“Эрх чөлөөт” иргэдийн хяналтгүй үйлдлийн золиос болсоор байх уу ?

  -Нийслэлийн байгаль орчны асуудалд анхаарах цаг болжээ-
   
     08.00 цаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын Жуковын талбай. Зүүн талын сүүдрэвчинд хэдэн хүн сууна. Дундаа нэг шил архи тавьчихаж. Өмссөн зүүсэн, өнгө төрхийг нь харвал  архинаас хамааралтай хүмүүс болох нь андашгүй. Тэднээс ердөө 20 хүрэхгүй алхамын зайд нялх хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй сууж байгаад тэсэлгүй босч явлаа.

 

 

Түүнтэй  хэдэн үг   солив. “Гэр ойр болохоор хүүхдээ салхилуулах гэж Жуковын талбай дээр ирдэг. Харамсалтай нь архичид цуглараад их хэцүү. Хавар яасан гээч. Хэдэн хүн архидаж байгаад нэг нь  шууд босоод л бидэн рүү харж байгаад шээчихсэн. Хүүхэдтэй хүмүүсийг  тоож байгаа ч юм байхгүй. ТҮК-ийнхэн цэвэрлэдэг тулдаа л бид энд гарч ирдэг. Тэгээд ч ойр хавьд хүүхдээ салхинд гаргах олигтой газар ховор” гэж  хөмсгөө зангидан  өгүүлэв.  “Нялх хүүхэдтэй эх хүмүүсийг өчүүхэн ч хүндлэлгүй өөдөөс нь хараад шээж байгаа тэр тэнэгүүдийг яах ёстой вэ” гэсэн бодол  хормын төдийд төрж хий дэмий л  бухимдаад Жуковын музейн чанх хойно шинээр  сүндэрлэсэн “Ромео Жуллетта” хотхоны зүг алхлаа. Хотхоны урдхан талд автозамаас хэдхэн алхамын зайтай байрлуулсан хог хийх зориулалттай төмөр пункрийн  дэргэд 30 орчим насны  залуу суучихаж. Авч яваа томоос том шуудайг нь харвал юу хийж, яаж амь зуудаг нь илт. Төд удалгүй нэг нь пункрт үсэрч орох мөртөө хэдэн ундаа, пивоны лааз гаргаж шидлэв.  Хоёр “сайн  эр” 10 минут хүрэхгүй хугацаанд тэр орчинд хог бутрааж орхиод явлаа. Ийм үзэгдэл өвөл, зунгүй, өглөө, үзэшгүй давтагддаг нь бололтой. “Манай байрны урд талын машины болоод явган хүний замыг ТҮК-ийн ажилтнууд цэвэрлэдэг. Маргааш нь ч цэвэрлэх шаардлага гардаг. Зарим хүмүүс барьж явсан цаас ч юм уу лаазаа гудамжинд хаядаг л байх. Гэхдээ архичид  илүү их хог тарьж, хаа тааралдсан газраа бие засч явах юм” гэж өөрийгээ Гэрлээ гэж танилцуулсан тус хотхоны оршин суугч  сэтгэл дундуур өнгөөр ярив.   Тус хотхоны гадаа хэсэг “ажиглалт” хийснийхээ дараа сэтгүүлч миний бие Хил хамгаалах ерөнхий газрын баруун урдхан тал буюу хуучин хөл бөмбөгийн талбай руу орлоо. Хаалга үүд гэхээр юмгүй болохоор хүн байтугай машин  ороход ямар ч саадгүй. Харамсалтай нь бүхэл бүтэн бичил хороолол босгохоор тийм цэлгэр уудам талбайн өнцөг буланд хогноос их юм алга. Баруун талын суудал дээр  эр, эм нийлсэн дөрвөн хүн тойрч суугаад чанга чанга ярилцана. Бодвол “ганц юмаа” тойруулж байгаа бололтой.  Гаднаасаа “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж”, гашуун идээгээр унд хийдэг улс нь илт. Энд тэндээс үнэртэх шээс шивтэр, хөглөрөх хог хаягдалд тэдний оруулсан “хувь нэмэр” их нь тодорхой.  Хөлбөмбөгийн талбайн баруун талын нүхээр нэвт гараад 110 дугаар байранд дөхөж очвол 60 орчим насны намхан биетэй, хөл ялимгүй муутай эмэгтэй орцны зүүн талд овоорсон хогийг шүүрдэж байлаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат гэнэ. Хүүхдүүдээ дагаж 6 жилийн өмнө нутгаасаа гарснаас хойш зүгээр сууж чадалгүй орцны жижүүрийн ажилд оржээ. “Би залуудаа өндөр цалинтай ажил хийж явсан хүн. Хотод орж ирээд хэдэн хүүхдүүддээ дараа болохгүй гэсэндээ ийм ажилд орсон доо. Цалин бага. Гэхдээ  зарим хүмүүсийн  маш ухамсар муутай үйлдэл нь авдаг хэдээс маань ч дор байх юм. Тэр  л хэцүү дээ” гэж яриад түр амсхийв. Түүний ярьснаар бол Сансар буюу 12 дугаар хороолол шөнө орой хөл хөдөлгөөн ихтэй учир орцноос ч гарахаас айдаг гэнэ. Харамсалтай нь өглөө нь босоод харахад  өмнөх өдөр нь хэрэндээ л хичээж цэвэрлэсэн орчинд нь эргээд хог хөглөрчихдөг ажээ. Ихэнх нь ажилгүй архичин хүмүүсийн “уран бүтээл”. Цагдаа нарын хувьд зохих арга хэмжээ авдаг ч  байдал нэг л дээрдэхгүй байна.  Дараа нь би бээр сурвалжлагаа үргэлжлүүлэхээр  Ханын материалын эцэст ирлээ. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хамаардаг уг нутаг дэвсгэрт хоёр жилийн өмнөхийг бодвол орон сууцны тоо нэмэгджээ. Гудамж талбай нь харьцангуй цэвэрхэн. Бодвол саяхан бүх нийтийн цэвэрлэгээ хийсэн бололтой. Тус хорооны Засаг дарга Б. Энхтуяа “Бид нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүх дүүрэг, хороодын дунд зарласан “Цэвэр цэмцгэр Улаанбаатар” сэдэвт уралдаанд амжилттай оролцох зорилт дэвшүүлсэн. Хамгийн гол нь нийтээрээ хогоо цэвэрлээд хэвших хэрэгтэй байгаа юм. Монгол хүн, Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл орчинд өсч торних ёстой шүү дээ” хэмээн ярилаа. 6 дугаар хорооны ажилтнууд  хогны асуудлыг шийдвэрлэх зорилтынхоо хүрээнд гудамж талбайг тохижуулах болон бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах болжээ.

