Хөдөлмөрлөж чадсан Монгол залуус дараагийн Google-ийг бүтээхийг үгүйсгэхгүй

Монгол ухаан гэдэг агуу. Монголчууд өнөөдөр дэлхийд данстай байгууллагуудад ажиллаж, эх орныхоо нэрийг дуурсгаж байна.

Өнгөрсөн сард ICT Expo 2015-ын үеэр TEDxUlaanbaatarSalon арга хэмжээ зохиогдож монгол залуус илтгэл тавьсны дотор Microsoft, Salesforce.com компаниудад ажиллаж байсан туршлагатай Ч.Баттөгс, өдгөө Samsung Electronics компанид ажиллаж буй Н.Нандинболд, Цахиурын хөндийд гарааны бизнес эхлүүлж байсан Infinite Solutions компанийн ерөнхийлөгч Б.Габит тэргүүтэй хүмүүс байсан билээ.

Тэдний дунд мөн 2013 оноос хойш технологийн салбарын тэргүүлэгч компани болох IBM-д ажиллаж буй Намнансүрэнгийн Баасандорж “BIG DATA” сэдвээр илтгэл тавьсан юм.

Түүний тавьсан илтгэлээс цухас дурдахад хэдэн терабайт, зетабайтаар хэмжигдэх асар их мэдээлэл өнөөдөр бий болж, үүнд суурилан дүн шинжилгээ хийснээр олон асуудлыг шийдэх боломж бүрдэж байгаа аж.

Наад захын жишээ нь гэхэд нэг хүн сурч, мэдэж чадахгүй мэдээллийг компьютерт сануулж, хариултыг нь авснаар эдгэшгүй өвчин, шийдвэрлэж чадахгүй асуудлыг өөрчлөх боломжтой. Түүнчлэн монгол улсад одоо тулгамдаад буй агаарын бохирдол, замын түгжрэлийг ч үүгээр шийдэж болох аж.

Та 2010 онд Америк явснаас хойш сая л ирж байна, эргээд ирэхэд өөрчлөгдсөн зүйл олон байгаа байх, сайшаалтай нь юу байна, засмаар юм юу байна?

- Би их богино хугацаатайгаар ирлээ л дээ. Тийм болохоор бүхнийг ажиглаад, сайлах, муулах юмаа тодорхойлж амжихгүй. Яахав дөнгөж ирээд харахад их олон барилга баригдаж, замын түгжрэл нэмэгдсэн байна.

Гэхдээ замын уулзварууд сайхан болж, уулзварууд дээр түгжрэх нь гайгүй болчихсон юм шиг харагдлаа. Залуус гадаад, дотоодод боловсрол эзэмшиж шинийг хийж бүтээхээр зүтгэж байгаа нь харагдаж байна. Эх орон маань хөгжиж байна шүү дээ.

Та анх IBM компанид орсон түүхээсээ сонирхуулаач?

- 2013 онд энэ компанид ажилладаг монгол залуу IBM компанид ажлын анкет бөглөөд үзээч гэж санал тавьсан юм. Тухайн үед яг ажил хайж байсан, өөрөө компьютерын мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн байсан учраас системийн админы ажил гэхээр нь саналыг хүлээж авсан даа.

Тэгээд хүний нөөцийн ярилцлага, техникийн гурван түвшний ярилцлагад орж 2013 оны долдугаар сараас эхлэн IBM-д ажилласан.

IBM-ын ярилцлаганд орно гэхээс зүрхшээж байв уу?

- Өмнө нь олон компанид анкет бөглөж томоос нь жижиг хүртэл ажлын ярилцлагад орж туршлагатай болчихсон байлаа. Дээр нь хоёр ч компаниас яг зэрэг ажлын санал ирчихсэн байсан үе л дээ.

Мөн яаж ярилцлагад орох тухай хүний нөөцийн сургалтад хүртэл хамрагдчихсан байв. Үүнээс гадна Мобикомд 15 жил ажилласан техникийн туршлага ихээхэн нөлөөлсөн.

Та IBM-ээс өөр яг технологийн чиглэлээр ямар компаниудад анкет бөглөж байсан бэ?

- Том компани гэвэл AT&T байна. Бүр Microcenter гээд компьютерын дэлгүүрт хүртэл анкет бөглөж л явлаа. Үгүй ядахдаа компьютерын дэлгүүрт худалдагч хийе л гэж бодсон юм. Гэтэл миний чадвар тэнд хэт илүүдсэн гэдгийг анх ойлгосон.

