С.Оюун бид хоёр "Зоригийн хэргийг илрүүл" гээд лоозон бариад зогсох нь зохимжгүй

“Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг баривчлан саатуулаад байгаа. Энэхүү баривчилгаатай холбоотойгоор түүх мөхөж, өмнөх дугааруудынхаа нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү ярилцлагыг сэтгүүлч Б.Даваахүү авч, 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр хэвлэгдэн гарсан 075 /1412/ дугаарт нийтэлж байжээ. Тухайн үед С.Зориг агсны ах С.Баяр БНЭУ-д суух Элчин сайдын сайд жуух бичгээ гардан авч байсан үе байв. Түүнээс хойш өнөөг хүртэл С.Баяр БНЭУ-д суух Элчин сайдаар ажиллаж байгаа билээ.

 

 

-Удахгүй С.Зориг агсны 50 насны ой тохионо. Та тэр үеэр Монголд байхгүй юм шиг байна?

 

-Тэгж таарах гээд байна. 

 

-Таны дүүг хөнөөсөн алуурчин илрэхгүй байсаар 14 жил өнгөрчихөж. Хэрэг илэрнэ гэсэн найдлага хэр байна вэ?

 

-Бид хэрэгтнийг барина гэдэгт итгэж байна. Ер нь жилийн жилд л Оюун бид хоёроос Зоригийн хэргийн талаар асуудаг. Бид ч хариулсаар ирсэн. Одоо ч тэр хариулт хэвээрээ байна. Гол нь бидэнд жирийн иргэдээс илүү мэдээлэл байхгүй. Тийм учраас та бүхэн ажлын хэсэг, хэргийг мөрдөж шалгаж байгаа хүмүүсээс мэдээлэл авах хэрэгтэй байх. 

 

-Ажлын хэсэг, мөрдөн байцаагчтай уулзаж, мэдээлэл авч байгаагүй юм уу?

 

-Миний өмнө нь ярьж байсан байр суурь хэвээрээ байна. Шинэлэг зүйл байхгүй гэсэн үг л дээ. Би гурван жил гадаадад амьдарч байгаад ирсэн учраас одоогийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Магадгүй манай Оюун надаас илүү мэдээлэлтэй байгаа байх. Оюун тодорхой албан тушаалтай, УИХ-ын гишүүн шүү дээ. 

 

-Та бол талийгаачийн том ах. Энэ ч утгаараа одоо юу ярих нь анхаарал татаж байна?

 

-Би сая хэлсэн. Шинэ мэдээлэл алга. Энэ хэргийн талаар олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгье гэж байгаа бол хэргийг мөрдөж шалгаж байгаа хүмүүсээс нь асуу.

 

-Танд тэгээд ямар ч мэдээлэл алга уу. Өнгөрсөн хугацаанд хэрэгтнийг илрүүлэх талаар та анхаарал тавиагүй гэсэн үг үү? 

 

 

-Мэдээж бид ажлын хэсэг, төр засагт хүсэлт тавьдаг. Хэвлэл мэдээллээр дамжуулж, төр засгийг энэ хэрэгт анхаараач гэж гуйдаг. Гуйсаар ч ирсэн. Хэрэв дүү маань амьд байсан бол энэ жил 50 нас хүрэх байлаа. 50 насны ойг нь өмнөх жилүүдээс арай өөрөөр угтахаар төлөвлөж байна. 

 

-Яаж?

 

-Зоригоогийнхоо үйл хэргийг үргэлжлүүлж, дурсаж байх үүднээс “Зориг сан”-гаас үйл ажиллагаа зохион байгуулна. Залуучуудад Зоригийн талаар танилцуулах, баримталж байсан зарчмынх нь талаар илтгэл тавих гэх мэт үйл ажиллагаа явуулахаар ярилцаж байна. “Зориг сан”-гийнхантай энэ асуудлаар уулзаж болно. Хэргийн тухайд гэвэл ийм л байна. 

 

-Нэгэнт тантай уулзсаных, асуух зүйл байна. Та хариулахгүй ч байсан болно?

 

-За. 

