Төрд хатан ухаан хэрэгтэй ч хатдын сүнс дуудахын хэрэг юун

           





   Аливаа улсын Төрд хатан ухаан хэрэгтэй нь туйлын үнэн. Харин хатдын сүнс дуудаад ярилцах хэрэгтэй эсэхийг мэдэхгүй юм. Монгол Улсын парламентийн түүхэнд тэнгэртэй хэл амаа ололцдог, дээд тэнгэрээс хатад хаадын сүнсийг дуудаад зүг замаа заалгачихдаг, хууль тогтоомж гэхээсээ илүү сүсэг бишрэлд автан суудаг лавтай хоёр хүн тодорсон. Түүний нэг нь МАН-аас дөрвөн удаа УИХ-д сууж, өдгөө эрх баригч АН-д данслагдаад буй Дашжамцийн Арвин. Нөгөө нь Нямжавын Батбаяр. Төрд 16 жил суудал бөглөсөн энэ эрхэмд байгуулсан гавьяа байгаа эсэхийг би мэдэхгүй, ард түмэн дүгнэнэ биз.

 


      Ямартай ч Хэнтийн аймгийн Бор-Өндөр багийг сум болгох тал дээр сайн ажиллаж, нутаг зоныхоо хүслийг биелүүлсэн гавьяаг нь ард түмэн ярьдгийг сайн санаж байна. Төрд зүтгэж яваа эмэгтэй хүний хувиар тэр Хэнтий аймгаас сонгогдон ажиллаж байхдаа тус аймгийн эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулсан. Түргэн тусламжийн машинаас эхлээд эмчилгээний тоног төхөөрөмж дөхүүлж, олон сумдад энэ ажил нь хүрч байсныг дурдах нь зүйн хэрэг. Харин төр түшилцэж яваа хүний хувьд Монгол Улсын хэмжээнд хамрах ямар нэг зүйл хийгээгүй гэдгийг надаар хэлүүлэх юун. Нэгэн зүйлийг дурдаж хэлэхэд тэр Хэнтий аймгаас сонгогдож байх үедээ тусламжийн, төсвийн гэх зэргээр салбар салбарт боломжийн тусламж үзүүлсэн байдаг л юм. Ямар ч гишүүн тойрогтоо хулгана хөеөгөө цуглуулах мэт л эвдэрсэн хэмхэрсэн аппарат хэрэгслээс эхлээд шил толь мэт шинийг ч зөөж л байдаг зүйл.

 

      Гэхдээ хууль тогтоох гэхээсээ илүүтэй хатдын сүнс дуудаж хувь төөрөг хардаг энэ эмэгтэй нэгэнтээ Богд хааны хатан Дондогдуламын сүнсийг дуудаж, ярилцсанаа хэвлэлээр дэлгэснийг сайн санах. Дэлгэхдээ “Богд хааны бага хатан Гэнэнпилийн хөргийг Богдын музейд залах, сүйх тэргийг нь шинэчлэх, музейг засч янзлахыг хичээнгүйлэн хүссэн. Мөн Монголын их хатдын хүндэтгэлийн ордон байгуулах үүрэг даалгавар өгсөн” хэмээж байлаа. Хэдий сүнс ч гэсэн Дондогдулам их энэрэнгүй хүүхэн, Гэнэнпилдээ анхаарал тавьж байна. Одоо цагт бол нэг нэгнээ маажих бүү хэл алчих байлгүй. Сүсэг бишрэлд автсан түмний үр сад мөнөөсөө мөн гэдэг нь эндээс харагдана. Яадгийм. Цусанд нь сүсэг бишрэлт  Их Монголын омог буцалж байгаа хойно. Энэ хэрээр тэртээ тэргүй сүсэгт автсан ард түмэн түүнд улам л талтай болж байгааг нийгмийн зарим хэсгээс харж болно. Магадгүй тэр улстөрийн карьер дахь замынхаа хүзүүг уртасгах гэж бодож олсон зүйл нь “хатдын сүнс дуудах” байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн Д.Арвин ч биш аливаа улс орны улстөрчид карьераа дуусгачихгүйн тулд элдвийг сэддэг дээ. Түүний нэг байсан ч юм билүү хэн мэдлээ. Д.Арвин Дондогдуламын сүнстэй чухам яаж ярилцаж суусан бол гэсэн хөх инээдийн гал ангийнх нь нөхдийн цээжин алсад сүүмэлзэж суудаг байлгүй.