 

Мөн  айл өрхүүдийг  хашаандаа хоггүй, стандартын бие засах газар, бохир усны цооногтой болгоход гол анхаарлаа хандуулжээ. Одоогоор  энэ ажил мэдээж 100 хувь ажил хэрэг болоогүй ч эхнээсээ хэрэгжээд явж байгаа аж. Хамгийн гол нь гэр хорооллын айлуудын хогийг 14 хоногт нэг удаа ачих график гаргаж,  хашаандаа хог хөглөрүүлэхгүй байх шаардлага тавьсан байна. Түүнээс гадна тохижилт хариуцсан нийгмийн ажилтны орон тоо бий болгож хогны асуудлыг давхар хариуцуулав. Иргэдэд зориулсан сургалт сурталчилгааны ажлыг ч хийдэг болов. Энэ нь мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхэлсэн байна.  Гэхдээ 6 дугаар хорооны хэмжээнд ажилгүй, архи уудаг хүмүүсийн тоо өмнөх онуудаас олигтой буураагүй аж. Тэр хүмүүс булан тохойд бие засах, архи, пивоны шилээ хамаагүй хагалж хаях, сууцны орц хонгил болоод хашааны булан тохойд цугларч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээ хийсэн ч хэсэг хугацааны дараа ухамсар дорой хүмүүсийн үйлдлээс болоод хогны асуудал дахин үүсдэг үзэгдэл  бүрэн арилсангүй. Мөн 6 дугаар хорооны иргэдийн ярьснаар бол Ханын материалын эцэст нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Амьдрах ухаан” төв байрладаг нь тус хорооны нөхцөл байдалд таагүй нөлөөлдөг байна. Тус төв  орон гэргүй нэн ядуу иргэдэд хандсан халамжийн тодорхой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хаа байгаа Улаанхуарангаас  хүртэл хүмүүс ирж хоног төөрүүлж, хооллож ундалдаг гэнэ. Архинд орсон хүмүүс ч ирж, орой үдшийн цагаар архидан согтуурч, хог тарьж орчныг бохирдуулна…
…“Хоггүй цэвэрхэн юмаа. Гэр хороололд ийм цэмцгэр орчин бүрүүлж болдог л юм байна”  гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хогны асуудлаа шийдвэрлэсэн жишиг хороо  болох зорилго тавин ажилласнаас хойш мэдэгдэхүйц үр дүнд хүрч байгаа гэсэн мэдээллийн мөрөөр  газар дээр нь очиход “Үнэхээр тийм байна шүү” гэсэн бодол төрөхүйц орчин угтсан нь энэ. Тус хорооны Засаг дарга Л. Батдэлгэрийн ярьснаар  27 дугаар хороон дээр 2012 оноос хойш “Хог тээврийн менежментийг сайжруулах загвар хороо” төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийн хүрээнд бодлого, тогтолцооны хувьд шийдвэрлэх ёстой гол гол асуудлаа үндсэнд нь шийдвэрлэжээ. Юуны өмнө 2012 оноос өмнө байсан 14 хогийн цэгийг арилгаж устгасан бол дараа нь иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөхөд анхаарч ажилласан гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь хорооны иргэд хог гэхээр   хороо л шийдэх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой байсан аж. Гэтэл бодит байдал тийм биш шүү гэдгийг ойлгуулахаас ажлаа эхэлжээ. Өмнө нь ТҮК-оос  хороонд ердөө ганцхан хогны  машин хуваарилдаг байж. 16 мянган хүн амтай хорооны бүх хогийг ганцхан машинаар  хамж дуусгана гэвэл мэдээж бүтэхгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хорооны удирдлагууд ТҮК-той ярилцаад хог ачих машины тоог гурав болгож чаджээ. Мөн хог ачих, цэвэрлэх календарьчилсан хуваарь гаргав.

