Улс төрийн цуутай амрагууд

       

 

Хоёр “Э”-гийн хэрүүл хэрээс хэтэрлээ. Хэзээ ч хэлцэж байгаагүй юм шиг нэг нэгнээ үзэн ядна. Өсөрхөнө. Нэг газар тааралдвал бие бие рүүгээ цэхэлзэнэ. Занана, зүхнэ. Нэг нь яасан ч тавьтиргүй юм, байсгээд л улс төр хийж давхиад уур унтууг нь барах юм. Нөгөө нь ч яасан зуумтгай юм, салхи үнэрлэх гээд ганц нэг үзэгдэхтэй нь зэрэг хайрдаг морь шиг буруу зөвгүй тангарах юм.

 

Б.Лхагвасүрэнгийн нэг айхтар шүлэг бий. “Элегия” гэж.

 

Нуурын захад толгой зөрүүлэн

Дэлээ үнгэлцэх хоёр адуу

Салаад холдохын цагтаа

Үүлс бужигнатал янцгааж

 

Самсаа бүрээдэн учрахдаа

Үг хэлэлцэх шиг тургилна

Хуйв, тохом хоёр

Түр хагацаана уу гэхээс

 

Хувь заяа салгах нь үгүй ижил адгуус

Манант үүрийн зогсоолд

Магнай түшилцэн наадам зүүдлэх хоёр морь

Уулсын торгон салхинд сүүлэн ширэлдээ задалж

 

Усанд буусан сарыг тэнцүү хуваан залгилж

Одоо ингэж нэгэн гүүний унага мэт байвч

Овоон дээр тавьсан хэнийхээ яснаас үргэж явах бол доо, хөөрхий...

 

Үй зайгүй ижилссэн хоёр адууны тухай авч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрыг эгээ л оноогоод хэлчихэж байгаа юм шиг утга таарч байна. Эгдүү хүрмээр үнэн. Энэ хоёрт нэгэн гүүний унага мэт явсан өдрүүд бий. АН, МАН гэх хоёр талд хэцэлсэн улс төрийн уяан дээр унага байхаасаа л хамтдаа торвисон хоёр.

 

1990 онд өөр өөрийн эхнэрийг сахин эмнэлгийн нэг тасгийн нарийхан орон дээр хамтдаа хонож, цай шөлөө хуваалцаж явснаас хойш 25 жилийг туулцгаажээ. Энэ хоёр өдгөө нэг оронд байтугай, нэг улсад багтаж шингэхгүй болтлоо бие биенээсээ зэнзийрхэн холджээ. Гэвч улс төрийн үзэгдэл талаасаа энэ бүхэнд нь шууд итгэж болохгүй. Эд яаж ч мэдэх улс. Тэдний хоорондоо дурлалцах, муудалцах нь нэгэн цагийн л явдал болохоос мөнхийн юм биш. Өнөөдөр хэрэлдэж байвч маргааш тэврэлдэж чадах хоёр. Яаж ч салгаж тавиад, энэ хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй юм. Таарсан таар шуудайнууд гэсэн утгаараа биш шүү. Нэг нь байгаагүй бол нөгөө нь хэзээ ч ийм хол өнхөрч чадахгүй байсан гэдэг утгаараа. Эд бас нэг зоосны хоёр тал юм. Нэг нь сүлд, нөгөө нь тоо гэж харагдах боловч уг чанар нь адил гэсэн үг. 

 

Хамгийн гол нь энэ хоёр нэгнээсээ хэзээ ч үүрд салахгүй улс төрийн цуутай амрагууд юм. Яагаад салахгүй вэ гэвэл, тэд сэтгэл зүрхнийхээ угийн угт бие биедээ учиргүй хайртай. Нэг нэгэндээ хамгийн эгзэгтэй мөчид нь дандаа тус болдог. Хэн хэнийгээ улс төрийн тавцангаас холоо чулуудаж хаях өчнөөн боломж хэн хэнд нь л байсан. Гэвч хэн нь ч тэгээгүй. Тэгээгүйгээр барахгүй, эргэж сэхэх боломж, хайр халамжийг бие биедээ найр тавин үзүүлдэг нь туйлын сонин. Баримт татъя.