 

       Уг нь тэр сүсэг бишрэлийн тухайд ган хийх эрхгүй цагт буюу өнгөрөгч зууны дунд үед төрж, 1981 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн юм билээ. Магадгүй түүх сурах явцад түүний онгод сахиус орж, түүнийгээ олон жилийн турш нуун даргадуулах гэж зовсон байхыг үгүйсгэхгүй. Айл бүрт л нэг тэнгэртэй харьцдаг хүнтэй болсон юм хойно. Тиймдээ ч гурвантаа иргэдийнх нь итгэлийг хүлээсэн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулж, төрлөө олоогүй өөртөө хоргодоод байсан Дондогдулам хатны сүнсийг нэг амраасан. Магадгүй айсуй 2016 оны сонгуулиар Ану хатны сүнсийг нэг дуудаад азаа үзэх нь дээр байж мэднэ. Дайчин эрэмгийг нь бодоод Мандухай хатны сүнсийг дуудах нь ч дээр юм уу. За за үүнийг өөрөө сонгох хэрэг байх. Өөрт нь үлдээе.

 

      Тэрээр сургууль соёлын мөр хөөж дууссан даруй 1981 онд Ардын армийн 221, 162-р ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар ажлынхаа гарааг эхэлжээ. Ийнхүү Д.Арвин армид алба хашиж байхдаа чухам хатдын сүнс боддог байсан эсэхийг мэдэх юм алга. Тухайн үеийн нийгэм, тэр тусмаа арми бол юун шашин ном, сүнс дуудах энэ тэр бол ёстой хуц биз. Элэнц хуланцийнхаа түүхийг ч хусч амьдарч байсан он цаг шүү дээ. Ийм хатуу цагт өөрт бурхнаас заяагдсан тэр “асар их хүч”, “авьяас билгэ”-ээ нууж явна гэдэг амаргүй. Тэр төрөлх Хэнтий нутгаасаа 2000, 2004, 2008 онуудад гурван удаа сонгогдсон. Ямар сайндаа хамтран зүтгэгч, Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ нарын хамт удаа дараа парламентад орж ирсэн учраас “Хэнтийн гурван тэнэг” нэр зүүж байхав дээ. Өнөөдөр цагийн эрхээр “Хэнтийн гурван тэнэг” маань гурван өөр газарт гурван өөр үзэл бодлын дор зүтгэж явна.

 