 

 

Нэг ёсондоо хог ачих ажиллагаа графикийн дагуу хийгдэхээр болсон гэсэн үг. Түүнээс гадна хогийн цэг үүсч болзошгүй гудамж талбайг камержуулав. Үр дүнд нь байдал өөрчлөгдөөд ирлээ. Хог  мэдэгдэхүйц багасав. Иргэд ч урамшиж, улмаар 3-4 сараар хог ачсангүй гэдэг гомдол мартагдах тийшээ оржээ. Хог тээврийн асуудлыг тогтолцооны хувьд өөрчлөх зорилго тавьсан нь ийнхүү үр дүнд хүрч эхэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхны хувьд байнга тулгарч байдаг хог хэмээх “шүдний өвчин”-г “эмчлэх”-ийн тулд нутаг дэвсгэрийн хүн амд тохирсон техникийн болон хүний нөөцийн бодлогын асуудлыг шийдвэрлэж байгаа аж. “Хог хаягдал хэцүү шүү дээ. Ялангуяа өвлийн улиралд үнс нурам хашаанд дорхноо л овоорчихно. Харин хорооны ажилтнууд хог ачих хуваарь гаргаж, яг тэр дагуу хог ачдаг болсноор арай дээрдсэн шүү. Ер нь айл өрхүүд өөрийнхөө хашаанаасаа гадна  нийтийн цэвэрлэгээнд гардаг болсон” хэмээн  гудамжинд таарсан хүмүүс ч ярьж байлаа. 27 дугаар хороо хоггүй хороо болох зорилтынхоо хүрээнд өнгөрөгч зургадугаар сарын 19-нд “Жишиг гудамж”-ны нээлтээ хийжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Гандангийн  гудамжийг тохижуулахад гурван тэрбум төгрөг зарцууллаа хэмээн мэдэгдэж байсныг нийслэлчүүд санаж байгаа. Тэгвэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Жишиг гудамж”-аа ердөө 20 сая орчим төгрөгөөр байгуулж чаджээ. Хорооны дэмжлэгтэйгээр иргэд өөрсдөө санаачилга гарган төсөл бичсэнийг нь Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв, Японы Нийгмийн хөгжлийн сан дэмжсэнээр “Жишиг гудамж”-ны эхлэл тавигджээ. Тэр  гудамжны хашаа хороо шугамдсан мэт жигдхэн бөгөөд өнгөлөг.   Юутай ч төр захиргааны байгууллага иргэдтэйгээ хамтраад зүтгэвэл боломж байдгийг энэ хорооны үйл ажиллагаа тодорхой харуулж байна.  “Ирэх жилээс манай хорооны туршлагыг нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлагын түвшинд яригдаж байгаа” гэж Засаг дарга Л. Батдэлгэр ажилдаа урамшсан янзтай өгүүлсэн юм.  Гэхдээ сайны хажуугаар садаа гэгчээр зарим ухамсар дорой хүмүүсээс болж үе үе урам хугармаар асуудал гардаг гэнэ. Нийслэл даяар үлгэр жишээ хороо болох зорилт дэвшүүлж мэдэгдэхүйц амжилтад хүрч явахад орчныг бохирдуулах үзэгдэл байсаар. Тэр бол өнөөх л ажилгүй хүмүүсийн архинаас үүдэлтэй сөрөг үйлдэл. 

