Үндэсний бөхөд дархан аварга ч улс төрд бол чимэгтэй л начин ш дээ



Түмний хүндлэл савнаасаа бялхаж, ёстой л цалгиж байсан ч улс төр хэмээх бохир тоглоом энэ хүндлэлийг савных нь хэмжээнд барьж чадав. Манай нэгэн нийтлэлчийн нэрлэснээр “Ярьдаг бөх” маань үндэсний бөхийн түүхнээ Ардын Төрийн баяр наадамд хамгийн олон удаа түрүүлсэн хүнээр сийлэгдэн үлдэж байна. Ардын Төр байсан, байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй ч ийн нэрлэдэг учраас яалтай нь ч билээ. Тамирчны хувьд бол авч болох хамаг л цол тэмдгийг өнөөх Ардын Төрөөсөө авсан. Энэ их хайр хишиг, ард түмний хүндлэл нь түүнийг УИХ-д суулгаад авсан гэдэгтэй хэн маргах билээ. 


Мөн ч олон аавын иртэй уртай хүүг халхын дэвжээнд дарж явсан энэ толгой парламентын дэвжээнд бол дархан аварга биш. “Өсөх идэр”, “улам нэмэх” чимэгтэй л начин. Начин цолоо гурван удаа баталсан бөх гэх үү дээ. Тэрбээр армид алба хаахаар ирсэн 1983 оноос хойш “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, даргын албыг хүртэл ажиллаж байгаад “Аварга” биеийн тамирын сургуулийг байгуулж, дархан аварга Х.Баянмөнхийн “Шонхор” сургуультай нэгэн дэвжээнд авчирсан. Үндэсний бөхийн хувьд дараагийн үедээ халаагаа өгч, харьж ахуй цагтаа их улс төрд хөл тавьсан. Өөрөөр хэлбэл түмний хүндлэл айл гэрийн хоймроос буугаагүй цагт гэсэн үг. Тодруулбал, тэрбээр 2004 онд төрөлх нутгаасаа нэр дэвшин өрсөлдөж, Д.Арвин, Н.Ганбямба нарын хамт парламентад ороод ирэв. Үндэсний бөхийн хувьд хуучин кадр, улс төрд бол будаг нь ханхалсан шинэхэн цэрэг учраа олохгүй нэг хэсэг л мунгинасан. Ямар сайндаа л “Хэнтийн гурван тэнэг” хэмээн нэр хүртэл зүүж явахав дээ. 

Одоо бол тэр спорт, улс төр, хувь хүний хувьд ч арвин намтартай түүхэн гэж болохоор хүн. Өөрийнх нь авьяас чадвар, ард түмний хүндлэл түүнийг ийнхүү намтрын зузаан түүхтэй болгож өгсөн. Харин аварга энэ хайр хүндлэлийн хариуд “Цалингаасаа өөр орлогогүй” хэмээн ядуу зүдүүдээ тулж, чуулганы танхим бүү хэл ард олныг хирдхийлгэхэд хүргэсэн. Нутаг зүгт нь бэлчиж байгаа 4000 орчим малаа яачихсан байх уу. Ядахад малыг нь адуулдаг малчид гайхширлаа бараа биз.


Х.Баянмөнхийн “Шонхор”-оос илүү менежменттэй “Аварга” сургуулиа яасан байх уу. Өнөө их ард түмний буян хаачаа вэ гээд олон асуудал ургаж таарна. Ордны гадуур бол түүнийг “буянаа барсан муу шаар” гэж дуудсан байх. Ямартай ч түүний амьдралд УИХ-ын гишүүний цалин болох нэг сая гаруй төгрөг дутдаг бололтой. “Хонь мянга хүрэхээр муулж идэх хонь олдохоо больдог” гэсэн. Тийм зүйл болсон байхыг ч үгүйсгэхгүй. Саяхан даа, хямралтай үед хэмнэлт хийж байна хэмээн унадаг дугуй унахаас эхлээд үзэг балаа сольж, янз бүрийн хэрэглээгээ танах уриалга маягийн юм ч хувийн цахимаараа цацаад авсан. Үнэхээр тийм харамч хүн үү, эсвэл улс төрийн шоу байсан эсэхийг мэдэхгүй юм. Эсвэл өнөөх л муйхар улс төрийнх нь нэг байж болох юм. 