      Яагаад гэхээр нэг “тэнэг” Н.Ганбямба нь өнгөрөгч сонгуулиар Хэнтийд өвдөг бохирсон. Өдгөө эрхэлсэн тодорхой ажилгүй. Нөгөө “тэнэг” Б.Бат-Эрдэнэ нь өдгөө УИХ-д “хулхи эх оронч” царайлан сууна. Харин тэрээр 2012 онд Сонгуулийн хууль өөрчлөгдөж, томсгосон тойрогт шилжсэн учраас Хэнтийн нэг мандат хасагдан, Д.Арвин тойргоосоо жийгдэж, Баянзүрх дүүрэгт мандат авсан. Ийн улстөрийн буданд төөрсөөр олон учир шалтгааны улмаас АН-ын нөмөрт ирсэн түүхтэй. МАН-аас Б.Батзоригийн хамт саналын босго даваагүй учраас дахин санал хураалтад оролцож, тэрээр ялалт байгуулсан. Ийн зүдэрч явахдаа Баянзүрх дүүргийн айл бүрийн хаалга тогшиж гар цайлгаж мөлхөө пиар хийсэн тухайд хүмүүс үг цухуйлгаж л байдаг юм. Ямар харсан биш. Үүний оронд хатдын сүнс тус болсон гээд итгэчихсэн нь дээр. Харин УИХ-ын гишүүний тангараг өргөсөн даруйд тэр төрөлх МАН-аа орхиж, АН-ыг сонгосон. Бодоход нэг хатных нь сүнс түүнд “биднийг ойртуулдаггүй байсан МАН-ыг орхиж, биднийг уулзуулсан ачтан АН-ыг сонго” гэж шивнэсэн хэрэг. Харин өөрөө энэхүү шилжилт хөдөлгөөнийхөө тухай тайлбарлахдаа “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд барууны үзэлтэй нам, зүүний үзэл баримтлалтай намууд нэг Засгийн газарт хамтарч ажиллахдаа онолын зөрчил гаргасангүй. Тийм учраас Монголд барууны үзэл, зүүний үзэл хэт давамгайлахгүйгээр, энэ хоёр үзэл баримтлалын дундуур байж болно, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй гэж би бодож байна. Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна гэж ойлгож байгаа. Энэ намыг гишүүнгүй хүнд үед нь бусад нөхдийнхөө адил түрийвчээ бариад очиж байсан. МАН удалгүй хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд ч хүчтэй нам болсон. Ийм үедээ манай намын удирдлагууд, хэдхэн тооны хүмүүс биеэ тоож, гишүүдээ үл тоомсорлосон” хэмээсэн. Тийм ч биз, үгүй ч биз. Албан байр сууринаас харвал тэр улстөрийн үзэл баримтлалын тухайд ямар ч ойлголтгүй парламентад 16 дахь жилдээ сууж байгаа мэт. Нөгөө талаар МАН-ыг ядарсан үед нь орхисон мэт. Түүнийг сонгуулиас бүр хойно, олон сарын дараа дахин санал хураалтаар ялалт байгуулан АН-ыг сонгож байхад МАН бараг л модоо барихдаа тулчихсан байсан. Аппаратынхаа ажилчдын цалинг тавилгүй хэдэн сарын нүүр үзэж, лидер биш юмаа гэхэд лойдор болчихгүй Д.Тэрбишдагва, Ч.Улаанаас эхлээд олон гишүүдээ Н.Энхбаярт алдчихсан. Намын удирдлага нь үзэл баримтлал ч үгүй толгой нь эргэчихсэн. Мөнгөө цүнхлээд МАН-ын үүдээр гүйлддэг байсан бизнесмэнүүд АН-д хандарсан тэр хүнд үед МАН-ыг орхисон нь гарцаагүй үнэн. Гэхдээ “ядарсан бус задарсан үед орхисон” хэмээн шулуухан хэлсний цаана нэг агуулга бий. Хур хөрөнгөтэй авлигачид дүүрсэн нам учраас хэзээ ч ядрахгүй гэсэн санаа хэлээд байсныг бас дурдах хэрэгтэй.    

 

