Д.Төрбат: Б.Лхагвасүрэнгийн ”Зүүдэн бороо” Сэлэнгэд дуу болж байлаа

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Төрбаттай ярилцлаа. -Таныг зохиол бүтээлээ туурвиж эхлэхдээ Төмөр замын утга зохиолын дугуйланд явж байсан гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье. -1971 онд16 настай хүү наймдугаар ангиа төгсөөд Барилгын ТМС-д орсон, тэндээсээ цэрэгт яваад ирсний дараа төмөр замтай амьдралаа холбосон доо. Төмөр замын Соёлын ордон гэдэг жижигхэн ягаан байшин надад их урам зориг өгсөн. Тэнд Төмөр замын Утга зохиолын дугуйлан ажиллаж, долоо хоног бүрийн баасан гаригт 19.00 цагаас цугладаг байв. Энэ дугуйлан руу хөтөлж очсон хүн бол миний багш Л.Лувсандорж гэж яруу найрагч байлаа. Багш маань өөрөө тэнд явна. Зохиолчдын эвлэлийн гишүүнээр хараахан элсээгүй. Гэхдээ анхны номоо гаргах гэж байсан. Тэр утга зохиолын дугуйланд томчуудаас бол дууны шүлгийн нэрт яруу найрагч Л.Дагвадорж, Ж.Зана нар явна. Манай дугуйлангийн багшаар эхлээд Д.Даржаа, дараа нь Г.Сэсмээ гуай нэг хэсэг байж байгаад З.Баттулга болсон юм. Миний анх харж, уулзсан ч том зохиолчид бол тэд дээ. З.Баттулга бид хоёр нэлээд дотносч, би ч өмнө нь “Түвшинтөгс”-ийг нь уншчихсан байсан. Тэднийх төмөр замын гурван давхар шарын хамгийн баруун талын Г маягийн байшингийн нэг давхрын ганцхан өрөөнд их зутруу амьдарна. Яагаад тийм байсан юм бүү мэд. Залуухан эхнэртэй, нэг нялх охинтой. Охин нь сүүлд намайг Зохиолчдын хороон дарга байх үед108 боть гаргахад аавынхаа ботийн шагналыг ирж авч байсан юм. Б.Бөртэ гэдэг охин байсан юм билээ. Иймэрхүү янзтай л Төмөр замын утга зохиолын нэгдлээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн дээ. Ер нь, ганц би биш, олон зохиолчийг Төмөр замын хамт олон, удирдлагууд гаргаж ирсэн гэж боддог. Яагаад гэвэл, 1963 онд Төмөр замын газар томилолтоор очиж“Нөхөд” гэдэг роман бичсэн хүн бол Д.Даржаа гуай. Энэ бол төмөр замчдын тухай бичсэн анхны роман бөгөөд Г.Мандах даргатай “Социалист хөдөлмөрийн төлөө бригад” гэж байгуулсан тухай гардаг юм. Тэгэхээр аль эрт1963 онд зохиолчдыг цалинжуулж, өөрийнхөө сэдвээр зохиол бичүүлж байсан байгууллага УБТЗ шүү дээ. -Тэгэхээр та их сургуульд орохоосоо өмнө Төмөр замын утга зохиолын нэгдлийн гишүүн байжээ? -Тэр нэгдлээс л би МУИС-д явсан. Их сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд“Залуучуудын үнэн” сонинд очсон. Очсоноосоо хойш ч төмөр замтай холбоотой болсон. Учир нь, тухайн үед “Ухуулгын галт тэрэг” гэж явдаг байлаа. Тэр галт тэргэнд урлагийн бүх л салбарын хүмүүс явна. Гурван жил дараалан бид урагшаа Замын-Үүд, хойшоо Сэлэнгэ рүү “Ухуулгын галт тэрэг”-ээр явсан. Сэлэнгэ явж байх замд төрсөн нэг уран бүтээл бол Б.