Тойргийн мандатыг хэнд ашигтай хуваарилах вэ


Д.ДАМДИНЖАВ

Улс төрийн хоёр том хүчний хооронд сонгогчдын саналыг хэрхэн татах вэ гэдэг өрсөлдөөнөөс илүү сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тактик, стратегийн төлөөх тулаан илт өрнөж байна. Хэн тоглоомын дүрмийг өөрт ашигтай зохиож чадсан нь 2016 оны сонгуульд давуу байдлыг олж авна. Өөрөөр хэлбэл, МАН болон АН-ын алинд нь ч сонгогчдын саналаар баталгаатай ялалт авах шаанс буюу итгэл найдвар алга. Тиймээс тэд илүү байрлал, илүү барьц бүрийн төлөө  тэмүүлж байх шиг. 
Үүний нэгээхэн жишээ нь хотын тойргийн мандатыг нэмэх тухай санаачилга. Ардчилсан намын ээлжит мэхний хувилбар гэж үзэх нэгэн байхад ард түмний төлөөллийг сонгох зарчмынхаа хувьд зайлшгүй зөв шийдэл гэж дүгнэх ч хүмүүс байна. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын саналаар бол тойргоос сонгогдох 48 мандатын 44 хувь буюу 21 мандатыг Улаанбаатарт хуваарилах ёстой. Энэхүү саналаа нийслэл хотын иргэдийн өмнөөс хүргүүлж байгаагаа зориуд дурдсан. Өөрөөр хэлбэл, ард олны хүсэл зориг, эрх ашиг цаана нь агуулагдаж байгаа гэсэн утгыг давхар ташлуулжээ. Сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуулийн тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Мөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа шударга ёсыг сахиж, тэгш эрхийг баримтлах үндсэн зарчмуудыг тус тус баримтлахаар хуульчилсан. Нийслэлийн хүн ам өссөн өнөө үед өмнөх байдлаар сонгуулийн тойргийг хуваарилвал зарим сонгогчийн эрх, ардчиллын төлөөллийн зарчим алдагдана гэж үзсэний үүднээс ийнхүү хотын мандатыг нэмэх санал оруулжээ. Нийслэлийн статистикийн газрын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод нэг сая 314 мянга 500 хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Гэтэл 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулж, мандат хуваарилахдаа нийслэл хотын сонгогчдын тоог үл харгалзан  хуваарилаж ирсэн байдаг. Өмнө нь тойргийн 48 мандатын 14 нь нийслэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогддог байсан. 
АН-ын тайлбарлаж буй өнцөг ийм. Тэгвэл үүнийг МАН эрс эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх хамгийн ноцтой үндэслэл нь хотын тойргуудад АН-ын рейтинг аль ч сонгуулийн үед өндөр байдагтай холбоотой. Гэвч эсэргүүцэх тайлбараа мэдээж өөрөөр хэлж буй. Юун түрүүнд хөдөө орон нутаг эзэнгүйдэж, эзгүйрэх аюулыг дагуулна гэдгийг онцолж, газар нутаг, засаг захиргааны нэгжийг нь үндэслэж мандатаа хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хуулиараа сонгуулийн тойргийг тогтоохдоо гурван хүчин зүйлийг баримтлах ёстой. Нэгдүгээрт хүн ам, хоёрдугаарт, засаг захиргааны нэгж, гуравдугаарт газар нутгийн хэмжээ. Гэтэл зөвхөн хүн амын тоонд тулгуурлаж орон нутгийн тойргийг багасгах нь учир дутагдалтай, хор хохиролтой гэж үзэж байна. Хэрэв ийм шийдвэр гаргавал Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ч сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. 
Энэ мэтээр хуулийн үндэслэлийг ч, нөхцөл байдлыг ч өөр өөрсдийн өнцгөөс харж тайлбарлаж, хаацайлан маргаж байна. Уг нь үүнийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцэслэн тогтоох учиртай. Шинэ батлагдсан Сонгуулийн тухай хуульд “Улсын их хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтооно” гэж заасан. 
“Монгол Улсын их хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох” тогтоолын төсөлд уг нь 2008, 2012 оны сонгуулийн жишгээр буюу 48 мандатын 14 нь хотоос, 34 нь орон нутгаас байх зарчмыг баримтлах саналыг тусгасан байсан. Гэвч АН-аас СЕХ-д "чиглэл" өгч, нийслэлийн мандатыг нэмж, орон нутгийн мандатыг цөөлөх заалтыг тогтоолын төсөлд тусгахаар болсон. 
Яг эсрэг саналыг АН тэртээ 2008 онд гаргаж байсныг санаж байна. Тэрхүү саналын үр дүнд ихэнх аймгууд нэг мандаттай нэг тойрогтой болж, нийслэл 5 мандаттай болох байлаа. Өөрөөр хэлбэл, хөдөөнөөс 26, хотоос 50 гишүүн сонгогдоно гэсэн үг. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас сонгогддог байсан. Одоо тэгвэл энэ тоог 27 болтол бууруулах саналыг АН гаргасан гэсэн үг.
Үүний тайлбар бэлэн байгаа гэнэ. Юу гэвэл, 2008 оны үед нийслэл 800 мянга орчим хүн амтай байсан бол одоогоор 1.314.000 гаруй болж өсчээ. Хүн амын тоо 500 гаруй мянгаар өсчихөөд байхад 2008 оны жишгээр төлөөллийн мандатыг хэвээр хадгалах нь нэг бодлын утгагүй. Энэ нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн 500 мянган хүний төлөөлөл одоогийн болоод 2016 онд бүрдэх УИХ дотор байхгүй байна гэсэн үг юм. Ардчилал бол төлөөллийн зарчмыг хэлдэг. Гэтэл хүн амын бага биш хэсэг нь өөрийн төлөөлөлгүй байгаа тухай сэдвийг АН гаргаж ирсэн нь зүй ёсны хэрэг. Мэдээж 10 хүнийг нэг хүн төлөөлөх, 100 хүнийг нэг хүн төлөөлөхийн ялгаа зааг их, хоорондын харьцаа шударга бус. Энэ өнцгөөс харвал АН-ын санал зөв зүйтэй санагдана. 
Гэвч улс төрийн газрын зураг дээр аль нэг нам ялалтын туг хатгахын тулд энд мандат нэмье, тэнд хасъя гэдэг ойлголт байж болохгүй. Нийслэлд АН-ын рейтинг өндөр байдаг, энэ утгаараа тус намаас нэр дэвшигчид санал илүү татах магадлалтай тул тэр саналуудыг ашиглах сонирхол байж болохыг үгүйсгэхгүй. МАН-ын хувьд ч хөдөө орон нутгийн сонгогчдоос өөрсдөд нь ирэх саналыг хувь өндөр байх гэсэн байр сууринаас энэ асуудалд хандаж байж мэднэ. Уг нь тэгмээргүй байна. 
Хэдийгээр мандат хуваарилах нь ялах магадлалтай тойргуудынхаа тоог нэмэх, эсвэл өрсөлдөгчийнхөө магадлалыг хасах ач холбогдлын өрсөлдөөн мөн боловч алсуураа улс орны хувь заяанд нөлөөлөх асар чухал шийдвэр. Нэг өрөөсгөл ойлголт байгаа нь, тухайн тойрог УИХ-д төлөөлөл цөөтэй, эсвэл ихтэйгээс хамаарч, хөгжих эс хөгжих нь хамаарч байна гэх маягийн үзэл хандлага. УИХ-ын гишүүний төлөөлөл орон нутагт олон байснаараа тухайн орон нутаг хөгждөг гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Эсрэгээрээ цөөн хүн төлөөлдөг болсноороо тэндхийн хөгжил зогсож, эзэнгүйдээд сүйд болно ч гэсэн утга байхгүй. Энд гагцхүү зөв зохистой төлөөллийн зарчмыг л хэрэгжүүлэх тухай ярьж буй. Тэгвэл нийслэлд улс орны хүн ам, үйлдвэрлэл, зах зээл төвлөрч байгаа өнөө үед төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх шаардлага бий болсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь нь хотод төвлөрч, хүн амын талаас илүү хувь нь аж төрж байна. Шийдэл, гарц, бодлогын хувьд ч илүү их нь энд л нэхэгдэж, дутагдаж, хүлээгдэж байна. Гэтэл зайлшгүй төлөөлөл болж сонгогдсон төрийн түшээ тухайн орон нутагтаа нэр нүүр олохын тулд зарим шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зарцуулдаг нь нууц биш. Өдөрт 10-аадхан машин явдаг суманд нийслэлд байхгүй засмал зам тавих мэтийн дэмий жишгийг бид мэднэ шүү дээ. 
Ямартай ч хоёр нам зөвхөн манай талд аль нь ашигтай вэ гэдэг хувилбараар хандаад, зөв шийдэлд хүрэх нь юу л бол. Шийдвэр хэзээд нэг талд ашигтай, нөгөөд ашиггүй гардаг. Хотын мандатыг нэмэх нь АН-д ашигтай гэж байгаа ч эсрэгээрээ огт ашиггүй байхыг хэн ч таашгүй. Гагцхүү сонгуулийн тойргийн мандатыг хэрхэн хуваарилснаас шалтгаалж, Монголын сонгогчид хожоосой л гэж хүснэ. 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл: Нэг анги төлөөлсөн УИХ-ын гишүүнтэй болох вий дээ