 

1996 он. Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялалт байгуулсан ч Ц.Элбэгдоржийн хувьд лидер байх боломжоо М.Энхсайханд булаалгачихсан байсан үе. Энэ үед Н.Энхбаяр УИХ-ын нөхөн сонгуулиар гарч ирмэгцээ М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах хамаг хорыг найруулав. “Намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн дүрмийн ганцхан заалтаар М.Энхсайханыг унагаж, тухайн үеийн намын дарга Ц.Элбэгдоржийн гарт Ерөнхий сайдын эрх мэдлийг шууд л атгуулчихсан хүн бол Н.Энхбаяр. Гэвч Н.Энхбаяр итгэж болох амраг биш учир гуравхан сарын дараа Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг бас унагасан л даа. Улс төрд мөнхийн найз нөхөр гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий гэдэг шүү дээ. АН-ын дөрвөн Засгийн газрыг огцруулж чадсанаараа Н.Энхбаяр 2000-2004 онд улсын эзэн болж чадсан болохоор үүний төлөө Ц.Элбэгдоржтой үүсгэсэн дурлал зэргийг золих нь байх л явдал. 

 

Харин дангаар засаглаж байсан он жилүүддээ Ц.Элбэгдоржийг улс төрд дахин үзэгдэхгүй түүх болгох “шаанс” ноён Н.Энхбаярт байсан юм. Одоо өөрт нь үүсгээд буй эрүүгийн шинжтэй хэргүүдийг хэдийг бол хэдийг гаргаж ирээд Ц.Элбэгдоржид үүрүүлэх боломж байлаа. Өнөөдөр “Авлигаар авсан хэдэн тэрбум төгрөгөө аваад ир, авлига авсан дүүгээ аваад ир, авлига авсан туслахынхаа ахыг аваад ир. Тэгээд л Монголдоо ирж салхил л даа” гэсэн үгийг нь тухайн үед Н.Энхбаяр хэлээд зогсож байж болох л байлаа. Ялгаагүй л мань Элбэгээ сурах нэрийдлээр гадаад руу гараад явчихсан байсан үе шүү дээ.

 

Ийм үед нь Н.Энхбаяр мөн л туслаагүй бол Ц.Элбэгдорж магадгүй нэг аймгийн Засаг дарга төдийхнөөр төгсөж мэдэх л байсан. Өөрөө ч тухайн үед намайг Хархорин хотын дарга болгоод өг гэж гуйж байсан хүн. 2004 оны сонгуулиар МАН ялагдсан ч Н.Энхбаяр бүхнийг шийдэх эрх мэдэлтэйгээ байв. АНУ-аас ирээд удаагүй байсан Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болгох ажлыг мөн л мань хүн гардан зохион байгуулсан юм.

 

Тухайн үед ёстой л Монголд “салхилах”-аар ирээд байсан Ц.Элбэгдоржийг ямар ч албан тушаалгүй, улс төрийн орон зайгүй “гудамжинд” гүйж явахад нь Н.Энхбаяр л дээшээ суга татсантай ялгаагүй гэсэн үг л дээ. Сонгуульд ялалт байгуулсан “Эх орон-Ардчилал” эвслийг М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар байгуулж, Ц.Элбэгдоржийн орон зай, нөлөө бага байсныг уншигчид санаж буй биз ээ. Мань хүн 2005 онд Ерөнхийлөгч болсон Н.Энхбаярын оронд 65 дугаар тойргийн нөхөн сонгуулиар АН-аас нэр дэвшсэн ч түүнийгээ МАН-ын дарга М.Энхболдод найр тавин өгч, нэрээ татаж байсан түүхтэй. Гэтэл энэ түүх хэдхэн жилийн дараа яг эсрэгээрээ давхцсан юм. Энэ удаа Элбэгээгийн суларсан суудал дээр Энхбаяр өрсөлдөх боломж тохиосон. Гэвч мөн л хоёр намын тохиролцоо явагдаж, С.Баяр “АН-тай тохирчихсон учраас ялна” гэж хэлээд Н.Энхбаярыг биш, Д.Зоригтыг нэр дэвшүүлж байлаа шүү дээ.

 

Н.Энхбаярын хувьд өөрийн тэрэгний өрөөсөн дугуйгаа зарим үед мулталж чулуудчихаад, зарим үед түрж өгөөд явсан бол Ц.Элбэгдоржийн хувьд өрөөсөн дугуйгаа өнхрүүлэх сонирхол маш бага байв. Н.Энхбаярын улс төр рүү эргэн өнгөлзөх санаархал бүрийг тас цохиж байлаа. Гэвч сэтгэлийн мухарт нуугдсан далд хайр нь хаачих билээ. Хоёр удаа Н.Энхбаярыгаа сүрхий энэрсэн юм. Н.Энхбаяр улс төр дэх байр сууриа бүрэн алдаад байв. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, нам доторх эрх мэдлээ алдаж, улс төрийн тойргийн гадна үлдэх болов. Ийнхүү бараг үхчихээд байсан түүнийг дахин амилуулаад босгоод ирсэн хүн бол мөнөөх Ц.Элбэгдорж юм. Юу гэвэл, улс төрийн архаг хууч нь зүгээр суулгаагүйн улмаас шинэ нам байгуулахаар шийдсэн Н.Энхбаярт МАХН гэсэн нэрийг авах бололцоо бараг л байгаагүй. Харин Ц.Элбэгдоржийн далд туслалцаагаар МАХН байгуулагдсан билээ.

