаан. Маргааш нь уяач Б.Далай ахын уяан дээр очоод цайлж байхдаа түрүүлсэн барилдааныхааа бичлэгийг телевизээр анх удаа харсан. Их огшсон. Орой нь гэртээ очоод эхнэртэйгээ хамт бас бичлэг үзэж байгаа юм. Нэг л итгэж өгөхгүй мөртлөө үгээр хэлэмгүй их аз жаргалыг тэгэхэд мэдэрсэн.   
-“Увс нуур” дэвжээний бөхчүүдээс ярилцлага авбал заавал асууна даа гэж бодож явсан асуулт байна. Увсын бөхчүүд сүүлийн жилүүдэд өндөр амжилт гаргаж байгаагийн нууц нь юу юм бэ?
-“Увс нуур” дэвжээний тэргүүн болоод зохион байгуулалттай ажилладагтай холбоотой гэж хэлье. Манай “Увс нуур” галын тэргүүн Хууль зүйн сайд Д.Дорлигжав ах бөхийн спортод их элэгтэй хүн. 
-Уучлаарай, нэгэнт бөхийн галын тухай ярьсан болохоор нэг асуулт асуухгүй өнгөрч болохгүй нь. Эцсийн цэгийг та хатгах учраас асууж байгаа юм шүү. Таныг улсын баяр наадамд түрүүлсний дараа 1.7 тэрбум төгрөг өгч түрүүлсэн гэсэн мэдээлэл сошиалаар гарч байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ бол огт үндэслэлгүй худал мэдээлэл. Би малчин айлын хүүхэд. Тэр их мөнгө надад байхгүй. Галын тэргүүн Д.Дорлигжав ах бидэнд хэлэхдээ “Та нарын бэлтгэл сургуулилт хийх бүх зардлыг гаргана. Цолонд хүрэхдээ үнэн хүчээрээ хүрээрэй” гэж захидаг. Манай галд бол дасгалжуулагч, эмч, массажист, сэтгэл зүйч хүртэл ажилладаг. Байр, хоол гээд дутагдах юм алга. Нутгийн ах нар биднийг сэтгэл санаагаар их дэмжиж тусалдаг. Тэгээд зунаас бусад үед Улаанбаатарт тогтмол бэлтгэл сургуулилт хийх танхимтай болсноор бидний амжилт өсч байгаа. Б.Гантогтох гарьд бидний бэлтгэл сургуулилтыг хангадаг байгаад энэ жилээс Б.Ганбат арслан “Увс нуур” дэвжээний ерөнхий дасгалжуулагч болсон. 
-Ийм гүтгэлгийн яриа эргэж битгий гараасай гэсэндээ асуусан юм шүү, уучлаарай.
-Зүгээр ээ, ойлгож байна. Харин ч үүнийг асуусанд баярлаж байна.
-Арслан цол хүртсэнээсээ хойш анх удаа өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн байх аа?
-2015 онд миний бэлтгэл сургуулилт онцгой сайн байсан л даа. Урьд жил нь хүнд бэртсэн болохоор хүчээ шавхаж барилддаггүй байлаа. Өнгөрсөн наадмаар бэртэл бүрэн эдгэрэлгүй байгаад гарсан. Бэртэлтэй үед жин их хасагдаж, сэтгэл санаа ч тэр хэрээр уначихдаг юм байна. Уг нь өнгөрсөн жил төрөлх нутаг Увс аймаг, Давст сумын түүхт тэгш ойн баяр наадам тохисон их онцлогтой он байсан. Түрүү, үзүүрт Э.Оюунболд арслантай барилдахад бага зэрэг биеэ барьсан тал бий. Бэртэл гэмтэлтэй байгаад улсын баяр наадамд хоёр жил доогуур даваанд унасан. Гэхдээ харамсах юм алга. Нас залуу байна, намайг олон наадам хүлээж байгаа. Сайхан үзье л гэж бодож байна. 
-Давст сумынхаа 90 жилийн баяр наадамд барилдсан уу?
-Барилдсаан, түрүүлсэн. 2005 онд сумын маань 80 жилийн ойн баяр наадам болоход би өсвөрийн барилдаанд шөвгөрч байсан. Арван жилийн дараа улсын арслан болчихоод түрүүллээ.
-Та дархан аварга Х.Баянмөнхийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн шагналаа “Хавдрын эсрэг аян”-д хандивлахад олон хүн ам сайтай байна билээ. Бусад бөхдээ үлгэр дууриал болсон л доо?
-Ээж маань өнгөрсөн жилийн хавар хавдраар өвдсөн юм. Тэгээд энэ аяны хүрээнд алтан гартай эмч нарын хүчинд эдгэрсэн л дээ. Тэр үед энэ аян ямар их ач тустай зүйл болохыг мэдэрсэн. 
-Таны мэргэжлийн талаар сонирхож асуумаар байна?
-“Шонхор-Олимп” дээд сургуулийг багш, дасгалжуулагч, “Сан” дээд сургуулийг нягтлан бодох мэргэжлээр сурч төгссөн. Одоо магистрт сурч байгаа. Эхнэр маань гэртээ хоёр хүүхдээ асарч, миний ар талыг маш сайн авч яваа хүн дээ. Энэ дашрамд надад тусалж дэмждэг “Гацуурт” групп, “Дулааны цахилгаан станц-4”, Зэвсэгт хүчний энхийг сахиулах 350 анги, “Увс нуур” дэвжээ, “Сан” дээд сургуулийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Нийт монгол түмэндээ удахгүй болох сар шинийн мэнд хүргэе.

2016.01.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

”Улаанбаатар” олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцаарай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталж, мөнгө нэхдэг охинд ял оноолоо

...

Дэлгэрэнгүй » 2015.09.29

С.Төгс: Би гурав дахь амьдралаа зохиох гэж яарахгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

ОХУ-ын “Зенит Санктпетрбург” томчуудын эгнээнд багтах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

“ЗАЛУУ УДИРДАГЧ” тодруулах санал асуулга амжилттай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Р.Амаржаргал: УИХ-ын дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар "түүхий" байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Энэ шинэ жилээр "Сайн аав" МУСК үзэгчдийг байлдан дагууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.03

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Итали улстай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07