МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа МАН-тай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцсэн юм. Гэрээний биелэлтийг хэлэлцээд энэхүү гэрээгээ цуцлах үүргийг УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгчээ. Тэд МАН-ыг Засгийн газраас гаргах болсон шалтгаанаа “МАН-ыг хамтарч ажил хийе гэж Засгийн газарт урьсан. Харамсалтай нь МАН ганцхан ажил хийсэн. Тэд зургаан сайд, долоон дэд сайдын албан тушаал авч, 600 гаруй төрийн албан хаагчийг халлаа. МАН албан тушаал, ширээ сандал солихоос өөр ажил хийсэнгүй. Бид хууль зөрчин төрийн албан хаагчийг хоморголон хална гэж тохироогүй” хэмээн тайлбарлав. Мөн“УИХ-ын чуулганы нийт хугацааны60 хувьд нь сайд огцруулах асуудал тавьж, ажил хийлгэхгүй байсан. Бид МАН-тай хамтран ажиллах гэж засагт урьсан. Гэтэл өнгөрсөн зургаан сарын хугацаанд сайд огцруулдаг ажлаа, төрийн албан хаагчдыг халах ажлаар солилоо” гэв. Түүнчлэн Монгол ардын намтай хамтарснаас хойш ажил урагшлахгүй байна, тэд төрийн бодлогоор хэрэгжүүлсэн ажлыг мушгиж гуйвуулж, ард түмний санаа сэтгэлийг мунхруулсан гүтгэлгээс өөр юм хийсэнгүй гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдсэн. Тэрбээр МАН-ыг 2016 оны сонгуулийн бэлтгэл ажил эхлүүлж буйгаа зарлаж, төрийн ажлыг цалгардуулж, түмэн олныг хувааж талцуулах болсон гэлээ. Энэ бүхнээс үүдэн Засгийн газраас гаргах шийдвэрийг УИХ дахь намын бүлэгтээ хүргүүлж байгаа ажээ. МАН-ыг засгаас гаргаж, АН хариуцлагаа үүрсэн шиг үүрч, МАН сөрөг хүчин шиг байж 2016 онд ард түмнээрээ дүнгээ тавиулах нь зөв гэсэн дүгнэлтэд тэд хүрчээ. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой, Засгийн газарт орох өөрчлөлтийг наадмаас өмнө буюу долдугаар сарын10-наас өмнө хуулийн дагуу шийдвэрлэж, Гүйцэтгэх зөвлөлд мэдэгдэхийг УИХ дахь бүлэгт мөн даалгасан. Харин МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах юм байна. Тус хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны тайлбар, мэдээлэл хийсэн юм. Тэрбээр“МАН ажил гацааж, Засгийн газрынхаа эсрэг ажиллаж байна гэж АН ярьж байгаа нь үндэслэлгүй. МАН2014 оны арванхоёрдугаар сард хамтарсан Засгийн газарт орж ажилласан. Тэр үед ч“Бид хамтарлаа гээд өмнөх болон одоогийн Засгийн газрын хуудуутай, хууль зөрчсөн асуудлыг хаацайлахгүй. Үнэн зүйлийг үнэнээр нь хэлж, болохгүй бол албан ёсны шаардлагаа тавина. Харин улс орны төлөө гэсэн зөв зүйлийг дэмжиж ажиллана гэдгээ хэлж байсан. АН-ын дүгнэх гээд байгаа гэрээнд МАН зургаан сайд, долоон дэд сайдтай байна гээд заачихсан байгаа. Бид гэрээний дагуу сайдуудаа томилсон. МАН600 төрийн албан хаагчийг халсан гэдэг нь харин гүтгэлэг. Тавантолгой, Оюутолгойн асуудалд АН-ын дотоод зодоон туйлдаа хүрч, дотроосоо бие биеэ хэмлэх гэхдээ олны анхаарлыг МАН-д хандуулах гэсэн улс төрийн тоглолт хийх гэж янз бүрийн гүтгэлэг тарааж байна гэж үзэж байгаагаа ч нуугаагүй юм. Ямартай ч АН-ыг Гүйцэтгэх зөвлөл дээрх шийдвэрийг гаргалаа. Харин энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгаа талаар МАН-ын зарим гишүүнээс тодрууллаа. Ц.