      Д.Арвин 1987 оноос зах зээлийн нийгэмд хөл тавьтлаа Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тухайн цагт гараа өргөөд байсан МАХН-ыг бараадаж, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл тэр МАХН бараадаж, “Их-Өргөө” компаниа байгуулаад авсан хэрэг. МАН-ыг засаглаж ахуй цагт мөн ч олон тендер авсан компани бол энэ гэдгийг хэвлэлүүд удаа дараа дэлгэж байсан учраас энд дурдаад яахав. Харин тэрээр уугуул МАН-аа орхисон байр сууриа ийн илэрхийлж байсан бол эх сурвалжийн хувьд “Д.Арвин Баянзүрх дүүрэгт төрөх эмнэлэг барихаар гурван тэрбум төгрөгийн тендер аваад суурь тавьсан төдий орхисон гэдэг. Тиймээс шалгагдахдаа тулж, эрх баригч намыг бараадсан” гэх. Ямартай ч түүнийг өнөөдөр АТГ болон хүчний байгууллагаас шалгасан тухай тодорхой мэдээлэл алга байна. Тэгэхээр худлаа юм болов уу. Нөгөө талаас “Д.Арвинд АН сайдын суудал амласан учраас тэр албан тушаал горилж ялагдсан МАН-аа орхисон” гэх зэрэг мэдээлэл байв. Түүнд сайдын суудал байтугай Байнгын хороон даргын алба ч өгөөгүй. Ямар нэг албан тушаал авч чадаагүй АН-ын унаган гишүүдийнх нь уур цухал тэнгэрт тулж байхад юун Д.Арвинтай манатай. АН доторхи албан тушаалын уцаарт дараалал өнөөдөр ч дуусаагүй байна. Ер нь түүний хувьд АН-д байгаа эсэх, УИХ-д байгаа эсэхийг ч сонирхож байгаа хүн алга. Эндээс харвал баахан хуучирсан кадр гэвэл зохилтой. Тодруулбал, улстөрийнхөө карьерийг МАН-аар эхлүүлж АН-аар үдэж байгаа улстөрч эмэгтэй ч гэж харж болохоор. Ядахад жендерийн эрх тэгш байдал, Сонгуулийн шинэ хуулийн квот ёсоор УИХ-д хэрэгтэй хэрэггүй арав гаруй эмэгтэй гишүүн ороод ирчихсэн нь түүнийг улам ч бүдгэрүүлэх аж. Түүнээс биш урьд өмнө УИХ-д гуравхан эмэгтэй гишүүн байсан нь түүний карьерийг өндөрт өргөх шалтгаан байжээ гэдэг нь өнөөдөр бэлхнээ харагдана.  

 

         Д.Арвин “Их-Өргөө- компаниа ажиллуулж байгаад 2000 онд тухайн үеийн МАХН 72 суудал авахад УИХ-д орж ирсэн цөөн эмэгтэйчүүдийн нэг. Тэр 2008 оноос “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороон”-ы даргаар ажиллаж байхдаа нийгэмд тулгамдсан асуудалд нямбай хандаж байсан тухай зарим хүн хэлдэг юм билээ. 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан нь түүний УИХ-д арав гаруй жил суухдаа хашсан хамгийн том алба нь. Түүнийг ойрын ирээдүйд угтаж буй том шаналгаа нь 2016 оны сонгууль. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар өөрийнх нь дагаар орсон АН-аас тус дүүргээс Ж.Батзандан, Д.Ганхуяг нар УИХ-д орж ирсэн. Хамтрагч И.Нарантуяа ялагдсан учраас Д.Арвин хоёр ялагчтайгаа Баянзүрхэд мандат өвөртлөх нь гарцаагүй. Мэдээжийн хэрэг хамгийн хүчтэй өрсөлдөгч нь МАН-ын нэр дэвшигчид байж таарна. Ядахад нэг суудлыг нь аваад одсон Д.Арвинд МАН-ынхан өнөөдрийг хүртэл гомдож яваа. Тэдний гомдол тасрахгүйн зэрэгцээ түүнийгээ хонзон болгож сурсан нам учраас түүнд нэлээд төвөгтэй байх болно. Түүний хувьд ч МАН-д хонзон санасаар яваад гайхах хэрэггүй. 2011, 2012 оны завсарт стандарт бус гэх Сү.Батболдын Засгийн газраас АН зайгаа авч, орон гарсан сайдуудын нэрс яригдсаныг санаж байгаа байх. Энэ үед эрхэм гишүүн маань Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр нь яригдаад суудал авч чадаагүй. Гомдол бол эндээс эхтэй гэж хэлж болохоор. Ингээд эрхэм гишүүнд хувийн зүгээс нэгэн зөвлөгөө өгөөд үүнийг өндөрлөе. Төрд хатан ухаан хэрэгтэй. Гэхдээ хатдын сүнс дуудах огт хэрэггүй шүү.

 

С.Ууганбаяр

 


2015.11.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хавдраар нас барсан 3536 хүний амийг аварч болох байлаа…

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.07.02

“Реформ-20” клуб байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.15

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Хотын дарга хариуцлагаа хүлээх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21

Маргааш бүх нийтээр амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Тахимаа өгч сураагүй бөх давж чаддаггүй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.04

Төрийн үйлчилгээг амралтын өдөр авах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Солигдмол үүл шиг Ц.Даваасүрэн

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04