Худалдагч хийхэд программын инженер, IT аудитор, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай нэгэн ямар ч хэрэггүй шүү дээ. Тэгэхэд би өөрийнхөө хийж чаддаг бүхнийг бичээд л дэлгүүрийн худалдагчийн ажилд орох гэж байсан хэрэг. Энэ бол маш том алдаа.

Үүнээсээ ч болж олон боломж алдаж байсан байх. Тиймээс л дэлгүүрийн худалдагчийн ажил хүртэл олдоогүй хэрэг. Тэгээд л Resume яаж бичих вэ гээд судалж эхэлсэн. Тэгэхээр тухайн ажилд яг хэрэгтэй, өөрт байгаа чадваруудыг л бичиж явуулах ёстой.

Таны ажлын гараа Мобикомоос эхлэлтэй гэдэг. Энэ түүхээсээ сонирхуулаач?

- Мобикомд 1999 оны зургадугаар сараас эхлэн ажилласан. Анхны ажлаас сонирхуулбал Мобикомын веб сайтыг хийж байлаа. Ингээд удалгүй интернетийн хэлтэс байгуулагдаж, тухайн үед хоёрхон хүнтэй манай хэлтсийн үйл ажиллагаа эхэлж байв.

Би интернетийн хэлтэст ажиллаж байгаад Мобикомын дотоод үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Мэдээлэл автоматжуулалтын хэлтэс гээд тусдаа байгуулагдаж, менежерээр нь ажилладаг болсон.

Интернетийн хөгжил Монголд дөнгөж эхэлж байсан үед “Интернетийн хэлтэс”-д ажиллаж байсан гэлээ, тухайн үед ямар байсан бэ?

- 1996 онд анх ДАТАКОМ байгуулагдаж Монголд интернет нэвтэрч байлаа. Тухайн үед бид вэб сайтыг шууд л Notepad дээр HTML, Perl код бичин хийж байв. Удалгүй Homepage, Dreamweaver гээд гарч ирсэн.

Гэхдээ Notepad дээр вэб хөгжүүлж байснаа одоо бодоход технологийг доод түвшинд нь сайн ойлгосон юм болов уу. Харин одоо бол вэб сайт хийхэд Microsoft Word дээр ч хийчхэж байна.

Тухайн үед монголд яг таны мэргэжлийн чиглэлээр боловсон хүчний нөөц хэр байв?

- 1990-ээд оноос эхлээд бид дотооддоо яг энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэж эхэлсэн санагдаж байна. 1995, 1996 он гэхэд олон сургуульд Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болчихсон байлаа.

Гэхдээ сургууль төгсөөд гараад ирсэн залуусыг заавал дахиж мэргэшүүлэх сургалтад сургах хэрэгцээ, шаардлага гарч байсан.

Мобикомд олон жил ажилласан, мэдээллийн технологийн салбарынх нь анхдагч болсон та яаж яваад гэнэт Америк явчхав аа?

- Гэр бүлийн хүн маань Ногоон карт хожиж байнгын оршин суух эрхтэй болсноор өөрийн мэргэжлийн дагуу Америкт ажиллаад үзье гэж бодсон.

Тухайн үед нэг компанидаа олон жил ажиллачихсан миний хувьд бүхнээ орхиод Эрх чөлөөний орон руу явна гэдэг нэг талаас том эрсдэл байлаа.

Америкт очоод анх юу хийж байв?

- Тухайн үед мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Мобикомдоо гэрээт ажил хийдэг байв. Шөнийн цагаар шүү дээ. Мөн хэлний бэлтгэлд найман сар явж, магистраар сурч эхлээд удалгүй хаяж өөр ажил хийж эхэлсэн.

Сурахын хажуугаар англи хэлний түвшнээс шалтгаалан төрөл бүрийн ажил хийж байлаа. Аяга таваг угаахаас эхлээд, халбага, сэрээ боох, жолооч хүртэл хийж байв.

Энд мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн байсан танд аяга таваг угаах ямар байв?

- Мэдээж тийм ч сайхан биш л дээ. Хэлний бэрхшээлээс болоод анхандаа энэ мэт ажлуудыг хийж байсан. Угаасаа тэнд очоод шууд л мэргэжлийнхээ чиглэлээр ажилд орно гэдэг хугацаа шаардсан зүйл байсан юм.

Жишээ нь Resume, CV яаж бичих вэ, гэдгээс эхлээд л жижиг алдаа их гаргаж байсан байх. Гэхдээ алдаан дээрээ суралцаж явсаар эцэстээ IBM-д хөл тавьсан даа.

Мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж байна. Энэ чиглэлээр суралцах залуусын тоо ч нэмэгдлээ. Тэдэнд хандаж хэлэхэд?

- Хүн ямар ч чиглэлээр, хаана ч сурч болно. Хамгийн чухал нь хүний хандлага. Тухайн хүн мэргэжилдээ дуртай байх ёстой. Мэргэжлээ хобби болгож, зөв хандлагатай байснаар л амжилтад хүрнэ.

Заавал гадаадын тэр мундаг сургуульд нь сурах шаардлагагүй. Дотооддоо сургуулиа төгссөн ч, зөв хандлагатай байж, сайн хөдөлмөрлөсөн хүн л амжилтад хүрнэ гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.

Бод л доо, анх дэлхийд хайлтын систем гэхэд Yahoo л байлаа шүү дээ. Тэр үед хэн ч өөр хайлтын систем бий болно гэж төсөөлж байгаагүй. Гэтэл хоёр залуу Google гээд хайлтын системийг бий болгоод л гараад ирсэн.

Өнөөдөр бид хайлтын систем гэхээр Google л гэдэг боллоо. Энэ бол хүн бүхэнд боломж байдаг гэдгийн тод томруун жишээ юм. Бүх салбарт шинийг санаачилж болно. Харин үүнийхээ төлөө тэмцэж, хөдөлмөрлөж чадсан монгол залуус дараагийн Google-ийг ч бүтээхийг үгүйсгэхгүй.

Тэгвэл таны ажил таны хобби мөн үү?

- Тэгэлгүй яахав. Анх сургуульд орохдоо л өөрийн сонгосон мэргэжилдээ дурлачихсан байлаа. Компьютерынхоо лабораторид ч олон цагийг өнгөрүүлдэг байсан. Сонирхуулахад тэр үед сургуульд IBM-ийн компьютерыг л ашиглаж байлаа.

Оюутан цагтаа найзуудтайгаа “Энэ одоо ямар компани юм бол, их л том компани байх даа” гээд л ярилцдаг байж. Ажиллаж үзэх юмсан гэж ч бодож байлаа. Тэгээд Мобикомд ороод автоматжуулалтын хэлтэс байгуулагдах үед нэг сонирхолтой зүйл болсон юм.

Программист хүн чинь загвар, дизайн тал дээр маруухан шүү дээ. Программист болгон дизайнер байдаггүй. Тийм болохоор тухайн үед компанийнхаа дотоод вэб сайтыг хийх ажилд томилогдож, загварыг нь гаргахын тулд IBM-ийн сайтыг харж байгаад хийж байсан түүх бий.

Таны амьдрал ялангуяа мэдээллийн технологийн салбарт хөл тавьснаас хойш IBM-тэй их холбоотой байжээ дээ?

- Тийм шүү. Гэхдээ энэ чинь нэг тийм давхцал, цаанаасаа зүйл бас биш л дээ. IBM гэдэг компани 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийд технологийн салбарт тэргүүлдэг учраас л тэр байсан биз.

Маш олон шинэ зүйлийг хүн төрөлхтөнд бий болгож бүтээж өгсөн. Жишээ нь компьютер, бэлэн мөнгөний машин, кассын машин, барааны бар код, хатуу диск, флоппи диск гээд хүн төрөлхтний технологийн хөгжилд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан зүйлсийг л анхлан хийж байсан болохоор тэгсэн байх.

Та багаасаа л энэ төрлийн мэргэжлийн сонгосон гэж үү?

- Би 1990 онд Төв аймгийн Эрдэнэ сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийг төгссөн юм. Аавын маань найз нар компьютерын багш мэргэжилтэй байлаа. Манайхаар их ирж, янз бүрийн сонирхолтой зүйл ярьдаг, намайг компьютерын технологи, программын чиглэлээр ажиллавал хэрэгтэй гэж л зөвлөсөн.  

Үүний дагуу энэ мэргэжлийг сонгосон доо. Тэгээд 1994 онд УБИС-ийн “Математик, мэдээлэл зүйн” ангийг “Математик, мэдээлэл зүйн багш, программист” гээд хавсарга цолтой төгсөж байлаа. Дараа нь Мобикомд ороод мэргэжлийн дагуу олон сургалтад сууж, АНУ, Япон, БНСУ, Сингапурт мэргэжил дээшлүүлж байсан.