Нямдорж: АН-ЫНХАН ӨРИЙН БОСГЫН ХЭМЖЭЭГ НЭМЭХ ГЭЖ МАН-ЫГ ЗАСАГТ УРЬСАН -Анхнаасаа ийм зүйл болно гэдгийг мэдэж, засагт хамтрах асуудлыг би эсэргүүцэж байсан. Мега төслүүдийг АН-ынхан өөрсдөө гацаасан. Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг АН-ынхан ахалж байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар хуулийн төсөл бэлэн болоогүй байна. Тиймээс АН-ынхан өрөөлийн бус өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. АН-ынхан өрийн босгын хэмжээг нэмэх гэж МАН-ыг засагт урьсан. Үүнийгээ ч хийсэн. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, газар шороогоо ухах зорилгоо ч бас биелүүлсэн. Өөрсдийн зорьсон бүхэндээ хүрчихээд, буруу бүхнийг МАН руу чихэж, түүгээр шалтаглаж, засгаас хөөх оролдлого хийж байна. Үүнийг хэн ч ойлгоно. Зөвшилцлийн гэрээнд заасны дагуу Сонгуулийн хуулийг батлахгүй, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нь худлаа. Хууран мэхэлж хамтарсан Засгийн газрыг байгуулаад, МАН-аар бамбай хийж Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Одоо хэрэгцээ нь дууссан учир яаж засгаас гаргах вэ гэдгээ л бодож байгаа. АН-ынхан хэзээ төрийн албан хаагчдыг хамгаалдаг болчихов. 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, олонхи болсон даруйдаа төрийн албан хаагчдыг халж, төрлийн алба болгосон. МАН-ын Засгийн газрын үед ажиллаж байсан гэсэн шалтгаанаар халсан. Төрийн албаны 25 дугаар зүйлийг илт зөрчиж, яамдын Төрийн нарийн бичгийн даргыг сольсон. Намайг Хууль зүйн сайд байхад ажиллаж байсан төрийн албан хаагчдаас нэг ч хүн үлдээгүй. Төрийн албанд ажиллаж байгаагүй, ах дүү, хамаатан садан, танил талынхаа хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн. Төрийн албан хаагчдад хайртай байсан юм бол 2012 онд хууль зөрчихгүй байх хэрэгтэй байсан юм. Өөрсдийнх нь чадваргүй хүмүүс ажлаас чөлөөлөгдөж байгаа учир уурлаж байна. Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж байна гэдэг нь худлаа. Нийгэм, эдийн засгийн байдлыг элгээр нь хэвтүүлсэн. Гурван жилийн хугацаанд улс орныг хүнд байдалд орууллаа. АН-ын рейтинг ард түмний дунд байтугай, гишүүдийнх нь дунд навс унасан. АН-ын жирийн гишүүнд намын ялалт ямар ч хамааралгүй. Ч.Хүрэлбаатар: УЧИР БАЙДЛАА ХЭЛЭЭД ХОЁР ТИЙШЭЭ САЛААД ЯВЧИХВАЛ ХҮМҮҮСТ Ч ОЙЛГОМЖТОЙ -АН-ынхан хэрвээ хамтарч ажиллаж чадахгүй байсан юм бол анхнаасаа яах гэж уйлан дуулан гуйсан юм. Хамтрах хүсэлт тавих шаардлагагүй байсан. Манай бүлгийн хурал дээр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд тухайн үед Ерөнхий сайдаар томилогдож байсан Ч. Сайханбилэг нар орж ирээд л гуйсан шүү дээ. Тэр битгий хэл манай намын Бага хурал хуралдаж байхад Ерөнхий сайд дахиад“хайрын захиа” илгээж байсан. Энэ дээр нэг харамсалтай зүйл ажиглагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр МАН, АН хоёр хоёулаа улс төрийн дадлага, туршлагатай хүчин. Тэгэхээр АН өөрсдөө нөхцөл байдлаа дүгнэж үзээд тодорхой