Эх орон, газар шороо гэхээр цаад наадхыг харалгүй муйхарлаад зүтгэчихдэг зантайг нь хэлсэн хэрэг. Тэр үндэсний бөхөд ид үедээ учраа бөхөө баглаж ногтлоод зогсчихно. Ямар нэгэн мэх хийхгүй, муйхарласаар байгаад шахаж татна. Өөрийнх нь үеэс эхлээд Д.Сумъяабазар тэргүүтэй бөхчүүд энэ муйхарлалд мөн ч олон удаа өвдөг шороодсон доо. Улс төрд энэ араншингаа гаргах нь үнэхээр лайтай. Улс төрд бол Б.Бат-Эрдэнэ аваргын мэх бол газар авахгүй. Улс төрд яг л А.Сүхбатынх шиг уран барилдаан хэрэгтэй. Нэг мэх хийгээд болохгүй бол өөр хувилбарт шилжих, ахиад дамжих, бүр болохгүй бол гар амраах гээд олон талт хувилбар сонгож байж сая амжилт үзүүлдэг. Арав гаруй жилийн өмнө Б.Бат-Эрдэнэ аварга барилдаж байхдаа өөрийнхөө л төлөө барилддаг байсан. Харин 2004 оноос хойш тэр ард түмний төлөө барилдах эрхтэй, бас үүрэгтэй болсон. Тиймээс одоо тэр өөрийнхөө төлөө бус ард түмний төлөө уран мэхийг уралдуулан барилдах ёстой. Ядахад хэнтийчүүдийн төлөө барилдах ёстой гэдгээ ойлгох учиртай. Гэтэл тэр өнөөх л зүлэг ногоон дэвжээний барилдааныг парламентын танхимд хийсээр байгаа нь цаашид ард түмэнд таалагдахгүйд хүрнэ.  


Эх орон газар шороондоо хайргүй хэн байхав. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт хааж боож, улс орны байдлыг царай дартал нь, ард түмнээ ядууртал улс төр хийнэ гэж юу байхав дээ. Өнөөдрийн эдийн засгийн хүнд байдалд Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд ихээхэн нөлөөлснийг дурдах хэрэгтэй. “Урт нэртэй хууль”-иас эхлээд Ашигт малтмалын, Хөрөнгө оруулалтын бүхий л хуульд тэр эсрэг кноп дарсан гавьяатай. Энэ нь түүний өнөөх л алсыг хардаггүй, зөвхөн өнөө маргаашийн сонгуулиа бодон “газар шороо” хэмээн цээжээ дэлдсэний хор уршиг гэдгийг өдгөө өлсөж буй ард түмэн олж харсан нь дамжиггүй. Эдгээр бүхий л хуулийг эрх зүйн орчинд нь засч сайжруулсан ч гадны хөрөнгө орж ирээгүй л байна. Үүний гавьяа нь түүнд “Байгаль орчны тэргүүний ажилтан” гэх цол тэмдгийг авчирч өгсөн. Өөрийнх нь алдар гуншингийн дэргэд бол өчүүхэн зүйл хэдий ч улс төрийн зүгээс ирж байгаа хамгийн том шагнал нь байх, одоохондоо. Гэхдээ зөвхөн Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс болоод эдийн засгийн байдал хүндэрсэн биш. Олон нөлөөлөх зүйл байгааг дурдах нь зүйн хэрэг. 


Тэр жил “Хэрлэн” төсөл хэрэгжихээр зэхэж, хятадаас санхүүжилт авах гэрээ ч хийгдэв. Хэрлэн мөрнийг говь тал руу татаж, ус ундаагаа элбэгшүүлж ан амьтан, байгаль дэлхийгээ аврах тухай төсөл тухай юм. Эрт дээр үед Хэрлэн мөрөн савнаасаа харьж Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээр дамжиж урссан тухай домог яриа байдаг. Энэ нь аливаа гол мөрний илүүдэл усыг ашигтай газар нь ашиглах ёстойг өгүүлсэн хэрэг байх. Ингэлээ гээд Б.Бат-Эрдэнэ нарын ярьж байгаа шиг Хэрлэн мөрөн ширгэхгүй. Тусгайлсан усан санд Хэрлэн голоос илүүдэж гарсан ус юүлэгдэж, хуримтлал үүсгээд түүнээсээ говь талыг усжуулах төсөл юм. Аливаа гол мөрөн ай савнаасаа хальж л байдаг жамтай. Хамгийн энгийнээр ойлговол гол мөрөн жилдээ хэчнээн удаа үерлэж савнаасаа хальдаг билээ дээ. Энэ л илүүдлийг говь тал руу татах тухай ажиллагаа юм шүү дээ. Хэчнээн хэрэгтэй төсөл байсныг мэргэжилтнүүд өнөөдрийг болтол халаглан дурсдаг. Харин тэрбээр энэ үед Хэрлэн мөрний ай сав нутагт төрж өссөн, тэднийг төлөөлж байгаа түшээгийн хувиар санаанд оромгүй олон хувилбар мэх гаргаж байсныг санаж байна. Эндээс харвал улс төрд ч уран барилдаан гаргаж мэдэхээр байсан даа. Даанч хэрэгтэй цагт, хэрэгтэй зүйлд үгүй юм. Дархан аварга маань дөнгөж улс төрийн амтанд орж байсан үе учраас ийнхүү Хэрлэн мөрнөөр барьцаалан хэнтийчүүдээс санал цуглуулах сонгуулийн ажлаа хийсэн нь төслийг зогсоосон хэрэг. Мөн чанартаа тэр говь нутгийг усжуулж, улмаар цөлжилт гээд олон зүйлээс хамгаалах байсан төслийг ийнхүү зогсоож чадсан. Үүгээрээ тэр говь талын нутаг зон, амьтан ургамалд нүгэл үйлдсэн нэгэн ч гэж болохоор. Уг нь тэр нүгэл үйлдэхээргүй улаан буддист хүн. Гэсэн хэдий ч шаргал ордныг орхиж боломгүй санагдсан учраас өнөөх амьтны амь хороож болохгүй, ард олныг ангааж цангааж болохгүй гэсэн буддын сургаалиасаа зөрсөн удаатай. Улс төр гэдэг зүйл ямар ч сүсэгтнийг ийнхүү өөртөө татаж өвдөг сөхрүүлж чаддаг гайхамшигтай зүйл бололтой. 