 

Санаатай болон санамсаргүйгээр нэгэндээ тусалдаг жишиг үүгээр дуусахгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр нь Ц.Элбэгдорждоо мөн л тус хүргэв. МАН-ын нэр дэвшигчид ялагдах эрсдэл, мөн айдас Ц.Элбэгдоржид байсан бөгөөд хэрэв ялагдсан тохиолдолд мэдээж бүхнээ алдах аюултай нөхцөлд байв. Ийм үед аврал нь бас л Н.Энхбаяр болж таарсан нь сонин хувь зохиол. МАХН-аас Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд сойж, МАН-ын нэр дэвшигчийн саналыг хувааснаар Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдож чадлаа. Харин тухайн үед хийгдсэн тохиролцоог саяхан З.Баянсэлэнгэ гишүүн уурандаа илчилчих шиг болно лээ. Өршөөлийн тухай хуульд хориг тавьж, Н.Энхбаярт төрийн төмөр нүүр үзүүлэх хэрэгтэй гэж хилэгнэн дайрсан Ерөнхийлөгчид хандан “Ерөнхийлөгчийн сонгуулиар та МАХН-аас хүн нэр дэвшүүлж, МАН-ын саналыг хувааж өгвөл Н.Энхбаяр даргад уучлал үзүүлнэ гэж тохироо хийсэн шүү дээ. Яагаад хэлснээсээ буцаад, заваараад байгаа юм бэ” гэсэн утгатай үг хэлсэн. Бараг ч үнэн болов уу. Тэртэй тэргүй, ялахгүй нь тодорхой Н.Удвалын нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлж, зардал гаргах өөр тооцоо, өөр ашиг хонжоо юу л байв гэж. Хоёр эрхэмээс энэ зэргийн улс төрийн нүүдэл гарах нь мэдээж юм.

 

Цаашлаад Н.Энхбаярт хэрэг үүсгэн шалгаж, улмаар шүүхээр ял оногдуулсан хэргийн эзэн нь Ц.Элбэгдорж хэрнээ эргээд уучлал үзүүлэн сулласан хэнгэргийн дохиур. Яг л ам нь нэгийг ярих атлаа гар нь өөрийг үйлдэхтэй адил. Тиймээс л өнөөдөр өрнөж буй хоёр “Э”-гийн хэрүүл тэмцэл, үгийн илбэ зэрэглээнд үнэмшмээргүй байна.

 

Ерөнхийлөгчийн чухам санаа юу юм бэ. Н.Энхбаярыг үхүүлэх ч үгүй, амьдруулах ч үгүй, хоёрын хооронд гурвын дунд байлгаад байх ямар янзын сонирхол, эрх ашиг түүнд байгаад байна вэ. Түүнд Н.Энхбаярыг нам дарах боломж олонтаа тохиолоо. Амь тасардгийн даваан дээр сэхээн амьдруулах тасаг руу өөрөө шилжүүлсээр ирэв. Нөгөөх нь улс төрийн амь бөхтэй, байсхийгээд л “мангаа” болоод босоод ирэх юм. Товчхондоо Н.Энхбаяр хэзээд Ц.Элбэгдоржийн хамгийн том айдас нь хэвээр байх бололтой. Түүнчлэн хамгийн том аврагч нь ч болж чадах нигууртай. Дайсан ч мөн, нөхөр ч мөн гэсэн үг. Н.Энхбаярын тухайд улс төрийн цуутай амраглагч гэж дүгнэчихэж болохоор улстөрч. Түүнд сүлбэлдэж хэлхэлдээгүй нэг ч улстөрч Монголд байхгүй. Н.Багабанди, М.Энхсайхан, С.Баяр, Ц.Нямдорж, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, Г.Уянга. Эд нар бүгд түүний нөхөр байсан, бас дайсан байсан.  Энгийн нэг нөхөр биш, энхрий хайрт амраг нь байсан. Энгийн нэг дайсан биш, эвлэршгүй өшөөт дайсан нь байсан. Ц.Элбэгдорж нэгэнтээ “Би өмнөх гурван ерөнхийлөгчтэйгөө нэг дор уулзъя гэж бодсон ч болоогүй. Ялангуяа Н.Багабанди гуай, Н.Энхбаяр хоёр нэг газар уулзахгүй юм билээ. Н.Багабанди гуай Н.Энхбаярын ойр очихоос ч сэжиглэдэг” гэж ярьсан нь мадаггүй үнэнийг хэлж буй хэрэг.