 

 

Энэ бүхнээс үзвэл дүүрэг, хороо боломжийнхоо хэмжээгээр хог хаягдалтай тэмцэж, жилээс жилд шинэ арга хэлбэр эрэлхийлж байгаа нь харагдана. Хамгийн гол нь ажилгүй, эсвэл орон гэргүй иргэд хэсэг бүлгээрээ нэгдэн архидан согтуурч байгаа нь нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй орчин тойрондоо хог тарих, замбараагүй бие засах зэргээр нянгийн бохирдол үүсгэх нэгэн бодит шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, орчны бохирдлын нэгэн томоохон хүчин зүйл нь иргэншлийн хуулиас гадуур төлөвшилтэй хүмүүсийн үйлдэл гэсэн үг.  Хамгийн аймшигтай нь өөрийн гэсэн философитой, амьдралын хэв маягтай  ”архичин анги” гэсэн шинэ давхрага нэгэнт үүсээд олдмол дархлаатай  болчихож. Уг нь үүнийг хүн болгон мэддэг ч “эмчлэх” арга ухаанаа нэг л олохгүй байх шиг.   Эднийг яах эсэхээ төр нь мэдэг гээд хаях хэцүү, нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөх бүр хэцүү болжээ. Ямар ч байсан зөнд нь хаяж яавч болохгүй нь. Уг нь Үндсэн хуульд буй хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэдэг  заалт  Монгол Улсын иргэн бүрт хамаатай гэдэг утгаар ийм амьдралтай хүмүүстэй төр захиргааны байгууллага  тулж ажилласан шиг ажиллах  учиртай. Нөгөө талаас нийт иргэдийн эрх ашгийн үүднээс холбогдох хууль, дүрэм ч  тэдгээр хүмүүст үйлчлэх ёстой биш үү?  Бас иргэд, олон нийтийн оролцоо ч хэрэгтэй. Асуудалд ингэж зарчмын үүднээс хандаж чадахгүй байгаагаас намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэдэг итгэл үнэмшилтэй болчихоод байна шүү дээ. Тэр “вирусийг” нь устгаагүй цагт хогтой “байлдаад” тийм амархан үр дүнд хүрэхгүй биз ээ.    ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор О. Батхишигийн ярьснаар бол Улаанбаатар хотын хөрсөнд шинжилгээ хийхэд нийт дээжний 72 хувь нь нянгийн бохирдолтой  гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд ходоод,  гэдэс, амьсгалын замын халдварт өвчин үүсэх эрсдэл маш  өндөр байна гэсэн үг. Ялангуяа нийт хүн амын талаас нь илүү нь цугларсан Улаанбаатар хотод энэ асуудал бүр их хамаатай болоод байна. Хүн амьдардаггүй зэлүүд газрын байгалийг хамгаалах талаар ярьж тэмцэж байгаа нь сайн хэрэг. Яг үүн шигээ хүн амын төвлөрөл болсон нийслэлийнхээ байгаль орчныг хамгаалах талаар дорвитой ярих цаг болжээ.

 

Утаа, баталгаагүй хоол хүнснээс гадна хог  хаягдал, хөрсний бохирдол Монголын эрүүл ирээдүйд заналхийлж байна.

Д.Лхагвадорж

2015.10.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Женкогийн Ч.Сайханбилэгт дайсан үгс

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

МҮСХНХ, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн тухай

...

Дэлгэрэнгүй » 2017.01.09

...

Дэлгэрэнгүй » 2018.01.15

Ирэх бямба гаригт тэгш, сондгойгоор ангилна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14