1990 онд Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн учраас 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалав. Түүний улс төрд хашсан хамгийн том алба энэ байсан гэхэд болно. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар МАН хөдөө гадаагүй ялагдал хүлээж, бүсээ чангалах маягтай 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан. Нэр дэвшигчдийн марафон жилийн өмнөөс яригдаж, эцэст нь МАН-аас Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр тогтсон. Тухайн үед бүхэлдээ нэр нь уначихсан МАН-д түүнээс өөр сонгуульдах шаанстай хүн байгаагүй. МАН-ын Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас тухайн үеийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарын дөрвөн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нам дотроо сойсон. Ингээд удтал сунжирсан хурлаас Б.Бат-Эрдэнэ өрсөлдөхөөр тодорч байлаа. Есхөн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх олж авлаа гэж байсан. 


Чухам яагаад аваргыг сонгох болов гэдэг нь өдгөө ч том сэдвийн хүрээнд сөхөгдөж болохоор. Туршлагатай улстөрчид гэж болох дээрх гурван нөхрийн хувьд аль аль талаасаа санал цуглуулахгүй гэж МАН-ын тооцсон нь туйлын зөв болсон. Аанай л тэд бөх гишүүнийнхээ нэр хүндийг түшиглэж найдвар тавьсан нь энэ. Санасныг бодоход тэр чамгүй оноо цуглуулсан. МАН-аас өөр нам байсан бол өөрөөсөө тодруулсан Ерөнхийлөгчтэй болох байсан. Өрсөлдөгч АН-ын МАН-ыг харлуулах төлөвлөгөө үнэндээ сайн байсан. МАН-ын хэвлэлийн баг ажиллаж чадаагүй л дээ. Хэвлэлийн баг үнэндээ муу байсан. Түүнээс үндэсний бөхийн дархан аварга бол ялалт байгуулчих байлаа. Нөгөө талаар тухайн цагтаа үндэсний хэмжээний баатар болчихсон Н.Энхбаяртай ноцоод ялчихсан туршлагатай Ц.Элбэгдоржийн улс төрийн заль ч дархан аваргад ахадсан зүйл байгаа биз ээ. Тэгээд ч улс төрд бол Ц.Элбэгдорж түүний үндэсний бөхийн цол чимэгтэй дүйхүйц цолтой нэгэн. Үнэн барилдсан эсэхэд л зарим наадамд эргэлзээ төрүүлдгийг эс тооцвол. Аваргыг бодвол ам мэхэнд гаргууд гээд олон талаар түүнээс давуу. 


Үндэсний бөхийн алдар сууг дээд цэгт нь тултал авсан. Э.Бат-Үүл шиг Улсын баатар авчихвал Гиннесийн номонд орохоос өөр аргагүй тийм л хүн. Харин улс төрд бол Төрийн баяр наадамд гурван удаа тав давсан начин юм даа. 


С.Ууганбаяр

2015.11.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Мэнгэ төөрсөн амрагаа хэрхэн мартаж чадахсан

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Шаардлага хангахгүй 173 автобусыг үйлчилгээнээс гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.26

Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгож, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаараачээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.13

ҮДБЭЧ-ын хөгжимчин Д.Халиун НӨАТ-ын сугалааны тохирлоос 20 сая төгрөг хожжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.01

Унтлаганы автобустай аяллын бүртгэл эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.31

”Соёолж” асарт хөлбөмбөг үзэх 5 давуу тал

...

Дэлгэрэнгүй » 2018.06.26

Банкуудын 1 %-ийн шимтшэлийг болиулах асуудал мянгуужингийн үлгэр болох уу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Гурван өрөө байртай, “Ланд Круизер 105”-тай байж банк дээрэмджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.18