 

-Та бол дүүгийнхээ эхлүүлсэн ардчиллын үйл хэрэгт оролцож байсан хүмүүсийн нэг. Дүүгийнхээ эхлүүлсэн тэр үеийн ардчиллыг өнөөдөр харахад ямар сэтгэгдэл төрж байх юм бэ? 

 

-Ач холбогдлыг нь олон хүн үнэлсэн. Би сэтгүүлч мэргэжилтэй. Миний хувьд хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийг бий болгоход гар бие оролцож явсан. Хамгийн нандин, юугаар ч сольж, үнэлж боломгүй зүйл гэвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Бид ийм нандин зүйлтэй болж чадсан.

 

Үзэл бодлыг дарамталдаг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, түгээх, мэдээлэл хүлээж авах эрх нь байхгүй бол хичнээн хүчирхэг эдийн засагтай улс байлаа гээд ард иргэд нь дарангуйлал дор амьдарч байна гэсэн үг. Энэ сайхан зүйлийн үр шимийг монголчууд, хэвлэл мэдээллийнхэн хүртэж байна. Сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд манай хэвлэлийнхэн улстөрийн хараат байдлаас бүрэн салж чадахгүй байх шиг байна. 

 

Ардчилсан хувьсгалын үр шимээр Монгол Улс нээлттэй орон болсон. 1990 оноос хойш ухамсар суусан, залуу үеийнхэнд маш сайхан боломж нээгдлээ. Үнэхээр өөрөө хичээж, юм сурч чадвал юу ч бүтээж болж байна. 

 

-Талийгаачийг “Ард түмний хүү” гэж хүндэтгэсээр ирсэн. Ардчиллыг бүтээсэн С.Зориг агсны хэргийн илрүүлэлтэд ямар ч ахиц, дэвшил гараагүйд ард түмэн гомдол тээсээр байна?

 

-Энэ хэрэг манай гэр бүлд маш том цохилт болсон. Би дүүгээ алдлаа. Зөвхөн манай гэр бүлийн гишүүн гэдэг утгаараа биш. Монгол Улсад, ард түмэндээ нэр нөлөөтэй хүн байсан учраас маш том гарз болсон. Бид өнгөрсөн хугацаанд байнга шаналж, харамсаж явлаа. 

Энэ хэрэгт төр засаг, хууль хяналтын байгууллагын зүгээс анхаарал хандуулж байгаа л даа. Гэхдээ үүнийгээ улам эрчимжүүлж, анхаарлын төвөөсөө бүү гаргаасай гэдэг хүсэлтэй байдаг. 

 

Бид хичнээн харамсаж, шаналж байгаа ч гэсэн манай Зоригоо тэр богинохон хугацаанд их зүйлийг хийж бүтээсэн. Тэгэхээр түүний баримталж байсан зарчим, үйл хэргийг нь үргэлжлүүлэх үүднээс бид “Зориг сан”-г байгуулсан. “Зориг сан” ардчилал, хүний эрхийн төлөө үйл ажиллаа явуулдаг. Наад зах нь оюутны тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулж, орлого багатай айлын хүүхдүүдийг гадаадад сургаж, залуучуудыг дэмжин ажиллаж байна. 

 

 

-Та энэ аймшигт мэдээг хэрхэн хүлээж авч байв. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьсан байх л даа. Гэхдээ өнөөдрийн уншигчид мартчихаж?

 

-Гэр бүлийн нэг гишүүн нь, хүү нь, дүү нь, ах нь бусдад хэрцгийгээр алагдана гэдэг аймшигтай шок. Тухайн үед ийм л байдлаар хүлээж авсан. Маш хүнд туссан. Дахин ийм зүйл хүний амьдралд битгий тохиогоосой л гэж хүсдэг юм билээ. 

 

-Та тэгэхэд Монголд байсан уу?

 

-Тийм. Би Улаанбаатар хотод байсан. Гэхдээ хэргийн тухайд үүнээс илүү зүйл ярьж болохгүй байна. 

 

-С.Оюун гишүүн та хоёр талийгаачийг нас барсны дараа үйл хэргийг нь үргэлжлүүлнэ гэж байсан. Тэр инерцээрээ явсаар улстөрд орсон. Хэрэв талийгаач амьд сэрүүн байсан бол та хоёр улстөрд орох байсан уу?