Та “TEDxUlaanbaatarSalon-д оролцох үеэрээ “BIG DATA” гэх сэдвийг онцлон ярьсан, үүнийхээ талаар?

- Нэгдүгээрт BIG DATA гэдэг бол асар их өгөгдөл гэдэг ойлгомжтой. Гэхдээ бид тэр их мэдээллийг байгуулах нь гол нь биш, харин түүнийг ангилж, ялган, бизнесийн байгууллага ч гэдэг юм уу, улс орны хөгжилд, эдийн засагт хэрэгтэй байдлаар ашиглах нь чухал юм.  

Ер нь бол сүүлийн хэдхэн жилийн дотор мэдээлэл гэдэг геометрийн прогрессоор өсөж байна. Гэтэл бид тэр их мэдээллийг хий дэмий хаяад байгаа юм биш биз гэдэгт л санаа зовж байгаагаа илтгэлдээ тусгасан. Бид тэр их мэдээллийг боловсруулж, улс орныхоо хөгжилд хэрэглэх хэрэгтэй.

Тэгвэл бид эх орондоо BIG DATA-г ямар, ямар салбаруудад ашиглаж болох юм бэ?

- Сүүлийн үед ухаалаг хот байгуулах гэсэн ажил ихээр хийгдэж байна. Жишээ нь, бид хотын түгжрэлийг бууруулах, утааны асуудлыг шийдэх, усны бохирдлын асуудлыг зохицуулахад BIG DATA-г ашиглаж болно.

Мөн эрүүл мэндийн салбарт ашиглаж хорт хавдрыг эмчлэх аргыг ч олж болох юм. Ер нь хэрэглэнэ гэвэл маш олон салбар байна. Зар сурталчилгааны салбар байж болно. Facebook, Twitter гэх мэт нийгмийн сүлжээний сайтууд бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон.  

Тэгэхээр тухайн хувь хүнд нь зориулсан сурталчилгаа одоо эрчимтэй хөгжиж байна. Та нэг хувцас сонирхоод Google-ээс хайлаа гэж бодоход дараагийн удаа Facebook-тээ ороход чинь яг тэр хувцсыг зарж байгаа дэлгүүрүүдийн сурталчилгаа харагдах жишээтэй.

Бид BIG DATA-г ашиглахад одоо юу шаардлагатай вэ?

- Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн бидэнд тэр их мэдээллийг хадгалах сав нь байгаа юу, цуглуулсан мэдээллээ боловсруулах арга технологио хөгжүүлсэн үү. Жишээ нь, дүгнэн, шинжлэх салбар хэр хөгжсөн бэ зэрэг асуултад хариулах хэрэгтэй байх.

Гэхдээ эхлээд бид томоохон компаниудын зах зээлд нийлүүлчихсэн байгаа арга технологийг ашиглаж болно. Тэгэхээр өдөр бүр цугларч байгаа мэдээллүүдийг л хадгалах савтай болох нь юуны түрүүнд чухал юм болов уу.

Хоёулаа эргээд IBM-ийн тухай яриандаа оръё. 1997 онд Deep Blue Каспаровыг ялж, 2011 онд Ватсон компьютер Jeopardy асуулт хариултын тэмцээний тэргүүн байрыг эзэлж байлаа. Үүнээс харахад IBM танин мэдэхүйн тооцооллын салбарт тэргүүлж байна. Яг энэ технологийн тухай яриач?

- Ерөнхийдөө хиймэл оюун ухааны салбар хөгжиж эхлээд 30-40 жил өнгөрч байна. Ингэж хөгжүүлсээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд “Cognitive computing” буюу танин мэдэхүйн тооцооллын салбар эрчимтэй хөгжиж эхэллээ.

Мэргэжилтнүүд ч тооцоолон бодох салбарын шинэ эрин үе ирлээ гэж ярьж байна. Энэ технологийн гол давуу талыг Watson дээр жишээлж ярья л даа. Watson нэг хүний хэзээ ч сурч, мэдэж чадахгүй тэр их мэдээллийг цуглуулж чадна.  

Тэгээд цуглуулсан мэдээллээ нэгтгэн, боловсруулж дүн шинжилгээ хийж чадна. Гэхдээ Watson энэ давуу талаа ашиглан илүү боловсронгуй болоход хугацаа хэрэгтэй. Дээрээс нь бид л өнөөдөр хиймэл оюун ухаан гэж нэрлээд байгаа болохоос компьютер яг хүний тархи шиг ажиллана гэдэг бүтэшгүй зүйл шүү дээ.