шийдэл гаргаж байгаа бол бодит үнэнээ хэлчих хэрэгтэй. Муур хулгана болж цаана наана болж нэг нь хөөж нөгөөх нь хөөгдөж байгаа юм шиг ойлгомжгүй байдал үүсгэх шаардлага байхгүй шүү дээ. Аль аль нь засгийн эрх бариад, улс орны хүндхэн ачааг аваад үүрээд үзсэн туршлагатай хоёр нам. Тийм учраас байдлаа хэлээд хоёр тийшээ салаад явчихвал хүмүүст ч ойлгомжтой. Хий хоосон улс төр явахгүй болно. Тэгээд ч улс төрийн том соёл бүрдэнэ гэсэн бодол надад бий. Та бүгд сайн санах байх. 2013 оны төсвийн гүйцэтгэл гарсан. Одоо бид2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Өмнө нь хоёр жилийн хугацаанд эдийн засгийн байдал сайн байна, болж, бүтэж байна. Ард иргэдийн амьдрал сайжирч байна, улс орон хөгжиж байна гэдэг яриаг тасралтгүй хийж байсан. Тэгвэл одоо Засгийн газартай хамтарснаараа нөгөө ард түмнээс нуугаад байсан тоо баримтууд олон нийтэд ил болсон. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр үнэхээр санхүүгийн өнөөгийн байдлыг бодитоор мэдэрч байж бид шийдвэр гаргах ёстой. Оношоо зөв тавиад зөв шийдвэр гаргаад явбал эдийн засгийн хямралыг давах бүрэн боломжтой. 2014 оны төсвийн гүйцэтгэлээс харахад эдийн засаг маш хүнд байгаа нь харагдаж байна. Б.Чойжилсүрэн: БИД ЗУУРАЛДААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ. ХАРИН АН ХАРИУЦЛАГАА ҮҮРЭХ Л ХЭРЭГТЭЙ -АН-ынхан анхнаасаа засагт хамтарч ажиллах хүсэлтийг манай намд тавьсан. Тухайн үед эргэлзэж байсан гишүүдийн нэг нь би. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар эдийн засаг хүндэрсэн байсныг бид ойлгож байсан. Улс төрөө бодсон бол МАН энэ Засгийн газарт хамтрах нь дэндүү утгагүй зүйл байсан. Харин бид улс орноо бодсон учраас Засгийн газарт ороод хамтарч ажилласан. Зургаан сар орчим хамтарч ажилласан байна. Харамсалтай нь ингэж хамтарснаас хойш ард иргэдийн хүсэн хүлээж байсан үр дүнг бид гаргаж чадахгүй байна. Энэ шийдлийн Засгийн газар нэлээд сул дорой, үлбэгэр, санаачлагагүй, голдуу шоуны хэлбэрээр“Бид ийм юм хийнэ, тийм юм хийнэ” гэсэн хоосон амлалтаар ажиллаж байна. Яг ажил хэрэг болж байгаа юм харамсалтай нь маш бага. Тиймээс АН-ын зүгээс МАН-ыг засгаас гаргая гэхэд хоргодоод, зууралдаад байх шаардлага алга. Ерөөсөө хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй байгаагийн шалтгаан нь УИХ дахь олонхийг бүрдүүлж байгаа АН-тай шууд холбоотой. АН-ын өнөөгийн нөхцөл байдал, улс орны амьдралд үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлэх үнэлэмж нь манай намын үнэлэх үнэлэмжээс хол зөрж байна. Нөхцөл байдлаа зөв оношлохгүй байгаад байвал энэ хүндрэл улам цаашаа явна. Сүүлийн үеийн эдийн засгийн холбогдолтой ард түмний амьдарлыг дээшлүүлэх бизнесийн шийдлүүд орж ирэхдээ дандаа хэт нэг талыг барьсан, ард түмнийхээ эрх ашгийг орхигдуулсан шийдвэрүүд гараад байгаа учраас УИХ дээр гацаад байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Гаргая гэж байгаа бол гараад л явъя. Харин2012 оны УИХ-ын сонгуулиар арай олуулаа болсон юм бол хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Ард түмэндээ амласан сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэх хэрэгтэй. АН амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэдгийг л хэлье. Ж.