Лхагвасүрэн ахын“Зүүдэн бороо” гэдэг дуу байгаа юм. Тэгэхэд хөгжмийн зохиолч ч болоогүй, даралтад хөгжим үүрсэн, цэргийн ахлагч, монхор хамартай Б.Магсаржав гэдэг цагаан залуу байв. Нэг л их хөгжим гонгинуулсан амьтан. Бид хэд “Аан, энэ өнөө аяа л давтаж байдаг биз” гээд тоохгүй. Тэгэхэд гавьяат жүжигчин А.Бүтэд, Ардын жүжигчин Ж.Лхамхүү нар хамт явсан. Түнхэлийн тэнд яруу найраг унших ёстой нэг газар байсан юм. Тэгээд вагоноо салгаад мухар замд оруулж тавьчихаад дотор нь унтаад, хооллоод, шүлгээ уншиж, дуугаа дуулчихаад цаашаа дараагийн галт тэргэнд залгаж аваад хөдөлнө. Түнхэлийн тэнд модон дунд бид хэд явж байтал нөгөө залуу чинь хожуул дээр суучихсан хөгжмөө орилуулаад л байна. Тэгсэн Б.Лхагвасүрэн ах “Наадах чинь их аятайхан ая байна, чи энэ шүлгэнд нэг тааруулаад үз” гээд “Зүүдэн бороо” нэртэй “...Нэмэн, нэмэн дүүрэх шөнийн саран, Нэг л зөөлөн дээшээ дэгдэн мандах юм...” гэсэн шүлэг өнөө залууд өглөө.Тэр нь их“хөөрхөн” дуу боллоо. Бид вагондоо дуулж явсаар Сэлэнгэ аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн тайзан дээр одоо энэ үндэсний телевизийн Ж.Сарантуяа, А.Бүтэ, Ж.Лхамхүү бид дөрөв анх дуулж байв. -Та Төмөр замын соёлын ордонд жүжгээ тоглуулж байсан байх аа? -Төмөр замын утга зохиолын нэгдэл бол үе үеийн авьяастнуудыг хөгжүүлж байсан. Нэг хэсэг Төмөр замын Соёлын ордныг Г.Донид гэдэг хүн ахалж байв. Намайг л анх утга зохиолын нэгдэлд явахад даргаар ажиллаж байсан буянтай хүн. Залуусыг дэмжих сонирхолтой. Зөвхөн миний шүлгийг сонсгохын тулд судлаач Ч.Билигсайхан багшийг урьж авчирсан байсан. Өрөөндөө ганц “юм” задлаад “За, энэ хүү шүлэг бичээд байгаа. Тэрийгээ унш...” гээд л. Тэгээд шүлгээ уншиж өгөхөд миний таван шүлгийг авч “Утга зохиол” сонинд зурагтай маань нийтэлж өгсөн. 1976 оны үе шүү дээ. Сонинд шүлэг гарна гэдэг залуу яруу найрагчид их л дэмжлэг байсан. Сүүлд Л.Сэнгээ дарга авсан юм. Өөрөөр хэлбэл, Төмөр замчдын Соёлын ордны дарга, Утга зохиолын нэгдлийн дарга болсон. Нэг удаа найруулагч О.Найманжаргал“Би Төмөр замын Соёлын ордонд хөгжимт жүжиг тавих гэсэн юм. Таньд зохиол байвал өгөөч, хүүхдийнх бол сайн байна” гэв. Төмөр замын Дуу бүжгийн чуулгын дарга нь ямар хүн байгааг асуутал “Л.