Манай парламент ард иргэдийнхээ нийт төлөөлөл байх байдлыг хангаж чадахгүй байна. Нэн ялангуяа нийслэлийн хэмжээнд. Хотын хүн ам өссөн байхад тойргийн мандатыг нь нэмэх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл орон нутгийн төлөөлөл гуравны нэгийг эзлэж ирлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл, орон нутаг бол хамгийн их төлөөлөлтэй байсаар ирлээ. Сэлэнгэ нь нэг өөр юм яриад, Төв аймаг нь  ч өөр юм ярих үе байсан. Тэгтэл яагаад асуудлуудаа шийдээгүй юм бэ. Асуудлаа шийдэхгүй өөр өөрсдийн асуудлаа л бодоод явж байсан гэсэн үг. Орон нутгийн төлөөллүүд нэгдмэл үзэл бодолтой болж чадаагүй учраас л ийм байдалтай байна. Үүний улмаас нийслэлийн бодлого хаягдчихсан. 
Одоогийн нөхцөл байдал олон болохгүй үр дагаврыг дагуулж байна л даа. Жишээ нь, УИХ-ын гишүүд тойргоо өмчлөх асуудал их гарч байна. Яагаад гэвэл тойргийн хүн ам цөөрөх тусам хяналтад орох нь амар болох, өөртөө санал өгүүлэх гэх мэт гэсэн давуу тал ихтэй болсон. Иймээс орон нутгийн тойргуудаас УИХ-ын гишүүн нь сайн ажилласан, муу байсан гэдгээс үл хамаарч сонгогдох боломжтой болж байгаа. Үндсэндээ УИХ-ын гишүүд нь иргэдээ барьцаалсан мэт болсон гэсэн үг. Хэтрүүлж хэлэхэд энэ байдал үргэлжилбэл нэг анги төлөөлсөн УИХ-ын гишүүнтэй болох вий.
Сүүлийн сонгуулийн үеэр гишүүдийнхээ хариуцлагыг ярьдаг нь нийслэлийнхэн л байсан. Энэхүү байдал нь ардчиллын өөрийнх нь үйл явцыг алдагдуулж, ард иргэдийн төлөөлөл болж, үүрэг биелүүлэх боломжгүй болгож байна.
МАН-ыг энэ асуудлыг эсэргүцэж байна гэхээр гайхаж байна. Яагаад гэвэл тухайн үед нийслэлийн удирдлага байсан М.Энхболд, Ж.Мөнхбаяр өөрсдөө “Манай нийслэлийн мандат төлөөлж чадахгүй байна. Мандатаа нэмэгдүүлээч” гэсэн шаардлага тавьж байсан. Гэтэл одоо ингээд эсэргүүцэж байгаа нь утгагүй юм.
Бид хоёр нүүртэй баймааргүй байна. Үнэхээр Ардчиллын гол зарчмын төлөө, төлөөллийг хадгалъя гэж бодож байгаа л бол нийслэлийн мандатыг нэмэх хэрэгтэй.

МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ шийдэл Улаанбаатарын иргэдэд ч сөргөөр нөлөөлнө

Эрх баригч АН-ынхны өөрчлөх гэж байгаагаар хотоос сонгогдох гишүүд дээр жагсаалтын 28 хүнийг оруулж тооцвол нийтдээ 50 гишүүн зөвхөн Улаанбаатар хотоос сонгогддог болох нь. 2008 оноос өмнө 56 гишүүн хөдөө орон нутгаас, 20 нь Улаанбаатараас сонгогддог байсан. Харин энэ өөрчлөлтөөр нийт гишүүдийн 50 гаруй нь Улаанбаатараас сонгогддог болох нь. Сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг харгалзаж үзнэ гэж Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд заасан. Гэтэл зөвхөн хүн амын тоог харгалзан тойрог, мандатын тоог тогтоох гэж байгаа нь Үндсэн хууль зөрчинө. 
Энэ шийдвэрээс болж хоёр том асуудал үүснэ. Нэгдүгээрт, хөдөө орон нутаг эзгүйрч, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал хүндэрнэ. Төр засгаас үеийн үед төвлөрлийг сааруулах, өргөн уудам нутаг дэвсгэр дээрээ жигд тархаж амьдрах, хил хязгаараа манах, алслагдсан бүс нутгаа дэмжих бодлогыг явуулж ирсэн. Хүн амын нягтралыг дагаад утаа, замын түгжрэл, гэмт хэрэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал зэрэг тулгамдсан олон асуудал бий болж байгаа. Энэ шийдэл Улаанбаатарын иргэдэд бас сөргөөр нөлөөлнө. Сонгуулийн тойрог, мандатыг өөрчилсний улмаас нийслэл хотод хүн амын хэт төвлөрөл бий болж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний ачаалал ихэсч, гэмт хэрэг өсөх зэрэг олон сөрөг үр дагаврыг энэ шийдвэрээрээ эрх баригч АН бий болгох гэж байгаад харамсаж байна.


Эх сурвалж:
 Ардын эрх

2016.01.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Сайд гэх сүртэй нэртэй шүдгүй арслан

...

Дэлгэрэнгүй » 2017.04.21

”Нийгмийн бодлого - Тулгамдсан асуудлууд: Гарц, шийдэл”

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

“Made in Thailand” дэлгүүрт шинэ бараа ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Угаалгын машин дахь нян бактерийг хэрхэн устгах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

Дэлхий нийтээрээ түгшиж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.24

Г.Тэмүүлэн: Сандал ширээнээс илүү нийгмийн нийтлэг эрх ашгаа бодох цаг болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10