Аавтай хүн

Бороо л ороосой. Тэгвэл нэг сэтгэлээ онгойтол сайхан уйлахсан. Борооноор намайг уйлж буйг хэн ч анзаарахгүй болохоор л тэр шүү дээ. Бүтэн зургаан сар хүү нь нулимсаа энгэртээ нууж явлаа, аав минь. Олон дүүтэй эр хүн чинь уйлж болдоггүй юм байна. Тийм ч учраас эр хүн нулимсаа цээжиндээ нууж уйлдаг гэсэн үг байдаг биз ээ. Буурал Хустайн хойморт цэцэг дэвсэгдсэн зунаар цээжээ нэвчтэл бороо өгүүлэх нь юу билээ. Миний үгүйлж буй тэр бороо хувцас норгох бороо бус сэтгэлийн гуниг тайлах их аадар байхын учир аавыгаа би санах юм. Цувгүй атлаа аадар борооноос айхгүйн учир, ааваа алдсан хүний цөхрөнгөө барсан зориг биз. Намайг нөмөрлөх хаан уул, намайг хамгаалах эцэг тэнгэр, намайг эрхлүүлэх аавын өвөр дутагднам. Миний аав хүүхэд байсан. Тэрбээр хурга, ишигтэй хөөцөлдөн шилбүүр унаж, хурдан морины нуруун дээр гийнгоон дуу хадааж, айл саахалтын хооронд дүүгээ үүрч, алаг чулуу өрж наадсан эцгийнхээ эгэл голомтыг үргэлжлүүлэх гэж асч ирсэн галын дөл шиг хийморьтой хүү байсан. Миний аав залуухан байсан. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн эр цэрэг байсан. Эгэл амьдрал дунд түшиг тулгуур болсон сайн анд байсан. Үеийн бүсгүйчүүдийнхээ сэтгэлд хөнгөн гуниг тээсэн хайр байсан. Үер шиг давалгаалах амьдралд анхны хүүгээ тоссон аз жаргал байсан. Миний аав эр хүн шиг эр хүн байж. Миний аав найман хүүхдээ ар өвөртөө эрхлүүлсэн аз жаргалын уул байсан. Унасан мориных нь сувдан хөлснөөс цэцэгс адис хүртэж, барьсан уурганых нь уран хуйвнаас салхи ороолсон тийм л эр хүн байлаа. Миний аавыг байхад зовлон хүртэл айгаад бидний амьдралыг тойрч, хорвоо сүүдрээ нуудаг байж дээ. Би ийм л аавтай хүн. Хөх бууц хөглөрсөн хаваржаанаас төлийн дуу цангинахад аавын минь хормойд буяны даллага хоргодож, цэцэг зулсан зунаар хөхүүртэй айраг хөлөрч адууны хийморь хурдан морьдын хазаар даган гэрт орж, хяруу цайрсан намраар аавын минь амьсгалд орчлон бүлээсч, цас бударсан өвлөөр ангийн тэнгэр тулгатай галд буудаг сан. Магнайн хөлснийх нь үнэр хүртэл эрхэм санагдах бүрхийг нь өмсч, аавынхаа дээлэн дээр өргөн шар дурданг нь ороож гэрийнхээ гаднаас мордохдоо би өөрийгөө эр хүн болчихсон мэт дэрвэж явсан нь саяхан сан. Миний аавын хуучин дээл нь хүртэл намайг гоёдог. Үдшийн бүрийд алсаас уртын дуу уянгалан тэрхүү гайхамшигт хоолой гэрт ойртох нь миний аав ирж буй чимээ, үүрээр уяан дээр морь үүрсэх нь миний аавын адуундаа мордох чимээ, хорвоог уяртал исгэрэх аавын минь ухаанд амьдрал жижигхэн санагддаг байсан болоод л эмээлийн ганзага шиг найман хүүхдээ хүний зэрэгт хүргэхдээ “болохгүй нь “ гэдэг үгийг ганц ч удаа хэлж байгаагүй биз ээ. Аавтайгаа хөтлөлцөн алхаж байсан нутаг минь яг л хэвээрээ ахиад зуун жил ч хөтлөлцөөд алхсан ч болмоор. Аавтайгаа адуу манаж хонохдоо одод тоолж байсан асралт тэнгэр ч янзаараа ахиад л мянган жил ч адуу манасан ч оддыг нь тоолж болмоор. Аавтайгаа анд явдаг байсан харгуй зөрөг ч хэвээрээ. Чононоос илүү хийморьтойдоо л чонын авд мордож, бодлоос хол ухаантайдаа л буу мөрлөдөг байсан биз. Торгон дээлэнд нь тос нүүсэн буянтай, аавтайгаа байсан дурсамжууд ар араасаа хөвөрнө. Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Богдын голоос миний аавын түүх эхэлнэ. Аав маань ихэр юм гэнэ билээ. Нөгөө нь гунихыг ч мэдэхгүй гуравхан насандаа орчлонгоос явсан гэдэг. Дөрвөн хүүгээ элэг бүтэн байлгах гэж зүтгэх ээжийнхээ гар хүрэхгүй газар гар нь болж, хөл хүрэхгүй газар хөл нь болж хүүхэд ахуй наснаасаа л ах, дүү нарынхаа хамт амьдралыг нуруундаа үүрч зовлонг жаргал болтол, зомголыг гал болтол амьдарсаар ижийтэй минь танилцаж тооно өргөсөн тотго, тогоо тулсан голомтоо бадраасан. Харин Төв аймгийн Баянхангай сумын нутагт ирснээс хойш сүүлийн 32 жилийн өглөөний нарыг Хустай нурууныхаа тэргүүн дээгүүр мандахыг харж, Өлийн даваанаас баруун хойш зурайх их харгуйг туулан өвөлжөөнөөсөө Өнгөтийн энгэр, Алтгантайг тойрон нутаглаж асаж жаргах гэгээн гэрийнхээ буйраар эх нутгаа тамгалж 72 насныхаа хойморт хүрчээ. Үг дуу цөөнтэй хань ижил, үр хүүхэд, ах дүү, найз нөхдөө сэтгэлийнхээ дотоод ертөнцөөр ойлгон хайрлаж, хатууг зөөллөх ухаанаар ханддаг байсан нь аавын минь мөн чанар мөнх насалж сэтгэлийн гүнд амьд хэвээрээ оршихын үндэс юм. эжийн минь чанасан цайны дээжийг амтархан ууж, оёсон дээлийнх нь хаваасыг ч эрхэмлэн өмсдөг байсан миний аав худлыг үнэнээр ялах, хуурмагийг ухаанаар давах амьдралын бяртай явсан. Тиймээс ч үр хүүхэд нь аавынхаа нэрийг бүтэн, мөрийг цагаанаар үргэлжлүүлэх гэж хичээж явна. Аав минь өөдөө асаж ургасан цэцэг байсан. Тэр цэцгийг салхи бороо, цас шуурга аль аль нь гудайлгаж хүчрээгүй. Аав минь ирээдүй рүү тэмүүлэн довтлох аргамаг хүлэг байсан. Тэр хүлгийг амьдрал номхруулж хүчрээгүй. Аав минь эгэл хийгээд эгэлгүй хувь тавилан байсан. Тэр хувь тавиланг нь хань ижил, үр хүүхэд нь өвлөж үлдсэн. Одоо миний ээжийн асаасан зулын гэгээ, өргөсөн цацлын сүү, залбирсан залбирал бүхэн аавд минь хүрч, аавын минь буян хишиг орон гэрт минь тогтож байна. Тиймээ бид найм аавтай. Миний ээж сайнаас сайн, сайхнаас сайхан ханьтай байж дээ. Нүдэндээ нулимстай ураг төрлөө үлдээгээд, нүүгээд явчихсан үүлс юм Та, нүүрний буянтай гэгээн үйлээ үлдээгээд, нүүдэл хүрэхгүй алсыг зорьчихсон аав минь ганзагыг чинь ангийн тэнгэр мялаадаг байсан шиг, гал дөлтэй амьдралыг чинь хийморийн тэнгэр дагадаг байсан шиг ураг төрөл чинь ухааны тэнхэлтэй байж орчлонгийн тавилан дунд таныхаа энд хүрэх гэж амьдарна аа, аав минь. Таныхаа гэгээн дүрийг үгүйлэн, нөмөр, нөөлөг, ухааны бярыг чинь санаж суухад бороо орлоо. Хэн ч мэдэхгүй, хэний ч мэдрэхгүй их бороо миний сэтгэлийн гүнд орших их харууслыг тайлан урснам. Гагцхүү энэ бороонд гартаа шүхэр атгах хэрэггүй юм. Би аавыгаа санахаар л бороо хүсдэг. Тэр хүслийн бороо л орж байна аав аа. В.НЭРГҮЙ - See more at: http://www.unen.mn/content/51692.shtml?alias=post#sthash.NyhVDzo5.dpuf

2015.07.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.29

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

“Утаатай тэмцэгчид” 5 тэрбумыг завшчихаад 5 тэрбум төгрөг хүрэлцэхгүй гэх юм

...

Дэлгэрэнгүй » 2015.12.22

Олонхийн шийдвэр бол олонхийн л шийдвэр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

“Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.04

Зургаан настнууд сургуульд ороход бэлэн байдаг уу?

...

Дэлгэрэнгүй » 2018.03.27

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.07

УР УНДРАХ” ХХК наадамчин олондоо зориулж хямдрал зарлажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Иргэн, аж ахуйн нэгжийг орчноо тохижуулахыг уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Эрүүл мэндийн салбарыг ”АН” авч магадгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Төсвөө дахин тодотгож чангалсан бүсээ бас дахин чангална

...

Дэлгэрэнгүй » 2015.07.30