Сэнгээ гэдэг залуу бий, та очиж уулзаарай” гэнэ. Ингээд очиж танилцаад Л.Сэнгээ мөнгө төгрөг гаргах болж, “Хөгжимд нь манай хөгжмийн зохиолч С.Батмөнх ажиллана” гэсэн юм. Тэгээд хүүхдийн сэдэвтэй “Чонон жил” жүжгийг тавьсан даа. Түүнээс хойш Л.Сэнгээ итгэлтэй хүн санагдаад бид хоёр олон жил нөхөрлөж, хамтарч ажиллаж байна даа. -Төмөр замын тухай сэдэвтэй зохиол бүтээлүүдийг та хэд хамтарч ботилсон юм билээ? -Л.Сэнгээ дарга 2011 онд “Ардын хувьсгалын 90 жилийн ойг угтаад төмөр замчдын сэдэвтэй бүх зохиолыг эмхэтгээд хоёр боть гаргая” гэсэн санал тавьсан. Тэгээд Соёлын гавьяат зүтгэлтэн генерал Л.Пүрэвдорж бид гурав хамтраад тэр үед Төмөр замын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Т.Очирхүүтэй уулзахад шууд зөвшөөрч, мөнгө хөрөнгийг нь гаргаад “Хуучин дэр модны дууль”, “Хугараагүй ноён нуруу” гэсэн хоёр боть гаргасан. Энэ хоёр ботид төмөр замчдын тухай Ч.Лхамсүрэн гуайн шүлгээр бүтсэн“...Уудам эх орны дундуур. Уул, ус, говийг гатлаад...” гэдэг дуунаас эхлээд Д.Даржаа гуайн “Нөхөд” роман хүртэл орсон. -Таны нэг найраглал орсон бил үү? -26 настайдаа бичсэн шүлэглэсэн роман л даа. Энэ номд тэргүүн бүлгээс нь орсон. “Уулс хайлах туульс” гэсэн давхар нэртэй “Зэргэлээн дундах уулс” гэдэг төмөр замчдын тухай роман. Ленин багш, Иван Степанович ч гардаг. Яагаад ийм шүлэглэсэн романыг залуудаа бичсэн юм бэ гэвэл, яг тэр үед Евгений Евтушенкогийн“Ангарын гал” шүлэглэсэн романыг уншаад, нөлөөнд орсон байх. Тэр номд октябрийн хувьсгал гардаг юм. Ер нь, төмөр замын тухай ярихад Октябрийн хувьсгал, Ленин, Сталингүйгээр төсөөлөх ар га гүй. Энэ бол Оросын ард түмнээс монголчуудад үзүүлсэн хамгийн том тусламж. Маршал Х.Чойбалсан И.Сталинаас гурван удаагийн уулзалт дээр төмөр зам тавих тухай гуйсан байдаг юм. Тэгсэн чинь маршал Мао Зэдунд “Ю.Цэдэнбал тэмээгээр очиж чамтай уулзах юм уу” гэж хэлж л дээ. Тэгээд урд төмөр замыг Хятадууд цаанаас нь угтуулан тавьж, манай талаас Оросууд тавьж өгсөн. Ингэхдээ 505 буюу Оросын генерал Власовын армийн хоригдлууд үндсэндээ гол хүч нь болон ажиллаж байсан түүхтэй юм билээ. Энэ бүхнийг би тэр шүлэглэсэн романдаа тусгасан юм. -МЗЭ-ийн даргаар ажиллаж байхдаа та Төмөр замын утга зохиолын дугуйланг МЗЭ-ийн салбар болгосон юм уу? -Үгүй. Л.