 

-За тэгэхээр... Манай Оюун бол шууд улстөрд орж, ахынхаа үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлж байна гэж боддог. Миний хувьд арай өөр. Би 1990 оноос сэтгүүлч мэргэжлээр ажилласан. Хэвлэл мэдээлэл улстөрөөс хараат байх ёстой. Тиймээс улстөрд гүнзгий орж байгаагүй. 

 

-Та дүүгийнхээ үйл хэргийг яг яаж үргэлжлүүлж байна вэ?

 

-Түүний үйл хэргийг “Зориг сан”-гаар дамжуулан үргэлжлүүлж байна. Гэр бүлийнхээ хувьд нэр төрөө өндөрт авч явах, улс орныхоо төлөө их зүйлийг хийх, өөрсдийнхөө ажил амьдралаар дүүгийнхээ нэр төрийг унагахгүй гэсэн зарчимтай явдаг. 

 

-Оюун улстөрд орохгүй ч байсан байж магадгүй. Оюун маань геологич мэргэжилтэй. Тэр мэргэжлээрээ гадаадад ажиллаж байгаад ирсэн. Миний хувьд ч гэсэн. Гэхдээ би Оюуныг бодвол улстөрд арай ойрхон байсан. Яагаад гэхээр би АНУ-ын Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирлаар ажиллаж байсан. Энэ бол ардчилал, олон намын тогтолцоог дэмждэг олон улсын байгууллага. Иймээс олон нам, улстөрчтэй хамтарч ажиллаж байсан. Энэ байгууллага одоо ч үйл ажиллагаа явуулж байна.

 

-С.Зориг агсны үхэл улстөрийн зорилготой байсан болов уу. Та юу гэж боддог вэ? 

 

-Ашиг хонжоо хайж, улстөрийн эрх мэдэл олох, байр сууриа бэхжүүлэхийн тулд манай Зоригоог алсан гэж бодохгүй байна. Монголын нийгэм ийм хэмжээнд хүрээгүй гэж боддог. 

 

-Зоригийн үхлээр улстөрийн тоглолт хийсэн гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Зарим нь УИХ-ын гишүүн, зарим нь Элчин сайд хүртэл болчихлоо. Таны хувьд талийгаачийн амь нас ямар нэгэн зүйлийн төлбөр юм шиг санагддаг уу? 

 

-Хэнийг ярьж байгаа юм. Элчин сайд боллоо гэж намайг хэлж байна уу.

 

-Магадгүй?

 

-УИХ-ын гишүүн, Элчин сайд гэж чи сая хэллээ. Яг тэгж хэлсэн. Тэгэхээр улстөрийн томоохон зүтгэлтний амь нас хохирсон асуудлыг улстөрийн аллага гэж үздэг юм билээ. Шалтгаан нь ямар ч байж болно. Гэхдээ энэ хэрэг одоо болтол илрээгүй учраас би ямар нэгэн дүгнэлт хийж болохгүй байна. 

 

-Гэр бүлийнхээ хайртай дотно хүнээ алдчихсан хүмүүс маш нэхэл хатуутай байдаг. Гэтэл танай гэр бүлийг харж байхад өнгөрсөн 14 жилийн хугацаанд нэг хэвийн зүйл ярьж, хүлцэнгүй, тайван байдлаар хандаж ирлээ. Энэ хүлцэнгүй байдал чинь танай гэр бүлийн өндөр ёс суртахуунтай холбоотой юу?

 

-Ёс суртахуун ч гэж юу байх вэ. Би сая хэлсэн. Монгол Улсын аливаа иргэн төрөө дээдлэх ёстой. Бид ч ийм бодолтой явдаг. Өөрийн чинь хэлсэн хүлцэнгүй гэдэг үгийг би зөвшөөрөхгүй байна. 

 

-Яагаад?

 

-Талийгаачаас хойш манай Оюун УИХ-д сонгогдсон. Гишүүнийхээ хувьд үе үеийн Ерөнхий сайд, УИХ, Ерөнхийлөгчид хандаж байсан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүрт нь мэдээлж байсан. Шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд сонгогдох бүрт уулзаж, хүсэлт тавьдаг. Манай ээж хүртэл захидал бичиж л байсан. Бид ийм л байдлаар асуудалд хандана. 