 

Н.Энхбаярыг ийм учраас алж ч болохгүй, аварч ч болохгүй байгаа юм.  Дан ганц Ц.Элбэгдорж ч гэлтгүй, бүгд л амь тэмцсэн үедээ Н.Энхбаярт очиж наалдаж аврагддаг жаягтай. Цаадах нь ямар ч үед жингийн туухай шиг үүрэг гүйцэтгэдэг ёстой л “шидтэй” этгээд. Н.Алтанхуяг Засгийн газраа аварч үлдэхийн тулд түүнийг царайчлахаас аргагүйд хүрсэн. Одоо Ч.Сайханбилэг ч тэр жишгийн дагуу л засгийн жолоо мушгиж байна. Тийм ч учраас зүгээр л нэг “зөвлөгөө” өгөхөөр ирснийх нь төлөө Ц.Элбэгдорж тэгтлээ уурлаж байгаа хэрэг шүү дээ. Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ агуулгын хувьд хүлээн авахаас татгалзаж, Н.Энхбаяр өршөөгдчих аваас Ц.Элбэгдоржийн эрх мэдлээс зуурсан цорын ганц олс тас үсэрнэ гэсэн үг. Энэ олс буюу сүрдүүлэх хүчин зүйл дээр л тэрээр улс төрийн эрх мэдлээ торгоон барьж буй. Нэг ёсондоо Н.Энхбаярыг уяанаас нь мултлах л юм бол тэр эргэж ноцоод, өөрийг нь урна гэж тэр айж байгаа. Улс төрийн шоглоом, тэр дундаа эрх мэдлийн шоо гэдэг урьдчилан тааварлахын аргагүй. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хууль дээр хориг тавьж, улмаар сулласан уяагаа эргэж чангалахаар яарлаа. Энэ нь Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлүүлж, хилээр гарч явах эрхийг нь хааснаар бүр илэрхий боллоо. Гэвч өмнөх шигээ зоримог хөдөлж арай чадахгүй. Учир нь Н.Энхбаяр дахин нэг улс төрийн холбоотонтой болж амжжээ. Тэр нь ноён Зи буюу АН-ын дарга З.Энхболд. Ийнхүү Засгийн газрын хувь заяа, цаашлаад АН-ын эрх ашгийг хөндсөн асар том шантааж маягийн улс төр өрнөөд эхэллээ. О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахын тулд “Шударга ёс” эвслийг ч задалж чадна гэдгээ илэрхийлсэн нь том зориг. Гэвч ийм том зориг зүгээр нэг “оймсны хүүхэд”-ээс гарахгүй. Ар талд нь том захиалагч бий, эсвэл захиалагчдаа гаргасан гомдлоо зоригоор сольсон ч байж мэдэх л юм.  Ц.Элбэгдоржийн Засгийн газар гэх сэтэртэй энэ засаг хэрэв огцорвол Тавантолгой, Оюутолгой зэрэг том төслийг өөрсдийн хувилбараар шийдэх боломжоо хамт алдана. Зөвхөн Өршөөлийн тухай хуулийн цаана ноцтой олон өрөг өрнөж байгаа учраас Ц.Элбэгдорж өөртөө итгэлтэй байдлаа алдаж байна.

 

Н.Энхбаярыг шархадсан бар гэвэл Ц.Элбэгдорж шархдуулсан анчин нь юм. Тиймээс хэн хэндээ л аюултай. Давуу тал, сул тал аль руу нь ч шилжих магадлалтай. Анчинд одоогоор зэвсэг байгаа ч зэвсгээ алдчихвал бар давуу талтай болно. Эсвэл анчны сумыг хэн нэгэн зальдаад сольж мэднэ. Бүр үгүй бол анчны бууг “Шонхор” шувуу шүүрээд авчихаж ч мэднэ.

 

Д.ДАМДИНЖАВ

 

эх сурвалж:

2015.10.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

“Хамгийн жаргалтай мөчөө Хариботой хамт” уламжлалт өдөрлөгийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийг хөгжүүлье

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26

Үүлэн үст Мэрүүд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Мисс Б.Гантогоогийн хүчин чармайлтаар Монгол бүсгүй "Азийн Оскар"-т уригдаж, улаан хивснээ алхлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.24

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөртэй болно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.13

Шинэ парламентийн " содон" гишүүд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

БЗД- ийн 17 -р хороо 50 хүүхдийн “Гэр бүл цэцэрлэг ”-тэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.09.08