Сэнгээ даргын үед МЗЭ-ийн салбар болж, тамга тэмдэгтэй болсон. Ингээд бие дааж үйл ажиллагаа явуулах, яруу найргийн тэмцээн зохион байгуулах, өөрөө шүүх, түүвэр хэвлүүлэх, эрхтэй болгосон юм. -Таныг бас Төмөр замын соёлын ордонд жүжигчин байсан гэдэг. Хэдэн жүжигт тоглов? -Утга зохиолын нэгдэлд явж байх үед л Ардын театр гэж байв. Соёлын яамны Уран бүтээлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Цогзолмаа гуай ирж анхны Ардын театрын үнэмлэх гардуулж өгч байсан. Тэгээд манай жүжгийг Б.Мөнхдорж багш найруулдаг. Тэр үед би Л.Ванганы “Ач хүүгийн зүүд” жүжгийн Тунсаг партизан, Николай Погодины “Амьд цэцэг” жүжгийн Николайн дүрийг бүтээж байсан байна. Хоёулаа гол дүр байлаа. -Хоёр ч жүжгийн гол дүрд тоглосон гэхээр танд жүжигчний мундаг авьяас байж дээ? -Манай утга зохиолын гол төлөөлөгчид жүжигт тоглосон байдаг. Тухайлбал, Д.Нацагдорж “Гаргүй Шоожоо”-д, С.Буяннэмэх өөрөө Саньдо амбаны тухай жүжигтээ, Ши.Аюуш “Шөнийн буг”, Д.Намдаг гуай “Үнэн” гэдэг жүжгийн фёодалын дүрд тоглосон гээд дурьдаад байвал олон бий. Ер нь, жүжгийн зохиолчид голдуу тайзан дээр гарсан байдаг. -Анхны номоо хэдэн онд хэвлүүлж байв? -1981 онд цагдаа байхдаа “Улаан жигүүр” номоо хэвлүүлсэн. Дараа нь оюутан болоод нэгдүгээр дамжаанд бай хад Залуу зохиолчдын нэгдлийн эрхлэгч С.Эрдэнээ гуай Л.Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, миний ном хоёроор Зохиолчдын хороонд анх удаа “Анхны номын баяр” хийж байсан. Том том зохиолчид цуглаад л... Сайхан л байдаг юм билээ. Тэгэхэд С.Эрдэнээ гуай “Д.Төрбатын цагдаагийн буткит Монголын утга зохиолын нэгэн үе өсч өндийсөн юм” гэж хэлсэн. Тэр нь ч үнэн л дээ. Монгол телевизийн цагдаагийн пүтгэнд сууж байхад Ш.Гүрбазар, Д.Чинзориг, Б.Сундуй нар ирнэ. Утга зохиолын нарийн бичгийн дарга байсан Т.Очирхүү, Г.Мэнд-Оёо нар цуглаад тамхи татаж, шүлгээ уншицгааж байгаад л явдаг. Мөн телевизэд утга зохиолд“хорхойтой” Б.Дорж гэж сэтгүүлч, С.Бадрах гэж найруулагч байлаа. Энэ мэт нэмэгдсээр бараг нэг утга зохиолын нэгдэл шиг л юм болно. Тэнд байхад Г.Мэнд-Оёогийн“Бодлын шувуу” ном гарч байсан. -Өнөөг хүртэл та хэчнээн ном бүтээсэн байна вэ? -20 гаруй л ном бий. Энэ дотроо шүлгийн ном цөөхөн хэвлэсэн байна. Ээжийнхээ мэндэлсний 100 жилийн ойгоор12 жилээр бичсэн роман дээрээ нэмж, жүжгийн гурав, киноны хоёр боть, мөн сэтгүүл зүйн бүтээл, өгсөн ярилцлага, дурсамж гээд нийт 21 боть гаргах санаа байна. -Ингэхэд та чинь утга зохиолын их олон багштай хүн. Багш нарынхаа талаар дурсвал? -Утга зохиолын “А” үсэг заасан анхны багш минь Л.Лувсандорж. Тэр үед Д.