 

-Хүсэлт тавьж, захидал бичлээ гээд хэрэг шийдэгдэхгүй бололтой юм?

 

-Оюун бид хоёр Зоригийн хэргийг илрүүл гээд Төрийн ордны өмнө лоозон бариад зогсох зохимжгүй. Бид болон Зориг маань юуны төлөө амьдарч тэмцэж байсан бэ гэвэл аливаа асуудлыг улстөрийн зөвшилцлөөр шийдэхийг зорьдог. Энэ ч утгаараа ардчилсан хувьсгал гээд дүүгийн маань улстөрийн амьдрал тодорхой хэмжээний соёлтой явж ирсэн. 

 

2008 оны 7 сарын 1-ний асуудлыг эс тооцвол манай улсын сонгууль, аливаа улстөрийн зөвшилцөл тайван замаар явж ирлээ шүү дээ. Бид цаашдаа ч бие биеэ ойлгож, улстөрийн соёлтой байдлаар асуудалд хандана. 

 

Өөрөөр хэлбэл сонин хэвлэлд очоод л “Манай Зоригийн хэргийг илрүүлэхгүй байна” гэж ярилцлага өгч, орилж хашгираад, чарлаж шаардаад явахгүй. Нэгдүгээрт, тийм зүйл бидний хүмүүжил төлөвшилд байхгүй. Хоёрдугаарт, улстөрийн зөвшилцөл гэдэг манай Зоригийн зарчим байсан. 

 

Тэгээд ч “Зориг сан”-гийн үйл ажиллагаа байна. Бид жилд хоёр удаа энэ хэргийг сануулдаг. Та бүхэн ирж сурвалжилдаг биз дээ. Бидний хэлж байгаа зүйл холбогдох байгууллагуудад нь том сануулга болж байгаа гэж боддог. 

 

-Гэр бүлийн суурь хүмүүжил ярьж, улстөрийн зөвшилцөл, ёс суртахуун баримталсаар байгаад 14 жил болчихлоо. Танай гэр бүл ёс суртахуун баримталлаа гээд энэ хэрэг илэрсэнгүй шүү дээ? 

 

-Та нар их сонин зүйл асуух юм. Тэгээд ямар байдлаар ханд гээд байгаа юм. Биднийг хүлцэнгүй гэж байна. Хүлцэнгүй биш бол өөр яах ёстой гэж. 

 

-Харин яах ёстой юм бол. Танай гэр бүлийн энэ тайван, назгай байдал ард түмэнд таалагдахгүй байна. Улстөрийн зөвшилцөл, ёс суртахуун яриад суугаад байвал энэ хэрэг илрэхгүй 24 жил ч болох юм байна?

 

-Би түрүүн хэлсэн. Бид хашгирч, цовхчоод хэрэг шийдэгдэхгүй. Орилж, хашгирна гэдэг ухаалаг хүмүүсийн хийх зүйл биш. Зөв зарчмаар, хуулийн хүрээнд төр засагтай л ажиллана. Хэргийг жилд хоёр удаа сануулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад асуулга тавьж байсан. Үүний хүчинд хэргийг шалгах ажил одоо ч үргэлжилсээр байна. 

 

Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа л энэ асуудалд анхаарч эхэлсэн. Ажлын хэсгийг шинэчилсэн. Иймэрхүү ажил хийгдэж байна. 

 

-Шинэчлэгдсэн ажлын хэсгийн явцтай танилцсан уу?

 

-Би гадаадад байж байгаад ирсэн учраас сайн мэдэхгүй байна. Манай Оюун тухай бүрт нь байж, танилцсан учраас надаас илүү мэдээлэлтэй байгаа. Энэ талаар Оюунаас асуух хэрэгтэй. Ер нь тэгээд сэтгүүлчид Оюун бид хоёроос л байнга асуудаг. Оюуны ах, миний дүү гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ хамт зүтгэж явсан нөхөд, найзууд, МоАХ, АН-ын байр суурийг сонсох хэрэгтэй шүү дээ. 