Түүнчлэн хүн шиг, амьтан шиг амьтай зүйл биш учраас хүн төрөлхтний төгсгөл ирлээ гээд айж болгоомжлоод байх нь илүүц гэж би боддог.

Сүүлийн үед Стивен Хокинг, Билл Гейтс нар энэ тухай их ярьж байна шүү дээ? Өнөөдөр бидний хөгжүүлж байгаа Ватсон биш юмаа гэхэд 50-60 жилийн дараа Хиймэл оюун ухаан яг л уран зохиолд гардаг шиг хөгжих боломжгүй гэж үү?

- Яг хүн шиг сэтгэдэг тийм зүйл бий болно гэдэг боломжгүй зүйл гэж би үздэг. Нэгдүгээрт хүний тархи гэдэг дахин давтагдашгүй зүйл. Гарын хээ, хурууны хээ дахин давтагдашгүй байдагтай адил бидний тархины үйл ажиллагаа, эд эс дахин давтагдашгүй.

Хоёрдугаарт хүн, амьтан гээд дэлхий дээр байгаа амьтай бүхэн бидний бүтээсэн зүйлсээс маш том нэг зүйлээр ялгагддаг шүү дээ. СҮНС. Компьютерт сүнс байхгүй учраас оюун ухааныг бид хиймлээр бүтээх боломжгүй юм болов уу.

Гэхдээ Ватсон бидний хийж чадахгүйг хийж байгаа юм чинь сэтгэж чадахгүй гэж үү?

- Ватсон хүний хийж чадахгүйг хийж байгаа нь хүний гараар бичсэн алгоритмтай л холбоотой шүү дээ. Асар их мэдээлэл цуглуулж, түүнд дүгнэлт хийх чадвартай болохоос сэтгэж байгаа хэрэг огт биш.

IBM хиймэл оюун ухааны томьёог бичиж чадахгүй юу?

- Би өөрөө программист хүн шүү дээ. 20 жил энэ салбарт ажиллалаа. Тиймээс хиймэл оюун ухааныг хийнэ гэдэгт итгэхгүй байна. Хүний тархины боломж гэдэг хязгааргүй, түүнийг бид судалж чадахгүй, хязгаарыг нь олж чадахгүй. Гэхдээ IBM компани бусдаас нэг алхам түрүүлж яваа гэдгийг санах хэрэгтэй.

Өнөөдөр бид бүгд л ухаалаг утас барьж байна, сүүлдээ технологи нь ухаан суухын хэрээр хүмүүс тэнэг боллоо гэж ярих болж?

- Миний ойлгосноор Smart буюу ухаалаг гэдэг үгийг технологийн салбарт оруулж ирэхээр арай өөр утгаар ашигладаг юм болов уу гэж боддог. Урьд өмнө нь төвөгтэй байсан, хугацаа их зарцуулдаг байсан зүйлийг хялбарчилсан технологи л юм. 

Түүнээс биш утас ухаантай болсон хэрэг огт биш. Яршиг төвөгтэй зүйлийг хялбаршуулан, богино хугацаанд хийдэг болсныг ухаалаг гэж тодотгож байгаа л хэрэг. Гэхдээ сөрөг нөлөө гэж бий л дээ. Жишээ нь чээжээр тоо боддог хүн одоо хэд байгаа билээ.

Хүссэн үедээ л утсаа гаргаж ирээд хэдхэн товчлуур дарахад хариуг нь гаргаж болно. Тэгэхээр энэ мэтээр бид заримдаа сэтгэх ажлаа технологид даатгаж байгаа учраас л сөрөг нөлөө гарч байгаа юм.

Харин танин мэдэхүйн тооцооллын салбар хөгжиж эхэлснээр тэр ухаалаг гэдэг тодорхойлолтод илүү ойртож байна. Жишээ нь Google-ийн худалдаж авсан Nest гээд термостат байна.

Гэрийн дулааныг тохируулах ажлыг хэрэглэгч биш харин тэр төхөөрөмж өөрөө хэрэглэгчийн хэрэглээнд анализ хийснээр хийж байна шүү дээ.

Тухайлбал хэрэглэгч нь гэртээ байгаа, үгүйгээс шалтгаалаад дулаанаа тохируулдаг, гадаа цаг агаар ямар байгаагаас шалтгаалан агаарын хэмийг нэмэгдүүлэх гэх мэт үйлдлийг автоматаар хийдэг болж. Энэ нь л тэр ухаалаг гэсэн тодорхойлолт руугаа явж байгаа хэлбэр байх.

Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр дэлхий улам жижигхэн болоод байгаа мэт?

- Энэ бүхний ач нь сүлжээ юм л даа. 100 жилийн өмнө хүмүүс тив дамнан утсаар ярилцаж эхэлснээр дэлхийн нөгөө талд байгаа хүнтэй шууд ярилцдаг болсон. Үүний дараа интернет сүлжээ гэдэг гайхалтай зүйл бий болж улам хурдацтай хөгжиж эхэлжээ.

Мэдээж хэрэг дэлхийн хэмжээ өөрчлөгдөөд байгаа хэрэг биш. Харин цаг хугацааны хувьд дэлхий хавтгай болсон гэж ярьдаг болж. Өнөөдөр тэнд болж байгаа зүйлийг бид эндээс шууд мэдэж байна шүү дээ.

Мэдээллийн технологийн салбарт олон жил ажилласан та бурхны талаар юу гэж боддог нь их сонин байна. Шашин шүтдэг үү?

- Ер нь шүтдэггүй гэж хэлж болно. Гэхдээ уул, усаа хүндэтгэж явдаг даа. Хүн зөв бодолтой байх нь л хамгийн чухал юм болов уу.

Ямар кино үзэх дуртай вэ?

- Залуу байхдаа адал явдалтай кино их сонирхдог байлаа. Харин одоо байгалийн, ан амьтдын тухай баримтат, шинжлэх ухааны чиглэлийн кино үзэх дуртай болсон. Сүүлд сармагчныг гал асааж сургаж байгаа тухай баримтат кино үзсэн, их таалагдсан шүү.

Тэр сармагчин хүн болох болов уу?

- Хүнийг сармагчнаас үүссэн гэж үздэг нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь бурхан бүтээсэн гэж үздэг. Гэхдээ нотлоод гаргаад ирсэн зүйл одоогоор алга л байна.

Та өөрөө аль хэсэгт нь хамаарах вэ?

- Миний хувьд хүн төрөлхтнийг өөр соёл иргэншлээс бий болсон юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр Монгол хүний хувьд аваад үзэхэд өвөг дээдсээс уламжилсан олон соёл, ёс заншил байна. Энэ бүхэн нь маш гүн утга бүхий мэдлэгт суурилсан байдаг.

Жишээлбэл есөн үе гэж бид ярьдаг. Хүн есөн үе дотроо гэрлэж болохгүй гээд. Яаж яваад өвөг, эцэг маань үүнийг мэдчихсэн юм бол. Тэр их сонин. Учир нь аав, ээжээс эхлээд доошоо есөн үе яваад үзье л дээ.

Эхний үеэс төрсөн хүүхдэд ген нь тавь тавин хувьтай удамшина. Дараагийнхад нь 25 хувь гэх мэтээр доошилсоор ес дэх үед ирэхэд энэ тоо 0,1953125 хувь гээд хамаарал нь тун бага хэмжээнд хүрч байна. Энэ үеэс хойш тэр удмынхан хоорондоо хамааралгүй болж байгаа хэрэг.

Тэгэхээр та харийнханд итгэдэг байх нь?

- Би байгаа л гэж боддог. Магадгүй бидний хэрэглэж байгаа технологиос болоод л тэднийг илрүүлж чадахгүй байгаа байх. Дээрээс нь бидний мэдрэхүй гэдэг хязгаарлагдмал боломжтой шүү дээ.

Зарим амьтад сонсож чаддаг зүйлсийг бид сонсож чадахгүй, хардаг зүйлийг харж чадахгүй гээд л үргэлжилнэ. Далайн уснаас аягаар хутгачхаад тэнд халим байхгүй гэж хэлэх нь утгагүй гэх үг байдаг даа.

Хэдий богино хугацаатай эх орондоо ирсэн ч гэлээ бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа.

- Баярлалаа.

2015.06.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Долларын ханш: Ноолуур “ногоон”-ыг номхотгож чадах уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Ирвэс хамгаалагч залууд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.25

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2015.08.03

Ноён Бондгор ээжүүдэд дээл бэлэглэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.09

Наадмын автомашины зөвшөөрлийг маргаашнаас олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07

Дампуурлаа зарлах дөхсөн Монгол улсад тансаглан жаргаж буй ганц компани “Эрдэнэс Монгол”

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

20 сая засаа + 20 сая атга будаа + 20 сая боодол "Данмайнажүг"

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11