Пүрэвдорж багш Яруу найргийн зөвлөлийн эрхлэгч байв. Нэг өдөр багш намайг Пүүжээ багш дээр хөтөлж аваачаад“Энэ хүүгийн номыг гаргамаар байна” гэв. Тэгсэн өнөөх нь“За тэгээд ямар юм бичдэг хүүхэд вэ” гэхэд нь Лууяа “Шүлэг бичдэг л хүн” гэлээ. Гэтэл “Шүлгүүдээ аваад ир” гэлээ. Тэгэхээр нь ямар ч байсан “Хоёр хэвлэлийн хуудас ном болно” гээд төлөвлөгөөнд оруулчихлаа. Удалгүй дуудсан. яваад очтол Пүүжээ багш“За, ном чинь батлагдсан. Редактор чинь дэлдэн П.Бадарч шүү, номоо хурдхан бэлтгээд эхийг нь шилжүүл” гэлээ. Ингээд л бид хоёрын дунд багш шавийн барилдлага тогтсон доо. Харин Лууяа багш маань 37-хон насандаа бурхан болсон юм. Тэгээд л би Пүүжээ багшийг“хормойдож” эхэлсэн. Багш маань Яруу найргийн тэнхим хичээллүүлж эхлээд манай үеийнхэн бүгд явсан. Б.Цэнддоо, Дан.Нямаа, эмэгтэйчүүдээс М.Булган, Ц.Түмэнбаяр гээд 20 гаруй залуу байсан. -Тухайн үед тэмцээн, уралдаан байна биз? -Байлгүй яахав, Соёлын яамнаас нэг дуулалт жүжгийн уралдаан зарладаг юм. Тэргүүн байр нь 2500, хоёрдугаар байр нь 2000 төгрөг. Тэгээд мөнгө олж авдаг хэрэг гээд уралдаанд“Амьдралын улаан шугам” гэдэг жүжгийн зохиолоор оролцлоо. Бүтээлээ явуулчихаад чагнаад байж байтал О.Содномпил тааралдсанаа нэг их холоос инээгээд л “Баяр хүргэе, чиний жүжиг байр эзэлсэн байна лээ. “Үнэн” сонин дээр гарч, миний өрөөнд ороод үз” гэв. Ороод хартал хоёрдугаар байр эзэлсэн, нэгдүгээр байргүй гэнэ шүү. Гэтэл хэд хоногийн дараа Соёлын яамнаас дуудууллаа. Очтол Д.Мягмар гуай“Чамд гэрчилгээ нь хэрэгтэй юу, мөнгө нь хэрэгтэй юу” гээд инээж байна. “Аль аль нь хэрэгтэй” гэсэн чинь“За за, сайн жүжиг болсон байна. Г.Бирваа хөгжим бичих гээд зохиолыг чинь аваад явсан, очиж уулзаарай. Харин мөнгөө доор н.Сосорбарам гэдэг хүнээс очиж ав” гэлээ. Ингээд л татвар суутгуулж 1800 төгрөг авч баяжаад явчихлаа шүү. Баярлаад 64 дүгээр дэлгүүрээс хоёр шил “юм” авчраад Д.Мягмар гуайд өгчихөөд гэртээ ирж эхнэртэйгээ /Л.Шүрэнцэцэг/ ярилцаад зурагт, хөргөгч хоёр авдаг юм. Ингээд л урамшаад их олон уралдаанд орж дандаа хоёрдугаар байр эзэлсэн. Хамгийн их мөнгөн шагнал авсан нь Улс тунхагласны 60 жилийн ойгоор кино зохиолын уралдаан зарласан нэгдүгээр байр нь 5000, хоёр нь 4000 гэнэ. Тухайн үед цөөнгүй кино зохиол биччихсэн байсан үе. “Галын урсгал” зурганд орчихсон, Л.Түдэв даргын даалгавраар “Залуу Монгол” баримтат кино хийсэн байлаа. Тэгээд“Ирж яваа цаг” гэж зохиол бичээд явуулсан чинь мөн л хоёрдугаар байр эзлээд мөнгийг нь бурхан дээрээ тавьчихсан мундаг амьтан сууж байсан. Эхнэртэйгээ хоёулаа юу авахаа мэдэхгүй. Маргааш өглөө нь хичээлдээ сууж байсан чинь жүжгийн зохиолч, Соёлын яамны Б.