Хуульчгүй парламент ба Үндсэн хууль зөрчсөн шинэ рекорд

 

        Монгол Улсад мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиас бусад бүх хууль, тогтоол шийдвэртэй холбоотой маргааныг эцэслэн шийддэг газар бол Улсын дээд шүүх. Харин “эцэг хууль”-тай холбоотой маргааны эц­сийн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргадаг. Тиймээс уг байгууллагыг Үндсэн хуулийн шүүх гэж үздэг. Шинэ Үндсэн хууль батлагдсан ца­гаас хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн Цэц байгуулагдаад 23 жилийн хугацаа өнгөрчээ. 1992 оны долдугаар сарын 1-нд үүдээ нээж, өрхөө татсан Цэцийн гишүүд эхний гурван сарыг “ажилгүй” өнгөрөөсөн байна. Учир нь, өөрсдийн санаачилгаар бус иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу ажиллах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэцэд хамгийн анх 1992 оны аравдугаар сард иргэн Б хандсанаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны эхлэл тавигджээ. Түүнээс хойш жил ирэх тусам иргэдийн Цэцэд хандах хандлага нэмэгдэж, ирэх өргөдөл, мэдээллийн тоо өсчээ. Байгуулагдсан эхний жилүүддээ жилд ердөө 20 гаруйхан өргөдөл хүлээн авдаг байсан бол одоо өдөрт 2-3 өргөдөл, мэдээлэл ирдэг байна. Тодруулбал, 1992 оноос хойш өнгөрсөн 2014 оны эцсийн байдлаар 2000 орчим өргөдөл, мэдээлэл хүлээн авч хянажээ. Сүүлийн үед Цэцэд хандаж байгаа иргэдийн өргөдөл, мэдээлэлдээ дурдсан үндэслэл нь зөв зүйтэйгээр бүрэн тусгагдах болсныг тус байгууллага тайландаа онцолсон байна. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 161 удаа дунд суудлын хуралдаанаа хийж дүгнэлт гаргасны 91 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарчээ.
Хамгийн сонирхолтой нь, энэ онд Цэц түүхэндээ хамгийн олон буюу 14 дүгнэлт гаргажээ. Үүний 12 нь Үндсэн хууль зөрчсөн гэж гарсан байна. Он солигдоход аравхан хоног үлдээд байгаа ч энэ тоо нэгээр нэмэгдэх бололтой. Учир нь, нөгөөдөр Цэц энэ оны хамгийн сүүлийн дунд суудлын хуралдаанаа хийхээр товложээ. Тэгэхээр 2015 онд Цэц 15 дүгнэлт гаргаж дээд амжилт тогтоох нь. Нөгөөдөр гаргах дүгнэлт нь Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүйгээс үл хамаарч Үндсэн хууль зөрчсөн  гэж  үзсэн 12 дүгнэлт мөн л өмнө нь хэзээ ч байгаагүй амжилт ажээ. Харамсалтай нь, энэ бол сөрөг үзүүлэлт. Үндсэн хуулийн Цэцийн энэхүү сөрөг амжилтын эзэн нь хэн бэ. 

 

УИХ-аас баталж буй хууль, тогтоол Үндсэн хуультай зөрчилдөхгүй л байвал сайн. Гэтэл сүүлийн үед гаргасан шийдвэрүүд нь Үндсэн хуулийн Цэцийн босгон дээр ээлж дараалан бүдсээр л... Үүнийг нь сөрөг хүчин анзаарч улс төр хийх болов. Тэдний хэлээд байгаа шиг олонхийг бүрдүүлэгчид хүч түрэн хууль баталж байгаагаас болоод баталсан хууль нь Цэц дээр унаад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу. Энэ нь УИХ болон Цэц хоорондын харилцааны асуудал учраас бурууг хайвал энэ хоёр байгууллагаас л хайна гэсэн үг. 

 

1. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Уг нь энэ агуулгаараа бол УИХ-д жинхэнэ мэргэжлийн хуульчид ажилладаг байх ёстой. Өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлэн хууль тогтоож буй 76 гишүүний хэд нь мэргэжлийн хуульч вэ. Ц.Нямдорж гишүүний тодорхойлсноор “ТМС-ийн хуульчид”-ыг оруулаад тооцвол 76 гишүүний 16 нь (З.Энхболд, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, С.Баярцогт, Д.Ганбат, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ) л мэргэжлийн хуульч ажээ. УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах боломжтой хамгийн бага ирцээрээ хуралдсан ч хуульч гишүүд олонхи болох хэмжээнд хүрэхгүй гэсэн үг. УИХ-ын гишүүд мэргэжлийн хуульч байхаас гадна ажилдаа хандах хандлага, хуралдааны ирц маш чухал. УИХ-ын бараг бүх эцсийн шийдвэр Байнгын хорооны хуралдааны үеэр гардаг гэхэд болно. Учир нь, чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны шийдвэрийг хэлэлцэн батал­гаа­жуулдаг. Байнгын хороо дунджаар 19 гишүүнтэй. Үүний арав нь хуралдаа ирвэл ирц бүрдэн хуралддаг. Улмаар арван гишүүний санал нэгдсэн тохиолдолд хууль “батлагдана”. Нэгдсэн чуулган ч ялгаагүй, иймэрхүү байдлаар хуралдаж 20 гишүүн хууль баталдаг. Чуулганы танхимд түүнээс цөөхөн гишүүн байсан ч хамаагүй бусдынхаа өмнөөс кнопыг нь дарж Монгол Улсын хуулийг батлах нь бий. Ингэж батлагдсан хууль Цэцийн босгонд бүдрэх нь ойлгомжтой. Үүнийгээ ч УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрдөг.   