 

-Та болон танай гэр бүлийнхэн тухайн үед энэ хэргийн талаар бичсэн хэвлэлийнхэнд их таагүй, болгоомжилсон байдлаар ханддаг байсан. Одоо тэр бодол чинь хэвээрээ юу?

 

-Болгоомжтой хандана гэж байхгүй. Монгол Улс хууль дүрэмтэй. Тэр хуулийнхаа хүрээнд шалгадаг байгууллага нь шалгах хэрэгтэй гэсэн байр сууринаас хандаж байсан. Бид өөрсдөө цагдааг орлож, мөрдлөг хийгээд байж чадахгүй. Харин эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж бий. Бусад оронд олон сайхан жишээ бий. Манай сэтгүүлчдэд ийм боломж байгаа. 

 

-Зоригийн гэргий Д.Булган одоо ч амьд байна. Тухайн үед түүнийг элдвээр л хэлж, бичдэг байлаа. Одоо танай гэр бүл Д.Булгантай ямар харилцаатай байдаг вэ?

 

-Ер нь бол сайн харилцаатай байсан. Мэдээж Зоригоогоос хойш би гадаадад удаан хугацаанд байлаа. Иймээс амьдралын шаардлагаар харьцах нь цөөрсөн. Гэхдээ бүр харилцаа тасарчихаагүй.

 

-С.Зориг амьд сэрүүн байсан бол Ерөнхийлөгч болох хэмжээний том улстөрч байсан гэж ярьдаг. Ахын хувьд хэрэв дүү чинь амьд байсан бол улстөрийн албан тушаал, эрх мэдлийн хаана нь, аль хэсэгт нь яваа бол?

 

-Би ингэж хэлнэ. Манай Зоригоо мэдлэг чадвар, 1990 оноос хойш хуримтлуулсан туршлагын хувьд хэнээс ч дутахгүй, ямар ч албан тушаал хаших чадвар, потенциальтай хүн байсан. Улстөрийн үйл явцыг нь таашгүй. Мэдээж том улстөрч учраас улстөрийн карьераа цааш нь улам өсгөх байсан гэдэг нь ойлгомжтой. 

 

-Талийгаачийг их шартай байсан гэх юм билээ?

 

-Зөв хор шар хүнд хэрэгтэй. Өөрийнхөө хийж бүтээе гэсэн махруун зан чанарт нь нөлөөлдөг байх л даа. Харин надад ийм зан чанар байхгүй. Тийм зүйл байсны хүчинд ардчилсан хөдөлгөөнд оролцож, амжилттай удирдаж авч явсан гэж бодож байна. 

 

-Социалист нийгмийн үед ардчилсан хувьсгал эхлүүлнэ гэдэг маш том бэрхшээл. Танай гэр бүл талийгаачийн энэ үйлдлийг хэр дэмждэг байсан бэ?

 

-Мэдээж дэмжиж байсан. Тухайн үед нийгэм ийм өөрчлөлтийг хүсч байсан. Зоригоо маань философийн багш байсан шүү дээ. 

 

Тиймээс ч сэхээтнүүдийн хүрээнд дэмжлэг авсан. Бид болон манай ээж санаа зовж байсан л даа. Баригдаж, хоригдох вий, хүнд хорлогдчих вий гэж эмээдэг байсан. 

Зан чанарын хувьд аавыг илүү дуурайсан. Ажилд шаргуу, зорилго тавьж, түүндээ хүрэх гэж хичээдэг

2015.11.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

“ЗАЛУУ УДИРДАГЧ” тодруулах санал асуулга амжилттай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.20

Ойн салбарт мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

“Фортуна”-гийн хийрхэл буюу ТОО БҮХЭН УЧИРТАЙ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Монгол Улсын Их Хурлын дарга, ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн дарга М.Энхболд ОУПХ-ны Ассамблейн 136-р чуулганд үг хэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.03

“Сод Монгол Групп” ХХК-ийнхан малчдад тусламж илгээлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.07

Н.Учрал: Инновацийн тухай хууль “хөл, гар”-гүй болсон

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

НӨАТ-ын сугалааны азтанууд ням гаригт тодорно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29