Энхбаяр: ЭРХ БАРЬЖ БАЙГАА ХҮЧНИЙ БОДЛОГО ТОДОРХОЙГҮЙ БАЙНА -Парламентын засаглал гэж юу вэ гэдгийг харах хэрэгтэй. Парламентын засаглал гэдэг нь бид ард түмнийхээ төлөөлөл болоод сууж байгаа. Сонголтын үр дүн хоёр хувилбартай болоод гарчихсан. Нэг хэсэгт нь хяналт тавь гэдэг үүрэг өгчихсөн. Эрх баригчид нь эрхийг нь өгсөн. Өнөөдөр нийгэмд бий болоод байгаа нөхцөл байдлаас болж улс төрийн намуудын нэр хүнд унаж байгаа. Төрд итгэх олон түмний итгэл суларлаа. Цаашлаад парламент өөрөө сонгодог утгаараа парламент ёсоо хэрэгжүүлж чадахгүйтэй холбоотой буюу хяналтгүй үйл явц яваад байна. Сөрөг хүчний байр суурь харагдахгүй, Засгийн газар буюу эрх барьж байгаа хүчний бодлого тодорхой биш, хар цагаан нь ялгараад өнцөг гарч өгөхгүй болохоор нийгэмд ийм нөхцөл байдал үүсээд байна уу даа гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр сонгууль болтол бүтэн жилийн хугацаа байна. Нэгэнт олон түмний сонголт учраас АН ачаагаа үүрээд явах хэрэгтэй. Харин МАН олон нийтийн сонголтын дагуу хяналтаа тавиад сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явбал энэ парламент ёс бэхжихэд их чухал. Ийм маягаар удах юм бол бид парламент ёсоо үгүйсгээд, олон түмэн парламентад итгэх итгэлээ алдаад, засаглалын өөр хувилбарт шилжих байдал үүсч болзошгүй болчихлоо. Өөр хувилбар гэдэг нь бид хаантай болох асуудал гарч ирж болзошгүй. Эсвэл Ерөнхийлөгчийн хатуу засаглал руу орох асуудал гарч ирж магадгүй. Өнөөгийн нөхцөлд эрх баригч сөрөг хүчний үүрэг дээр ард түмэн хоёр талын мэдээллийг зөв авч байх хэрэгтэй. Санаачилга АН-д байгаа. АН-ын Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж байгаа. Оруулж ирсэн олон санаачилга, асуудлууд нь намынхаа Гүйцэтгэх зөвлөлөөс дэмжлэг авахгүй байгааг бид харж байна. Энэ бол олон түмний нүдэн дээр болж байгаа асуудал. Тавантолгойгоос эхлээд. Энэ мэтэд МАН-д нялзаагаад байх асуудал бага л харагдаад байгаа юм. М.ӨНӨРЖАРГАЛ

2015.07.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Р.Ганбат: Ойг цэвэрлэснээр түймрийн эрсдлийг бууруулж, хөнөөлт шавьжаас урьдчилан сэргийлдэг

...

Дэлгэрэнгүй » 2017.08.29

Хорооны Засаг даргаас хорвоог захирахдаа тулж явна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.03

“Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийн барилгын шав тавих ёслол боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.08.30

"SNOW 2016" Fashion Show

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.29

УИХ-ын байнгын хороод хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Сайдад яригдаж буй эрхэмүүдийн хэн нь хэн бэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.18

Улаанбурхан өвчний улмаас сургууль, цэцэрлэг хаалгаа барьжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28