 

Х.Тэмүүжин: -Бид 2011 онд УИХ-ын сонгуулийн ту­хай хуулийг батлахдаа зөв­хөн улс төрийн албан ту­шаалт­нууд сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө гэж хуульчлах байсан юм. Гэвч хайхрамжгүй байдлаасаа болооод анзааралгүй төрийн албан хаагчид ч ажлаасаа чөлөөлөгдөхөөр хуульчилчихсан. Тиймээс одоо Цэц их суудлын хуралдаанаа хийхээс өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, энэ заалтыг хасах шаардлагатай байгаа юм. 

 

2. Цэц бол Үндсэн хуулийн шүүх. Энэ шүүх ажил ихтэй байвал УИХ муу ажиллаж байна л гэсэн үг. Сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц бараг долоо хоног бүр хуралдаж байгаа. Иргэдээс ирсэн өргөдлийн дагуу дунд суудлын хуралдаанаа хийхээс гадна УИХ дунд суудлын хуралдааны шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол их суудлын хуралдаанаа хийдэг. Энэ онд 12 удаа Үндсэн хууль зөрчсөн хэмээх дүгнэлт гаргасны нэгийг нь УИХ хүлээн авчээ. 11 тохиолдолд нь парламент буруугаа хүлээгээгүй байна. Ийм байдлаар Цэцийн үйл ажиллагаа УИХ-аас шууд хамаардаг учраас гишүүд нь хууль тогтоогчдод шүүмжлэлтэй ханддаг. Үндсэн хуулийн Цэц хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг учраас шүүмжлэлд өртөхөөргүй, хариуцлагатай байх ёстой. Энэ ч үүднээсээ тэнд ажиллаж байгаа хүмүүс хамгийн туршлагатай, улс төрөөс хараат бус, мэргэжлийн байна гэсэн үг. Цэцийн гишүүнээр заавал мэргэжлийн хуульчийг томи­лох албагүй. Гэхдээ бүх шатны шүүхийн шүүгчээр мэргэжлийн хуульчид ажилладаг шиг Үндсэн хуулийн шүүх буюу Цэцийн гишүүнээр мэргэжлийн хуульч ажиллаж байвал сайн. Одоо ажиллаж буй Цэцийн есөн гишүүний хоёроос бусад нь мэргэжлийн хуульч ажээ. УИХ-тай харьцуулбал гуравны хоёроос дээш хувь нь мэргэжлийн хуульч гэж зөвтгөж болох л юм. “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэх хэлц үг тус байгууллагын бодлого, шийдвэр ямар чухал болохыг илтгэнэ. Цэц үнэхээр зөв шийдвэр гаргасан бол шүүмжлэл гарахгүй нь ойлгомжтой. Гэвч сүүлийн үед Цэцийн дээрх хөх тэнгэр харанхуйлчихсан уу, яасан юм бүү мэд. Гаргасан шийдвэрүүдтэй нь холбоотой маргаан их гарах болов. УИХ-ын хуульч гишүүд ч тэднийг “Улс төрөөс хараат байдлаар ажиллаж байна, Үндсэн хуулийн агуулгаас илүү үг үсгээр тоглож шийдвэр гаргалаа” хэмээн шүүмжлэх боллоо. 

 

Ж.Батзандан: -Улс тө­рийн өндөр мэргэшилтэй, хуульч биш хүмүүсийг Үндсэн хуу­лийн Цэцэд томилсноос болж улс төрийн системийг самардаг байдал 20 гаруй жил үргэлжилж байна. Энэ бол нууц биш.

 

Үндсэн хуулийн зөрчил хүмүүсээс, эрх бүхий байгууллагуудаас болж үүсч байгаа гэвэл дээр дурдсанчлан УИХ, Цэцээс, тэдний гишүүдээс зайлахгүй. Өөр нэг тайлбар бол нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж Үндсэн хуулийн нөөц бололцоо шавхагдсан учраас ийм их зөрчил гарч байна гэх. Нөөц бололцоо нь шавхагдаагүй гэдгийн нэг илэрхийлэл нь Цэц саяхан УИХ-ын гишүүн Засгийн газрыг гишүүнийг огцруулах санал гаргаж хэлэлцүүлэх нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэн явдал юм. УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нөөц бололцоо шавхагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг мөртлөө “эцэг хууль”-д өөрчлөлт оруулахаар ажилладаг, энэ саналыг дэмждэг нь сонин.

 

Д.Лүндээжанцан: -Мэдээж, амьдрал баян учраас нийгмийн хурдтай өөрчлөлтийг дагаад зарим зүйлийг шийдвэрлэх Үндсэн хуулийн чадвар, чадавхи шавхагдсан уу, үгүй юү гэдэг асуудал урган гардаг. Нөгөө талдаа Үндсэн хуулийнхаа нөөц боломжийг бид бүхэн бүрэн ашиглаж шавхаж чадсан уу гэдэг нь сонин. Би хувьдаа Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй гэж боддог.  

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

Эх сурвалж: Ардын эрх


2015.12.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147