Сумъяа сайдын нарийн бичиг Соргодогийн Жаргалсайхан ирээд “Би хоршооллын нэг байр авах гэтэл яг4000 төгрөг дутчихаад болдоггүй” гэж авч байна. Яг л миний шагналын тоог хэлж байна шүү/инээв/. Яаманд ажилладаг хүн чинь мэдэлгүй яахав дээ. Би өгч чаддаггүй, тэгээд Шүрээг “Чи өгөх эсэхээ өөрөө мэд” гээд явуулсан чинь өгөөд явуулсан байсан. -Ингэхэд та П.Бадарч гуайд хэрхэн шавилав даа? -Д.Пүрэвдорж багшийн даал-гавраар номынхоо эхийг хоёр шил “юм”-тай цүнхэлчихээд оройхон очсон. П.Бадарч баг шийнх их дэлгүүрийн хажууханд.“Хэн бэ чи” гэхээр нь“Төрбат гэдэг” гэсэн чинь “Пүүжээ надад хэлсэн, гал тогоонд ороод хүлээж бай” гэж байна. Тэгээд эхнэртээ “Нэг хүүхэд ном үзүүлэх гэж ирсэн байна” гэтэл “Битгий архи уучихаарай чи” гэж байна. Би ч шүлгээ гаргаж өгчихөөд архиа яаж өгөхөө мэдэхгүй нэлээд суулаа. Шүлгүүдийг маань гүйлгэж харчихаад“Би нэг өмнөтгөл бичээд Пүүжээд өгчихье, тэртээ тэргүй төлөвлөгөөнд орсон юм чинь болно биз дээ” гэж байна. Архиа яаж гаргах учраа олдоггүй шүү. Тэгээд “Бадарч гуай, энд нэг юм байгаа юм, яах вэ” л гэлээ. Өнөөх чинь “Юу вэ” гэхээр нь цүнхнийхээ цахилгааныг нээгээд харуулсан чинь“Наадахаасаа эхэлдэг байхгүй юу” гэдэг байгаа /инээв/. Ингээд нэгийг нь хувааж хүртчихээд яваад өгсөн. Долоо хоногийн дараа “Чиний номыг үнэлэх гэж байна, дахиад хоёр юмтай хүрээд ир” гэж байна шүү. Яваад очтол үнэлээд 6300 төгрөг гаргачихаж. Мөр бүхнийг нь үнэлнэ шүү дээ. Ингээд л Шүрээ бид хоёр хөлжиж, П.Бадарч гуай бид хоёр багш шавь болсон доо. -Номыг чинь хэдэн хувь хэвлэж байсан юм бол? -3000 ширхэг хэвлэсэн. Одоог бодоход маш олон хувь байгаа биз. Гэхдээ тэр үедээ бол цөөнд тооцогдоно. Ж.Пүрэв гуайн роман энэ тэр бол30, 40 мянган хувиар л хэвлэгдэж орон даяар тархана шүү дээ. -Дээр үеийн зохиолч нар “Номын мөнгөө шуудайлаад л аваад явдаг байсан” гэж ярих юм билээ. Та тэгж шуудайгаар нь авч байв уу? -Авч байсан шүү. 1996 онд “Шадар ван” гэж кино хийгээд Хөвсгөлөөс шуудайгаар нь мөнгө авч байсан удаатай. Урьдчилгаа нь 17 сая төгрөг, хоёр шуудай дүүрч байсан юм. Банкнаас тоолуулаад авчихсан чинь агаар муу гээд тэр өдөртөө онгоц ниссэнгүй. Манай өнөө“Догшин хар” гавьяат жүжигчин Л.Нямсүрэн гуай бид хоёр хүйтэн онгоцонд мөнгөө сахиад хоносон. Тэгээд маргааш нь ирж, гэртээ өрж байгаад л тоолж билээ.

2015.07.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147